Tuesday, March 6, 2018

Эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё



Эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё

Хүнээ чанаржуулахын эх үндэс болсон эрдмийн зэрэг олгох ажлыг үнэн бодитой болгомоор байна, энэ улсад.  Одоо худлаа явагдаад байна. Эрдэмжилт дэхь энэ худал, хуурмаг байдал нь эргээд улсаараа доройтох, дордохын эх шалтгаан нь болж байна.  

Магистр, доктор зэргийг одоо "мал" хүртэл олгочихож болохоор үйл явц нь ийм л дорой дорд байна. Тэгэхээр үйл явцаараа эрдмийн дээд, ухааны дээжийг эзэмшдэг, түүгээрээ өөртөө болон улсдаа хувь нэмэртэй байхаар их дээд сургуулийн эрдэмжүүлэх үйл явцыг эрүүл болгомоор байна. 

 Манай улсын ихэнхи их дээд сургуульд шинэ багш, профессор хоёрт  үндсэндээ үнэ цэнийн ч хувьд, үнэлгээний хувьд ч ялгаа алга. Хоёулаа л бакалаврт хичээл заахаас өөр онцгой зүйл үндсэндээ алга шив дээ, тэдэнд.  Тэнд шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологи, шинэ санааг урлаж бүтээж байгаа юм ч алга. Яагаад?

Магистр, докторын сургалт "их семинар" гэдэг хэлбэрээсээ их хол өрнөж байна юм, энд. Үүгээр, түүгээр хэрж тэнэж  явж гэнэт л профессороор удирдуулна гэж ирэх. Тэнэж ингэж явсан тэдэнтэй хоёр үг солиход л ихэнхи нь сургалтынхаа хугацаанд мэдсэн, чадсан, өсөж өндийсөн зүйл огт  үгүй болох нь илрээд ирдэг юм. Сүүлдээ бүр эрдэмжих энэ үйл явц нь  нутагжилт, довжилт болж хувирч байх шиг. Үр дүнд нь эрдэмгүй эрдэмтэн, довжсон эрдэмтэн, жинхэнэ нэг эрдэмтний хэлснээр, хуурамбаанууд их дээд сургуулиар дүүрч мэдэх нь. Оюутан их хохирч үлдэж мэдэх нь. Дүнд нь их дээд сургууль эрдмийн дээд, ухааны дээжээс их хөндийрч  байдаг л нэг ЕБС, байдаг л нэг МСҮТ болж үлдэх нь дээ. Яадаг билээ дээ!

Ийм дампуу байдлыг зогсоож үндэсний хүний нөөцийн чадавхийг үнэн дээшлүүлье. Үүний тулд их дээд сургууль дэхь магистр, докторын сургалтыг профессор төвтэй болгоё. 

Профессор гэдэг уг нь үнэтэй газраа цэнэтэй хүн. Тэр уг нь магистр, докторыг их семинараараа өлгийдэж, тэр жингээрээ зах зээлд цэнэтэй шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ чадвар, шинэ арга бүтээн инноваци бий болгогч, баялаг бүтээгч нэгэн байдаг юм.

Эрдмийн зэргийн сургалтыг иймд профессор төвтэй болгож байж л тэр эрүүлжинэ. Профессорын чансаа ч бас танигдана, чанаржина. Энэ хэвээрээ, харин байвал,  эрдэмгүй эрдэмтэн бий болгосоор байх юм, энэ улсад. Энэ нь эргээд эх оронд ч, иргэнд ч огт хэрэггүй дампуурсан нэгэн мунхаглал болж, нөгөө алийгаа алтангадас шиг орших юм. Ингэх хэрэг юун.

Иймд энэ мунхаглалаас одоо ангижрая. Үүний тулд эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё. Профессор төвтэй байлгая.

Ц.Лувсандорж 

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_67.html

No comments:

Post a Comment