“Эв санааны нэгдэл” ҮЭ, МБҮЭ хамтран 2018
оны 3 дугаар сарын 23-ны өдөх зохион байгуулсан хэвлэлийн
бага хуралд хэлсэн үг
“Эв санааны нэгдэл” ҮЭ, МБҮЭ хамтран 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд хэлсэн үг
Монгол хүний төлөө үнэн ҮЭ-үүд нэгдээсэй
Багшийн ажлын нэг цагийн хөлсний цэнэ монголд нэг америк долларт эргэлдэж байна. Худлаа гэвэл тооцоод үз. Багшийн сарын цалин 200 доллараас хэтрэхгүй. Хөдөлмөрийн хуулиар багш өдөр 8 цаг, ажлын 5 өдөрт 40 цаг, 4 долоо хоногт, 160 –аас цөөнгүй цаг ажиллах ёстой. Эндээс 200 $/168 = 1.19$. Тэгэхээр багшийн нэг цагийн нарийн мэргэжлийн ажил Америкийн нэг долларын цэнэтэй байгаа биз, энд.
Багшийн нэг цагийн нарийн мэргэжлийн ажлыг энэ улсад Австралийн мэргэжлийн бус цэвэрлэгчийн нэг цагийн ажлын хөлснийхөөс 16 дахин багаар цэнэлж байна. Тэгэхээр монгол багш нар энд багш гэж доромжлуулж байхаас илүүтэйгээр тэр улсад цэвэрлэгч байхыг илүү үзэж байна. Хүний хөдөлмөрийн цагийг цэнэлдэг хүнлэг улс руу тэд нүүж дүрвэж байна, цагаачилж шилжиж байна.
Солонгост хар ажил хийж харлах урт цуваа энэ улсад их урт байна. Амралтаар тэнд тэд харлаж ажиллаж байна, ажиллаж харлаж байна. Багшийн ажлыг ингэж дорд болгож хувиргасан хорон бодлогын дүнд манай улс эцэстээ иймд багшгүй улс болох нь. Энэ бол үндэсний том сүйрэл юм. Энэ бол манай нийгмийн харанхуй, бурангуйн их үүд юм.
Багшийн нэг цагийн хөлс ингэж Америк нэг долларт хүрэхгүйгээр цэнэлэгдэхэд багшаас доор давхарга, ангийнхны нэг цагийн ажлын хөлс нь хагас доллар буюу Америк 50 центээр цэнэлэгдэхэд гайхах ерөөсөө хэрэггүй юм. Монгол хүний нэг цагийн ажлын хөлсний дундаж үнэлгээ 50 цент л биз дээ. Ийм улсад хөдөлмөр хийж амьдрахыг хүсэх хөдөлмөрийн хүн байх уу? Үгүй л болов уу!
Ийм учраас хөдөлмөрийн насны залуучууд нь хүний хөдөлмөрийг цэнэлдэг тэр улс руу нүүдэлж дүрвэж, дүрвэж нүүдэлж байна. Солонгос улсад хараар ажиллаж харлах хар цуваа энэ улсад яасан их урт болж байна. Ийм цувааны уртыг шинжихэд монгол улс удахгүй хөдөлмөрийн хүнгүй болж мэдэхээр харагдаж байна. Ийм хар үзэгдлийн дүнд нь энэ улсад ноороглоод хаясан цаас шиг хэдхээн улс төрчид, одохоо хүлээсэн ядмагхан цөөнхөн хөгшид, алсад харлан ажиллаж буй эцэг эхээ элгээ эмтэртэл санасан учраа олоогүй хөөрхий бяцхан нялхас л үлдэж мэдэх нь. Ийм улс их хол явах уу, ер нь урагшлах уу? Хол явахгүй!. Харин их уруудана!.
Ингэж урвайсан улсыг улс шиг улс байлгахын тулд хөдөлмөрийн хүн хөдөлмөрөөрөө амьдарч болдог нөхцлийг л, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг л бий болгох ёстой. Ийм үйлсийг ноорог цаас шиг болсон улс төрчид өрнүүлдэггүй. Ийм үйлсийг хөдөлмөрийн хүний төлөө; хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө; хүн хар авилгалаар биш ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө эвлэлдэн нэгссэн, эв санаагаар нэгдсэн үнэн ҮЭ –үүд бүтээдэг, авчирдаг жамтай юм. Түүхтэй юм.
Монгол хүн хар авилгаар биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч болдог шударга нийгэмтэй зөв, төв монголыг иймд үйлдвэрлэл буюу ажил хийдэг хөдөлмөрийн хүний төлөө үнэн ҮЭ л бүтээнэ, авчирна.
Ийм үнэн ҮЭ-ийн нэг бол багшийн цалинг нэмүүлэх, нарийн мэргэжлийн ажлын хөлсөө нэг доллар биш харин нижгээдээр цэнэлүүлэхийн төлөө олон сарын тэмцлийн замд өөрөөрөө бий болсон МБҮЭ буюу Монголын багш нарын ҮЭ юм. МБҮЭ багшийн төлөө, тэгээд хүүхдийн төлөө, цаашлаад, монгол гэр бүлийн төлөө, эцэстээ монголын ирээдүйн төлөө л юм. Үнэн ҮЭ-д дайсан ч байдаггүй. Өрсөлдөгч ч байдаггүй. Том ордон ч байдаггүй. Харин эв санааны нэгдэл л чухал байдаг. Тэр л түүний их эрхэмлэх үнэт зүйл нь байдаг юм. Ийм учраас МБҮЭ хүний төлөө гэсэн “Эв санаа” ҮЭ шиг, “Эрдэнэс таван толгойн ҮЭ” шиг бүх л сайн ҮЭ, үнэн ҮЭ –тэй эв санааны нэгдэлтэй байхыг эрхэмлэх юм.
Нарийн мэргэжлийн ажил болох багшийн нэг цагийн ажлын хөлс нэг Америк долларын цэнэтэй байх ёсгүй юм. Энэ буруу юм. Энэ бурангуй юм.
Монгол багш хөдөлмөрөөр эх орондоо ажиллаж элэг бүтэн аж төрөх хөдөлмөрийн нөхцөл, бололцоог тэдэнд бид бүрдүүлэх ёстой юм. Энэ нь зөв юм. Тэр нь төв юм.
Монгол хүн монголд хар авилгалаар биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах хүн ёс энэ улсад эргэж ирэх ёстой юм. Үүнийг монголын бүх үнэн ҮЭ эв санаагаараа хамтран бүтээх ёстой.
Монголд хүн хар авилгаар биш ариун цагаан хөдөлмөрөөрөө эх орондоо сайхан амьдарч болдог тэр нийгмийн төлөө МБҮЭ шиг үнэн ҮЭ олон төрөөсэй.
Ингэж үнэн төрсөн үнэн ҮЭ-үүд монгол хүний төлөө үзэл санаагаар нэгсээсэй. Эв санаанд нэгдээсэй.
Ц.Лувсандорж
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_22.html
No comments:
Post a Comment