Tuesday, March 27, 2018

Багш ёс зүйгээрээ ямар ч үед ядуурч үл болно


Багш ёс зүйгээрээ ямар ч үед ядуурч үл болно

Багшийн мэргэжлийн үнэн ёс зүйн эх зарчмаас энд эхлээд дурдаж, багшийн ёс зүйн гундалтын гурван бодит жишээг хэлнэ. Багш мөнгөөр гундсан ч ёс зүйгээр гандаж харин үл болно.

-Алагчлалыг тэвчдэггүй байх (No discrimination)
- Тэнцүү тэгш байдлыг хангах (Equality)
-Шударга байх (Fair go)
- Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалдаг байх (No violence)
-Үг сургааль нь үнэ цэнэтэй, үнэн байх, ядаж шинжлэх ухаанч байх
- Ардчиллын үнэт зүйлийг үнэт зүйлээ болгосон байх
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхэнд байх
- Ижил тэгш байдлыг хангах (Equity)

Энэ мэтээр багшийн мэргэжлийн үнэн ёс зүйн эх зарчмыг эмхлэн бичээд байвал урт болчихно. Уншихгүй болчихно.

Мэргэжлийн ёс зүйн эх зарчмаа ямагт баримталж байх нь багш гэхийн утга учир мөн. Өнөөгийн багш нар ёс зүйгээ ёс зүйн дүрэм төдийхнээр хараад байх шиг санагддаг. Энэ нь их зохисгүй юм. Хэрэв багш нар ёс зүйн эдгээр эх зарчмаа "нүдний шил" мэтээр үзэж өнөөгийн боловсрол руу харвал юу харагдана гээч!

1. Алагчлал энэ улсын боловсролын эд эс бүхэнд мөн их амилсан байгаа биз. Ерөнхий боловсролыг төрөөс үнийг нь дааж, үнэ төлбөргүйгээр ижил тэгш байдлаар хүүхэд бүрт эрх тэгш олгож чадахгүй байгаа биз. Тэр хувийн хийгээд яамны гэх лаборатори мэт авилгын гэмээр алагчилсан сургуулийг энэ зарчмаар эргээд нэг шинж дээ. Тэнд ажиллаж байгаа багш нар мэргэжлийн ёс зүйн эх зарчмаа нэг эргэцүүлээч. Жишээ нь, хүүхэд эцэг эхийн өмчийн байдлаас хамаарч өөр өөр сургууль, нөхцөлд суралцах нь ардчилсан гэх улсын ардчилсан бус соёл болох нээ. Тийм үү?

2. Олимпиадаар мөн их ялгаж сургаж байна аа! Бүх хүүхдийг үүгээр эцэстээ тун их хохироож хэдхээн багш нар мөн их хөлжиж байна аа! Энэ нь багшийн ёс зүйн эх зарчимд нийцэж байна уу, багш нараа?

3. Сурах бичиг гэж нутаг довны үзэл, усан мусан нутгийн хийгээд ашиг сонирхлын бүлүүдийн мөнгө олох хэрэгсэл болж мурих бичигт хувираад энэ улсад мөн их удаж байна аа. Дүнд нь хүүхэд хуурамч,худал зүйл үзэж, үйлээ барж, цагаа үрж байна. Ёс зүйгээ бодож үүнийг эргэцүүлсэн багш хэр олон байна даа, энэ цагт!

4. Хаврын хавсарганд ядарч туулдсан хөөрхий хурганы үсэнд гүн шигдэж наалдсан хувалз, шалз лугаа олширсон, хүүхдээ ялгаварласан, өөрсдөө төлбөрөөр нь харин том цамхаг босгож цүндийсэн тэр хувийн гэх сургуулийг ажиглаад ёс зүйгээ бодон ийм мөнгө хүүлэлтэд оролцохгүй, ажиллахгүй гэсэн багш, ер нь, энэ улсад гарав уу, өдий хүртэл? Бод доо нэг!

Энэ мэтээр ёс зүйгээ алдсанг дурдаад бичвэл цаас ч, цаг ч хайран болох биз ээ.

Багшийн нэг цагийн хөлс нэг долларт хүрэхгүй байгаа нь их ядуурал мөөн мөн. Гэвч ийм ядуурал нь багш нар ёс зүйгээ уландаа гишгэж алийгаа алдахын шалтаг болж харин үл болно. Харин ч ёс зүйтэй байж багш нар ёс зүйг, зөвийг, төвийг энэ улсад бүтээлцэх ёстой юм. Энэ нь доройтлын ийм цагт бүр ч амин чухал болж байна.

Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог. Энэ нь ихэнхи хүнд бодит болдог. Гэвч хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багш нарт энэ нь харин бодит болох ёсгүй юм.

Багш мөнгөөр ядуурсан байлаа ч ёс зүйгээрээ ямар үед ядуурч үл болно.

Багшийн ёс зүйн эх зарчмаа сана, багш нараа! Энэ зарчмаар үйлээ шинж! Тэгэхэд эвгүй зүйлгүйд багшийн оролцоогүй болно. Ингэхэд алагчлалыг мандуулж буй хувийн сургууль, яамны гэх лаборатори "алаг"сургууль, олимпиад гэх мэт алагчлалын үүрүүд, үүдүүд өөрөө аяандаа энэ улсад үгүй болно. Тийм ээ?

Багш мөнгөөр ядуурсан байна, энэ цагт. Гэвч тэд харин ямар ч үед ёс зүйгээр ядуурч үл болно.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_27.html

No comments:

Post a Comment