Tuesday, March 13, 2018

Умш, унш, умш


Умш, унш, умш

Умш, унш, умш. Ингэж гарчиглавал, магад энэ бичвэр энэ цагт унш гэхээсээ илүү умшигдах юун магад. Ийм хэлц нь утга зохиолын нэгэн ур шийдэл гэхээсээ уншуулах гэсэн нэгэн ядмаг оролдлого л юм.

Манай нийгэм алийгаа алдсан өнөөх 30 жилд уншдаггүй болсон. Харанхуй болсон. Бурангуй болсон. Яг уншья гэвэл бас олигтой ганц ном ч үгүй байх. Эрүүл хүн эргэлцүүлж уншиж яагаад ч болохгүй эрүүл бус баахан "ном" нэртэй хэрэггүй цаас харин их элбэгжиж, төрийн гэх сургууль, номын санг дүүргэж байна. Ийм учраас энэ нийгэм энэ цагийн хүн төрөлхтний соёл иргэншил, ухаарлаас тун их хоцров.

Шинэ зуунд энэ нийгэмд математик, одон орон, хувилахуйн ухаан, амин ухаан, бөөмийн ухаан гэх мэт шинжлэх ухааныг цэцэрлэгээс авахуулаад монголын оюуны элитийн үйлдвэр байсан МУИС-д хүртэл үгүй болгов. Оронд нь олон улс судлаач, менежер, эдийн засагч, хуульч, монгол хэл шинжээч, монголын түүхч,банкчин, санхүүчин гэх мэт баялаг бүтээдэггүй, танин мэддэггүй, угтаа танин мэдэхүйн цэнэгүй, учир мэдэх хэнд ч үнэндээ үнэгүй, цэнэгүй, хэрэггүй зүйл ихэд дэлгэрэв. Эцэст нь энэ нийгэм үнэн ёс, жам ёсыг бус заль мэхийг шүтдэг, дээдэлдэг болж байх. Худал, хуурмаг энд л эзлэх байраа олж, үнэ цэнэтэй мэт болсон байх. Боловсролгүй нь дээдлэгдэн бүүр эрхэмлэгдэж байх.

21 дүгээр зуунд иймд энэ улс өөрийнхөө бодол, үйл, үгээ шинжээс илүүтэйгээр уул, үүл шүтэж байгаль бохирдуулдаг "элит" гэх сүрэгтэй болсон байх.

Шинэ зуунд энэ нийгэмд хүн төрөлхтний түгээмэл том хэлээр бичиг үсэгт тайлагдсан бичгийн хүн үгүй болж харанхуй бүдүүлэг байдал газар авсан байх. Гадаад сурсан гэх нь утга зохиолын бус харин жорлонгийн хэдхээн хар үгтэй ирснээ хэлтэй мэт гайхуулж төрийн албыг түжигнүүлж байх. Монгол хэл нь монголдоо монгол хүн сурч болдоггүй дүрмээр хийрхсэн хийрхлийн хэл болтлоо хийрхэлд автав. Хэдхээн хүн үүгээр харин ихэд хөлжив.

Боддог, уншдаг, бичдэг, сэтгэдэг хэлгүй болгов. Сэтгэлгээгүй болов. Боддоггүй, уншдаггүй болов. Улам сүрэгжив. Их хар массжав. Энэ сүрэгжилт, харжил нь энэ нийгмийн том ядуурал, хамгийн том сүйрэл болов. Үнэн аюул нь болов. Үнэн харанхуй нь болов. Энэ бараан бүхний дүнд энэ нийгэм хөмөрсөн тогоо лугаа харанхуй, бурангуй, бараан болсон байх.

Хөмөрсөн тогоо лугаа бараан, харанхуй, бурангуй энэ ядуурсан, харласан нийгмийг багш нар гэгээн болгодог жамтай юм. Хүн төрөлхтний үүх, түүх нь ийм л юм.

Үүний тулд багш нар маань эхлээд унш, умш,унш. Ингэхэд хүүхдүүд уншдаг, умшдаг болно. Уншдаг, сэтгэдэг хүүхдээр дамжиж эцэг эх нь уншдаг болно. Эцэстээ монголоороо уншдаг болно. Энэ цагт монголд ухаалаг нийгэм аяараа бий болно. Яагаад?

Уншдаг хүн урвайдаг нь биш. Хулгайлдаг нь биш. Хумсалдаг нь биш. Хийрхдэг нь биш. Хэрэлддэг нь биш. Харин хийдэг нь, хэлэлцдэг нь юм. Хүн төрөлхтний тухайн соёл иргэншлийн хэсэг нь тэд мөн. Хөгжлийн эзэд нь бас тэд л юм. Хуучин биш харин шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийн эзэд мөн л тэр л уншдаг нь байх. Тэд тэгэхээр өнгөрсөн биш харин ирээдүй байх.

Унших нь эрдмийн эх мөн. Тэр бас эрхэм ухааны язгуур үндэс юм.

Тэгэхээр унш, умш, унш. Багш нар аа!. Хүүхдүүд ээ!, Эцэг эх ээ!

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр

No comments:

Post a Comment