Багшийн цалингийн зээлийг тэглэе! Тэгэх үү!
МБҮЭ, МБН-ээс
явуулсан цахим судалгаагаар нийт багш нарын 86 хувь нь цалингийн, байрны
гэх зэрэг элдэв зээлэнд амьдрал нь ч, ажил нь ч уяатай байна.
Ерөнхийлөн хэлбэл, 10 багшийн 9 нь зээлтэй, өртэй. Үлдсэн нэг нь
сайндаа биш, харин, шинэ учраас зээлийн шаардлагыг хангахгүй байх. Зээл
авмаар байвч түүнд хүрч чаддаггүй гэсэн үг. Нийлүүлээд хэлбэл, өнөө
цагийн багш нар бүхэлдээ үнэндээ зээлэнд уяагдаж, өрөнд баригдсан байна.
Үнэн дүр нь ийм л байна.
Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй мал
таргалдаггүй гэдэг. Өнөө цагийн багш нар бүхэлдээ өрийн гинж, зээлийн
уяандаа түүртэн ерөөсөө өөдлөж өгөхгүй байна. Уяатай хүнээс үр дүнг
нэхээд хэрэггүй. Өртэй хүнээс өгөөж хайгаад нэмэргүй.
Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш нар маань яагаад ингэж ядуурав аа, ядрав аа, бачуурав аа?
Учир нь их энгийн юм. Их энгийн гурван шалтгааныг энд дурдана.
Нэг. 70 жилийн турш хамтран бүтээлцсэн нийгмийн баялаг болох өмчөө 90
оны ихээр хувааж авсан их өмч хувьчлалаар багш нар л их хоосон хоцорсон
юм. Тэднийх гэх өмч тэнд үнэндээ байсангүй. Ямар хүүхэд, анги танхимаа
өмчилж авалтай биш. Гэтэл малчин малаа, тракторчин трактораа, байрчин
байраа авч байв. Зарим нь бүр улсын үйлдвэрийн газрыг өмч хувьчлалаар
хоёр, гурваар нь хүртэл өөрийн өмч болгосон байх. Гэтэл багш нар хоосон
үлдэж тэр цагийн цагаан сэтгэлгээгээр цайлган ажиллаж байв, тэр цагт
хөөрхийс. Өмчийн нийгэмд өмчгүй хоцорсон тэд ингэж л үгүйрч эхлэх
замдаа орсон юм даа. Хоосорсон юм даа. Ядуурсан юм даа. Ядарсан юм даа.
Хоёр. Тэр цагаас хойш багш нар өмч босгох эх үүсвэр болох нэг
цагийн ажлаа бодитой цэнүүлж ерөөсөө чадаагүй юм. Тэд хөлсөө дэндүү
багаар хөлсүүлж үргэлжлэв. Өмнөх үеийнхнээсээ бүр 10 дахин багаар
хөлсүүлж эхлэв. Багш ингэж л ядуурч ажиллан, ажиллаж ядуурах замналаар
явсан юм даа. Зутарсан юм даа. Ингэж явахад тэднийг харин хэн ч
өмгөөлсөнгүй. Өмөөрсөнгүй. Харин гурван талт хэлэлцээр гэгч тэднийг
улам л ийм байдалд түлхэн оруулж байсан юм даа.
Гурав. Багш нар
ажил амьдралаа авч явахын тулд аргаа ядан бүр аваагүй цалингаа хүртэл
банканд хүүлүүлж, барьцаалан цалингийн зээл авч өрөнд улам орсон юм.
Хүний амьдралын эх үүсвэрийг хүртэл банканд ингэж барьцаалж байхыг
хараад хориглосон хэн ч байсангүй, энэ улсад. Харин ч ипотек гэх зэргээр
зээлэх мөнгөтэй, зарах байртай баяныг дэмжиж багшийг бүр сөхрүүлсэн
түүхэн үйлдэл ч бас бий л дээ.
Ийм л гурван энгийн шалтгаанаар
одоо багш нар бүхэлдээ зээлэнд уяатай, өрөнд өлгөөстэй байна. Аваагүй
цалингаа зээлэндээ өгсөөр, өрөндөө барьсаар багш маань одоо ядуурсаар л
байна. Ядарсаар л байна. Өлссөөр л байна.
Ядуурсан багш нараас ямар үр дүнг хүсэв вэ дээ. Тийм ээ!
Өлсөж байгаа багш нараас ямар үр дүн гарав вэ дээ. Тийм ээ!
Үр дүн үгүй сургууль, боловсролоор үр хүүхдүүд маань л их хохирч байна. Тийм ээ!
Хүүхдүүд маань ингэж хохирогч болоход энэ нийгмийн ирээдүй их баргар байна. Тун бараан байна. Тийм ээ!
Багшийг яаж өрнөөс салгах вэ?
Багшийг яаж зээлнээс гаргах вэ?
Багшийг яаж өөд татах вэ?
Багшийг яаж нэг өнгөлж баярлуулах вэ?
Багш үндсэн цалин байнга нэмэгдэж байхын эх үндсэн ТСМА-г хамтдаа бүтээе!
Багшийн цалингийн зээлийг төрөөс нэг л удаа энэрч тэглэе!
Багшийг ингэж нэг өнгөлж хүүхдүүд ээ ч, ирээдүйгээ ч өмгөөлье!
Хүүхдээ хамгаалж өмгөөлөн улсаа бас нэг өнгөлье! Улс байна даа, хүмүүс байна даа, бид тань!
Өмчийн нийгэмд өмчгүй үлдсэнг нь хөөрхийлөн санаж хөөрхий багшийн
нарынхаа цалингийн зээлийг нэг удаа л төрөөс дааж тэглэе. Энэрч гамная!
Тэгэх үү!
No comments:
Post a Comment