Thursday, March 15, 2018

Сайдаар саадыг биш сайныг нь ажиллуул

Сайдаар саадыг биш сайныг нь ажиллуул

Салбарын сайд нь ажиллаж байгаа багш нараа элдэв хэлбэрээр хэвлэлээр дарамтлах нь их л ёс зүйгүй хэрэг юм. Ер нь үе үеийн сайд гэгчдийн манарсан, олигархи бодлогын дүнд л бүх хичээлээр багш нар илүүдчихсэн байгаа биз дээ.

Зутарч яваа багш нарыг хэвлэлээр хариуцлага ярьж айлган сандаргаж элдвээр дарамталж байхын оронд багш бэлтгэх олигархи бодлогоо тэглэх, цэглэх, цэгцлэх тухайгаа их яривал илүү утгатай юм биш үү!

Боловсролын сайдыг намчирхлаас ангид болгомоор байна. Намаас өөр хийсэн зүйлгүй байж салбарынх нь сайн нь гэж гэнэт томилогдон ирээд баахан цаас үйлдвэрлэж, суралцаж аваад, боловсролын салбараар хар пиар хийн унагаж аваад буцдаг нь энэ улсад жам бус нэг зам болоод удаж байна.

Үүнийг больж салбарын саадыг бус харин сайныг нь сайдаар ажиллуулдаг тогтолцоог бүрдүүлээгүй цагт боловсролын салбар дампуурлаас ангижрахгүй, багш ядуурлаас гарахгүй ээ!

Салбарын үндсэн ажилтан багш нар нь нийтээр өлсөж байхад тэдний төлөө энэ цагийн энэ сайд өдий хүртэл юу хийв вэ? Аан, үнэтэй зөвлөгөөнийг хийсэн гэх байх аа. Үнэтэй тэр зөвлөгөөний үр дүн тэгээд хаа байна. Ер нь сайд бүхэн ирээд өмнөхөө үгүйсгэж байж баахан "на, нэ, но, нө" ярьж үймүүлж үймүүлж байгаад буцдаг нь гашуун нэгэн бодит байдал болсон шүү. Багш ядуурч, боловсрол дампуурсан нь энэ гашууны нэг горь шүү.

Ингэж хэлэх ч үндэстэй, ийнхүү асуухад ч эрхтэй, бид. Боловсролын салбар багш бидний хувьд хар пиарынх бус харин цагаан амьдралынх талбар юм шүү дээ. Тэгэхээр асуух, хэлэх бүү хэл амьдралын талбар энэ салбараа өлгөлөнгөөс гарахыг шаардах ёстой. Сайд гэдэг энэ салбарын удирдагч нь биз? Айлаар бодвол эцэг нь биз?

Өлсөж байгаа багш нараас үр дүн нэхээд нэмэргүй ээ. Хэвлэлээр элдвээр айлган дарамтлах нь бүр ч тусгүй. Харин ядруурлаас, өлсгөлөнгөөс түүнийг эхлээд гарга. Ингэж чадахгүй нь юм бол чаддагаар нь аль болох эрт солихыг нийтээрээ, бүхлээрээ шаард. Учир нь боловсрол бол нийгмийн хувьд хүний тархи лугаа амин чухал салбар тул түүнийг өндийлгөх нь нийтийн язгуур эрх ашиг мөн.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_66.html

No comments:

Post a Comment