Монголчууд залхуу биш. Гэхдээ тэд бас зарц биш.
Бүх монголчууд залхуу биш. Жишээ нь, би хөлс дуслуулж амьдардаг гэр бүлд өссөн. Тэндээс хөлс дуслуулахгүйгээр нэг ч зоосыг олж үл болох итгэл үнэмшлийг өвөрлөж авсан. Энэ чигээрээ л ганц ч зоосыг хөлс дуслуулахгүйгээр авч үл болно гэсээр нийгэмлэг, хүнлэг, хөрөнгөлөг гэх элдэв нийгэмд тэсэж хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж тэссээр л явна.
Ингэж явахад хачин, содон, гажиг, гаж олон зүйлийн гэрч болж байна.
Улсынхаа 70 жилийн бүтээл болсон үйлдвэрийн газруудыг үнэгүйдүүлж, олноор хувийн болгож байсныг харав. Ядуурал туйлдаа хүрсэн энэ улсад тэр цагийн 2-3 үйлдвэрийг хээв нэг хувийн болгосон хөрөнгөтөн гэгчид цөөнгүй төрөхийг үзэв.
Улсынхаа 70 жил хуримтлуулсан мөнгөн хуримтлалыг тогтоолоор хуваан авч хувьдаа авдаг улс төрчид, эрх мэдэлтэн, нийгмийн бүл байдгийг үзэв.
Газар доор баялагийг гадныхантай нийлж лиценз нэртэй цаасаар худалдаж хөрөнгөждөг нийгмийн хэсэг байхыг бас харж гайхав.
Түмэн олны өмч, үнэт зүйл нь болсон төр, улсыг тэр чигээр нь мөнгөхүүлэх хэрэгсэл болгон ажилладаг хөрөнгөжсөн эрхмэдэлтэн, эрхмэдэлжсэн хөрөнгөтөн давхарга төрөхийг үзэв.
Монгол хүнийг залхуу гэж цоллон үнэтэй хөдөлмөрийг нь хөлсгүй, цэнэгүй ашиглах гэж дайрдаг, гурван талт хэлэлцээр хийдэг төр засаг, МҮЭ, эздийн холбоо үүсэхийг харав.
Хүнийг чадваржуулах үйлдвэр болох сургууль, боловсролын тогтолцоог нь дампууруулсныхаа дараа "монголчууд залхуу, чадваргүй" гэж байнга цоллож тэдний хөлсийг нь цэнэгүй, үнэгүй ашиглах гэж улайрдаг шударга бус, хүмүүнлэг бус хөдөлмөрийн гаж зах зээл,тогтолцоо үүсэхийг үзэв.
Дүр эсгэсэн ардчиллын гэх энэ галзуу капиталист нийгэмд хүний хөдөлмөрийг цэнэгүй, үнэгүй болгох явдал бүр гаарч газар авахыг харав.
Энэ бүхэн гаж, хачин байдалд залхсан манай залуучууд хүний хөдөлмөрийг үнэлдэг нийгэмд нь харлаж "хар" боловч ажил хийх гээд зүтгэдэг нийгмийн бас нэгэн гаж үзэгдэл бий болохыг үзэв.
Нэг цагийн ажлын хөлсийг үнэлдэг, цэнэлдэг улсад монгол хүн бусдаас илүүгүй юм аа гэхэд дутуугүй л ажилласаар байна. Тэгэхээр монголчууд залхуу биш юм. Гэхдээ тэд бас зарц,уяатай халтар биш юм.
Ийм учраас манай нийгэм хүнийг ч, амьдралынх нь үндэс болсон түүний хөдөлмөрийг ч цэнэлдэг, үнэлдэг болох хэрэгтэй. Чадвартай хүнийг бүтээгч багшийн хөдөлмөрийг бол бүр ч өндөр цэнэлэх хэрэгтэй.
Манай улсад иймд хүний хөдөлмөрийг цэнэлүүлэхийн төлөө ажилладаг ҮЭ -үүд маш их олноороо үнэн байгуулагдаж үнэн ажиллах хэрэгтэй түүхэн нөхцөл бий болсон байна. Үүнийг бүү март. Мартвал хөдөлмөрийн хүнгүй болно.
Монголчууд залхуу биш. Гэхдээ тэд бас зарц биш.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post.html
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post.html
No comments:
Post a Comment