Tuesday, December 25, 2012

ЭРСЭЭ ГАМНА


ЭРСЭЭ  ГАМНА

Эр хоёр арслан хүчин үзэн тэмцэх. Энэ тэмцлийг эмс нь, харин, их л хичээнгүйлэн ажиж зогсох. Эрсийн тулалдаан дуусмагц эмс нь ялагчийг нь даган гийнан одно. Ялагдагч харин эмс ч үгүй, эрч ч үгүй газарт сунан гунин хэвтэнэ.  Ийм нэгэн зураглал амьтны ертөнцөд их түгээмэл.

Оросын нэгэн телевизийн хөтлөгч эхнэрээсээ салсан эр арчаагаа л их алдах юм” гэж яриа өдөхөд  оролцогч “Тийм эсэхийг  сайн мэдэхгүй. Харин  эзнээ  алдсан нохой, эхнэрээ алдсан эр их гунидагийг л сайн мэднэ. Бас эзнээ алдсан муур, нөхрөө алдсан эхнэр их өнгө ордгийг мэднэ” гэжээ. Ийм нэгэн яриа энэ дэлхийд бас өрнөж.

Тархи судлал хөгжиж эр, эмийн ялгааг тэдний эрхтнийх нь хэлбэрээс биш, харин, тархинаас л олж харахыг  их хичээх  болж.  Хүний тархи жендерчлэгдэх үү гэсэн асуудлыг тойрсон олоон эргэлзээ одоо  хүртэл л байна. Гэвч нэгэн ололт, харин, огт эргэлзээгүй болжээ. Энэ бол “эр нь илүү бодогч, эм нь илүү хөөрөгч” гэсэн утга юм.  “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”  гэсэн эртний нэгэн үгэнд үнэний ор ийнхүү бас байгаа бололтой.

Эмсээ авах гэж тулалдаг, эхнэрээ үгүйлж их гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг гамна.  Ийм заяаг өнөө цагийн монголд бүр ч их гамна.

Ажих нээ,  тэнд энэ цагийн эрс нь  гурван а-тай л их нөхөрлөөд байх шиг.  Албан тушаалтай хэсэг нь авилгад бурантлагдан гундах.  Ажилгүй хэсэг нь архинд хөтлөгдөн мөлхөх. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнээр шар өдөр бор хоногийг өнгөөрч суух. Эрс ингэж доройтоход эмс нь эцэстээ их ядардаг юм. Иймд эрсээ л их гамна, энэ цагийн монгол.

Ингэж хэлмэгц л,  “булбарай болчихсон энэ цагийн монгол эрсийг тэгээд хэн, яаж гамнах” гэж егөөдөн асуугч бас гарах. Тэднийг гамнахад үнэндээ маш  энгийн. Төр нь бодлогоороо л гамнана.

Идэрхэн монгол залуусаа харьд экспортолчихоод, хариуд нь харин гадны хөгшин эрсийг импортлодог энэ бодлогоо л больчих. Эс чадваас,  энэ нь эрсийн энэ цагийн монгол хорлоон.  Экспортлогдсон монгол эр гахай хариулж, нохой туух төдийхнийг хийн борви бөхөсхийлгүй, морь мэт зүтгэх зуур  эмс ялагчийг даган одож, нялхас эцэггүй торних нь гэм биш, харин, жам болж харагдана. Ингэх харагдаж эхлэхэд эцэстээ монгол л хөөрхий болж л үзэгдэнэ.  Иймд эрсээ экспортлохоо зогсоо. Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.

 Нэгтэй л гэрлэх ёстой, эцэстээ тэгээд салдаг жамтай; салахаар эр нь л  илүү хохирдог гэр бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилчих. Эс чадваас,  энэ нь энэ цагийн монгол эрсийн хуулийн хорлоон.  Гэрлэнгээ л өрхийн тэргүүн гэж хөөрсөн монгол эрс эхлээд хээгүй, гүндүүгүй гэх зангаараа эхнэрээ, үр хүүхдээ  гэж  сөхөртөл зүтгэнэ, эцэстээ, тэд цөхөрнө. Унтахгүй, идэхгүй ажлаад байхад олдог нь өчүүхэн болохоор тэр л дээ. Ингэж л сөхөрч, цөхөрч байх зуур тэд шүүхэд дуудагдан үрээ ч, өмчөө ч эхнэр гэгчдээ  шилжүүлж гудамжинд гарч  гутлаа чирч эхэлдэг нь гэм биш, харин, жам болж.  Гэрлэсэн монгол эрийн тавилан ийм болж харагдахад  эхлээд эм нь хожиж байгаа мэт авч эцэстээ монгол л хөөрхий болж үзэгдэнэ.  Иймд эрсээ ингэж хуулийн золиос болгохоо зогсоо.  Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.


Монгол эрсийн ажлын нэг цагийн хөлсийг нь бодиттой үнэлчих, бодлогоор өндөр болгочих. Эс чадваас, харин энэ тань энэ цагийн монгол эрсийн мөнгөний  тамлаан.  Монголд одоо монгол хүн цэнэгүй,  түүний хөдөлмөр л үнэгүй байх шиг. Харь эрийн нэг цагийн ажлын хөлс монгол эрээс лав л 10, 20 дахин илүү  байх.  Гадаадын мэргэжилтэн, зөвлөх гэх, үнэндээ бол гавихгүй этгээд сард монголд 18-20 мянган долларын цалин хүртэж суухад энгийн монгол эрс, харин, хамгийн ихдээ л гэхэд 800 орчим долларын цалин авч зүтгэж буй баримт олоон олоон.  Монгол эрс ингэж мөнгөний тарчлаан дунд мунгинаж байх зуур эмс нь ялагчийг даган хамтрагч болж одох нь гэм биш, харин, жам болж.  Ажилтай монгол эрс ийм болж ажиглагдахад эхлээд эмс хожиж байгаа мэт авч эцэстээ монгол л хөөрхий харагдана.  Иймд эрсээ ингэж мөнгөний тамлаанд оруулахаа зогсоо. Тэдний нэг цагийн ажлын хөлсийг бодлогоор нэм. Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.


Монгол эрсээ гамна. Идэрхэн монгол залуусаа харьд экспортолдог гунигт үйлээ зогсооч гамна. Салахаар эр нь л  илүү хохирч үлддэг гэр бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилж гамна. Ажилтай монгол эрсээ мөнгөний тамлаанаас гаргаж гамна. Эмсээ авах гэж тулалдаг,  үрсээ халамжлах гэж зүтгэдэг, эхнэрээ үгүйлж гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг гамна,  энэ монголд.


Ц.Лувсандорж


2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Wednesday, November 14, 2012

Хэрэггүй шар нунтаг

Хэрэггүй шар нунтаг

Дэлхий нийтээрээ л цөмийн эрчим хүч, шар нунтагаас татгалзах болж. Хэрэггүй шар нунтаг болохоор л тэр. Хэрэггүй төдийгүй бүр  аймшгийн, сүйрлийн, үхлийн, төгсгөлийн, чөтгөрийн шар болохоор тэр шүү дээ. Тэгэхээр монгол ч бас энэ чөтгөрийн шараас татгалзах нь их зөв. Юухэв. Бидэнд их баялаг байна.

Японы улсын ерөнхий сайд "Япон улс 2030 он гэхэд  цөмийн эрчим хүч хэрэглэдэггүй улс болно" гэж.  Канад ч, Австрали ч, Европ ч энэ чөтгөрийн шаргүйгээр амь зууж сурна гэж тунхаглаж байна. Дэлхийн нийт " Nuke fucking France'  гэсэн постертэй аль хэдийнээ танил болж. Муухай гэж, ийм постер,золиг. Дэлхий ийнхүү цөмийн эрч хүч, шар чөтгөрөөс татгалзжээ.  Цөмийн энерги, цөмийн технологи ингэж моодноос гарч байна.

Шар чөтгөрийн моод  төгссөн  энэ цаг дор  хачин зүйл сонсох юм, энд монголд. "Орчинд нь хоргүй байдлаар шар нунтаг гаргана". Ерөнхий сайд маань ингэж хөөрсөн гэнэ. Түүнийг нь нэгэн баримтат нийтлэлээс олж уншаад мөн их гайхлаа, мөн их айлаа.

"Моод монголоор л дуусна" гэдэг нэгэн тохуурхал байдаг. Нээрээ бодох нээ, монголд төгссөн моод олон байх.  Коммунисжин хөөрөх, социалисжин идэх, ардчилж хөрөнгөжих, алагчилж ардчилах, эмэгтэйжин сүйтгэх,  газар хувьчилж хөрөнгөжих, хип хопжин харчих, гэрлэж харьжих, ногоорч либерчилагдах, либеральчилж ногоорох, либералжин төгсөх гээд л дурдвал дуусашгүй олоон хошин моод монголд төгсжээ.Моод л юм чинь. Яахав. Ингэж төгслөө гээд ямар монгол төгсчихсэн биш. Гэвч моодлон монголд төгсгөж огтоос огт ёстой болохгүй ганцхан моод  байна. Тэр нь энэ чөтгөрийн шар, хэрэггүй шар. Түүгээр моодлон түүнийг монголд төгсгөх гэсэн энэ мунгинаа тань эх нутгийг чинь  төгсчихэж ер нь мэднэ. Шар чөтгөрөөр иймд моодлоод юухэв,монголд.

"Моодноос гарсан шар чөтгөр, цөм чөтгөрөөр моодлох" гэсэн юм шиг л хөөрсөн хөөрлийг сонсоод айсан, гайхсан шанал маань "Иймээс, монголд цөм хэрэггүй" гэж нэрлэсэн нэгэн слайд шоуг бүтээж түгээхэд хүргэв.  Моодноос гарсан шар чөтгөр монголд амиллахыг эрс эсэргүүцэж буй тэмцлийн эхлэл энэ. Дэлхий үзэг, бас сонсог. Яахав.

Энэ цагийн бидний мэдээгүйгээс, бас зогсоогоогүйгээс болж ирэх цагийн балчир, байгаль дэлхий, ан амьтан тэр шар чөтгөрийн дор зовж шаналж, чимээгүй уйлан гаслаж үл болох. Хүнлэг бус, шударга бус, ухаалаг бус, гэгээлэг бус, бурханлаг бус.

Шар нунтагаар тэгэхээр моодлоод ер нь юухэв, монголд.

Жич:
  "So, No Nukes in Mongolia"   Дараах  сайтыг дарж үзээрэй. Бодоорой. Эргэцүүлээрэй.
 
Сонирхон үзэж түгээн дэлгэрүүлбэл нэн баярлана.

http://tripwow.tripadvisor.com/tripwow/ta-06ec-d0cc-13e5


Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Monday, November 5, 2012

Эр жендерийн аранга


Эр жендерийн аранга

Боловсролын салбар эмэгтэйжиж, бүр эмжин жендерчлэгдсээр.  Эмжсэн энэ жендерчлэлд эхлээд эр хүйс шахагдана, эцэстээ, эр жендер уусна, устана. Эм жендерчиллийн ийм шахаан, тийм уусгалтын дүнд  энэ салбар эм жендерийн талбар, бас, эр жендерийн аранга болж хувирна.

Цэцэрлэгийн багш бүгдээрээ  эм хүйстэй, тэгээд, мэдээж бүгд эм жендертэй.  Сургуулийн 10 багшийн 9 нь эм хүйстэй, 1 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгдээрээ л эм жендертэй.  Багш болох 40 оюутны 35 нь эм хүйстэй, 5 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгд л эм жендертэй.  Яам, тамгынхны ихэнх нь эм хүйстэй, цөөнхөн нь эр хүйстэй. Эцэстээ,  мэдээж, бүгд л эм жендертэй.  Боловсролын салбар ингэж л эм жендерийн  талбар болдог.

Эмэгтэйжсэн энэ талбарт эр жендер л уусаж, устаж байна. Энэ талбарт бүх зүйл эмэгтэйжсэн, бас эмэгтэйлэг. Эмэгтэйлэг цэцэрлэг, эмэгтэйлэг сургууль, эмэгтэйлэг өнгө, эмэгтэйлэг үнэр, эмэгтэйжсэн орчин, эмэгтэйжсэн харьцаа, эмэгтэйжсэн дарамт, эмэгтэйжсэн шийдвэр, эмэгтэйлэг бодлого, эмэгтэйжсэн авир, эмэгтэйлэг яриа, эмэгтэйжсэн зан, эмэгтэйжсэн асуудал, эмэгтэйлэг нөлөөлөл, эмэгтэйлэг үнэлгээ, эмэгтэйлэг арга, эмэгтэйжсэн судалгаа, эмэгтэйжсэн архидалт, эмэгтэйлэг авилга, эмэгтэйлэг ардчилал, эмэгтэйлэг алагчлал. Эмэгтэйжилт, бас эмэгтэйлэгийн энэ дарангуйлал, энэ түрэмгийллийг эр хүйс, эр хүүхэд тэсэж суралцах, тэсвэрлэж төгсөхөд нэн хэцүү, энд.

Бурханы зохицуулалт ч гэмээр юм уу, байгалийн хууль ч гэмээр юм уу, нэгдүгээр ангийн эр, эм хүүхдийн тоо их ойролцоо. 100 хүүхдийн 50 орчим нь эм, 50 орчим нь эр  байх нь түгээмэл.  Эр хүйст дунд ангид дундарсаар ахлах анги гэхэд тэдний 75 хувь нь алга болно.  Аживал, тэдний ихэнхи нь эм хүйс, эмэгтэйлэг жендерийн хүчирхийлсэн нөлөөлөл,  дарангуйллыг үл тэвчиж, үл тэсэж сургуулиасаа сайн дураараа гарсан байх, эсвэл, хөөгдөж  зайлсан байх.  Эм хүйс, эмэгтэйлэг жендерийн тэр дарангуйллыг яаж хийгээд тэсэж үлдсэн 25 хувь нь харахад эр хүйстэй ч, ажихад  аль хэдийнээ эм жендертэй болчихсон байдаг нь жам.   Боловсрол ингэж л эр хүйс, эр жендерийн аранга болдог.

Боловсролын салбар ийнхүү эм жендерийн талбар, эр жендерийн аранга болгож хувирахад жендер яригчийн тоо л их өсгөдөг гэв үү.  Өрх толгойлсон гэх, бас гойн гэх эмэгтэйн тоо бүр ч нэмэгддэг гэв үү.  2 дахин гэв үү.  Жендерийн тэгш байдлыг бүр алдагдуулж, түүнийгээ хуульчилж авдаг гэв үү.  Жендерийн мэдрэмж ч хаана хаана аа  алга болж орхигддог гэв үү. “Энэ бүх гэв үү” гэдгээс болоод эрс нь огт гэрлэдэггүй гэв үү.  Эм жендертэй юм чинь, бас эд хөрөнгө нь ч хайран биз. Ийм их хорлонтой, тийм их хөөрхийлэлтэй юм, энэ эм жендерчилэл.

Боловсролыг эм жендерийн талбар болгон хувиргасан шигээ энэ нийгмийг монгол соёлын аранга, монгол гэрийн бүлийн аранга, монгол эцгийн аранга, монгол ээжийн аранга, монгол энэрэл, хайрын аранга, ер нь эх нутгийн аранга болгон өөрчлөн хувиргаж ч чадна шүү, ер нь, энэ эр жендерийн аранга эм жендерчилэл.

Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр



Thursday, November 1, 2012


АМАН ХӨӨРЛӨӨС АМИН ШИНЭЧЛЭЛД

(Удиртгал хэсэг)

Болохгүй л байна даа, боловсрол, энэ монголд.Цэцэрлэг, бага, дунд, их, дээд сургууль , коллеж нь байгууллагын ёсоо умартаж хуаранжсаар бүүр хуучирч хоцроод болохгүй байна.  Асрагч, арга зүйч, багш, профессор нь номын ёсоо тас орхин мартаж хуягжсаар, цолжсоор, шагналжсаар, эмэгтэйчлэн жендэрчлэгдсээр, ядмагжсаар, ядуужсаар бүүр больж, болхижоод болохгүй байна. Яам нь албаны ёсоо уландаа гишгэж  намжсаар, эмжсээр,  номт, эрдэмтээр бус харин намчин,  эмсээр   дүүрсээр оршиж чадахгүй болтлоо ялзраад болохгүй байна.  Суралцагч нь хуурмаг өртгийн худал сургалт,худал мэдлэг, хуурмаг чадвар, хуурмаг үнэлгээ, хоцорсон орчин, худал боловсролын золиос болоод болохгүй байна. Хуурмагжин төгссөн төгсөгч нь хөдөлмөрийн бодит талбарт бодит ажил олж чадахгүйгээс болоод бодит хөлсөөр бус харин хорон авилгаар; эрдэм, номоор бус харин нам, ламаар амь зуух гэж андуураад болохгүй байна. Боловсрол  монголд ингэж л бүтэлгүйдэнэ. Ядуурал, доройтлыг  ийнхүү  үйлдвэрлэнэ, тэр.  Боловсрол монголд ер нь  болохгүй л  байна.

Боловсролын энэ бүтэлгүйдэл, энэ ядуурал, доройтол, тэр ялзралт, тэр хоцролт, тэр цолжилт, тэр шагналжилт, тэр эмэгтэйжилт,  тэр хууранжилт, тэр худал үнэлэлт,  тэр хуягжилтийг  цаг цагийн төр засаг,  сайд “шинэчлэл” гэсэн аман хөөрлөөр эхлээд улам гүнзгийрүүлж өөгшүүлнэ, эцэстээ  түүнийгээ аман хорлол болгон үлдээгээд оддог нь өнгөрсөн он жилүүдийн  лидерийн зан, шинэчлэлийн жам. Ийм зантай лидер, тийм жамтай шинэчлэл  нь монголоо биш харин ходоод, намаа гэж л хөөрсөн, хуурсан, нуусан, нууцласан, андуурсан гэх үйлдлээрээ их тодрон ялгарч,  тэр нь бүр хэвжинэ, хэвшинэ.  Ингэж хэвжиж, хэвшсэн лидерийн ийм зан, шинэчлэлийн тийм жам эхлээд боловсролыг их  сүйтгэж,  эцэстээ, нийтийг ч, нийгмийг ч  их хорлоно.

“Шинэчлэл”  гэж хөөрснөө “шинэчилчихлээ” гээд андуураад яахав вэ.  Худлаа үнэлж, худлаа мэдээлж,  өөрийгөө ч, улсаа ч, эцэг эх, үр хүүхдээ ч хуураад  ер нь юухэв вэ.  Мууг  үнэн харуулсан судалгааны дүнг нуугаад ч, нууцлаад ч  ер нь яахав.  Ходоодоо бодон ингэж авирлаад ер нь  юухэв дээ, ингэлээ гээд  боловсрол өөдтэй, өнгөтэй болчихгүй. Тэр бүү хэл,  иймэрхүү үйлдэл тань  “хорлон сүйтгэл” гэж түүхэнд үлдэж ч мэднэ.  Иймд монголоо гэсэн сэтгэлээр учрыг нэг ухаарч аман бус, харин амин шинэчлэлийг  үнэн хий,  энэ боловсролд. Болж өгдөггүй, бүтэлгүйдсээр л байгаа энэ боловсролоо  бүтээгч соёл, амжилттай бизнес, тархи, оюун, сэтгэл, санааны сайн үйлдвэр болгон  дахин нэг бүтээ.   

Аман хөөрлөөс татгалзаж амин шинэчлэлд тэмүүл. Үнэн энэ тэмүүллээр хувьсгалтай дүйцэхүйц эрс шинэчлэлийн сайн үйлсийг энэ монголд, энэ боловсролд, энэ нийгэмд нэг өрнүүл. Үнэн өртөгжилтээр амин энэ шинэчлэлээ амилуулж гагна, гагнаж амилуул.  

 

Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

 

 

Tuesday, October 30, 2012

Сургуулийн хуаранжилт


Сургуулийн хуаранжилт

“Болж байна, болж байна, сургууль нь” гэж аман хөөргөнө, цаасан шагнана, төмрөн тэмдэг зүүж өгнө.   Гэвч “болж байна”  гэж хөөргөсөн тэр сургуульд  “болохгүй” нь харин олоон.    Хуаранжсан юм чинь.

 Анги танхим нь хуарангийнх шиг л байх.  Үнэр танар нь хуарангийн ОО-ынх шиг байх.  Захирал, багш орж ирэхэд нир хийтэл босоод нэг дуугаар “Сайн байна уу, захирлаа, багшаа ”  гэж цэрэг шиг мэндэлнэ, хөөрхий, цэрэг хүүхэд, энд.  Ширээний ард гараа зөрүүлэн цомцойн чимээгүй суухыг л тулгана, тэдэнд.  Асуулт асуухдаа гараа өргөх төдийхөн л хөдөлгөж болох аж.  Яг л цэрэг шиг, хөөрхий.  “Ижилхэн хувцаслана, ижил сурах бичиг үзүүлнэ” гэж яам нь хуаранжиж дөвчигнөнө.  Тэд бас  “хүүхэд бүрт ижил хоол идүүлнэ” гэдгийг хуаранжин шийджээ. Яанаа.  Энэ шийдвэрээ  хүүхдэд тушааж хэрэгжүүлсээр. Яг л коммунизм шиг, дарангуйлал шиг.  Бүгдээс “энхрий намдаа хайртай” гэж  дуулахыг; “улаан дарцаг зүүх”-ийг тулган шаардагдаг шиг л  тэд ингэж авирлана.  Уг нь “хоолоо сонгож идэх, хувцасаа сонгож өмсөх” нь хүний эрхэм  дээд эрх нь  юмсан. Гэтэл хуаранжсан сургууль, хуйранжсан тархит эрхмүүдэд хүүхэд заяаны энэ үнэт зүйл огт хамаагүй байх. “ Хүүхэд бүрийг ижил хооллоно, ижил өмсгөнө. Бас ижил хэрэгцээ, ижил сонирхолтой, адил тархи, сэтгэлгээтэй, тэгээд ижилхэн сурна” гэж үзэн, хуаранжин бүлэгт хуваана, бүлэгт заана, бүлэгт зардал, төсөв тооцно.  Хооронд нь уралдуулж дүгнэнэ, хэрэлдүүлж төлөвшүүлнэ, төмрөн медальд донтуулагч болгон хүмүүжүүлнэ.  Эцэст нь энэ хуаранжсан сургуулил  тэднийг хамтрагч биш, харин тэмцэгч, нялх авилгач, долгиногч болгон хувиргана. Яг цэрэг шиг, бүр яривал зомби шиг л болгоно. Хуаранжсан сургууль, цэцэрлэгт хүүхэд ингэж л цэрэгжинэ, зомбичлогдоно.  Сургуулийн энэ хуаранжилт их, дээд сургуульд ч уг чанараа  яг л адилхан амилна.

Аман хөөрөлд хөөрсөн хуаранжсан цэцэрлэг, сургуульд хүүхдийн эрх  өдөр тутам ингэж л хуаранжин зөрчигдөж, эрх чөлөөг нь хуаранжин хумигдаж их дарлагдана. Эцэстээ, хуаранжсан сургуулилаар бүтээгч тархит бус, харин  цэрэг  тархит бэлтгэгдэнэ. Дүнд нь нийгэмд бүтээлч сэтгэгчид л их үгүйлэгдэнэ. Хуаранжсан сургууль хүүхдийг ч,  нийгмийг ч  эцэстээ ингэж  л их хорлоно. 

 

Ц.Лувсандорж

2012 оны 10 дугаар сар 31-ний өдөр

Tuesday, October 16, 2012

МОНГОЛОО ГОЁ


МОНГОЛОО ГОЁ

Монголоороо мөн их гоёлоо доо, одоо монголоо гоё. Бодлоороо  гоё.  Үйлдлээрээ гоё. Үйлсээрээ  гоё. Гоёж чим, чимж гоё, монголоо.

Бодлоороо гоё, монголоо. Монголоо ингэж  гоёход  угтаа хэцүү биш, харин их энгийн. Монголоо сайнаар бод, сайхнаар эргэцүүл.  Монгол мангуу бус харин сэргэлэн. Монгол залхуу бус харин ажилч, хөдөлмөрч.   Монголчууд тамын тогооны үлгэрийн баатрууд бус харин дэлхийн түүх, соёл, иргэншлийн баатрууд. Монгол мөнх хөх толбоороо, мөнх тэнгэрийн итгэлээрээ  ялгарч орших дэлхийн тасархай.  Монгол угтаа Азийн Европ, Европын Ази.  Европын Монгол өрнийн соёлтой. Азийн Монгол дорны ухааралтай. Монгол ийм өрнө, дорны ухаарал, соёл зэрэгцэн амилах ховор улс. Монгол дэлхийн эртний түүх,иргэншилд жижиг биш аугаа  улс. Монгол энэ цагийн аясанд ядуу, буурай улс бус, харин дэлхийн хамгийн баян, дэвшилттэй улс.  Монголоо сайнаар бод, сайхнаар сэтгэ. Монголоо бодлоороо ингэж чимж гоё, гоёж чим.  

 Үйлдлээрээ гоё, монголоо.  Монголоо ингэж гоёж чимэх их  энгийн.  Идсэн алим, хөлхсөн чихэр,цөмсөн самар, татсан тамхиныхаа хогийг гоё машиныхаа цонхоор гаргаж хаяхгүй байгаа тэр үйлдэл тань монгол ахуйн чимэг, монгол ахуйн гоёл.  Алхаж явсан ч, автобус хүлээсэн ч,  романслаж байсан ч  шүлсэн мөндрөөр эх захгүй шүршихгүй байгаа тэр үйлдэл тань  монгол ахуйн гоёл, монгол ахуйн  чимэг. Хонины хонгорынхоо хондлойн дээр хоёр,гурваар нь сундалчихаад шогшиж явдаг шигээ; хүссэн цагтаа хүссэн газартаа зогсож морь харж болдог шигээ; мориор хаагуур ч хамаагүй давхиж болдог шигээ ийм л авир,  тийм л тархиар их хотын замын хөдөлгөөнд оролцож үл болох гэсэн тэр ухаарал тань, тэр үйлдэл тань монгол ахуйн чимэг, монгол ахуйн гоёл.  Ядуу, тарчигхан байлаа ч  хир үнэртүүлж, халтар царайлж, архи ууж, агсам тавьж, зэрлэг догшин авирлахгүй байгаа тэр үйл тань монгол ахуйн чимэг, монгол ахуйн гоёл.  “Монгол үг бүхнийг   p….” гэсэн  харь төгсгөлтэй дуудна” гэсэн шинэ дүрэм бий  болчихсон юм болов уу гэж эргэлзмээр эх хэлээрээ мулгуу, муухай ярих бус харин яруу тансагхан ярьж хөөрөх нь монголын гоёл, монголын чимэг.  Чин үнэнийг буруугаар ашигласан элдэв онол, суртал, хууран мэхлэлт, аливаа хазгай мулгууд  тархигүй толгой мэт л хууртан мунгинаж, хошууран далбигнах бус харин  энэ цагийн  ухаарал, сэхээрэл, гэгээрлийн дор  өөрийн гэсэн итгэлтэй болж, тэргүүн дээш яваа тань монголын чимэг, монголын гоёл.  Монголоо ингэж л үйлдлээрээ чимж гоё, гоёж чим.

Үйлсээрээ гоё, монголоо. Монголоо ингэж чимж гоёход их энгийн, гэхдээ,  гагцхүү сэтгэл л  хэрэгтэй. Мөнгө хийх бүрдээ монгол минь, эх орон минь, элгэн түмэн минь хэмээн хайлган сэтгэлээ нэг нээж  эргэцүүл.  Монголоороо мөнгө хүүлэх бус харин монголын төлөө  гэж мөнгө хий, бизнес хий.  Сайн хий. Ийм сэтгэлээр  хийсэн мөнгө бүр тань, бизнес бүр тань, үйлс бүр тань монголын чимэг, монголын гоёл.  Нэг л замыг жил бүхэн л зассан нэр зүүж улсаа ч, олноо ч, үнэндээ бол эцэстээ өөрийгөө  л хуурч хэдэн  төгрөгийг амархан олох бус харин  “монголын төлөө”  гэж  сэтгэл шингээн  сайн хий. Ингэж хийсэн ажил тань монголын чимэг, монголын гоёл.  “Монгол нутаг  дэлхийн хогон  машины хогийн цэг”  гэж л бодсон  мэт хогон чийчаан оруулах бус харин “монголоо гоёно” гэсэн ухаанаар шинэ брендийг шинээр нь оруул, шинээр ав. Ингэж хийсэн наймаа тань монголын чимэг, монголын гоёл.  “Монгол дэлгүүр дэлхийн хорон хоолны цэг” гэж  л бодсон мэт хорон бүтээгдэхүүн оруулах бус “монголоо хамгаална” гэсэн ухаанаар эрүүлийг оруул, эрүүлийг хий, эрүүлийг ав.  Ингэж хийсэн бизнес тань монголын чимэг, монголын гоёл. Харийнхантай хамтран ажиллах гэрээг ходоодоо бус харин монголоо л гэсэн сэтгэлээр л хий.  Ингэж хийсэн гэрээ  тань  монголын чимэг, монголын гоёл.  Монголд  Монголын Америк их сургууль байгуулах бус харин Америкт Монголын их сургууль байгуулж монголын төлөө мөнгө хий,  бизнес хий. Ингэж хийсэн бизнес тань монголын чимэг, монголын гоёл.   Монголоо ингэж л үйлсээр чимж гоё, гоёж чим.

Сайхан бодлоороо монголоо гоё. Ухаалаг үйлдлээрээ монголоо гоё.  “Монгол” гэсэн сэтгэл шингэсэн үйлсээрээ монголоо гоё.  Гоёж чим, чимж гоё, монголоо.


Ц.Лувсандорж

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 

 http://undesniibolovsrol.blogspot.com/2012/10/blog-post_16.html


Wednesday, October 10, 2012

МАШИНЫ ЭРХ ТАНХИ ТҮРЭМГИЙЛЭЛ


МАШИНЫ ЭРХ ТАНХИ ТҮРЭМГИЙЛЭЛ

Хөлөөрөө зорчигч хөл ч тавих газаргүй болж дээ, энэ хотод.  Хогон машин энэ хотыг эзлэн түрэмгийлж, хорлон сүйтгэж байгаа болохоор тэр.  Орцыг  тэр эвдэлж түрэмгийлнэ.  Гарцыг  тэр гацааж дарамтална. Замыг тэр эвдлэн эзэлж, эдлэн тохуурхана.  Машины энэ эвдлэн түрэмгийлэл, хорлон сүйтгэл, эзлэн дарангуйллыг  төр засаг, замын цагдаа нь эрхлүүлэн дэмжин, хөөрөн баясана. Хөлөөрөө зоригч энэ хотод  ингэж л  гишгэх газаргүй болтлоо  алагчлагдана,  тохуурхагдана, дарамтлагдана, бас дарлуулна.

Орцыг эзлэн дарамтал. Яг ийм тушаал авсан юм шиг жолооч орцыг  морины уяа мэт хэрэглэж, орчмыг нь эвдлэн эзэлж, дарангуйлан зогсоно.  Суугчид орцондоо ороход ч, гарахад ч нэн бэрх.  Таяг тулсан хөгшид нь нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай дэмий л үглэн зогсох. Тэд орцноос нэг гарвал орж чадахгүй, нэг орвол гарч чадахгүй аюултай тулгарсан болохоор тэр. Цүнх үүрсэн нялхас орц уяанд чихэлдсэн машины дундуур орох гэж, бас гарах гэж хүч үзэж, ухаан уралдуулна. Тэд мөлхөж ч үзнэ, гулсаж ч үзнэ. Эцэст нь  гэмтэж хохирох, хувцсаа бохирдуулах нь энүүхэнд,  бас шүүх дуудагдаж эцэг эхээ өрөнд унагах ч олоон.  Ажилдаа яарах идэрхэн нь орц уяанд чихэлдсэн машины  эвийг олж явах гэж зутарна. Ингэж зутарч явах зуур өмсөн хувцас нь  машины тоосны алчуур, зүлгүүр болчихсон байхыг мэдэж бас гутарна. Машин ингэж орцыг  эвдлэн эзэлж, түрэмгийлэн дарангуйлахад орцныхон тэгэж зутарна, гутарна, алагчлагдана, тохуурхагдана, торгуулна. 

Гарцыг гацааж дарамтал.  Яг ийм тушаал авсан юм шиг л машин гарцыг гацааж дарангуйлна.  Энэ гацаанаас болж явган зорчигч ногоон гэрлээр ч аятайхаан гарч үл чадах. Аюултай.  Таяг тулсан хөгшид ногоон гэрлийг хүлээж, хүлээж хөдлөхөд машин давхиж орж ирээд л чигнаалдаж тохуурхана, дайрах гэж сандаргана, ер нь шүргэж гэмтээнэ, дайрч егүүтгэнэ.  Цүнх үүрсэн нялхасыг гарцан дээр сандаргах нь түгээмэл, бүр дайрч гэмтээх, амийг егүүтгэх нь цөөнгүй. Идэрхэн нь машинтай ч, малтай ч цуг хөглөрөлдөн, хэрэлдэн нервтэж зүрхээ дэлсээн, сэтгэлээ гонсойлгон зүтгэнэ. Гадныхан монголд гарцаар гарахаасаа  л ухаан алдалтлаа айж сандарна. Японы нэг оюутан гарцаар гарч чадахгүй уйлаад л зогсож байсан тохиолдол бий. Барууны нэг эр гарцан дээр дайрах гээд байгаа юм шиг  дүрлүүлсэн бух мэт зүтгэдэг монгол жолоочийн авирыг үл тэвчиж хайртай машиныг нь өшиглөж “чингисийн удам”-ыг уурлуулж бухимдуулсан тохиолдол бас байх.  Одоо бүүр ч хэтэрч цагдаа замын голд зогсон явган зорчигчийг ногоон гэрлээр ч явуулахыг  тас хорьж, машинаа л илүүд үзэн ийш тийш тэднийг хурдлуулан давхиулдаг болж.  “Явган зорчигчоо явуулаач дээ” гэж шаардахад “Та нар цөөхөн байна. Цаана чинь, машинтан нь олуулаа болоод байна” гэх. Олуулаа нь л зорчих эрхтэй, цөөхөн нь зорчих ч эрхгүй болох нээ, энд.   Гарцыг гацаах машины түрэмгийллийг цагдаа, төр засаг нь ингэж л эрхлүүлж, хөөргөн дэвэргэнэ. Энэхүү дэвэргээн дор хөлөөрөө зорчигч энэ хотод гарцаар ч гарах эрхгүй болтлоо цөөрнө. Машинтан харин энэ хотод дураараа дургиж чадах болтлоо олууллаа болж, цөөнөөр тохуурхаж, түрэмгийлж дарамтлана.

Замыг эвдлэн сүйтгэ.  Яг л ийм тушаал авсан юм шиг машин явган зорчигчийн замыг эвдлэн сүйтгэнэ.  Замын хашлагыг дайрч эвдэн  машинаа явган хүний замаар эгнүүлэн тавих нь морин тархит моньдийн түгээмэл нэг авир.  Машин эгнэн ингэж жагссан  замаар явган зорчигч яаж явах вэ дээ.  Нэг алхаад нэг машин, нэг машиныг тойроод л нөгөө машиныг тойрох хэрэгтэй болох.  Ингэж мунгинаж байснаас “машины замаар л машинтай ижилсэн хамт л явахаас биш” гэж үглэн хогон машинтай холилдон зүтгэнэ. Явах замаа машинд эвдлүүлсэн, эзлүүлсэн явган зорчигч ингэж машинтай үзэлцэнэ. 40-200 морины хүчтэй машинтай нэг ч морины хүчгүй хүн тэмцэлдсээр, хүмүүнлэг ардчилсан улсын ардчилсан энэ нийслэлд. Бороотойд тэд шавраар нүдүүлж зутарна, хөөрхий.  Салхитайд тэд тоосонд булуулж зүтгэнэ, зайлуул.  Нартайд тэд шоолуулсон харцанд ширвүүлж шийтгүүлнэ. Ардчилсан монголын ардчилсан нийслэлд хүн машин хоёр ингэж л тэмцэлдэн ижилсэнэ. Машины энэ түрэмгийлэл энд ийм л их эрх танхи.  Хүн заяа, хүнлэг үзэл харин энд ингэж л басамжлагдана, тохуурхагдана, алагчлагдана.

Машины түрэмгийлэл их эрх танхиа, энэ нийслэлд.  Орцыг нь тэр эзлэн түрэмгийлж эрхэлнэ. Гарцыг нь тэр гацаан дарамталж эрхэлнэ. Замыг нь тэр эвдлэн сүйтгэж, эдлэн түрэмгийлж эрхэлнэ.   Машины эрх түрэмгийллийг цагдаа нь бүр эрхлүүлж дэвэргэнэ. Машины эрх танхи энэ түрэмгийллийн дор хүний эрх, хүнлэг ёс энд, харин, гишгэх газаргүй хөлтэй л дүйцэж харагдана.    

 

Ц.Лувсандорж

2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

 

 

Wednesday, September 19, 2012

МУУГ ҮЛ ТЭВЧИЖ САЙНЫГ ҮЗНЭ


 

МУУГ ҮЛ ТЭВЧИЖ  САЙНЫГ ҮЗНЭ

Муугаар хүний хорвоо дутсангүй. Харин сайнаар л дутна.   “Мууг тэвчихвэл, тэсчихвэл  сайныг үзнэ” гээд итгэн суугч нь олоон олоон.  Ингэж суухыг нь хэлж номногч ч бас цөөнгүй, цөөнгүй.   Хорвоогоор дүүрсэн энэ мууг тэвчээд тэвчээд л, тэсээд тэсээд л суувал тэр нимгэрэхгүй,  харин ч,  нэмэгдээд үржээд байх тул зон олон сайныг үзэх нь юу л бол. Үнэндээ, мууг үл тэвчиж, үл тэсэж, үл эвлэрч  байж л  сайныг үзнэ.  

Худал хэлэх муу. Энэ мууг үл тэвчвээс  худал хэлэх соёл түгнэ.  Худал ингээд соёл болчихвол үнэн худалд дарагдана. Үнэний хорвоо угтаа худлын хорвоо болно.  Үнэн худал үл ялгагдана.  Үнэн нь худал, худал нь үнэн болж тоглоно.  Худлыг үл тэвчсэн тэр хүмүн эцэстээ хуурамч энэ тоглоомын золиос болно. Үүрч ирсэн өрөө нимгэлэх бус харин нэмээд буцна.  Харамсмаар. Үүнээс илүү муу  гэж угтаа үгүй.  Худал хэлэхийг үл тэвч, иймд. Тэгэж байж  сайныг үзнэ.

Хулгай хийх  муу.  Энэ мууг үл тэвчвээс  хөдөлмөр бус харин хулгай  соёл болчихно.  Ингэснээр, хөдөлмөр  хулгай дор сөхөрч мэднэ.  Хөлс дуслуулахгүй амьдрагчдийн тоо олширчихно.  Хөдөлмөрийн нэг цагийн хөлс  хөгийн, бас хогийн гэмээр бага тогтчихно.   Энэ нь  хөлс дуслуулсан хөдөлмөрөөрөө амь зуугчдыг эцэст нь сөхөөрнө, цөхрөөнө.  Хулгайчийн арми өргөжинө.  Энэ армийнхан энэ насандаа хар гэрт оччихгүйн төлөө, ирэх насандаа тамд уначихгүй төлөө тулалдана.  Хулгайг  үл тэвчсэн хүн ингэж л  ийм  армийн цэрэг болох жамтай. Хайраан.  Хулгайг л үл тэвч, иймд.  Тэгэж байж  сайныг үзнэ.

Хүн заяаг үл гамнах муу.  Хүн заяа  бусдаас илүү ухаардаг, ухамсарладаг, боддог, энэрэн хайрладаг, бүр гэгээрч ч болдог ховор заяа.  Ийм ховор заяаг үл гамнаж, үл хүндэтгэвээс хүн угтаа адгуус амьтан, бүр хамгийн зэрлэг араатан ч болчихож мэднэ.  Адгуусан хүн угтаа адгууснаас ч дор дордож, араатнаас ч илүү зэрлэгшинэ. Тэр бурхан нас хүүхдийг золиослож, зодож хатуурхана.  Тэр өвгөрч өтлөгсдийг дорд үзэж, тэднээр тохуурхаж ч мэднэ. Тэр он цагийн нэг урсгал анд нөхдөө дайснаа гэж үзэж бөмбөгдөж мэднэ. Тэр элгэн нутаг, эх дэлхийгээ хүнийшсэн, харьжсан аясаар сэндчиж, үүрээд буцах юм шиг л алтыг нь овоолж, усыг нь ширгээж мэднэ.  Ингэснээр  тэр, эцэстээ,  ховорхон  заяагаа  их дордуулснаа, бас ганзага хоосон буцах болсон ганцхан зам үлдснээ  нэг л их сүрхий ухаарч гаслан уйлж мэднэ.  Хайран ховор заяа, хүн заяа.   Хүн заяа, энэ ховор заяаг үл гамнах, үл хүндэтгэх, үл хайрлахыг үл тэвч, иймд. Тэгэж байж л сайныг үзнэ.  

Амьтны амиар зугаацах угтаа муу.   Энэ мууг үл тэвчвээс хүн заяа дордоно, эх нутаг цөлжинө, эх дэлхий шанална. Бас энэрэн хайрлах ёс үгүй болж мэднэ.  Махыг  таваг тавгаар идэх гэж малыг тал талаар өсгөхөд тал нутаг хуурайшина,  гол мөрөн ширгэнэ, агаар бохирдоно, эцэст нь, эх дэлхий хална, бас хөрнө.  Хүсэл, зан, зөн, заяагаараа бидэнтэй ижилхээн амьтны амиар зугаацахад хүн заяаг дордож, ер нь энэрэн хайрлах ёс эцэстээ алга  болж ч мэднэ.   Үүрч ирсэн өрөө нимгэлэх бус харин нэмээд буцахад   энэ нэрмээс их болно.  Их л өрөвдмөөр.   Үүнээс илүү маруухан  гэж угтаа үгүй.  Амьтны амиар зугаацахыг иймд үл тэвч. Тэгэж байж л сайныг үзнэ.

 

 

Садарлах угтаа муу.  Энэ мууг үл тэвчвээс садарлах соёл  түгнэ.   Садарлах ингээд соёл болчихвол хайр бус харин хурцал газар авна.  Ингэх цагт хүний хайр хурцлаас авах таашаал төдийхөн болж мансууралд манарна. Энэ мансуурал  манаран манарсаар  эцэстээ хайрын биш харин хамтрагчийн соёлыг бүтээнэ. Хэрэг нь гарвал хэнтэй ч хамтарна. Экс -хамтрагч гэж байхад энэ цагийн хамтрагч,  бас ирэх цагийн хамтрагч гэж байх. Хамтран садарласаар явтал нэг мэдэхнээ хамтрагч ч үгүй, хайр ч үгүй, үр ч үгүй,  үйл ч үгүй үлдэж мэднэ.  Садарлахыг үл тэвч, иймд.  Тэгэж байж сайныг үзнэ.

Архидаж  мансуурах нь  муу.  Энэ мууг үл тэвчвээс  архидах, мансуурах  соёл түгнэ. Ингэж соёлжиход харин архидахгүй, мансуурахгүй нь энэ цагийн соёлыг огт эзэмшээгүй мэт харагдана.  Тэр цагт үнэндээ юу ч тохиож мэднэ, мансуурчихсан юм чинь. Тархи үхчиж тэнэглэл эхэлнэ.  Хүн амиа алдаж, амьдралаа орхино. Үр хүүхэд ч мансууралтай төрж мэднэ. Үндэстэн ч  үгүй болж мэднэ.Соёл ч уусаж, устаж үгүй болно.  Архидаж мансуурахыг л иймд үл тэвч. Тэгэж байж л сайныг үзнэ.

Муу бүхнийг үл тэвч.  Худлаа хэлэхийг үл тэвч, үл тэс.   Хулгай хийхийг  үл тэвч, үл тэс.  Хүн заяаг үл хайрлах, үл хүндэтгэхийг бас үл тэвч, үл тэс.  Амьтны амиар зугаацахыг үл тэвч, үл тэс.  Садарлан цэнгэхийг үл тэвч, үл тэс.  Мансууран архидахыг үл тэвч, үл тэс.  Сайн биш харин муу тул муу бүхнийг үл тэвч, үл тэс, үл эвлэрэл.   Мууг  тэвчиж, тэсэж    сайныг  үзэхгүй. Харин мууг үл тэвчиж, үл тэсэж  л сайныг үзнэ.   

 

Ц.Лувсандорж

2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр

 

 

Tuesday, September 11, 2012

ЗӨӨЛӨН БАЙ


ЗӨӨЛӨН БАЙ

Хатуугаар хүний хорвоо дутсангүй.  Харин зөөлнөөр л дутна. Хар даа, тэр. Нялхсын уйлаан, хөгшдийн гуниг, андын зовлон, амьтны тарчлааныг. Сонс доо нэг. Элгэн нутгийнхаа  шивнээг, эх дэлхийнхээ гаслааныг. Хатуурхаад яахав,  иймд, хүмүүс минь. Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хүүхдэд.   Олсон бол тээ, алдаад яахав.  Төрүүлж энхрийлж өсгө, уйлуулаад яахав. Амьдралд тэмүүлж яваа тэдэндээ зам тавьж өг,  дайраад яахав. Баясан ирэх тэднийгээ баясан тосож аваад, цэцэг барьж  ширээнд урь, харин загнаад, зандчаад яахав.  Өдрөөс өдөрт өндөрсөх хүсэл тэмүүлэл, урам зоригийг нь бадраа, тэдний. Харин мохоогоод яахав.  Сараас сард өсөх танхилхан биеийг гамна, харин балбаж зодоод  яахав.  Баян, хоосон, эрүүл, саруулаар нь алагчлан бүлтэгнүүлж  ялгаад бас яахав.   Үнэндээ тэд л өөрийнхөө төлөө тэмцдэггүй, ганцхан андууд минь билээ. Чухамдаа тэд л хайр, энэрлийг түгээж, хайрлах, өрөвдөхийг сургаж байдаг бурхан андууд минь билээ.   Ийм л бурхан, ийм л энэрэл, ийм л хайр, тийм урам зориг, тийм хүсэл тэмүүлэл,  танхил энэ насанд ер нь  хатуурхаад бид яахав дээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хөгшдэд.  Төрсний эцэст өтөлдөг энэ хүн заяаг хүндэтгэ. Андуураад яахав.  Үр минь, нутаг минь, түмэн минь гэж явсан тэднийхээ сэтгэл, зүтгэл, ачлал, хайрын хүчинд л өдий зэрэгт хүрч гунхаж яваа гэдгээ нэг сана. Мартаад яахав.  Ер нь хайрла, халамжил, өрөвд, энхийрэл, хамгийн гол нь, сонс,  тэднийгээ.  Цаас дэвссэн шиг цаг нөхцөөн тоглож, гуниглан суугаа тэднийгээ нэг  өрөвд.  Сараас сард  цөөрсөөр л, одсоор л. Баярлуулж, бялхуулж ер нь чадав уу  даа, тэднийгээ, бид.   Тэтгэврийг нь  ханатал нэг өгч  чадав уу, ер нь. Гадаа нарлах, дотор хөөрөх газартаа болгож нэг чадав уу даа,  тэднийгээ.  Хэлснийг нь хуучирсаан гэж бодолгүй, харин  ухаарч өвлөж  авав уу, бид, ер нь.   Хөгширсөөн гэж  орхин, тэднийгээ дорд үзсэн юм биш биз дээ.   Ер нь, мунгинаад байгаа шүү, бид. Үнэндээ, тэд төгсгөл биш харин бид л тэдний  үргэлжлэл.  Хатуурхаад ер нь юухэв, тэдэнд ээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав, андаддаа. Он цагийн энэ урсгалын тасархай  юм шүү, тэр минь.  Андын алдаа, оноо угтаа минийх, минийх угтаа андынх.  Анд бид хоёр үнэндээ нэг.  Бид ингэж л он цагийн нэг урсгалд дор  нэг болж, ижилсэн бүхэлжсэн андууд.  Алдаж яваа андыг адалж үзээд юухэв, иймд.  Онож яваа андаддаа эгдүүцэж атаархаад  яахав.  Атгасан гараа тэнийлгэн адаглан хатуурхах бус  хайлган сэтгэлээ нээж зөөлөн бай, андаддаа.  

Хатуурхаад яахав дээ, амьтанд.  Хүн, амьтан хоёр жаргал, зовлон дунд  яг адилхан юм, угтаа.  Тэр төрсний эцэст оддог ав адил заяатай юм, бидэнтэй. Тэр  үрээ харамлах, энэрэх, халамжлах, өмгөөлөх, хамгаалах эв ижил зөнтэй юм, бидэнтэй.  Тэр зовлонгоос зугтах, жаргалд тэмүүлэх  нэгэн адил зантай юм, бидэнтэй.  Тэр, харин, шунал, хүсэл үгүй бодь амьдралаараа биднээс их өөр. Бас худал хэлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулгай хийдэггүй авираараа эрс өөр.  Хамгийн гол нь, тэр өгсөөр л амьдарч,  өгсөөр л оддог хайрын ч гэмээр ч юм шиг, халамжийн ч гэмээр ч юм шиг, бүр бурханлаг ч гэмээр ч  юм шиг бодьхон  хувь тавилангаараа биднээс тэс өөр.  Ийм  эрс, их, тэс өөр ч,  заяа, зан, зөнгөөрөө харин бидэнтэй их ижилхэн энэ амьтанд  хатуурхаад, ер нь, яахав, бас идэж тарчлааж ч юухэв. Зөөлөн бай.

 

Хатуурхаад яахав дээ, нутагтаа.  Унасан, өссөн, бас эргэн шингэх өлгий минь, чухамдаа, эх  нутаг билээ.  Хөрсөнд нь хөрвөж, агаарт нь цэнгэж, усанд нь шумбаж, соёлд нь умбаж өслөө, энэ нутгийнхаа. Хөрвөж өссөн тэр хөрсийг нь  урж, үрж хөрвүүлээд ер нь яахав дээ. Эрвээхэй дэрвэхээр л ногоон байг.  Амьсгалж цэнгэж өссөн тэр агаарыг нь хордуулж, бохируулж орхиод ,ер нь, юухэв дээ.  Зүрх тэжээж, сэтгэл сэргээсэн тэр янзаараа л оршиг.  Шумбаж, цэнгэж өссөн тэр усаар алт угааж, шавар зуурч  ширгээн орхиод, ер нь, юухэв дээ. Шувууд үргэн найдаж, баясан цэнгэсэн янзаараа л байг.  Умбаж, цэнгэж, бас гангарч явсан тэр соёл, хэл, итгэл, бодлыг нь харьчлаад, ер нь, юухэв дээ.  Дэлхий нэг хэл, нэг хил, нэг хөл, нэг соёлтой одоохондоо арай ч болчихоогүй л байна.  Ирэх, орших, одохдоо ингэж л өлгийдүүлэх л заяа тохиосон энэ дэлхийн ганцхан эх цэг их  нутагтаа, ер нь, хатуурхаад, иймд, яахав дээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ,  эх дэлхийдээ. Тэр  хүн шиг л  юм. Дэлхий хүн, хүн дэлхий юм. Бүр  аугаа хүчит хүн шүү.  Энэ хүний зүрх (цөм ) -ний жаахан л дэлсээнд л  нэгэн  цагийн далайн ёроол нүд ирмэх зуур л Андын нуруу, Гималайн уулс, Отгонтэнгэр болж хувирч болно.  Бас энэ хүн зүрхнийхээ нэг л цохилтоор олоон олоон соёл иргэншлийг хормхоон зуурт устгаж үгүй болгож чадна.  Ийм л хүчтэй хүн дэлхий, дэлхий хүн шүү дээ, эх дэлхий минь.  Дэлхийн хүн, хүн дэлхийн цөм болсон тэр зүрх, угтаа, иймд амьдралын  цөм, амьдралын зүрх ажээ.  Гэвч энэ зүрх, үнэндээ,  одоо их өвдсөөр л, бүр гасласаар л.   Энэ зүрх махыг таваг тавгаар идэх гэж  амьтныг тал талаар  өсгөхөд  их өвдөнө. Амьтдаас дэлхий хүн, хүн дэлхийн зүрхийг өвтгөх хорт хий их ялгардаг болохоор тэр юм. Энэ зүрх ой мод, өвс ургамал, тал нутаг тариалангийн талбай болж хувирахад  бас их шанална.  Ой модыг устгахад угтаа дэлхий цөлжин, хуурайшиж амьсгалах агаар нь хомсддог болохоор л тэр л дээ.  Энэ зүрх  судас шөрмөс нь болох газрын гагнаасыг нь тасалж, цус нь болох усаар алт угаахад их тарчлана.  Энэ зүрх  уухайлан  барилга барьж, уурхайлан газар сэндчихэд зовж гаслана.  Хүн дэлхий, дэлхий хүний нүүр нь яралж, бие нь шархалж, мөч нь салж, шөрмөс нь тасарч байгаа учраас тэр л дээ.  Иймд хүн дэлхий, дэлхий хүн эх дэлхийгээ ихэд аргад,  ойлго, ухаар,хайрла,  гамна. Эх дэлхий, хүн дэлхийгээ  ингэж их өвтгөж, зовоож, тарчлаагаад ер нь яахав дээ. Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хүмүүс минь.   Амьдралд тэмүүлж яваа  бурхан нас нялхсад ер нь  хатуурхаад яахав. Төрсний эцэст өтөлдөг энэ хүн заяаг туулж яваа хөгшдэд бас хатуурхаад яахав.   Он цагийн нэг урсгал андаддаа мөн хатуурхаад ер нь яахав.  Үрээ харамлах зөн, жаргалд тэмүүлэх зан, ирж одох заяагаараа бидэнтэй их ижилхэн амьтанд хатуурхаад бас яахав. Ирэх, орших, одох бүртээ л өлгийдүүлэх заяа тохиосон энэ дэлхийн эхлэлийн ганцхан эх цэг их  нутагтаа хатуурхаад ер нь яахав.  Хүн дэлхий, дэлхий хүн энэ эх дэлхийдээ хатуурхаад ер нь бас яахав дээ. Иймд зөөлөн л бай, хүмүүс минь.

 

Ц.Лувсандорж

2012 оны 9 дүгээр сар 11-ны өдөр

 

Tuesday, September 4, 2012

ЭНЭ ХУЯГ БАГШ, БАГШ ХУЯГ ЕР НЬ НЭГ Л БИШ ЭЭ





ЭНЭ ХУЯГ БАГШ, БАГШ ХУЯГ ЕР НЬ НЭГ Л БИШ ЭЭ

Энэ багш нар хүүхэдтэй мөн хүйтэн харьцдаг болж дээ, яг л хуяг шиг.  Хуягжсан ийм багш цэцэрлэгт ч байсаар,  сургуульд ч бүр элбэгжсээр.  Энэ хуяг багш, багш хуягийн авир, тархи нэг л биш ээ.  Сэтгэл, хүн чанар нь ч бас нэг л биш. Хандлага, тэмцэл нь ч мөн нэг л биш. Тэднийг бүтээдэг тэр уурхай нь ч бас нэг биш. Энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг  биш ээ.  

Нэг л биш дээ, энэ хуяг багш, багш хуягийн  авир, тэдний тэр тархи, таминь ээ.  Гурван сар амраад орж буй гуравдугаар ангийн хүүхдэд долоо дугаар ангийн бодлого өгчихөөд, тэднийг эх, эцгийнх нүдэнд дээр нэг нэгээр нь уурлангуй, бүр уцаарлангуй дуудаж, “f...” гэж байгаа юм шиг л нэг хуруугаа гозгонуулан чичлэн загнаад л, их л хэгжүүнээр, бас эрхэмсэгээр "буруу" гэж хэлж "хасах" тэмдэг өгөөд л. Алдраахан бяцхан үрсийн эрүүл танхи тархийг эргүү тэнэг болгох гэсэн шиг “эр, эм” гэх дүрэм цээжлүүлээд л, энгийн монгол үгсийг “эр, эм” гэж ялгуулаад л.  Баясан ирсэн хүүхдийг баясаж тосож аваад  зүгээр л хичээлээ эхэлж, ажлаа хийхийн оронд энгэртээ одон мядаль гялалзуулан индэрт зогсох гэж гүйлдээд л, сайд, дарга нарт бөхөлзөн бөхөлзөн эргэлдээд л, эрхлээд л.  Хичээлийн жилийн нээлт гэх хэцүүхэн, бас марзандуу таахалзааны дараа нялхасыг хаалгаар эвтэйхэн оруулчихаж чадахгүй зүгээр л орхиод л.  Хүүхдүүд хаалган дээр шахалдан дарагдчих гээд, бас бэртчих гээд байхыг хээв нэг хараад л, бас орхиж яваад л. "Ээ, та нар минь наад хүүхдүүдээ нэг эвтэйхэн оруулчихаач ээ" гэж хэлэхэд "Хүүхдийг нь мэдээд аваарай. Хүүхдээр нь дарамтлана" гэж улайн цайм хэлээд л.   Энэ хуяг багш, багш хуягийн энэ авир уу, бас  тийм авирыг бүтээж буй тэдний тэр тархи уу.  Нэг л биш дээ.

Нэг л биш ээ, хуяг багш, багш хуягийн сэтгэл, бас тэдний хүн чанар,  таминь ээ.  Эцэг эхийнх өмнө энхрий зөөлөн аясаар “хүү минь, охин минь”  гээд л их л дотнохон хайрлаж байснаа эцэг, эх одсны араар  “тэнэг, мунхаг” –аар нь  хээв нэг дуудан, загнах,  бас зодох, эцэст нь бүр гэмтээж ч мэдэх хуяг сэтгэлтэн, хуяг чанартан энэ цэцэрлэг, сургуульд олоон. Хуяг багш, багш хуягийн энэ хүн чанаргүй  хуягынхаас ч долоон дор энэ олоон үйл, үйлдэл нь үнэндээ баримтаар л их бүртгэгдэж,  судалгаагаар л илт нотлогдсоор.

Нэгэн цэцэрлэгийн ОО-ын өрөөнд нэгэн нялхыг тэнэг, мунхагаар нь дуудан, өшиглөж байсан хуяг багшийн хуягынхаас дор тохиолдлыг энэ хоёр “улаан”-аар харж, зарга хүртэл үүсгэж явсан баримт одоо надад байна. Цэцэрлэгт хүүхэд боож, амь насыг хөнөөх дөхсөн хуяг багшийн нэгэн “зэрлэг” үйлдлийг монгол даяараа л мэднэ байх.  Хуяг багш, хууранжсан сургууль, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын хүйтэн сэтгэлээс болж “үдийн цай” гэх  үдийн хоронд хордсон олон тохиолдол монголд  бас бий. “Оросын гурав” гэж алдаршсан, ер нь “хоолны эрүүл ахуйн шаардлага” төдийхнийг уг нь найдвартай хангачихмаар хэмжээний төлбөр авдаг энэ сургуульд “үдийн цай” гэх үдийн хорноос 100 гаруй хүүхэд нэг дор хордож эмнэлэгт хүргэгдэж байсан тэр түүхийг одоо арай ч монгол мартагдчихаагүй байгаа болов уу.  Үдийн цайнд  хамрагдснаараа л бусдаас ялгардаг бага насны хүүхдийн дунд “бохир гарын” гэх шар ил, далд дэлгэрч, бүр илэрч, тэр нь газар авч, сүүлдээ тэдэнд “шарын ванцин”-ыг хуурангийн аргаар “шахаад” түр өндөрлөснийг бид мартаагүй л байгаа болов уу.  Янзын янзын зорилготой олон төрлийн судалгаа нэгэн адилаар л “хүүхдийн эрх, эрх чөлөө сургуульд, анги танхимд, бүр цаашилбал, хуягжсан багшийн гар дээр, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын хүйтэн шийдвэр дор л их зөрчигдөж байгаа” гэж дүгнэсэн байгааг энд онцлон дурдахад бас илүүдэхгүй биз

Мөнгө биш харин “хүүхэд”-ийг гэх нинжин сэтгэл, хүн чанар, ер нь хайр, энэрэл дутснаас үүдсэн монгол хүүхдийн энэ мэт зовлон, золиосыг тоочин тоочин ингээд бичээд бичээд л байвал цаас ч, бас цаг ч угтаа хүрэлцэхгүй.  Энэ хуяг багш, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын   тэр хүн чанар уу, тэр сэтгэл үү. Нэг л биш дээ.

Нэг л биш ээ, хуяг багш, багш хуягийн тэр хандлага, тэдний тэр тэмцэл, таминь ээ.    “Хүн бүр адилгүй. Хүн бүр өөрийнхөөрөө л өөр, дахин давтагдашгүй өвөрмөц”гэсэн үнэт ухааныг ухаардаггүй юм шиг хуяглана, тэд.  “Ялгаатайд ялгаатай л хандаж байж гэмээнэ адил тэгш болно” гэсэн эрхэм ухааныг үл ойлгосон юм шиг хуяглана, тэд.  “Хүн өөр байгаагаараа давтагдашгүй шиг ээ өөрийн гэсэн өвөрмөц авьяастай, ялгарах  чадвартай” гэдэг энгийн ухааныг ухамсарлаагүй мэт  л “35 ялгаатай хүүхдийг 1 хүн” гэж бодож хуяглана, тэд.  Ингэж хуяглаж мунхагласнаар “нийтээрээ нь нэг сурах бичиг үзүүлж, нэг арга зүйг хэрэглүүлж, нэг арга, нэг маягаар үнэлэх” шийдвэр гаргаж  хуягласаар, тэд.  “Сургууль хуараншсан гэдгийг л нотлон харуулах” гэсэн юм шиг “хүүхэд бүрийг цэргийн гэмээр загвартай нэг л хувцас  өмс (форм)” гэсэн шийдвэр гаргаж хуяглана, бас тэд.  Багш хуяг, хуяг багшийн хандлага ийм л хоосон, тийм хөөсөн.  Тэдний энэ хоосон, хөөсөн хандлага дор монгол хүүхэд  л их дорд үзэгдэж нийтээрээ сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, урам зориг, эрүүл мэндээр хохирно, бас золиослогдоно.

Хуяг багш, багш хуяг чухам юуны төлөө тэмцэж чаддаг гээч.  Өөрийнхөө л төлөө.  Тэд “цалин нэм” гэж ажил хаяж, жагсаж чадна. Энэ нь ч бас аргагүй биз. Тэд “байр өг” гэж шаардлага хүргүүлж, лобби хийж, бас шийдвэр гаргуулж чадна. Тэд “өөрийнхөө хүүхдийн төлбөрийг улсаар төлүүлнө” гэж хүсэлт хүргүүлж, шийдвэрлүүлж чадна. Тэд “тэтгэвэр гаргахдаа бусдаас онцгой нөхцлөөр гарна” гэдгээ үндэслэн нотолж хуульчлуулж чадна. Тэд одон мядалиар шагнуулахыг хөөцөлдөж, бас шагнуулж чадна. Тэд бас улс төржиж сайн чадна. Гэвч тэд хүүхдийн сайн сайхныг төлөө л тэмцэж харин чадахгүй.  “Хүүхдийн биеийн тамирын талбай”-г зарсан байхыг хараад тэмцээгүй, тэд.  “Хүүхдийн тоглоомын талбай” зарагдаж үгүй болж буйг хараад тэмцээгүй, тэд. Сургуулийн боловсролыг харьчилж түүгээр улс төр, шоу хийж, хүүхдийг олон жил хохироож буйг хараад тэмцэхгүй, тэд. Харин ч бялуугаас хүрсэн нь бий.  Бохир гарын шар өвчинд нялхас нэрвэгдэж буйг үзээд тэмцээгүй, тэд бас.  Харин ч хараагүй юм шиг, бас мэдээгүй юм шиг байсан. Хуяг багш, багш хуяг өөрийнхөө төлөө сайн тэмцэж чадна аа,  харин өрөөлийн төлөө, бүр хүүхдийн төлөө бол харин огт тэмцэж чадахгүй дээ. Хуяг багш, багш хуягийн  энэ хүний  төлөө бус,  хүүхдийн төлөө бус тэр хандлага, тэр тэмцэл үү. Нэг л биш дээ.

Ийм л хуяг багш, багш хуягийг бүтээдэг, багшийг хуяг болгон өөрчилдөг  уурхай ч бас байх. Энэ уурхайн гүнд  он удаан жил хаягдаж, дарагдаж бүр хуягжисан бул хар чулуу ч  байна. Энэ уурхай ч, тэр хуягжисан бул хар чулуу  ч бас л нэг л биш дээ.

Хуяг багш, багш хуяг ч, бас багш  хуягжих ч ер нь нэг л биш дээ. “Энэ  ер нь биш дээ” бүхэн угтаа гэгээн бус харин их хар үйл, бүр хорт  үүл юм.  Ийм хорт  үйл, хар үүл боловсролын талбарын ариун тэнгэрийг бүүр бүрхэн тунаж, гүн тогтож ээ.  Иймд энэ хорт үйл, хар үүлийг  хуягжисан бул хар чулуутай нь хамт, бас тэр уурхайтай нь хамт боловсролын талбарын ариун үйлсийн тэнгэрээс шалавхан шахан хөөх үйлсийн аяныг ер нь шуурхай эхэлцгээе.   Энэ их үйлсийн аянд хамтаа ч мордцгооё.

Хаяг нь хуяг болсон энэ багш хуягийг зүрхэнд хайрын үр хөрсжсөн, сэтгэлд нь энэрэл, хайр, өршөөл, уучлал эгшиглэсэн, тархинд нь авилга, мөнгө, шагнал бус харин сэхээрэл, ухаарал, бодрол, эргэцүүлэл хөвөрсөн их соён гэгээрлүүлэгч болгон өөрчилцгөөе, энэ их үйлсийн аянаараа. Ийм аяныг ингэж шуурхай эс өрнүүлбээс, харин энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг л биш дээ, биш.

Жич:

“Хуяг багш, багш хуяг” биш багш байгаа гэдэгт итгэнэм. Тэднээс чинхүү хүлцлийг өчнөм.   “Нэг үхрийн эвэр доргиход мянгынх доргино” гэсэн ухаан байхад “Мянган үхрийн эвэр доргиход нэгийнх, бас нижгээдийнх нь доргино” гэсэн ухаан бас байх. Энэ л ухаанаар энэ нийтлэлд “хуяг багш, багш хуяг” гэсэн үг хэллэг хэрэглэв. 

 

Ц.Лувсандорж

2012 оны 9 дүгээр сар 4