ҮГ ХЭРВЭЭ УЙЛДАГ БОЛ...
Үг хэрвээ үглэж гомдолдог бол цамнан уурсаж, уйлан
гомдохоор болтлоо муухайгаар, муруйгаар, буруугаар овжин улс төрчид гэгчид хэрэглэгдэж
ирсэн үг хэллэг ардчиллын гэх цагийн монгол
хэлэнд олон бий болжээ. Ингэж гомдон
уйлж, уурсан гомдолж буй үгс дотроос хамгийн ихээр буруугаар ашиглагдсан лав л
дөрөв үг хэллэг байна. Ард түмэн,
шударга ёс, жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ), хайр.
Ард түмэн, ард түмэн, ард түмэн. Ард түмэн бүгдийг мэднэ.
Ард түмэн цэцийн дээр бий. Ардын нам, ардчилсан нам. Ард түмэндээ хайртай нам. Ардын
засаг. Ард түмэндээ хайртай. Ард, ард, ард гэх. Ингэж ихээр дээдлэгдээд байтал; ийм ихээр хайрлагдаад байтал, их л ихээр дуудагдаад
байтал, бүхнийг хүртэл нялаад байтал нөгөө
ард нь үнэн байдал дээрээ ядуурч ажиллаад, ажиллаж ядуураад байх юм. Ард
хоцорсон арван мянган ард, түмэн хүн бүү хэл олон түмнээр дорд, ядуу, дорой
болсон байх. Үүнийг худлаа гэж “угаалгасан” тархиндаа эргэцүүлж яваа нэгэн
байвал ийм хоёрхон хөдөлшгүй тоог эргэлдүүлж нэг хар л даа. “Хүн амынх нь 70 хувь ядуу. Дундаж монгол
хүний нэг цагийн ажлын хөлс хагас долларт хүрдэггүй”. Энэ нь хайрлаад
хашгираад, хашгирч хайрлаад байгаа нөгөө 10 ардынх 7 нь бүр ядуу, бүр ард гэсэн
үг л дээ. Энэ нь бас ард түмэндээ хайртай гэдгийг амины уншлага болгосон улс
төрчид гэгчидтэй энэ улсад хүн ядуурч ажиллаж, ажиллаж ядуурдаг нь бодит болсон
гэсэн үг л дээ. Нөгөө хайртай ард нь хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж яваа
гэсэн үг. Ингэтлээ хуурмагаар хэрэглэгдсэн, сонсоход бөөлжис цутгахаар буруу
ашиглагдаж ирсэндээ цамнаж уйлж байгаа “ард түмэн” гэсэн хөөрхий үгийг түр
амрааж, түүнийг “олон түмэн” гэсэн энэ үгээр оруулж нэг хэрэглэж үзье. Онож ч
бас мэднэ.
Шударга ёс, шударга ёс, шударга ёс. Шударга ёс тогтооё.
Шударга бус хонгилыг нураая. Шударга
байцгаая. Шударга хүн, Шударга мал, Шударга, шударга, шударга. Шударга ёс ингэж
ихээр улиг болтол хэллэгдэн дуудагдсан өнөөх цагийн энэ улсад гэвч хууль нь гууль,
бодлого нь лобби болсон байх. Газар
доорх баялаг нь хуульчилж бичснээр бол нөгөө хайртай ардынх нь мэдэл, өмчлөлд
байгаа бололтой атал арддаа хайртай
засгийнх нь шийдлээр ардын биш баяных, гадных болсон байх нь олон юм. Энэ нь угтаа
шударга ёсон бодлого лав л биш. Бас уг
язгуур утгаараа нөгөө л хайртай гэх ард
түмнийх нь хөлсөөр бүтээгдсэн газар дээрх бүтээсэн нийгмийн баялаг, хуримтлуулсан
мөнгөн хөрөнгө, сан нь бас арддаа хайртай нам, засгийнх нь бодлогоор ардынх биш
харин цөөнхийнх, гадных болсон нь нэн олон байх юм. Энэ нь бас л угтаа шударга
ёсон бодлого бус. Энэ мэтээр шударга ёс бус бодлогыг тоочоод бичвэл цаг хайран,
цаас яйран болох биз. Ингэтлээ
хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн,
бодоход л гуниглал, гутрал, цөхрөл төрүүлдэг болтлоо буруугаар
ашиглагдан яваадаа гутран урсгаж байгаа “шударга ёс” гэдэг хөөрхийлөлтэй энэ
үгийг хэсэг амрааж, түүнийг “хууль ёс” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. Олигтой
болж ч мэднэ.
ЖДҮ, ЖДҮ, ЖДҮ. Энэ
нь жижиг дунд үйлдвэрлэл (үйлдвэр) гэсэн үг товчлол юм. Энэ
үгийн утга нь үйлдвэржсэн монгол улсын
тээр цагийн иргэдийн хувьд бол хэлдэг хийрхдэг бус харин хийж бүтээсэн үйлс
байсан юм.Тэр цагийнхан үйлдвэрийн
дүүрэгтэй, ажлын районтой байсан улс. Бүүр ЖДҮ –тэй байсан юм. Гэвч өнөөх өмч
хувьчлалаар ЖДҮ-г сүйтгэснээс хойш ЖДҮ л ихээр яригдаж, ЖДҮ-дэх гэсэн үг хэллэг
их бий болсон юм. Олны санаж байгаар тээр жилийн алдарт 20 дугаар тогтоолын
өмнө тэд нэг ЖДҮ –дсэн юмдаг. Зээлээс бусдынх нь цэнэ мөнгөөр, тоогоор 2 дахин
нэмэгдэж тогтоолжиход ЖДҮ тэгэж нэг айхтар хэрэглэгдсэн байдаг. Саяхан өндөр
албан тушаалтны амраг садан, ахан дүүс бараг хүүгүй шахуу зээлийг гайхалтайгаар
олж авахад ЖДҮ бас нэг тэгэж ашиглагдаж байх шиг байна. Энэ мэтээр ЖДҮ -гүй намын хөтөлбөр, төрийн бодлогыг энэ
улсад олоход амаргүй дээ. Гэвч үнэндээ ЖДҮ бий болж ажилгүйдэл багасаж, нөгөө
хайртай гэх ардын амьдрал сайжирсан зүйл одоогоор алга. Харин энэ ЖДҮ –дэх зуурт ядуурсан хайртай ардынх
ядуурлыг илтгэсэн айхтар хоёр тоо бол
бий. Тоо худал хэлдэггүй. Шилдэг олон ЖДҮ –тэй хоёр том улсын дэргэдэх жижигхээн
зах зээлтэй манай улсад бүтэлтэйгээр ЖДҮ–дэж амжилттайгаар жижиг, дунд
үйлдвэрлэл, үйлдвэрийг байгууллаа гэхэд тэр хөөрхий эцэстээ дампуурах л
тавилантай, магадлалтай байна. Тэгэхээр ЖДҮ-дэх бодитой бус, харин хуурмаг биш
үү, энэ улсад. Ингэтлээ хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн, эргэцүүлэхэд л эвгүйрүүлдэг болтлоо буруугаар
ашиглагдан яваадаа уйлж гомдож байгаа “ЖДҮ” гэдэг хөөрхий энэ үгийг хэсэг
амрааж, түүнийг “ГТҮ” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. ГТҮ гэдэг нь ганц том үйлдвэр гэсэн үг тул олж ч бас мэднэ.
Хайр, хайр, хайр. Хайраа, хайраа, хайраа. Хайртай,
хайртай, хайртай. Хайртай шүү. Ингэж хайр, хайр, хайр гэлцэн хашгиралдах атлаа
хайрлаж чадаж байгаа нь хэр олон юм дээ. Нэгэн цагт хайртай хайртай гэж
хашгиралдаж суусан гэр бүлийн тань хэд нь хайран дундаа байгаа юм дээ. Нэг
цагийн ажлын хөлс нь хагас долларын цэнэтэй улсад хичнээн хүн өрх тэргүүлж,
өрхийн тэргүүн байж, өрх тэргүүлж явж чадах вэ дээ. Ийм учраас өдөрт дундажаар хайраа хайраа гэж
явсан хайран 10 гэр бүл хайраа салгаж байна. Олон хүүхэд энэ салаанд дунд
салбайлж өсөж байна. Хайраа хайраа гэж хэчнээн хүн харьд хар ажил хийж харлаж
хайраа мартаж байна даа. Хичнээн эр хайраа орхиж Японд ажил хийн, гэр бүл
болохоор зуучлагдаж, бас зуучлагдахаар байна даа. Хичнээн эм хайртай гэж явсан
эрээ хар ажил хийж байна гэж голж орхин харийг зорьж харлаж байна даа. Хайр
хайраа гэж явсан хичнээн хос биесээ хайрлах бүү хэл үзэн ядаж, бүр егүүтгэж
байна даа. Ядуурал хаалга тогшиход хайр
цонхоор оддог гэв үү. Хайр гэдэг үгийг хаа
хамаагүй хашгиралддаг нь олон ч “нөхцөлгүй хайрлана, нөхцөлгүй хайр” гэдэг
язгуур утгаар нь түүнийг ухаарч амьдарч яваа нь ядуурал хаалга тогшсон энэ
улсад хэр олон юм дээ. Ядуурал хаалга тогшсон энэ цагийнханд хамаагүй, хаа
сайгүй буруугаар ашиглагдан хэрэглэгдэж
яйран болж орхигддогтоо харуусаж асгаран
уйлж яваа “хайр” гэдэг хайран энэ үгийг хэсэгтээ түр амрааж, түүнийг энэ цагийн
өнгөнд тааруулж “халамж” гэдгээр оруулж
хэсэг явбал яасийм. Ядуурал хаалга тогшсон энэ
цагт ингэх нь онож ч бас юу магад.
Төгөлдөр сайхан утга
агуулгыг нь хуурмаг болтол нь, аялгуун сайхан хөг өнгийг нь сонсоход бөөлжис цутгамаар хүртэл нь муухайруулж буруугаар, муруйгаар тэдэнд хэрэглүүлж
ашиглуулж ирснээ бодон гомдон, уйлан урсан
цамнаж яваа хөөрхий “ард түмэн, шударга ёс, ЖДҮ, хайр” гэсэн энэ дөрвөн үгсээ
түр хойш хайрлан тавьж нэг амраан хэсэгтээ
“олон түмэн, хууль ёс, ГТҮ, халамж”
гэсэн үгсээр оруулан хэрэглэж нэг үзбэл ер нь бас яадаг юм бол. Хөөрхий тэр
эрхэм үгс минь хөөрхий. Хэсэгтээ жаахан амраг, тайвшираг.
Ц.Лувсандорж
2018 оны 12-р сарын 2-ны өдөр