Tuesday, December 11, 2018

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт


"Монголын нийслэлийн агаар бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их. Тэнд хүн үндсэндээ амьсгалаад үхэж байна" гэж дэлхий шуугиж байна (SBS,2018). Энд үхэж байна гэж байна шүү.

Иймд ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, түр зогсоогооч. Эцэг эх бидэнд эхлээд эрүүл хүүхэд хэрэгтэй. Дараа нь боловсрол энэ тэр нь тэгэсхийгээд болно биз. Тэгээд ч хүүхэд сүлжээний 21 хичээлээр сурах гэхээс тархиараа их хохирч байгаа нь бодит байдал билээ. Одоо утааны энэ ид үед бол хүүхдүүд эрүүл мэндээрээ, уушигаараа маш их хохирч байна. Энэ утаа нь амьсгалаад л үхэх хэмжээний хортой байна. Амьсгалахгүй бол бас яах нь ойлгомжтой. Ийм л аймшигтай байдалд өөрсдийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд маань орж яах аа мэдэхгүй ядарч, гэлдэрч, гундаж, гандаж, хүүхдээрээ өтөлж, өвдөж байна. Сайд та хүүхдүүдийг энэ хүнд байдлаас гаргахын төлөө нэг юм бодооч. Нэг сайн үйл хийгээч.

Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газар гишүүний хувьд Та амьсгалаад үхэх хэмжээнд хүртлээ хортой болсон энэ аймшгийн утааны үед ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан түр хаах шийдвэр гаргаж, хүүхэд уушигаараа үхэж буй энэ байдлыг зогсоож нэг удаа ядаж ганц сайн үйлс бүтээхийг чинхүү гуйж байна.

Биднийг монгол болгон нэгтгэж буй үнэт зүйл болсон Үндсэн хуулиар бол мал бүү хэл хүүхэд хүртэл хамгаалдах ёстой. Тэр амьд явах эрхтэй, тэрэнд тэдний ганц өмч болсон төр нь үйлчлэх ёстой.Төрийн сайд бас үйлчлэх ёстой.

Ийм өөрсдийгөө хамгаалж үл чадах хүүхдийг амьсгалаад үхэх хэмжээнд хүрсэн аюултай энэ утааны хороос хамгаалж ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, үйл ажиллагааг түр зогсооно уу!. Өөр олигтой арга зам одоо огт харагдахгүй байна.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

No comments:

Post a Comment