Sunday, December 2, 2018

Их хурал бага ард түмэн юм

Их хурал бага ард түмэн юм

Муруй, болхи байдлаар бүрдсэн ч байлаа ч гэлээ ч ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан их хурлыг нэг намын дарга тараана гэж танхимд нь даналзснаас болж 14 хоног төр түжигнэж түмэн бужигнав. Ажил доороо биш харин дээрээ тун их цалгардав.

Их хурлын гишүүд нь хэрэв, засгийн газрынх биш байдаг бол ийм үйлдэлд их хурал айхтар хариуцлага хүлээлгэх нь их тодорхой юм. Ингэх нь ч бас парламент ёсны төлөвшил, соёл, жишиг юм.Учир нь их хурал бол ард түмний их төлөөлөл бага ард түмэн юм. 

Энэ удаагийн хачин тохиолдол бол яахав вэ дээ, засгийн газрын гишүүд нь их хурлынх юм чинь тэгэсхийгээд өнгөрч байх шиг байна. Гэхдээ их хуралд зарчмаа биш харин ходоодоо бодож сонголтоо хийдэг хэсэг нь өөрсдийгөө харин их тод томруун харагдуулснаар энэ нь бас түүхэн ач холбогдолтой юм. Их хуралд цаашдаа засгийн газрынх биш харин төлөөллийн ардчиллыг ухаарсан, тэнд таны төлөөлөгч, төлөөлөл болж, зарчмаа барьж чадах тийм л хүнийг илгээж байх ёстойн нэгэн хичээл энэ бас болов.

Он цаг, түүх, парламент ёсны төлөвшилт, соёлжилт засаглалын энэхүү завхрал, хямралын энэ бор толбыг цагааруулж янзалж ялгаж өгнө биз ээ.

Бага ард түмэн болох их хурлаа эрхэмлэ. Үүний үндэс болсон үндсэн хуулиа үнэ цэнэ болго. Түүнийг хэсэг бүлэг хүний зөрчил, хямралаас өмгөөл. Намаас бол бүр их харамла.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

No comments:

Post a Comment