Үер болоход хог новш л их ил гарч хөвдөг шиг
Тэртээх 18 зуунд болсон Францын хувьсгал дэлхийг их өөрчилсөн юм. Эх дэлхийд тэр их дэвшил авчирсан. 21 дүгээр зуунд бид эх орондоо дампууруулж, хогтой нь хутгаж байгаа ардчилал, эрх чөлөөний үнэн эх тэндээс ундарсан юм.
Манай энэ цагийн ихэнхи монголчуудад хамтарч нэгдэж чаддаггүй нэг их том сул тал бий. "Та нар сайн тэмц. Ашиг гарвал бид харин хүртэнэ. Эрсдэл гарвал та ганцаараа үүрчих" гэсэн өнгөөр их ханддаг. Ийм хандлагатай түмэнд ардчилал үгүйрсэн байх. Харин тэр жижиг ашиг олз хайгчдын том хэрэгсэл төдийхөн болсон байх. Учир нь ардчилал оролцоогоор л амилдаг юм.
Дээшээ гаргасан нэг нь ходоодон сэтгэлгээтэй байх нь элбээг. Торго, дурдам, морь мал, бөх, дуу хуурь, хуас, машин гэх мэтийн ядуухан сэтгэлгээтэй дарга нар улсыг яг л энэ байдлаар ядууруулдаг. Сэтгэлгээ, хандлагын ядуурал гэж ийм юм.
Манай улсад болж байгаа аливаа тэмцэл хөдөлгөөнөөр том эрх ашгаар жижигхэн олз хайгчид оволзож гарч ирээд хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар, утга учрыг алдагдуулж, ихэнхи нь жижигхэн зорилгодоо хүрч том эрх ашгийг орхигдуулдаг. Тэр хар даа, нөгөө баатруудыг. Шинж дээ. Их үер болоход хамгийн түрүүнд хог новш нь их ил гарч хөвдөг шиг.
Монгол хүн урвагч, шарвагч, энэ увайгүй, ядуухан, жижигхээн хандлагаа өөрчилж, том эрх ашгийнхаа төлөө том байж чадваас дэлхийд монгол дэвжинэ. Эсрэгт харин энэ улсад нөгөө хорон жижгүүд ч хүртэл эцэстээ бас үлдэхгүй. Хандлага тань жижиг, сэтгэлгээ чинь ядуу байгаагийн горь тэр.
Том эрх ашгийнхаа төлөө бид иймд том байхад суралцах хэрэгтэй. Боловсрол ч үүнд бас чиглэх ёстой.
Ц.Лувсандорж
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
No comments:
Post a Comment