Thursday, December 6, 2018

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн. Хуулиар засаглана гэсэн үг.

Үндсэн хуулийн эхний мөрүүд тэгш байдал, арьс өнгө, гарал үүсэл, гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх тухай. Үүнийг багаас нь хүүхэд бүрт үнэ цэнэ болгох ёстой юм.

Австрали улсад хэрэв нэгийгээ нь арьсаар, гарлаар нь ялгах үйлдэл бүү хэл иймэрхүү утгатай үг хэлсэн бол тэр хүн харин нийгмийнхээ үнэт зүйлийн эсрэг, манайхны яриад байгаараа бол нийгмийн дайсан болох юм.

Гэтэл манайд үндсэн хуулийн энэ утга агуулга үнэ цэнэ бүү хэл,тэр бүр огт утгагүй, байхгүй ч юм шиг л дээрээ ч, доороо ч хээв нэг хэнэггүй авирлаж байдаг юм.

Гэсэн атлаа хуулиар засаглана гээд байдаг.

Үндсэн хуулийнхаа үг, үсэг өгүүлбэр бүрийг их сурталчилж, үнэ цэнэ болгомоор байна. Тэгэхгүй бол энэ улс тун удахгүй утгагүй, бүр ойлголцохгүй, бүр цаашилбал Украйн мэт болж мэдэх нь.

Бид ядаж Үндсэн хуулийнхаа хүрээнд ойлголцддог болмоор байна.

Нэгнийх нь явцуу эрх ашиг, товчхондоо, ходоод нь хөндөгдөөд ирэхээр л чанга чанга сүржин сүржин оролилдох юм.

Чанга орилсноор үнэн худал, худал үнэн болчихгүй юм, хэрэв бид ойлголцох нэгдмэл үнэт цэнэтэй, үнэт зүйлтэй бол.

Чанга чанга орилолдож нийгэмд хар уур амьсгал, хар эрчим түгээж байж биш харин тайван байж ухаалаг ярилцаж л үнэт зүйлийнхээ эрэмбээр харилцан буулт хийж ойлголцдог баймаар, уг нь. Энэ нь энэ иргэншлийн түүхэн том сургамж юмсан.

Хойч үедээ бид нэгдмэл үнэт зүйл дээр нэгссэн улсыг бат бэх өвлүүлж өгөх ёстой. Үүний тул бид монгол хүний, монгол иргэний үнэт зүйл, үнэт цэнийг эхлээд их тод болгох хэрэгтэй байна.

Биднийг монгол болгон нэгсгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль түүний үзэл санаа, утга агуулга биш үү?

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

No comments:

Post a Comment