“Улсын
Хөгжил Хүнээсээ, Хүний Хөгжил Багшаасаа,
Багшийн Хөгжил
Бодлогоосоо”
МОНГОЛЫН БАГШ НАРЫН 7 ДУГААР ИХ
ХУРЛЫН МОНГОЛЫН БАГШ НАРЫН ХОЛБООНЫ
ИЛТГЭЛ
(Төсөл)
Таван буман хүүхдийн таван түмэн багшийн төлөөлөл Монголын багш нарын 7 дугаар их хурлын
төлөөлөгч багш Та бүхэн монгол нутгийн дөрвөн зүг найман зовхисоос улсын
хөгжил хүнээсээ, хүний хөгжил багшаасаа,
багшийн хөгжил бодлогоосоо хамаарч байдгийн утга учрыг тунгаан хэлэлцэж, шийдвэрлэхээр
энэ танхимд ийнхүү хуран цуглараад байна.
Монголын багш
нарын 7 дугаар их хурлын төлөөлөгч, эрхэм хүндэт Багш нараа!
Улсын хөгжил хүнээс
Хүний хөгжил багшаас
Багшийн хөгжил
бодлогоос эхэлнэ.
Монголын таван буман хүүхдийн таван түмэн багш, бид нар
улсын хөгжилт дэвшлийг иймд хүний хөгжил гэж үзнэ,тэгэж бас итгэнэ.
Манай улсын хүний хөгжлийн индекс 2017 оны байдлаар 0.741
байна. Энэ нь манай улс хүний боловсролын түвшин, түүний орлогын хэмжээ,
наслалтын үзүүлэлтээрээ хүний хөгжил
өндөр орнуудын ангилалд орж ирснийг илтгэнэ. Үүгээрээ дэлхийн 189 орноос 92 дугаар байранд байна. Энэ бол энэ
цагийнхны бахдам амжилт мөн. Энэ амжилт тооны хувьд ч, чанарын хувьд ч оноос онд
ахисаар ирснийг энд онцлон тэмдэглэж дурдахад нэн таатай байна.
Саруул ухаанд л эрүүл бие оршдог. Эрүүл бие, саруул
ухаанаар л орлого бүтээгддэг. Саруул ухаан мэдлэг, боловсролоор дэмжигдэнэ,
хийгдэнэ, төлжинө, хөглөгдөнө. Иймд хүний хөгжлийн индексийн утга агуулга эцэстээ хүний боловсролын
чанарын индекс болдог юм. Хүний боловсролын чанар, язгуураар утгаараа, багшийн ажлын чанараас шууд хамаарна. Хүний
хөгжил ингэж л багшийн хөгжлөөс эх авдаг. Багшийн ажлаас тэр эхэлдэг. Багш
ингэж эх мэргэжил, их мэргэжил болдог юм.
Манай улсын хүний хөгжлийн индексийн утга агуулгаар
үзүүлсэн дэлхийн тэр амжилт эцэстээ энд төлөөллөө илгээсэн таван түмэн Эрхэм
эгэл, Эгэл эрхэм багш нарын олон жилийн ажлынх нь амжилт, тасралтгүй зүтгэлийнх
нь шим мөн.
Ороо бусгай элдэв цагийн олон янзын өнгө аясанд
хийсчихээргүй тэсэж үлдэж, нартад ганцхан нандин багш мэргэжил эх мэргэжил, их
мэргэжилдээ үнэнч байж хүний хөгжлийн
дэлхийн тэр амжилтыг бүтээлцэж, эх орны энэ үеийг урласан үе үеийн, цаг цагийн бүх
багш нараараа бид энд бахархаж байна.
Багш Таны ороо
бусгай цагийн олон янзын ааш араншинд хийсээгүй, уусаагүй, тэвчээр заан байж, эх мэргэжлээ, их үйлсээ үнэнчээр үргэлжлүүлж
ирснийг тань энэ цагийн түүх гэрчилнэ.
Багш таны өмч хувьчлалын өлөн салхинд өмчгүй үлдсэндээ гундаагүй,
харамсаагүй өгөөмөр сэтгэлтний үлгэр болж их мэргэжлээрээ эх орноо гэж
зүтгэсээр явааг тань өнөө цагийн бид гэрчилж, мөнхөлнө.
Багш таны бага цалингаар их үйлсийг хүүхдийн төлөө, хүний
төлөө бүтээж ирснийг тань монгол ч мэднэ, дэлхий ч гадарлана.
Хүүхдийн төлөө, хүний төлөө, нийгмийн сайн сайхны төлөө,эх
орон монголынхоо төлөө багш Таны гаргасан
их зүтгэл, Таны оруулсан их хувь нэмэр, мөн өрөөлийн төлөө өөрийгөө орхисон
өгөөмөр сэтгэл, өглөгч үйлсээр тань энэ цагийн бид бахархаж байна. Ирэх
цагийнхан мэдээж бас бахдах болно.
Монголын багш
нарын 7 дугаар их хурлын эрхэм хүндэт багш, төлөөлөгчид өө!
Манай улсын хүн амын 45 хувийг багш, суралцагчдад
дангаараа эзэлж байна. Энэ нь таван хүний хоёр нь боловсролын салбарын үйл
ажиллагааны жинхэнэ эзэд байна гэсэн үг. Манай улсын хүн амын 64 хувийг сурах, хөгжих
хүслээр жигүүрлэсэн 0-34 насны хүүхэд
залуу эзэлж байна. Энэ нь гурав хүний хоёр нь боловсролын салбарын сургах,
хөгжүүлэх үйлчилгээг авагч, жинхэнэ үйлчлүүлэгч нь болж
байна гэсэн утга. Манай улсын
боловсролын салбар ингэж л хүний хөгжлийн талбар болж харагдана.
Манай улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлэх
төдий бус харин хүний хөгжлөөр хөтлөгдсөн улсын хөгжлөөрөө дэлхийг үлгэрлэх бүрэн
боломжтой, бүрэн өгөгдөлтэй орон мөн. Үүний
тулд бидэнд улсын хөгжлийг хүнээр бүтээх уран ухаан, цэцэн бодлого хэрэгтэй.
Байгалийн баялаггүй атлаа хүмүн баялагийнхаа ачаар
дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж, аятай сайхан аж төрөхийн үлгэр болж яваа Япон гэх мэтээр жишээлэн дуудагдах
олон улс бөмбөрцөгт байна. Тэдэнтэй харьцуулахад бидэнд байгалийн яндашгүй их
баялаг байна. Үүнийгээ хүмүн баялагтай хослуулж эдлэвэл тэднээс илүүтэй их боломж бидэнд л харин их байна.
Үүний тулд гагцхүү хүнээ хүмүүн баялаг бүтээгч, эзэд болгон хөгжүүлэх уран ухаан цэцэн бодлого л бидэнд
хэрэгтэй байна. Нийгмийг хөгжүүлэхэд ийм хэрэгцээ, шаардлага байгааг таван
буман хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө гэж зүтгэж яваа таван түмэн багш бид
мэдэж байна. Үүнийг бид энэ их хурлаараа ихэд эргэцүүлж чамбай хэлэлцэх
хэрэгтэй байна.
Олон сая хүнтэй атлаа олигтой хөгжилд хүрээгүй олон улс,
нийгэм энэ дэлхийд цөөнгүй бий. Бас бидэнтэй олон талаараа адил нөхцөлтэй, төрөл садан лугаа түүхэн хэл
сэтгэлгээтэй, 5 сая хүнтэй, тусгаар улсын 100 гаруйхан жилийн түүхтэй атлаа хүний хөгжил, боловсролын чанараараа
дэлхийг гайхашруулж, бидэнд гайхуулж байгаа Финланд гэх нэг улс бөмбөрцөгт одоо
байна. Хүн амын олноороо биш харин хөгжлийн чансаагаар дэлхийд үлгэр болон
хөгжиж болохын бодит үлгэр болсон ойр, дотно жишээ бидэнд ийнхүү байна. Хүний
олноор биш харин хөгжлийн чансаагаараа өөдлөн дэвшихэд зах зээлийн
хязгаарлагдмал нөхцөлтэй тээр алсын Финландаас илүүтэйгээр бидэнд л харин боловсролын үйлчилгээ болон мэдлэгийг
экспортлох зах зээлийн хязгааргүй боломж
хавьгүй илүү байна. Улс монголоо хэзээ ч дундардаггүй, харин
ямагт ундарч байдаг мэдлэгийн экспортоор
дэмжин хөгжүүлэхэд хүнээ л бид мэдлэг бүтээгч, мэдлэг, чадвар экспортчлогч болгон
хөглөх, хөгжүүлэх уран ухаан, цэцэн бодлогыг одоо бид хийх хэрэгтэй байна. Энд бас үүнийг ярих шаардлага байна. Улс монголоо
ийм замаар хөтлөх, хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, ирээдүй байгааг буман буман
хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө яваа түмэн түмэн багш бид ихээр мэдэрч байна.
Үүнийг энэ их хурлаараа бид ихэд эргэцүүлж чанд хэлэлцэх хэрэгтэй байна.
Манай улсын өвөрмөц онцлог, хүнийх нь өвөрмөц өгөгдөлтэй
тун ихээр эвсэн нийцэх хүний хөгжлөөр хөглөгдсөн улсын хөгжилд хүрэхийн тулд
бид боловсролын бүхий л түвшний үйлчилгээ бүрийг нарийн мэргэжлийн болгох, үйл
бүрийг хүний төлөө, хүүхдийн төлөө болгосон хүний хөгжлийн бодлогыг багшаар
хэлэлцүүлж, бүгдээр дэмжин нийтийн үйлс болгож хэрэгжүүлбэл нэн зохино.
Ингэхэд
боловсролын яам болдоггүй яам биш харин бодлогын яам, хүний хөгжлийн яам болж
ирнэ. Тэгэхэд боловсролын хүрээлэн мэргэжлийн хүрээлэн, хүний хөгжлийн бодлого
судлалын хүрээлэн болж өөрчлөгдөнө. Боловсролын
салбар хүний хөгжлийн талбар болж ингэж өөрчлөгдөхөд боловсролын үнэлгээний өнөөх
шалгалтын төв хүүхдийг биш харин салбарын үйлчилгээний чанаржилтыг хэмжих,
үнэлэх, төсвийн үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэг, хариуцлага бүхий байгууллага
болж хөгжинө.
Боловсролын салбарын үйлчилгээ бүр хүний хөгжлийг хангагч
болж ирэхэд сургуулийн удирдлага, захирал намын биш харин номын нарийн
мэргэжилтэн, манлайлагч, удирдагч, нийгмийн зүтгэлтэн болж өөрчлөгдөнө.
Боловсролын салбар хүний хөгжлийн талбар болж ийнхүү
хувирахад бүх түвшний боловсролын агуулга, сургалтын хэлбэр болох, болохгүй
сонирхлын илрэл болох болхи лоббигоор дүүрэхгүй, харин хүнийг төлөвшүүлэх, цэнэжүүлэх,
чадваржуулах, үнэжүүлэх мэдлэг, чадвар, арга барил, ур ухаан, соёлоор л бялхсан
байх юм. Тэгэхэд цагт боловсролын бүх түвшний агуулгыг “ихийг гүехэн биш харин
багыг гүн судлах” боломжийг суралцагчдад олгосон байх зарчмаар л хянадаг,
хөгжүүлдэг, хэмждэг, санхүүжүүлдэг, баталдаг болсон байх болно.
Боловсрол,
сургалтын агуулга ийм болох цагт цэцэрлэг, бага сургуулийн агуулга нь мэдлэгээр,
үйл нь уралдах, тэмцэлдэхээр бус харин хүмүүжил, төлөвшил, монгол соёлоор
дүүрсэн байна. Дүнд нь тэнд монгол хэл, соёлоороо аятай сайхан ярьдаг, уншдаг,
бичдэг монгол хүн монгол нийгмийн үргэлжлэл төлжиж байх юм.
Боловсролын агуулга хүний хөгжилд ингэж чиглэх цагт
ерөнхий боловсролын агуулга нь түүхэн мэдлэгээр бус харин шинэ мэдлэгийг өөрөө
олж эзэмших арга ухаан, сурах арга барилаар дүүрсэн байна. Дүнд нь тэнд бүтээлч
монгол хүн, асуудлаа өөрөө шийдвэрлэгч, өөртөө итгэлтэй монгол хүний арвин нөөц
бэлтгэгдэж байх юм.
Боловсролын салбар бүхэлдээ хүний хөгжлийн талбар болоход
мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн гэх байдаг л нөгөөх төвүүд хүнийг ур чадваржуулах үйлдвэр болж шинэчлэгдсэн
байна. Тэд зах зээлээс шахагдсан хуучин
чадварын хоцрогдсон үр ашиггүй үйлдвэрлэлийг тээгч биш харин дэлхий зиндааны ур
чадварын шилдэг импортлогч болж орших юм.
Дүнд нь тэнд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа цэнэлүүлж чадах чадварлаг
монгол хүн бүтээгдэж байх болно.
Дээд боловсролын салбар хүний хөгжлийн төлөө болж
хувирахад их сургууль зөвхөн шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийг бүтээгч
болж байж л орших болно. Их сургууль ийм болох цагт нэг багшийн цаана нижгээд
туслах ажилтан явж байдаг өнөөгийн үрэлгэн, үр ашиггүй төлөв байдлаас тэд салж
дөрвөн профессорт, нэг л туслах, дэмжих ажилтан оногдож байх зарчмаар үр
ашигтай, үр дүнтэй, өгөөжтэй бүтэц,
удирдлагад өөрөө аяараа шилжсэн байх юм. Их сургууль ингэж их мэдэхийн талбар
болоход их сургуулийн профессорын нэг цагийн хичээл одоогийнх шигээ 4 долларын
цэнэд ч хүрэхгүй биш харин дэлхийн
зиндаанд ойртож 34 долларт болж үнэлэгдсэн байх болно. Үнэтэй зүйл цэнэтэй
байдгийн учир энд бий. Дүнд нь их сургуулиуд монголоосоо мөнгө хүүлэгч биш
харин мэдлэгийн экспортоор дэлхийгээс монголын төлөө баялаг бүтээгч болсон байх
болно.
Боловсролын салбарын үйлчилгээ бүр хүний хөгжлийн төлөө
болж чиг зүгээ ингэж зөв, төв гаргаж өөрчлөхөд боловсролын үйлчилгээ, сургалтын
бүхий л түвшний арга зүй, технологи нь хоосон, хуулсан, хийрхсэн, хуулбарласан,
нутагшаагүй, хэлбэрдсэн байдлаа орхиж, харин “хүний ялгаатай байдлыг үгүйсгэн
арилгах бус харин түүний төрмөл өгөгдлөөс үүдсэн ялгаатай байдлыг хөхүүлэн
дэмжсэн ялгаатайд ялгаатай хандах замаар тэгш байдлыг хангах” зарчмаар хянагддаг, шалгагддаг, үнэлэгддэг,
хөгждөг болсон байна. Дүнд нь хүүхэд бүрт, суралцагч бүрт сурах нь гуниг
биш, харин баясал, цэнгэл, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл болж хувирна. “Сурах хөгжих,
хөгжил амжилт” гэдгийн утга учир энд бас бий.
Боловсролын салбар хүний хөгжлийн талбар болж хувирахад
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш одоогийнх шигээ олон эзний ганц
зарц биш харин энэ салбарын үндсэн ганц ажилтан,
үндсэн ганц мэргэжилтэн болж үйлс нь үнэн цэнэлэгдэн чинхүү үнэлэгддэг болсон байна. Тэр цагт
багш зөвхөн хүнийг хөгжүүлэх ажлын эх үндэс болох
багшлах, сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үндсэн ажлаа л мэргэжлийн өндөр
түвшинд үнэн чанартай, чансаатай хийдэг болсон байх юм. Багшийн ажил ингэж
нарийн мэргэшиж, чансаажиж эхлэхэд түүний
нэг цагийн ажлын хөлс одоогийнх шигээ 2 долларын цэнэт ч хүрдэггүй
хуурмаг биш харин бодит болж бодитой цэнэлэгдсэн байна, бодитой нэмэгдсэн байна. Багш бодит өртөг,
зардлаар л багшлах ажлаа бодитой хийх нөхцөл бүрдсэн байна. Бодит өртөгөөр л
ажил бодитой хийгддэгийн утга учир энд бас бий.
Боловсролын салбар хүний хөгжлийн төлөө талбар болж хувирахад
эрдэм шинжилгээний хүрээлэн, академиуд нь хэзээ хэрэглэгдэх нь тодорхойгүй, ер
нь, хэзээ ч, хаана ч хэрэг болохгүй байж ч мэдэх их цаас үйлдвэрлэн хадгалагч
биш харин баялаг үйлдвэрлэгч, мэдлэг экспортлогч болж оршино. Дүнд нь тэд дэлхийд
үзүүлэх зөвлөх үйлчилгээгээрээ монголдоо нэмэр бологч болсон байх юм.
Монголын багш
нарын 7 их хурлын эрхэм
төлөөлөгч, хүндэт багш нараа!
Хүний хөгжлөөр улсын хөгжлийг хөтлөх энэ үйлсийг улс
даяараа өрнүүлж нийтээрээ хэрэгжүүлцгээе!
Үүний тулд одоогийн лоббид хөтлөгдсөн боловсролын бодлого
бүхнийг монгол хүний хөгжлийн бодлого
болгож өөрчилцгөөе!
Үүний тулд монголчууд бидний үнэ цэнэт өмч болсон
боловсролын яамаа бодлогын яам, хүний хөгжлийн яам болгон хувирцгаая!
Үүний тулд боловсролын бүхий түвшний үйлчилгээ бүрийг
бодитой өртөгжүүлцгээе!
Үүний тулд боловсролын бүхий л түвшний багшийн ажлын
үнэлэмжийг зах зээлийн ханшаар үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой тооцоолж
бодитой нэмэгдүүлцгээе!
Үүний тулд багш ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийх наад захын нөхцөл
боломжоор хангагдсан байхаар боловсролын
үйлчилгээний стандарт, норм, хэв хэмжээг онож тогтооцгооё!
Үүний тулд багш бэлтгэх, тэдний
мэргэжлийг дээшлүүлэх, хөгжүүлэх тогтолцоог ур чадвар, бодит өртөг, бодит цалинтай нь холбож боловсронгуй болгоцгооё!
Үүний тулд ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн багшийн хөдөлмөрийг бодитой хэмжиж, багшийн цалингийн
доод хэмжээг өөрийн улсын дундаж цалингийн хэмжээнд хамтдаа
хэлэлцэж, олноороо оролцож хүргэцгээе!
Үүний тулд боловсролын төсөв, санхүүжилтийн
хуваарилалтад багшийн оролцоог
бий болгож, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, хариуцлага,
үүргийн тогтолцоог боловсролын салбар хүний
хөгжлийн талбарт үлгэр болгон бий болгоцгооё!
Үүний тулд хүний хөгжлийн
талбар боловсролын салбарт мэргэжил, мэргэшилд тулгуурласан итгэлцлийг бүх түвшинд бий
болгоцгооё!
Үүний тулд боловсролын бодлого
судлал, бодлогын шинжилгээг үндэсний түвшинд бодитой хөгжүүлцгээе!
Үүний тулд Монголын Улсын
Үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн зарчмыг хүний хөгжлийн талбар болсон боловсролын
салбарт ягштал мөрдөж хэвшгээе!
Улсын хөгжил хүнээр хөтлөгдөнө. Хүний хөгжил багшаар
хөглөгдөнө. Багшийн хөгжил бодлогоор бүтээгдэнэ. Улсын хөгжил иймд хүнээсээ, хүнийг
хөгжил тиймд багшаасаа, багшийн хөгжил тэгэхээр бодлогоосоо эхэлнэ.
Улсын хөгжил хүнээсээ, хүний
хөгжил багшаасаа, багшийн хөгжил бодлогоосоо.
Энэ утгыг улс
даяар эрхэмлэх уриа болгон хэлцгээе, үйлс болгон хэрэгжүүлцгээе!
Багшийн хөгжил бодлогоосоо,
хүний хөгжил багшаасаа, улсын хөгжил хүнээсээ.
Монголын багш нарын холбоо
Жич. Энэ хувилбарт тулгуурласан илтгэлийг холбооны ерөнхийлөгч Б. Жадамба багш их хуралд илтгэж танилцуулсан юм.