Эрдэмтэн үйлдвэрлэдэг мангуу, мулгуу замаа өөрчил
Манайд эрдмийн зэрэг хамгаална гэдэг ёстой хачин юм болсон доо. Эрдмийн зэрэг хамгааллуулах зөвлөлд хамгаалж байгаа ажлаас нь маш хол, хачин атлаа яаманд танилтай, намынханд садантай, тэнд гар, хөл цэрэг байсан гавьяандаа суусан голдуу этгээд л их сууж харагдах... Тэнд нутаг, дов, нам, авилга, улаан цайм улаан мөнгө авах, за тэгээд ер нь ороогүй муу зүйл бараг алга даа. Эрдэмтний доройтол, профессорын ядуурлаас болж хүний дээд болох эрдэмтэн бүтээх зам хүртэл энэ улсад ийм мангуу, мунхаг, залхуу болсон байх.
Эрдэмтэн төрүүлдэг жаяг ёс ийм мангуу, ядуу, дорой байгаад байвал манай улсад удахгүй бичиг мэдэхгүй хүн бүү хэл бор халзан хонь хүртэл эрдмийн зэрэг хамгаалж эрдэмтэн болж мэдэхээр байна. Ер нь хамгаалж байна, эрдэмтэн болж байна, тэнд, тэд.
Эрдмийн зэрэг хамгаална гэдэг ийм байдаггүйг "Их сургуулийн багш" номонд тодорхой хэлсэн. Энэ талаар бодууштайг 9 тоотой 9 саналаар бас хүргэсэн. Цахимаар цахилж үүнийг олж мэдэж болно. Нэн ялангуяа, хувьсгалын дайтай өөрчлөлт хийчих янзтай дуугарч байгаа шинэ сайд, түүний зөвлөл заавал үүнийг олж харах хэрэгтэй юм. Яаманд хүргэснийг судлаж эргэцүүлэх хэрэгтэй дээ.
Өнгөрсөн одоог шийддэггүй, хөтөлдөггүй. Үүнийг энд бид санаж тэр муу мангуу мулгууг эрс өөрчилж жам ёсны замд нь заавал хөтлөх ёстой. Түүний тулд үүнийг нэг эргэцүүл.
Диссертацийг 3 жил яг ажил хийж байгаа шиг л бүтэн ажиллаж бүтээнэ. Эхний хагас жилд багтаан "Ном зүйн шинжилгээ (Literature Review)" хийнэ. Бас нэг хагаст нь "Судалгааны зохиомж (Research design)"-ыг дуусгаж үүнийгээ одоогийн манай зөвлөл шиг юманд хэлэлцүүлж цаашид энэ нь судалгааг хөтөлж чадах эсэх, үр дүнд нь диссертаци (нэг сэдэвт бүтээл) бүтээж болох эсэх талаар төлбөр авсан сургуулийн эрдмийн зөвлөл дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ. Үлдсэн 6 сард "Судалгаа (Field study)" явуулна. Дараагийн 6 сард нь үр дүнгээ боловсруулж хэлэлцүүлнэ, хэвлүүлнэ. Энэ нь мэргэжлийн бүл түүний ажлыг хэрхэн хүлээн авч байгаа шинжих, бас судлаачийн чансаа зөвшөөрөгдөж байгааг илтгэх юм. Эцэст нь үр дүндээ тулгуурлан ажлаа бичиж дуусган "Эрдийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлээ шилжүүлнэ (dissertation submission)" хийнэ. Түүнийг нь яг энэ чиглэлийн 3 шилдэг шинжээч (эксперт) уншиж дүгнэлт, саналаа бичгээр өгөөд л хамгаалагдсан эсэх талаар эзэнд нь уг их сургууль нь мэдэгдэнэ. Тэгээд л гүйцээ. Ямар ч бэлэн мөнгө гараас гарт, өврөөс өвөрт одоогийн манайхан шиг өгөхгүй, авахгүй, шилжихгүй.
Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог.Ядууурлын ийм жамаас болж манай улсад эрдмийн зэрэг хамгааллуулах хурал нь хүртэл зүгээр л бригадын хурал мэт болсон байх. Дүнд нь олон "Dok"-той эрдэмтэн яг л нөгөө гавьяагүй гавьяат шиг, энгэртээ хэд хэдийг уяасан алтан гадастан шиг болж борооны дараах мөөг мэт үржиж байх юм. Гэтэл улсад нь ядуурал төлжиж асуудал үүсэхэд нөгөө дотоодын олон док-той сүрэглэсэн эрдэмтэнг урих биш харин гадны өндөр үнэтэй зөвлөхийг гуйх нь бүүр тогтсон жишиг болжээ, энэ улсад, хөөрхий.
Ийм л эрдэмтний сүрэгтэй болж байна,энд. Цалинд нь 15 хувийн нэмэгдэл олгодог болохоор эрдмийн зэрэгтний энэ үржилт, доройтол эргээд ядууралтай холбогдоно л доо, хөөрхий. Гэвч ядуурлаа, доройтлоо ч гэсэн ч эрдэмтэн төрдөг жам ёсыг бид шавартай хутгаж үл болно. Үнэ цэнэтэй хүн болох эрдэмтэн төрдөг энэ иргэншлийн нэгэн гэгээн үйлсийг бид харлуулж, халтуур болгож үл болно.
Иймд энэ цагт эрдэмтэн төрүүлдэг болсон энэ монголжсон гэмээр энэ мангуу, мулгуу замыг сольж, халж жам ёсны замд нь түүнийг оруул. Тэгэж байж энэ улс хүнээр хөгжих хөгжлийн замдаа эргэж ирнэ. Энэ нь ийм л энгийн үнэн мөн. Тэгэх нь тийм л амин чухал юм.
Ц.Лувсандорж
2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
No comments:
Post a Comment