Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн хөтөч байлгах уу эсвэл
хөгжлийн үндсэн чөдөр болгох уу?
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийн хэсгээс хэсэг харав. Хэрэггүй, бүр ганцаараа байгаа атлаа тэс хийтэл инээд алдахад хүргэсэн марзан, мангардуу зүйл олныг олж сонсов. Анхны хэлэлцүүлэгт нэг иймэрхүү юмыг та нар хээв сонссон байгаа даа:
“27 жил болсон учраас нэмэлт өөрчлөлт хийх шаардлага гарсан”. “Энэ хугацаанд нийгэм их өөрчлөгдсөн учраас нэмэлт өөрчлөлт хийж байгаа юм”...”Үндсэн хуулиар “малыг төр хамгаалахаар болсон нь малчинг хамгаалалтад хүргэсэн”. “ Үндсэн хуулинд ёс суртахууныг тусгаж оруулмаар байна”...”Хүн бүр тэнцүү биш, ялгаатай”.... “Норвеги ингэж заасан байна, Канад тэгсэн байна...”, “Орон нутгийн гүйцэтгэх удирдлага болох засаг даргыг нэгэн зэрэг сонгоно, бас томилно”...."Байгалийн баялаг төрийн өмч байна"....
Гэвч Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэгт “нэмэлтээр оруулж байгаа ийм заалт нь одоо байгаа тийм заалттай зөрчилтэй байна, эсвэл утгын давхцалтай байна, эсвэл хамааралгүй байна, эсвэл шинээр оруулж байгаа заалтууд нэмэгдээд энэ хууль бүхэлдээ манай нийгэм улс оронд байж болох боломж бүх асуудлын шийдлийн хууль зүйн үндэс болж чадна гэх зэрэг утга агуулга бүхий санал харин даанч хомс сонсогдох юм. Хомс гэж дээ, ерөөсөө алга л байна. Яаж мангартаж байна аа, бид тань!
Математикаар л хар л даа!
Үндсэн хуулийг аксиоматик тогтолцооны болхидуу загвар, дүрслэл гэж бодоод, наадахаа, аксиоматик сэтгэлгээ, аксиоматик хандлагаар харж, шинжиж, гоёж Үндсэн хуулиа гангар хээнцэр, цэмцгэр, хүчирхэг болгон босго л доо.
Ингэхэд тань хэрэг болж мэдэх хэдэн зөвлөгөөг аргачлал болгон ажлын хэсгийн Та бүхэнд ч, ажиглаж суугаа ардуудад ч мунхаглан үүгээр ингэж хүргэж байна. Үүнд:
Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн чөдөр биш харин хөгжлийн үндсэн хөтөч болох үүргээр нь ухаарвал түүний агуулга нь үнэт зүйлийн суурь тогтолцоо болох тул түүнийг дараах дөрвөн бүрдлээр бүтэцлэвэл зохино.
1. Үндсэн ухагдахуун, ойлголтыг тодорхойлсон тодорхойлолт
2. Үндсэн харьцаа тодорхойлсон тодорхойлолт
3. Монгол түмэнд математикийн аксиом мэт үнэн, үнэт цэнэтэй байх атлаа хөгжлийн хөтөч болох чадалтай өгүүлбэр, заалт
4. Гаргалааны дүрэм лугаа хэрэглэгдэх зарчим
5. Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар
“Үндсэн ухагдахуун, ойлголт хэсэгт” энэ улсын түүх, соёлоор өнгөрсөнд бий болсон, одоод байгаа, ирээдүйд амьд болох ухагдахуун, ойлголтыг үндсэн, суурь гэдэг утгаар тодотгон ялгаж, агуулгыг нь нэг мөр болгон тодорхойлж өгнө. Жишээлбэл, хүн, амьтан, байгаль, дэлхий, ертөнц, үнэн, худал, сайн, муу, сайхан, муухай, орших, одох, үхэл, амьдрал, эрх чөлөөн тухай монголчуудыг нэгтгэсэн ойлголт, ухаарлыг нэгсэх бичих хэрэгтэй болно. Тухайлбал:
-Хүн бол бие, оюун, сэтгэл бүхий оршихуй юм. ...Амьтан бол хүн биш оршихуй....
-Хүний эрх гэдэг хүн хийхэд түүнийг нь монголчууд зөв, төв гэж үзэх үйлийн хэм хэмжээг хэлнэ...
-Амьтны эрх гэдэг ...
-Байгаль ...
-Дэлхий-
-Ертөнц...
-Төр..
-Засаг..
-Үнэн..
-Худал..
-Үхэл
-Амьдрал
-Эрх чөлөө...
-Шашин
-Энэрэнгүй...
-Ардчилсан ...
Энд үндсэн ухагдахуун, ойлголт гүйцэт, бүрэн байхаар ялгагдсан уу гэсэн асуулт гарч ирдэг. Үүний шийдэхэд ардаас сонгогдсон их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний сэхээрэл, гэгээрлийн түвшин их хэрэгтэй байдаг.
“Үндсэн харьцаа” хэсэгт үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд байж болох харьцаанаас үндсэн, суурь болохыг нь ялгаж тодотгон бичсэн байна. Жишээлбэл, хүн хүнтэйгээ харьцах, хүн байгаль, ертөнц, дэлхийтэй харьцах харьцаанаас үндсэнг ялгаж гаргана. Тухайлбал.
-Хүн өөртэй харьцах үндсэн харьцаа. Эргэцүүлэх, бодох, өөртэйгээ ярих, харилцах
-Хүн өрөөлтэй харьцах. Хүн хүнтэйгээ харьцах үндсэн харьцаа юу вэ?
Ярилцах уу, харилцах уу, боолчлох уу, эзэнчлэх байх уу?
Хүн ялгаатай юу, тэнцүү юу, тэгш үү, адил уу? Тэмцэлдэх үү, тэрсэлдэх үү, эсвэл хүндэтгэх үү, хайрлах уу? Үржих үү, Гэрлэх үү?
-Хүн амьтантай харьцах үндсэн харьцаа юу вэ?
Идэх үү, эсвэл ашиглах уу, эсвэл , Хайрлах уу, Хамгаалах уу? Эсвэл аль нь ч биш үү?
-Хүн байгаль, дэлхий, ертөнцтэй харьцах үндсэн харьцаа вэ?
Ашиглах уу, хамгаалах уу? Сүйтгэх үү, хамтран орших уу? Эсвэл аль нь ч биш үү?
-Шашин, улс нийгэм, хүний хоорондын үндсэн харьцаа юу вэ?
Манай улс шашинт улс уу, шашингүй улс уу?
Энд бас үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд үүсэж болох боломжит бүх харьцаанаас үндсэн нь бүрэн гүйцэт байхаар ялгагдсан уу гэсэн асуулт зайлшгүй гардаг. Үүний шийдэхэд их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний шинжээчийн чанар, чансаа хэрэгтэй. Бас танигддаг юм.
Гуравдугаар хэсэгт нь Монгол түмэнд “Хоёр цэгийг дайруулан цор ганц шулуун татаж болно” гэдэг шиг 27 жил бүү хэл 3000 жилд ч, ерөөсөө цаг хугацааны уртаас үл хамааралтайгаар үнэн байж орших, хүлээн зөвшөөрөхүйцээр орших хүч чадалтай аксиом мэт өгүүлбэрийг жагсаан бичнэ. Энэ нь үнэндээ эх хуулийн үндсэн заалт болох юм. Энэ утгаар нь ийм хуулийг үндсэн хууль гэж нэрлэдэг.
Үндсэн хуулийн заалт гэж нэрлэгдэх аксиом мэт орших тийм өгүүлбэрийг бичнэ гэдэг ажлын хэсэг төдийхний хийчих зүйл биш юм. Бас нэг хоёрхон хэлэлцэншүү болоод ард түмнээсээ асуусаншуу болоод баталчихдаг эд биш. Иймэрхүү марзан байдлаар өрнүүлбэл тэр нь үндсэн нэртэй хөгжлийн үндсэн чөдөр л болдог. Харин тэр нь Үндсэн хууль гэгдэх хөгжлийн үндсэн хөтөч болж хэзээч чаддаггүй. Үүнийг ганц өгүүлбэрээр энд жишээ болгон үзүүлье.
Бүх хүн тэнцүү бүтээгдсэн (All men are equally created). Энэ өгүүлбэрийг Томас Жефферсон Америкийн тусгаар тогтнолын тунхаглалдаа анх хэрэглэсэн юм. Энэ өгүүлбэрийн утга санаа эцэстээ хаангүй улс, Бүгд найрамдах улсын эх үндэс болсон байдаг. Гэтэл саяхны болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх анхны хэлэлцүүлэгт “Хүн ялгаатай, тэнцүү биш” гэсэн санааг тод хэлсэн, тод гарсан. Хэрэв энэ санаа үндсэн хуулийн заалт болбол манай улсын хөгжил эцэстээ 1776 оноос өмнө үеийн хүн төрөлхтний түүх рүү эргэж очих юм. Хэн нь эзэн байхаар заяасан, хэн нь боол байхаар төрсөн гэдэг дээр зөрчилдөж тэмцэлдсээр, эцэст нь ялсан нь эзэн, ялагдсан нь боол болох замдаа орно л гэсэн үг юм. Эх хуулиндаа зөрчилдвөл эх адаггүй тэмцэлдэнэ гэдгийг утга санаа энэ.
Энэ мэтээр ямар өгүүлбэрийг яаж томьёолж Үндсэн хуулийн заалт болгох эсэх дээр их эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж эргэцүүлэхдээ энэ заалт хөгжлийн үндсэн чөдөр үү, эсвэл хөгжлийн үндсэн хөтөч үү гэдгийг онцгойлон эргэлдүүлбэл зохино.
“Гаргалгааны дүрэм” хэсэгт сэтгэлгээний ямар хэлбэрийг зөв, үнэн, эрүүл гэж үзэхийг ялгаж, тэр хэлбэрээр яаж бодох, сэтгэх, ярих, ойлгохыг тогтох ёстой юм. Энэ бол үндсэн хуулийн бусад хэсгээсээ дутахааргүй хэцүү бас чухал хэсэг нь байдаг. Учир нь, энэ нь эцэстээ манай нийгмийн сэтгэлгээний хэв маяг, бүлүүдийн ойлголцлын дүрэм, хэл болох юм. Хуулиар хөтлөх, засаглах (Rule of Law) гэдгийн утга учир энд бас оршино.
Жишээ болгон “Хүн гэрлэж болно” гэсэн өгүүлбэрийг авч үзье. Хүн зөвхөн эр, эм хүйстэй байна гэж үзэх нь уламжлалт хандлага сэтгэлгээ байж мэднэ. Эндээс уламжлалт сэтгэлгээгээр эр эм хүйстэн л гэр бүл болно гэсэн утга гарч мэднэ. Энэ нь формаль логикийн гуравдахийг үгүйсгэх хуулийг гаргалгааны дүрэм болгон мөрдөж байна аа гэсэн үг. Олон утгат логикоор харвал хүн хүйсийн хувьд эр, эм, эр ч биш, эм ч биш гэсэн дор хаяж гурван уггатай байж болно. Олон утгатай гаргалгааны дүрмийг баримталбал энэ өгүүлбэрээс янз бүрийн гэр бүл байж болохоор л болж байна даа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн “...Орон нутгийн гүйцэтгэх удирдлагыг сонгоно, бас томилно” гэсэн утгад хүргэдэг заалтууд ч бас гаргалгааны л дүрэмтэй холбоотой юм.
Энэ мэтээр харвал гаргалгааны ямар хэлбэр, дүрмийг баримталж үндсэн хуулиа мөрдөх нь бидний онцгой анхаарвал зохих нэгэн зүйл бас мөн.
“Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар” хэсэгт бид үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслалыг хэрхэн ойлгох тухай тайлбарласан байна. Энэ хэсгийг унших нь эцэстээ Монголын түүх соёл, ухаарлын өнгөрсөн, одоо, ирээдүйг уншихтай дүйцнэ. Энэ нь иймд ийм л чухал үндсэн хуулийн ухаарлын хэсэг болдог юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг математик утгаараа, үндсэн ухагдахуун, үндсэн ойлголтод ч, үндсэн харьцаанд ч, бас үндсэн заалтуудад ч, эцэстээ гаргалгааны дүрэм ч өөрчлөлт орж байна гэсэн үг. Яагаад гэвэл, нэг заалт өөрчлөгдөхөд аксиоматик тогтолцооны зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт байхтай холбоотой дараах үндсэн асуулт шинээр дэвшигддэг юм.
Зөрчилгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусадтайгаа зөрчилтэй юу?
-Хамааралгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусдаасаа хамааралгүй юу?
-Гүйцэт байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бүхий үндсэн хууль нь цаашид байж болох аливаа асуудлыг шийдвэрлэж байх, хөгжлийн хөтөлж байх утгаар гүйцэт үү?
Үндсэн хуульд ганц ч болов заалт өөрчлөх нь иймд үндсэн хуулийг шинээр босгохтой математик утгаараа ч, ажлын утгаараа ч адил тэнцүү утга учиртай байдаг. Иймд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг тийм ч оносон хэллэг биш. Бас хөөрхөн хуурмаг, муухай заль мэх ч түүнд нуугдаж байж мэднэ. Харин үндсэн хууль бүтээнэ гэвэл ононо оо.
Бүх зүйл математик. Математик бүх зүйл. Ийм учраас үндсэн хууль ч математик. Математик ч үндсэн хууль. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ч математик л юм. Ийм учраас үндсэн хуулийг математикаар харж, аксиоматикаар хандаж босгож чадвал тэр зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт, ганган, хээнцэр, хүчирхэг, чадварлаг болдог. Ингэж бүтээгдсэн Үндсэн хууль хөгжлийн үндсэн хөтөч болдог юм. Эсрэг нь буюу математикгүй нь харин хөгжлийн үндсэн чөдөр л байдаг юм.
Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн хөтөч байлгах уу эсвэл хөгжлийн үндсэн чөдөр болгох уу?
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр