Хувийн сургууль байгуулан ажиллуулах нь үндсэн хуульчилах заалт биш
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ид л хөөрч байгаа энэ цаг дор 1992 оны Үндсэн хуулиар боловсролын хөгжлийг хэрхэн үндэслэснийг эргүүлж нэг эргэцүүлж үзэв.
Одоо мөрдөж буй Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн арван зургаа дугаар зүйлийн 7 дугаар заалтад боловсролын хөгжлийг ингэж л үндэслэж, аксиомчилсан байна.
7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
Боловсролын хөгжлийн үндсэн аксиом нь болж хэрэглэгдэх энэ заалтын дээрх гурван өгүүлбэр утга агуулга, үзэл санааны хувьд зөрчилгүй юу, хамааралгүй юу, гүйцэт үү?
Энд зөрчил байна. Утга зүй хийгээд зөв сэтгэлгээний дүрмээр харвал “төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно, төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургуулийг байгуулан ажиллуулж болно” гэсэн өгүүлбэр өөртөө дотоод зөрчлийг агуулж байна. Энэхүү заалтаар байгуулсан хувийн сургууль хүүхдийн эцэг эхээс төлбөр авах нь ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгоно гэсэн заалттай утга агуулгаар илт зөрчилдөж байна. Энэхүү зөрчилт байдал нь өнгөрсөн 30 жилийн туршид борооны дараах мөөг шиг олширч ирсэн 300 гаруй ерөнхий боловсролын хувийн сургуулийн өнөөгийн овжин байдал, тэд хүүхдийн эцэг эхээс хэдэн арван сая төгрөгийн төлбөр авч, цамхагжин баяжиж байгаагаар бүр илэрч нотлогдон харагдана. Тэгэхээр боловсролын хөгжлийн хөтөч болох энэ хоёр заалт хоорондоо илт зөрчилтэйгээр үндсэн хуульчилагдсан байдлыг бид энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаж, боловсролын хөгжлөө хуурмаг биш харин үнэн бодит аксиомчилах хэрэгтэй байна.
Энэ гүйцэт биш байна. Учир нь, нэгдүгээрт, энэ гурван заалтын лав л “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн заалт үндсэн хуульчилагдах заалт биш юм. Тодруулбал, эрэмбийнхээ хувьд энэ нь үндсэн хуульд байх ёстой заалт биш. Тэгэхээр үүнийг үндсэн хуулиас хасах ёстой. Ингэж байж л бидний үнэт зүйл болсон Үндсэн хууль нэгэн шуналтны ходоодон сонирхол, хорон лоббигоос хол байж улам төгс төгөлдөр, цэвэр цэмцгэр болно.
Хоёрдугаарт, энэ гурван заалт боловсролын хөгжлийг хөтлөгч заалтууд болж чадахгүй. Иймд бид энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Боловсролын агуулга аливаа шашин, үзэл суртлаас ангид байх эсэх”, “Боловсролын үйлчилгээ ижил тэгш (еquality) байх, тэнцүү боломж (equity) олгох зэрэг зарчимд нийцсэн байх эсэх, ерөнхий боловсролын зорилго нь Монгол улсад иргэн бүтээх, мэргэжлийн боловсролын зорилго нь үндэсний хүний нөөцийг чанаржуулах, чадваржуулахад чиглэсэн байх эсэх” гэх зэрэг аксиомын шинжтэй зарчмуудыг сайтар тунгаан, нийтээр хэлэлцэж нэмж тусгаж өгвөл зохино. Ийм заалтуудыг нэмж гүйцэт болгох дор манай улсын боловсролын хөгжил Үндсэн хуулиараа хөтлөгдөнө, түүгээр хөглөгдөнө. Ийм болоход боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн өнөөх завхралууд аяараа устана.
Энэ хамааралгүй ч биш, бас хамааралтай биш байна. Утгагүй байна. “Сурч боловсрох эрхтэй, Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно, хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн заалтуудыг аксиом лугаа санавал хоорондоо зөрчилтэй, гүйцэт биш, нэг эрэмбийн биш байгаа учир тэдгээрийн хамааралгүйн тухай ярих нь өөрөө утгагүй болж байна.
Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг боловсролын салбарынхан бид боловсролын хөгжлийг үндсэн хуульчилсан хөтөч заалтаар хөтөлж болохуйцаар гүйцэт, зөрчилгүй, хамааралгүй байхаар хийхийн төлөө нэгсцгээ, нэгдцгээ! Эргэцүүлцгээ!
Энэ бол боловсролыг өөд татаж, хүнээ хөгжүүлж, улсаа дэвжүүлэхийн алтан боломж, алтан эгшин мөн. Иймд үүнийг л бүү март. Оролц.
Ц.Лувсандорж
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Жич: “Үндсэн хуулийг босгох математик аргачлал” бичвэрийг http://undesniibolovsrol.blogspot.com үзэж болно.

No comments:
Post a Comment