Saturday, October 26, 2019

Сайхан хүмүүнийг дурсах сайхан


Амьдралын "том ах"


Намсрай багш минь сайн хүн байлаа. Дэгжин, хөгжилтэй өнгөөр юмны мөн чанарыг айхтар гаргаж хэлдэг. Тээр жилүүдэд манай сургуульд 2 л дэд эрдэмтэн байж. Түүний нэг нь Насанбуянгийн Намсрай . Тэрээр албан тушаал гэлгүй, бас үнэнг ярьж үнэнг хэлж явсаар л насыг сайхан илээж амьдралын замыг сайхан туулсан нэгэн гайхам хүн юм.

Намсрай багш маань самбарт сайхан бичнэ. Бас математикийг маш сайхан ярина. Амьдрал ч сайн ярина. Хэзээ ч пялдаг, долдой байгаагүй.

Нэг удаа надад ингэж байж билээ. "Аспирантурт сурна гэдэг авгайн гарз" .

Математикт шунан дурлаж шөнө оройгүй сууж байгааг олж хараад тэрээр хайрлах, гамнахын дундуур "Энэ дөрвөн хананаас цааш гар, хар. Амьдралыг амтал. Өөрийн цаг үеийнхээ шилдэг бүсгүйг бүжигт урь..." гээд л ихийг бодогдуулсанг хэлж байж.

Мөн байр оронтой болсны дараа багш " За, Луяа, ийм насанд, энэ цагт эхнэр авах гэдгийг иймэрхүү л зүйрлэж болно доо" гээд ингэж хэлсэн юм.

"Зах зээлд гурван янзын бараа байна аа. Нэг нь бренд, нөгөө нь комиссын. Үлдсэн нь яахав, байдаг нэг нь л байх. Чамд бренд нь хэрэггүй. Авч чадах ч үгүй байх. Дэмий. Бас комиссынх нь ч бас л дэмий. Харин байдаг нэгийг нь л авах нь зөв дөө".

Энэ мэтээр ухаарал тээсэн олон дурсамж, зөвлөмжийг бидэндээ үлдээн тээр алсад одсон, сайн багш, сайхан нөхөр, амьдралын "том ах" , зүүдэн учралт Намсрай багш минь...


Сайхан хүмүүсийг дурсах сайхаан.


Жич: Намсрай багшийн зургийг хуваалцаж дээр мөрүүдийг холбоход хөтөлсөн Бууралын Лувсандэндэв (Луук)- тай баярлалаа.

Ц.Лувсандорж

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

 Image may contain: 1 person, close-up

No comments:

Post a Comment