Friday, February 28, 2020

Хониор нь бус харин юанаар нь ...

Хониор нь бус харин юанаар нь ...
Мөнхийн хөрш Хятадад туслах боломж гаргавал туслах нь зөв.Ер нь хүнд хүндээ, хүн амьтанд ч тус дэм болж байх нь зөв. Жам мөн.
Багш нар бид ч нэг сарын цалингаараа Хятад хөршдөө зовж явахад нь нэмэр больё гэж их эхэнд бас хөөрч үзэж байсан удаатай. Тэгэхдээ хонь өгнө гэж хөөрөөгүй, хэлээгүй. Мөнгө, цаас өгнө л гэж хөөрч байсан.
Туслахад тэгэхээр учир бас байдаг байх нь. Тэр учрыг тунгааж мэдээд гурван түмэн хонио хониор бус харин түүний цэнэтэй нь тэнцэх мөнгийг хорь, гуч дахин өсгөөд юанаар өгөх нь эцэстээ их хожно. Үүнийг ухаарахад бидэнд харин одоо ухаарлын хугацаа хэрэгтэй.
Гурван түмэн хонио хониор нь бус харин юанаар нь 30 дахин өсгөөд инээгээд төлчихье, өгчихье.
Ан амьтныг хүртэл нэг сайн шинж л дээ. Тэд идэх хоолоороо, орших хуулиараа тоглодоггүй. Тэр нь тэд хоолоо, хуулиа ихэд хүндэтгэж байна аа гэсэн үг л дээ.
Хүн бол тэгэхээр түүнээсээ ч чухлаараа тоглохгүй нь мэдээж. Их хүндэтгэх нь мэдээж. Тийм ээ!
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Хөөрч байж хоньгүй болох вий дээ

Хөөрч байж хоньгүй болох вий дээ


Олон зуун жилд ганц үнэнч хань нөхөр нь байж ирсэн хэдэн хонио энэ тэнд амтлуулж байж, амьдаар судлуулж байж, тэднийгээ ихэд гомдоож байж эцэстээ хоньгүй болох вий дээ.


Тэрбум гэнэт ухасхийд тэр дороо л тэр үгүй болно. Тэр улс түүнийг тэмбумаараа амьдаар барьж судлахад монгол хонь энд тэндгүй болно. Монгол гэх юм үгүй үлдэнэ.


Ар, өвөр гэлгүй монголчууд бид их найраа төдийгүй бас их хөөргөн, тэгээд тун мунхагдуу улс юм.


Зах зээлийн сэтгэлгээ ч үгүй, генетик нууцлаг ч гэж үгүй улс аж.


Ц.Лувсандорж


2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Thursday, February 27, 2020

"Бид бэлэн" гэдэг улс байхсан

"Бид бэлэн" гэдэг улс байхсан


Аль улсын эрүүл мэндийн үйлчилгээ, чанар сайн байна вэ? Энэ утгаар хайсан хайлтын дүнд гарах олон жагсаалтын алинд ч манай улс алга. Байлаа гэхэд жагсаалтын ёроолд л харагдах юм.

Энэ улс 300 сая биш 3 -хан сая хүнтэй, маш баян улс шүү дээ, эрх баригчдад аа!
Эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж манай улсад дэндүү тааруу юм.

Сорил шинжилгээний таарц, тохирцыг энэ улсад ярихад бас хэцүү.Учир нь ихэнх нь эргэлзээ их, худал хуурмаг байдаг, таарцгүй, тохирцгүй байх. Багаж зэвсэг, лаборатори нь шинжлэх ухаанаасаа их хоцорчихсон байгаагийн горь энэ.

Манай улсын өнөөх 30 жилд бий болгосон эрүүл мэндийн үйлчилгээ,хүртээмж, чанар нь товчхондоо иймд тэг л байна.

Ийм болохоор эрх мэдэлтэн, дарга нар нь өвдөхөөр эрүүл мэндийн үйлчилгээтэй улсад очиж эмчлүүлдэг нь энэ улсад жаяг болсон байдаг. Харин дарга бус нь тэдний жишгээр дагаж гадаадад эмчлүүлэх гэж баахан гуйлга л энд тэнд гуйж байгаад л одох юм хөөрхий. Ийм байдал энэ улсын эрүүл мэндийн үйлчилгээнд хээв нэг байдаг зүйл болжээ. Байдаг зүйл болчихсон. Хэн ч уучлалт гуйдаггүй. Зүгээр л байдаг л зүйл болчихсон. Аймаар хоцрогдол энэ шүү дээ.

Эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж,чанарыг сайжруулахыг иймд хойч үеийнхнийхээ төлөө хүн бүр, айл бүр өөрсдийнхөө төр засгаасаа нэг дуугаар нэг өнгөөр шаардах эрхтэй, бас хэрэгтэй байна. Энэ л гол асуудал, харин найр чинь гол биш.

Боломж байхгүй, мөнгө алга гэх биз, тэд.

Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд мөнгөнөөсөө илүүтэй зөв, төв бодлого хэрэгтэй байдаг. Тэгээд ч бидэнд мөнгө шиг их зүйл алга. Даанч бөөгнөрчихсөн болохоос биш.

Ийм төв, зөв бодлогын эх үндэс нь их энгийн.

Эрх мэдэлтэнг гадаадад эмчлүүлдэггүй, харин хайртай гээд байгаа эх орондоо хайртай гээд байдаг ард түмэнтэйгээ хамт эмчлүүлдэг байхыг л хуульчих.

Ингэхэд энд эрүүл мэндийн салбар зөв, төв бодлогоор өдрөөс өдөрт эрс өндийж ирнэ.
Манай улс 3 сая хүндээ хүргэх эрүүл мэндийн үйлчилгээ, чанараараа ядаж дэлхийн улсуудын жагсаалтад орохоор түүнийг сайжруулах бүрэн боломж түүнд бүрэн бий. Баян улс шүү дээ, энэ улс.

Эрүүл мэндийн үйлчилгээ нь чанартай, тэр нь хүртээмжтэй улс короновируст "Бид бэлэн" гэж ард түмэндээ их итгэлтэй хэлж чаддаг юм байна даа.

Эрүүл мэндийн үйлчилгээ нь эрүүл Франц, Англи, Норвеги улсад короновирусийн халдвар авсан иргэд нь айхгүй, харин ихэнх нь эдгэрсэн байдаг юм байна лаа.

Монгол улс эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж сайтай ийм улсуудын нэг болж короно шиг учирч болох олон тахалд "Бид бэлэн" гэж хэлж чаддаг байгаач.

Үүний төлөө их сүрчигнээч. Ийм болгож чадаагүйнхээ төлөө их уйлж том уучлалт гуйгаач.

"Бид бэлэн" гэдэг улсад байхсан. Улсаа ийм болгохсон.

Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Tuesday, February 25, 2020

Эрүүл мэндийн салбар нь эрүүл хөгжсөн улсад бол...

Эрүүл мэндийн салбар нь эрүүл хөгжсөн улсад бол...


"Короновирусын халдвар авсан хүнд түүгээр амиа алдсан хүний эзлэх хувь нь 1-2 байна. Энэ халдвар авсан 100 хүнээс 1-2 нь амиа алдах магадлал байна гэсэн үг ш дээ.

2 хувь гэдэг тахлын голомт Уханд хамаарна. Зарим улсад нь энэ тоо бүүр 0,1 хувьтай байна лаа.

Эрүүл мэндийн салбараа л хүнээ хамгаалж чадах хэмжээнд хөгжүүлсэн улсад бол дээрх статистик бас нэгийг хэлж нааштай аясыг өгүүлж байх шиг. Тэр улсын удирдагчид "бид үүнийг дийлнэ. Тайван бай..." гэх өнгөтэй үгийг ард түмэндээ итгэлтэй хэлж байх.


Тийм биш улсад нь тэр аюулыг хэлээд байгаа юм. Тэнд бас айдас, хүүдэс төрүүлэхээр үг хэллэг их сонсогдох юм.

Тэгэхээр бид үүнээс санаа авч эрүүл мэндийн салбараа л хүнээ хамгаалж чаддаг болтол хөгжүүлэх эсэхээ цаашид тайван цагт сайтар тунгааж сайн бодлого, стратегийг олмоор байна.

Эрүүл мэндийн салбар нь эрүүл хөгжсөн улсад бол...

Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Эх үүсвэр: BBC

"The proportion of infected people who die from Covid-19 appears to be between 1% and 2%, although the WHO cautions that the mortality rate is not known yet.
On Monday Iraq, Afghanistan, Kuwait, Oman and Bahrain reported their first cases, all involving people who had come from Iran. Officials in Bahrain said the patient infected there was a school bus driver, and several schools had been closed as a result."

Monday, February 24, 2020

СОЦИАЛИСТ БЕРНИ САНДЭРС ГЭЖ ХЭН БЭ?

СОЦИАЛИСТ БЕРНИ САНДЭРС ГЭЖ ХЭН БЭ?

2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах сунгаанд тэргүүлж яваа социалист Берни Сандерс (Bernie Sanders) гэж хэн бэ?

Тэрээр 1941 онд Нью Йорк хотын засаг захиргааны төв болсон Бруклин дүүрэгт Элиас Бен Уехуда Сандэрсийн гэр бүлд төрсөн. Түүний аав нь Польш улсаас АНУ-д цагаачлан ирсэн еврей хүн байсан бол ээж нь тус хотын Польш, Орос угшилтай еврей гэр бүлд төрсөн нэгэн ажээ.

Тэрээр 1971 онд Сенатын гишүүнд социалист чиг баримжтай, дайны эсрэг үзэлтэй Эрх чөлөөний нэгдэл намаас нэр дэвшснээр улс төрд анх хөл тавьсан байна.

Берни 1980 онд 39 насандаа Вермонт мужийн Бурлинтон хотын захирагчаар сонгогдсон нь түүний улс төрийн анхны том амжилт байв. Тэнд тэрээр Бурлинтон коллежийн захирал байсан, одоогийн эхнэр Жане Меара-тай танилцаж гэрлэжээ. Тэрээр эхнэрээ “улс төрийн карьерийнх гол зөвлөгч” гэж үздэг.

Берни Сандерс 1990 онд АНУ-ын төлөөлөгчдийн танхимд бие даан нэр дэвшиж сонгогдсон. Тэрээр төлөөлөгчийн танхмийн гишүүнээр 2007 онд сенатын гишүүнд өрсөлдөж сонгогдох хүртлээ байсан юм. Сенатын гишүүн болох түүний сонгуулийн компанит ажилд залуу Барак Обама ажиллаж байсан ажээ.

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах сунгаанд 78 насандаа тэргүүлж яваа социалист гэж алдарших, бас тэгэж гоочлогдох Берни Сандерс бусдаасаа юугаараа ялгагддаг, яагаад АНУ-ын залуучууд болон нийгмийн цөөнхүүд түүнийг дэмждэг бэ?

Үүнд олон учир шалтгаан байхгүй болов уу! Харин социалист ялгаа бий. Бүхлийн нөлөө бий. Үүнд:

1. Тэрээр социалист, жаахан зөөлрүүлбэл, ардчилсан социалист гэдгээ энэ тэнд бүүр их ил хэлдэг юм. Тэрээр нэгэнтээ “Баян хотын гайгүй дүүргийн даруухан байранд өсөж байхад нь түүнд “нийгмийн анги, ангийн ухамсрын тухай” анхны мэдрэмж бий болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.

2. Тэрбээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн хандлага, зарчмыг баримталдаг. Энэ нь “нийгмийн баялагийн 99 хувь нь олигархи 1 хувьд, харин үлдсэн 1 хувь нь борчууд болох 99 хувьд оногдож байдгийг буруу, засна” үг юм. Өөрөөр хэлбэл, сайн, сайхан амьдрахад хэсэг нь биш харин бүхэл нь сайн байх ёстой аж.

3. Тэрээр “Америк хүүхэд, залуучуудад коллежийг үнэ төлбөргүй болгоно; эрүүл мэндийг мөн л эвтэйхэн, ер нь үнэ төлбөргүй болгоно. Дайн дажингүй байна. Амар амгалан байна. Дэлхийн дулаарлыг багасгахын төлөө ногоон болно. ...Нийгэм бүхэлдээ хэдхээн баячууд, тэдний гэр бүлд зориулагдаагүй. Тэр нийгмийн гишүүн хүн бүрт хамаатай” гээд “Тийм учраас тэр нийгэмд оролцоогүй болчихсон бүлэгт оролцох боломжгүй болгочихсон боломжийг нь дахин бий болгож өгнө” гэж байгаа юм.

4. Ийм л учраас, 18 нас хүрээд л үүрнээс нисэж байгаа шувуу лугаа гэрээ орхиж нийгэмд цүнхээ үүрээд орж ирдэг; цэл залуу нас, их хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй залуучууд Сандерсийг бусдаас нь илүү үзэж “Берни, Берни, Берни” гээд бөөнөөрөө бөөгнөрч дэмжээд байна.

Ийм учраас, цагаачилж очин цөөнх болсны горийг хэдэн үеэрээ амсаж ирсэн латин, азийн цагаачид бас “Бернийг” түүхэн ганц боломж гэж үзэн түүнийг мөн бөөнөөрөө бөөгнөрөөд дэмжээд байна.

Ийм учраас, хар, бор, онигор, онигор биш байсныхаа улмаас хэзээ ч цагаан оронд бүү хэл цагийн сайхан ажил хийж үзээгүй ядуучууд, борчууд түүний бас бөөнөөрөө дэмжээд байгаа юм.

Берни хэлсэнд бөөнөөрөө ингэж итгэж байгаагийн увдис нь “Бернийн хэлсэн нь түүний туулсан нь; Бернийн туулсан нь тэдний туулсан нь” байгаад л оршиж байгаа юм болов уу?

Залуусыг ховсдон татах, борчуудыг босгож өнгөлөх социалист үзэл, бүхлийн зарчим социалист Берниг цагаан ордонд хүргэж, капиталист ертөнцийг социалист болгон хувирч мэдэх нээ дээ!

Тээр нэгэн цагт тээр нэгэн сэтгэгчийн тийм нэгэн онол энэ дэлхийд бас бодиттой болж мэдэх нээ дээ!

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Wednesday, February 19, 2020

МАНАНГИЙН ХОХИРОГЧИД

МАНАНГИЙН ХОХИРОГЧИД

Манай залуучууд хоёр хуваагдсан байдаг. Нэг ман, нөгөө ан.

Нам гэхээсээ сайхан ном үзэж танин мэдэхүйд баясаж, өөртөө итгэл, баясалтай явдаг залуучууд энэ улсын энэ манарсан цаг дор даанч их цөөрсөн дөө.

Ингэж ном үзэж явах боломж тэдэнд үнэндээ бараг байхгүй шахуу болсон юм.
Ажлын байргүй болохоор ид залуус маань нам дагаж мананцар болохоос ч өөр яахав бэ дээ. Эсвэл гадаадад харлаж эх орондоо цэнэгүй явж энэ насаа хар барна.

Манарсан манан бодлогын дүнд ийм л хувь тавилан өнөөгийн залуучуудад ноогдсон байх.
Тэгэхээр манай улсын ид залуучууд манангийн хохирогч болсон байх.

Ганц залуучууд ч биш дээ. Олдох гэж байгаагаас авуулаад яг одох гэж байгаа хүртэлх бүх монгол хүн өтгөн энэ манангийн хохирогч болсон байдаг. Үүнийг манан дунд олон жилд мунгинасан манарагчдын ихэнх нь уншиж барьдаггүй. Энэ нь ч бас аргагүй л юм.

Хөмөрсөн тогоо шиг нийгмийн мананд дунд төрж, өсөж, торниж, амь зууж, одож яваа хүн тогооны гаднахыг яаж мэдрэх вэ? Тийм ээ!

Аяа яасан өтгөн давчуу манан бэ?

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Сөрөг гээд байгаа тань хуурмаг байх вий дээ!

Сөрөг гээд байгаа тань хуурмаг байх вий дээ!

Япон профессор короновирусын талаар юу хэлэв?
Кове Их сургуулийн Халдвар судлалын хэлтсийн профессор зорчигчид нь  короновирусын халдвар авсан "Алмаз Гинж" гэсэн хөлөг онгоцны байдал, улмаар сорилоор "сөрөг" гарсан зорчигчдыг гэр оронд шууд явуулж байгаатай танилцсны дараа тэрбээр мэргэжлийн үүднээс хандсан маш чухал ярилцлагыг BBC-д өглөө.

Тэрбээр ярилцлагадаа гурван чухал эргэлцүүллээ хуваалцав. Үүнд:
  1. Энэ вирусын халдвар авсан хүн эхэнд үедээ сорилоор "сөрөг-negative" гарна. Үүнийгээ тэрбээр "хуурмаг сөрөг-false negative) гэв. Энэ үндэслэлээ тайлбарласан.
  2. Koроновирусын ийнхүү "хуурмаг сөрөг" байдалд итгэсэн ташаа ойлголтоороо түүнд хандан вирусын дэглэлтэй орчинд байсан хүнийг шууд нийгэмд оруулж байгаа нь нэг талаас, шинжлэх ухаанч биш, нөгөө талаас, логикгүй үйлдэл болж байна. Энэ маш аюултай гэв.
  3. Короновирусд хандаж буй ташаа ойлголт нь SAR-аас аюултай байдлыг бий болгож байна. SAR-д короновирустай харьцуулахад дэгдэлтийх хийгээд үхэх хувь өндөр байлаа ч түүнд хандах хандлага нь ташуу биш зөв, шинжлэх ухаанч байсан юм.
Түүний ярилцлагыг BBC болон дараах эх үүсвэр бид олж үзэж, өөрсдийн хандлагад бид дүгнэлт хийх хэрэгтэй юм.
Сөрөг гээд байгаа тань хуурмаг байх вий дээ!
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

 https://www.bbc.com/news/world-asia-51555420

Saturday, February 15, 2020

Тулгын гурван чулууг нуртал удирдсан манан

Тулгын гурван чулууг нуртал удирдсан манан

Энэ короновирус мэт бүх ниитийн амь насанд аюул учруулах, улс орны аюулгүй байдалд аюул хүргэх ийм аюултай байдалд энэ улсыг тулж авч үлдэх оршихуйн тулгын 3 чулуу болсон эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлын салбар үүнд хир зэрэг бэлэн, хэр зэрэг бэлтгэгдсэн байдаг вэ?

Ийм асуултыг эргэцүүлдэг хүн бүр найрнаасаа, нойрноосоо салж буй энэ цаг дор өөртөө нэг тавьж үз.

Короновирустай тэмцэж буй эмч нарын аюулгүй байдлыг төр хэрэг хангасан байна бэ? Хоол унд нь хүрэлцээтэй, хувьцас хунар хангалттай, хамгаалалтай биз! Багаж зэвсэг байгаа л биз дээ!

Короновирусээс одоо л эмээж буй хэнэггүйчүүд овоо нэг хэнэгтэй болж эмийн сан руу шагайж ариутгалын бодис асуухад тэр нь одоо байна уу?

Байхгүй, яваад ч хэрэггүй, хөлний гарз гээд хээв нэг хэлж зогсох эмийн санчин энд тэнд байж л байх юм. Бас бүүр бөөмлөг үрэл тараан, бөөгнүүлж ном уншуулна гээд хээв нэг хэлж суух сүрэг лам бас байх.

Эрүүл мэндийн салбараа 30 жил нялх сэнгүүнчүүдээр удирдуулж, зүгээр л орхичихсны горийг энэ улс зөвхөн короновирусын ийм үед төдий биш 30 жил амсаж ирсэн.

Дайн болсон улсаас дутахааргүй олон хүн эмчилгээ, жор нь аль хэдийн тод болсон олон өвчний улмаас энэ улсад амиа алдсан байдаг. Олон өвчтөн, хүүхэд эмнэлэгийн шаланд эмчлүүлж байгаа гээд хэвтэж байхыг дэлхий харж байна, одоо. Тэд бүүр гайхаж байна, үүнд. Бас их айж эмээж байна. Мөн хүн заяаг ижилхэн тээж яваа болохоор бидний шалдаа хүртэл унасан эрүүл мэндийн байдлаас дэлхий ичээд байна. Бид харин ичдэггүй ээ!

Эрүүл мэндийн салбар, эмч мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн энэ салбарынхны хэрэг биш харин энэ цагийн бүх монголчуудын амин асуудал болж байна.

Эмч нар багш нар шиг дорд байдлаа дээр болгох гэж тэмцэж чадахгүй. Тэд тань хүний амь хамгаалаад завгүй яваа, ажилтай яваа. Тэгээд ч тэднээр тангараг өргүүлчихсэн.

МАН-АН өнгөрсөн 30 жилд улс орны оршихуйн тулгын 3 чулуу болсон эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлыг үнэнхүү муухай болгон орхисон доо.

Ингэж хэлэхээр мананд тархиа 30 жил угаалсан хар масс үгүй, үгүй гэж шаагилдах биз!

Тэгвэл үгүй үгүй гэж орилолдонгоо үүнийгээ үнэн бодит эсэхийг өөрийнхөө туулж яваа зээлэнд хүлэгдсэн амьдралыг цэнэлэнгээ, чирэнгээ л өөрсдөөсөө нэг асууцгаа!

Ямар байна даа, Үнэн бодит байна уу?

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Thursday, February 13, 2020

28 том тойрог 28 шилдэг багш

28 том тойрог 28 шилдэг багш
 
Манай улс өнгөрсөн 30 жилд боловсролын 14 нялх сайд, 14 иймэрхүү балчир дэд сайдтай байсны горийг энэ салбар хангалттай амсаж ирсэн.
 
Одоо бидэнд үг сайн авдаг, боловсролын бодлогыг ходоодон лоббигоос хол байлгаж түүнийг улс нийгмийн язгуур эрх ашгийг дээдлэн засаж залруулж чадах шилдэг сайд хэрэгтэй байна.
Багшийн төлөө, боловсролын төлөө, хүүхдийн төлөө, монголын төлөө чинхүү зүтгэж ажиллах их хурлын багш гишүүд хэрэгтэй байна.
 
Иймд энэ цагийн багш нар бид нэг зүг харсан онцгой оролцоогоороо энэ удаагийн сонгуулиар яг л "ус ч авахаа байчихсан шалны алчууруудыг цэвэрлэгч хогийн саванд хийж, оронд нь "ус сайн авдаг, хир сайн арилгадаг шалны цоо шинэ алчууртай болдог" шиг л их шийдвэрээр том шийдлийг онцгой хийх хэрэгтэй.
 
Үүний төлөө багшаар овоглосон төрийн бус байгууллагууд, бүх цахим бүлгийн админ, багшийн бүлгүүд нягт ухаалаг хамтарч ажиллах хэрэгтэй.
 
Онцгой эгшиний онцгой цэнийг мэдэрье.
 
Их хуралд багшийн дуу хоолой болж чадах багш төлөөллөө хүргэе.
 
Үүнийг тулд их эргэцүүлэл уралдуулья.
 
Их хурлын том 28 тойрогт 40 мянган багшаас шилдэг 28 -ыг дэвшүүлээд үзье.
Нэгсэж тэднийгээ дэмжээд харья.
 
Багш нарын холбоогоор багш нэр дэвшигчдэд дэм тус больё.
 
Их хурал гэдэг бол монголчуудын үнэт зүйл болохоос хэдхээн компаний эздийн өмч биш. Үүнийг багш нар л энэ нийгэмд эхлээд нэг мэдрүүлье.
 
28 том тойрогт 28 шилдэг багш.
Энэ санааг ажил үйлс болгоё, энэ удаа.
 
Ц.Лувсандорж
 
2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Хичээл, ЭЕШ хоёр нэг үү?

Хичээл, ЭЕШ хоёр нэг үү?


Хэрэв энэ хоёр нэг биш бол нийцэлгүй. Нийцэлгүй байна гэдэг товчхондоо доромжлол, басамжлал, тохуурхал.

Гэвч ийм доромжлол, басамжлал, тохуурхал энэ улсад олон жил бодиттой байв.

Эцсийн үр дүнг ЭЕШ-ээр нэг өдөр цэнэлэх ийм хошин, бас нийцэлгүй бодлогыг олон жил хэрэгжүүлж хүүхдийнхээ сурах хүслээр нэг өдөр хэдэн тэрбум мөнгө хийсээр, бүүр улайрсаар ирэв.

Хичээл, сургалтыг үгүйсгэж ирэв. Багш нарыг ЭЕШ бэлтгэгч, ЕБС-ийг ЭЕШ бэлтгэгч сургалтын төв болоход хөтөлж ирэв.
Хүүхэд тохуурхагдаж, багш нар хохирсоор ирсэн.

Татвар төлөгч, улсын төсөв утгагүй болж ирэв.

Нийгэм доройтсоор ирэв.

Иймд одоо багш нар бид нэг зүйлийг боловсролын сайдаас шаардаж их тодорхой болгож авмаар байна. Зөв буруу эсэх нь харин дүүрч. Энэ нь ийм л юм.

ЕБС-ийн хичээл, сургалтыг эхнээсээ л ЭЕШ-д бэлтгэх ганцхан зорилгын дор явуулдаг болох эсэхээ одоо нэг мөр эцэслэн шийдэж авмаар байна.

Хичээл, сургалтаар хүүхдийг ЭЕШ бэлтгэнэ гээд л нэг мөр тогтож авбал энэ улс хүүхдээ ЭЕШ-д бэлддэг улс болно. Хичээл хэрэггүй, ЭЕШ бэлтгэнэ гэсэн үг ш дээ. Энэ нь угтаа бүүр амархан ш дээ. Техник эзэмшүүлж, цээжлүүл, хурдлуул гэх мэтхэн хэдхээн чадварыг эзэмшүүлчихнэ. Монгол иргэн төлөвшүүлэх эсэх харин хамаагүй болно...

Ингэвэл энэ улсад ядаж хичээл, сургалтын зорилго тодорхой болох гээд байна. Өөрөөр хэлбэл, хичээл сургалт, ЭЕШ хоёр эхнээсээ нийцэлтэй болно гэсэн үг. Нэг болно гэсэн үг. Харин зөв, буруу нь одоо дүүрч.

Ингэхэд харин эцэстээ энэ улс багшгүй, бас ЕБС үгүй улс болно. Бүх сургууль ЭЕШ бэлтгэдэг сургалтын төв болно. Нэг хүүхдийн хувьсах зардал тэг болно.

Хүүхдийнхээ сурах хүслээр хүртэл мөнгө угаадаг ЭЕШ -ын сүйтгэл эцэстээ энэ. Ингэж л түүх харин тод бичнэ.

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 14-ны өдөр

Monday, February 10, 2020

Ийм нэг санал хэлбэл илүүдэх үү!

Ийм нэг санал хэлбэл илүүдэх үү!

Багшийн нэг цагийн ажлын хөлсийг ойролцоогоор 5000 төгрөг гэвэл нэг өдрийн ажлын хөлс, цалин нь 40000 төгрөг болно.

Манай улсын 40 мянган багшийн өдрийн цалин, тэгэхээр 1,6 тэрбум төгрөг болно.

Хэрэв монголын багш нар нэг удаа нэг өдрийн цалингаар дэлхийн нийтийн асуудал, мөнхийн хөршийн асуудал, цаашилбал, бидний өөрсдийн асуудал болсон короновирусын эсрэг тэмцэлд нэгдэн нэг болж хувь нэмэр оруулья гэж хэрэв зориглоод,хариуцлагатай зохион байгуулж чадвал хэцүү энэ цагт монгол багшийн бидний оруулах хувь нэмэр багадахгүй нээ!
Бүхэл хэсгээсээ их гэдгийн утга энэ.

Тэмцэж явахад нь тэвэнгээр туслахын цэнэ энэ.

Хүний амьдралын замыг гэрэлтүүлэх энэ мэргэжлийн гэгээ энэ.

Жич анхааруулга: Хэрэв энэ санааг дэмжин ажил хэрэг болгоно гэвэл хувь хүн, худал данс биш харин байгууллага, тухайлбал, Монгол, хятадын найрамдлын нийгэмлэг, Монголын багшийн нарын холбоо гэх зэрэг харицлагатай байгууллага зохион байгуулах нь зөв. Боловсролын яам ч оролцож болно ш дээ. Харин хэн хэнгүй хандивын гэсэн данс нээгээд л шуугилдаад эхэлж үл болно.

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Sunday, February 9, 2020

Баяргүй улс л баяртай хөгжинө

Баяргүй улс л баяртай хөгжинө
Ер нь манай улс бусад улсын зиндаанд хөгжлөөрөө очих хүртлээ баяргүй улс болох ёстой юм. Ингэхэд энэ улсын өдөр бүр цэнгэлтэй, хүн бүр баяртай болно.
Дэлхийн дэнж энэ нутгийн эх байгаль дэлхийгээс нь өөр хүнийг баярлуулах зүйл энд юу байна даа, ер нь.
Улс нь гадаадад өрөндөө баригдсан, дотоодод хулгайдаа хүлэгдсэн л байх нь иргэнд юу нь сайхан байна аа!
Нийтийн мунхаглал, тэнэглэл гааарсны юу нь сайхан байна аа!
Ажилгүйдэл, авилгажилт, архидалт, найрлалт л хавтгайрсан байгаагийн юу нь сайхан байна аа!
Жилийн дөрвөн улирлын турш найрлаж, архидалт байгууллагажин соёл болж байгаагийн юу нь сайхан байна аа!.
Махыг таваг тавгаар идэх гэж малыг тал талаар өсгөснөөр эргээд мал нь ч идэх зүйл болтлоо эх нутгаа цөлжүүлсний юу нь сайхан байна аа!
Тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон боловсролыг болохгүй олон гадаадын төсөл, хөтөлбөрийн золиос хог болгож 22 хичээлийг үзүүлсэншүү болж хойч үеээ аймшигтайгаар золиослож байгаагийн юу нь сайхан байна аа!
Муу зүйл ч сайн талтай. Короно вирус хэнэггүй монголчууд биднийг хэнэгтэй болоход тусалж мэдэхээр байна. Аминд тулсан ухаарлыг хэлж байна. Ухаарал хэзээ ч оройтохгүй.
Найргүй байхад л болж л байна ш дээ.
Шал дэмий 22 хичээлгүй байхад болж л байна ш дээ. Хүүхэд дуртай зүйлээ гүнзгийрүүлж гэртээ үзээд болж байна ш дээ.
Аль хэдийн феодалжин бараантсан цагаан саргүй мэдээж болно ш дээ.
Ганц сарнай, ганц виноны цэнэтэй болтол утгыг нь алдагдуулсан эмэгтэйн баяргүй болно ш дээ. Эрэгтэйн баяргүй бас л болно ш дээ.... Сар бүхэн шаагилдан орилдон ваардан тэмдэглэжүү болж суудаг тэр олон баяргүй мэдэээж болно ш дээ.
Баяргүй ер нь болно ш дээ. Баяргүй байхад харин баяртай ш дээ.
Иймд манай улс хэдэн жилдээ бүүр баяр тэмдэглэдэггүй улс болох хэрэгтэй.Ингэхэд өдөр бүр л айл бүхэн баяртай болж хөг орж эхэлнэ. Улс өнгө орж эхэлнэ. Ингэж чадвал энэ улс маш хурдан хөгжинө.
Зөвхөн хөдөлмөрлөдөг байх. 6 өдрөөр маш сайн ажилладаг болох хэрэгтэй.
Архинд шартсан, ажилгүй нөгөө сүргээ зүгээр л барьж авчраад хөдөлмөр хийлгэж хөлсийг өгөөд явуулдаг болох хэрэгтэй.
Авилгал авчихаад гадуур, дотуур зугаалж явдаг нөгөөдүүлийг эх оронтойгоо заргалдахгүй гэсэн ганцхан үндэслэлээр шууд л авилгалаар олсонг нь улсын болгох хэрэгтэй. Тэднийг хорьж төсөв үргүй зарах хэрэггүй.
Хулгайчаас хураан авсан хөрөнгөөрөө төр дэлхийг зорьсон үйлдвэрээ барьж, бас хулгайд алдснаа эргүүлж авч ажилгүйчүүдээ ажилтай болгон хүнээ архидуулдаг бус харин их ажиллуулдаг улс болох хэрэгтэй. Хүний авсан зээлийг өмнөөс нь тэглэж улсаа хохироодог биш харин хүн ажлынх хөлсөөр авсан зээлээ төлдөг болох хэрэгтэй. Үүнийг үнэт соёл, үнэт зүйл байлгах хэрэгтэй.
Ингэхдээ харин хөлсөөр хөрөнгөжсөн хэдийнхээ хөрөнгийг хураах хэрэггүй. Тэгэж туйлшрах нь жинхэнэ улайрсан коммунис, харгис фашист сүйтгэл болдог.
Ингэхэд дэлхийн дэнж энэ нутаг маш хурдан дэлхий диваажин болж эхэлнэ. Дэлхийн дэнж рүү дэлхий тэмүүлдэг болно доо. Тэгэхэд монгол улс баян,төгөлдөр болно. Энэ улсын иргэн болох гэж дэлхийгээрээ тэмүүлдэг болно. Удахгүй дээ. ...Харна аа.
Энэ нь бас ашигтай бизнес, хүнээ чанаржуулан хөгжүүлэх стратеги болно.
Жинхэнэ монгол гэдэг галзуу хөөрлөөс салж цагаачдын бодлогоо эдийн засагчжуулж монгол гэсэн чадварлаг том улсыг бий болгож болно. Харин энэ үед эх орноосоо урвасныг шууд цаазалдаг болох хэрэгтэй. Мөнгөө төлөөд манай улсын иргэн бол л доо. Гэхдээ бид эх орноосоо урвасныг шууд цаазалдаг юм гэж урьдчилан тэдэнд сануулдаг байх хэрэгтэй. Тэгэхэд хулгайч, худалч биш харин гагцхүү төв, зөв ёс зүй, ёс суртахуунтай иргэдтэй их монгол улс энэ дэнж дээр л бий болж дэвжинэ.
Баяргүй улс болоход энэ улсын иргэн бүр баяртай болно. Тэд мэдлэггүй хийрхэгчдийг бус харин мэдлэгийг шүтдэг нийгмийг бий болно. Энэ нь одоогийн тэнэглэл хог дээр шог болж үлдсэн байна гэсэн үг.
Эх нутгаа дэлхийгээрээ шагжин бүүр тэмүүлдэг дэлхийн диваажин дэнж болтол нь бүгдээрээ улсаараа баяр тэмдэглэдэггүй улс байя.
Ингэхэд энэ улсын өдөр бүр цэнгэлтэй хүн бүхэн баяртай болно.
Баяргүй атлаа баяртай улсыг ингэж байж бүтээнэ.
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Thursday, February 6, 2020

Цахим хичээлээр цахилж байгаа цагт

Цахим хичээлээр цахилж байгаа цагт
Цахим хичээлээр цахилж байгаа энэ цагт ганц хоёр санаагаар бас цахилцая гэж бодов. Үзэл бодлоо мөн хуваалцая гэж санав. Хүн багш, робот багшийн ялгааг хүргэе гэж үзэв.
  1. Цахим хичээл гэсэн нэрийн тухайд. Цахим хичээл цахилдаг хичээл биш. Цахилдаг хичээл уулаасаа байхгүй. Харин энэ нь хичээлийг цахим хэрэгслэл ашиглан явуулах гэсэн оролдлого хандлага, санаа юм. Үүнийг ерөнхийдөө нь хувилбарт хичээл (alternative learning and teaching) гэж ярьдаг. Үүнд цахим сургалт (e-learning), ю-сургалт (ubiquitous learning), зайн сургалт, нээлттэй сургалт гэх мэт олон хэлбэр бий. TV -ийн боломжийг ашиглан явуулж байгаа онцгой үеийн бидний энэ видео бичлэгэн хичээл сургалт бол зайн сургалтын нэг энгийн, эртний болхи хэлбэр юм. TV сургалт, TV багш гэсэн хэллэгийг эндээс үүсгэж болно. Хэлбэр бүхэн өөрийн зохиомж, арга зүй, дидактик шийдэл, арга барилтай, үнэ хөлстэй ажил байдаг. Самбар шохойны шинэлэг хэлбэрээс гадна цахим ололтыг сургалтад хэрэглэхийг оролдож байгаа хэлбэрүүдээс робот багш, робот сурагч (масhine learning, machine teaching) гэсэн үг хэллэг үүсэв. Робот нь зааварчилгаанд суурилсан сургалтын утгаар ямар ч багшаас илүү байхаар болж байна. Хүн багшийг энэ утгаар робот багш маш сайн оролж чадна. Цалин нэмүүлнэ, амралтын мөнгө авна гэгчээр ажил олгогчдод хүн багш ихэд дарамт болдог тул тэд робот багшийг илүүд үзнэ. Сурагч ч бас зааварчилгаа төгс байх, шүлс шингэн нь үсэргэхгүй байх,дарамт үзүүлэхгүй, дуу хоолойн өнгө ньв эвлэг байх зэрэг эрүүл ахуйн утгаар нь робот багшийг илүү үзнэ. Робот багшаас тэгэхээр хүн багшид илүүрхэх зүйл ер нь байна уу? Хүн багш түүнээс илүү байж л цаашид үлдэх нээ дээ!
  2. Хүн багш самбарт бичиж өөртэйгээ ярих давамгайлсан энэ арга зүйгээрээ робот багшаас хэзээ ч илүү байж үл чадна. Их дорд, дорой байдаг. Хүн багш робот багшаас маш олон зүйлээр дутмаг юм, муу юм. Гэхдээ хүн багшид робот багш байдаггүй ганц л зүйл байна. Тэр хүнд байдаг, хүнийг угтаа хүн болгож байдаг чанар нь юм. Тэр нь уламжлалт сургалтад үгүйсгэж ирсэн авч хүнийг хүн байлгадаг, болгодог "сэтгэл хөдлөл" болно. Робот багшид сэтгэл хөдлөлийн хувирлыг бий болгож болно. Гэвч үүнд хүнийг хөглөх увдис байдаггүй. Ийм учраас робот багшаас хүн багш үүгээрээ ялгаатай байж л хүн багш мэргэжлийг авч үлдэнэ, үнэтэй байлгана, улмаар хүнийг робот биш харин хүн болгож хөглөнө. Үүний тулд багш нар робот багшийн арга зүйгээс аль болох эрт татгалз. Холд.Робот бүү бол.
Хүн багшийн явуулах хичээл сургалт бол үйлжсэн сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлжсөн үйл байх ёстой. Ийм арга зүй, дидактикт суралц. Эс чадваас холбогд. Эсвэл холд.
TV сургалтыг цахим сургалт гэж хий хийрхэн цахилж байх үедээ хүн багшийн үнэ цэнийг бүү алдагдуул, та нар.
Робот багшаар орлогдох цахим сургалт нэр шигээ л цахилан маш хурданхан мартагддаг бол хүн багшаар явагдах хичээл сургалт үйлжсэн сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлжсөн үйл байснаар тэр хэзээ ч үл мартагдана, үйлжсэн дурсамж, сэтгэлжсэн хөдлөжсөн холболт, биологи болно. Тэр цагт сурах бас баясал цэнгэл болдог. Хүн багш ийнхүү хүнийг баясал цэнгэлд хөтлөгч, хөглөгч болдог. Үүгээрээ л хүн багш робот багшаас эрс ялгагдана.
Робот болмоор байна уу, хүн багшаар үлдмээр байна уу?
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Жич. Сурах язгуур ухаан, багшлах язгуур урлаг олж харах. Цахимд бий.
Дараах сайтад орж хувилбарт сургалтын тухай эргэцүүл.

Sunday, February 2, 2020

Шүдгүй морийг хүнд бүү бэлэглэ

Шүдгүй морийг хүнд бүү бэлэглэ
540 сая төгрөг 1 хаусархуун л цэнэтэй юм даа... Нэг хаус өгчихсөнтэй адил юм. Улс байна даа, нөгөө улсад туслалцаа болгож 1 хаусархуу юм өгч байх даа яахав дээ. Гуйланч сэтгэлгээ.
Бэлгийн морины шүд татдаггүй гэх юм. Шүдгүй морийг хүнд бэлгэнд ёрөөсөө өгч болохгүй. Шүдгүй морийг хүнд бэлгэнд өгөх нь ёс суртахуунгүй авир юм. Ёс суртахуунгүй эдийн засгийн үндэс. Энэ нь аваарт өртсөн машиныг засаад бренд шинэ гээд мэдэхгүй нэгэндээ хуурч зарахтай л утга нэг увайгүй авир.
Мөнгөгүй байна. Ядуу байна гэх. Адууны тоогоор л хандаж гэх.... Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэхээ болиод тэр хэдэн тэрбумаар тоологдох тэр мөнгөө мөнхийн хөрш Хятад улсад бэрх үед нь туслалцаа болгоод өгчих. Энэ нь адууны тоотой ч хамаагүй. Ядуутай ч хамаагүй болно. Гагцхүү гуйланч биш сэтгэлгээ, хандлага юм.
Ингэж гуйланч биш сэтгэх нь эцэстээ харин илүү утгатай. Илүү цэнэтэй. Илүү үнэтэй хэрэг бус уу!
540 сая төгрөг буюу 200 мянган доллар гэдэг нь олигтой 1 хаусын ч цэнэд хүрэхгүй мөнгө. Австралид бол захын хороололд дунд зэргийн хуучин хаус авч чадах ч үгүй л мөнгө шүү, нөхдөө. Гуйланч сэтгэлгээнээс иймд бид салах ёстой.
Улс байна даа, мянга гэх бус харин "тэрбум" гэж хэлэгдэхээр туслалцааг өрөөл улсдаа хэрэгтэй цагт ёстой тэнүүн монгол, тал нутаг шигээ уужим монгол цайлган монгол шиг цаашдаа өгч сурах хэрэгтэй. Өгч байж авна. Өгч байж ирнэ.
Өөрсдөө хүнээс гуйхаар болохоор хэд ч хамаагүйг тоо хэлж өрөөлийг, бүүр дэлхийг сандаргадаг атлаа өрөөлд өгөх болохоор мянгаас өөр тоо мэддэггүй юм шиг байдаг нь дорд хандлага, дорой авир, гуйланч сэтгэлгээ, "шүдгүй морь бэлгэнд өгдөг хандлага" юм.
Үүнийгээ бид болих хэрэгтэй. Ёс суртахуунтай байхад суралц. Ёс суртахуунд суурилсан эдийн засагч хандлага, сэтгэлгээнд суралц.
Бид л нэг ядуу, гуйланчин гэсэн маягтай байдаг энэ сэтгэлгээний гуйланчлалаас бид бүгд бүх түвшинд салах ёстой.Үүнд л их сайн суралцья.
Тарчиг байж болно оо. Гэхдээ гуйланч сэтгэлгээ байж үл болно. Шүдгүй морийг хүнд бэлэглэдэг байж үл болно.
Шүдгүй морийг хүнд ер нь битгий бэлэглэ. Шүдтэй морь бэлэглэ. Хэрэгтэй цагт нь хэрэгтэйг нь бэлэглэ.
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

Saturday, February 1, 2020

Эмч нараараа монгол нэг гоёог.

Эмч нараараа монгол нэг гоёог.
Эмч нар монголоо нэг л чимэг.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ утгаар харвал хүний төлөө зовж үзсэн эмч нар л бие засах ч завгүй ажиллаж байгаа Хятад эмч нарын зовлон бэрхшээлийг зангиа зүүсэн том даргаас илүү ихээр үнэн мэдэрнэ.

Монгол эмч нар дэлхийг айлгаж байгаа өнөөгийн аюулын голомтод мэргэжлийн ур чадвараараа сайн дураараа ажиллахаар зорин, нэгдэж буй нь эмч мэргэжлийн нэгэн гайхам ёс зүй бас мөн. Ийм ёс зүй, харин хар амиа л гэж үргэлж хийрхэж явдаг энэ цагийн улс төрч гэгч зангиатны үйлсэд хэзээ ч харагддаггүй.

Короновирусын голомтод очиж ур чадвараа сорьж зовж буй мэргэжил нэгт нөхдөдөө тус нэмэр болох эмч нарын энэхүү санаачлага нь Монгол улс гишүүн байдаг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хүсэл зоригт мөн нийцсэн үйл юм.

Тэгэхээр монгол эмч нарын Дэлхийн Эрүүл мэндийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж сайн дураараа нэгдэн мөнхийн хөрш Хятадад учирсан зовлон нимгэлэхэд үглээгээр биш харин үйлдлээрээ хувь нэмэр оруулахаар зориглож буйг Монгол түмний төр засаг л бол дэмжин зохион байгуулалтаар туслах нь зүйн хэрэг. Үүрэг нь юм.

Монгол эмч нар дэлхийн айдсыг нимгэлэхэд мэргэжлийн үйлсээр нэмэр болж танигдах нь өрөнд унасан өнөөгийн гуйланчин Монгол энэ эгшинд дэлхийд нэг удаа ч гэсэн сайнаар хэлэгдэхийн эх нэгэн шижим болох юм.

Ийм учраас Монголын түмний л төр бол монгол эмч нарын мэргэжлийн тэр үйлсийг дэмжээд өг.

Монгол эмч нараараа монгол нэг гоёог.
Монгол эмч нар монголоо нэг л чимгэ.

Монголоо гэсэн төр бол түүнд нь ядаж саад бүү бол. Чадвал дэмжээд, туслаад өг.
Ходоодон хандлагаар хоосон улс төр бүү хий.

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр