Monday, February 24, 2020

СОЦИАЛИСТ БЕРНИ САНДЭРС ГЭЖ ХЭН БЭ?

СОЦИАЛИСТ БЕРНИ САНДЭРС ГЭЖ ХЭН БЭ?

2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах сунгаанд тэргүүлж яваа социалист Берни Сандерс (Bernie Sanders) гэж хэн бэ?

Тэрээр 1941 онд Нью Йорк хотын засаг захиргааны төв болсон Бруклин дүүрэгт Элиас Бен Уехуда Сандэрсийн гэр бүлд төрсөн. Түүний аав нь Польш улсаас АНУ-д цагаачлан ирсэн еврей хүн байсан бол ээж нь тус хотын Польш, Орос угшилтай еврей гэр бүлд төрсөн нэгэн ажээ.

Тэрээр 1971 онд Сенатын гишүүнд социалист чиг баримжтай, дайны эсрэг үзэлтэй Эрх чөлөөний нэгдэл намаас нэр дэвшснээр улс төрд анх хөл тавьсан байна.

Берни 1980 онд 39 насандаа Вермонт мужийн Бурлинтон хотын захирагчаар сонгогдсон нь түүний улс төрийн анхны том амжилт байв. Тэнд тэрээр Бурлинтон коллежийн захирал байсан, одоогийн эхнэр Жане Меара-тай танилцаж гэрлэжээ. Тэрээр эхнэрээ “улс төрийн карьерийнх гол зөвлөгч” гэж үздэг.

Берни Сандерс 1990 онд АНУ-ын төлөөлөгчдийн танхимд бие даан нэр дэвшиж сонгогдсон. Тэрээр төлөөлөгчийн танхмийн гишүүнээр 2007 онд сенатын гишүүнд өрсөлдөж сонгогдох хүртлээ байсан юм. Сенатын гишүүн болох түүний сонгуулийн компанит ажилд залуу Барак Обама ажиллаж байсан ажээ.

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах сунгаанд 78 насандаа тэргүүлж яваа социалист гэж алдарших, бас тэгэж гоочлогдох Берни Сандерс бусдаасаа юугаараа ялгагддаг, яагаад АНУ-ын залуучууд болон нийгмийн цөөнхүүд түүнийг дэмждэг бэ?

Үүнд олон учир шалтгаан байхгүй болов уу! Харин социалист ялгаа бий. Бүхлийн нөлөө бий. Үүнд:

1. Тэрээр социалист, жаахан зөөлрүүлбэл, ардчилсан социалист гэдгээ энэ тэнд бүүр их ил хэлдэг юм. Тэрээр нэгэнтээ “Баян хотын гайгүй дүүргийн даруухан байранд өсөж байхад нь түүнд “нийгмийн анги, ангийн ухамсрын тухай” анхны мэдрэмж бий болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.

2. Тэрбээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн хандлага, зарчмыг баримталдаг. Энэ нь “нийгмийн баялагийн 99 хувь нь олигархи 1 хувьд, харин үлдсэн 1 хувь нь борчууд болох 99 хувьд оногдож байдгийг буруу, засна” үг юм. Өөрөөр хэлбэл, сайн, сайхан амьдрахад хэсэг нь биш харин бүхэл нь сайн байх ёстой аж.

3. Тэрээр “Америк хүүхэд, залуучуудад коллежийг үнэ төлбөргүй болгоно; эрүүл мэндийг мөн л эвтэйхэн, ер нь үнэ төлбөргүй болгоно. Дайн дажингүй байна. Амар амгалан байна. Дэлхийн дулаарлыг багасгахын төлөө ногоон болно. ...Нийгэм бүхэлдээ хэдхээн баячууд, тэдний гэр бүлд зориулагдаагүй. Тэр нийгмийн гишүүн хүн бүрт хамаатай” гээд “Тийм учраас тэр нийгэмд оролцоогүй болчихсон бүлэгт оролцох боломжгүй болгочихсон боломжийг нь дахин бий болгож өгнө” гэж байгаа юм.

4. Ийм л учраас, 18 нас хүрээд л үүрнээс нисэж байгаа шувуу лугаа гэрээ орхиж нийгэмд цүнхээ үүрээд орж ирдэг; цэл залуу нас, их хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй залуучууд Сандерсийг бусдаас нь илүү үзэж “Берни, Берни, Берни” гээд бөөнөөрөө бөөгнөрч дэмжээд байна.

Ийм учраас, цагаачилж очин цөөнх болсны горийг хэдэн үеэрээ амсаж ирсэн латин, азийн цагаачид бас “Бернийг” түүхэн ганц боломж гэж үзэн түүнийг мөн бөөнөөрөө бөөгнөрөөд дэмжээд байна.

Ийм учраас, хар, бор, онигор, онигор биш байсныхаа улмаас хэзээ ч цагаан оронд бүү хэл цагийн сайхан ажил хийж үзээгүй ядуучууд, борчууд түүний бас бөөнөөрөө дэмжээд байгаа юм.

Берни хэлсэнд бөөнөөрөө ингэж итгэж байгаагийн увдис нь “Бернийн хэлсэн нь түүний туулсан нь; Бернийн туулсан нь тэдний туулсан нь” байгаад л оршиж байгаа юм болов уу?

Залуусыг ховсдон татах, борчуудыг босгож өнгөлөх социалист үзэл, бүхлийн зарчим социалист Берниг цагаан ордонд хүргэж, капиталист ертөнцийг социалист болгон хувирч мэдэх нээ дээ!

Тээр нэгэн цагт тээр нэгэн сэтгэгчийн тийм нэгэн онол энэ дэлхийд бас бодиттой болж мэдэх нээ дээ!

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

No comments:

Post a Comment