Thursday, February 13, 2020

Хичээл, ЭЕШ хоёр нэг үү?

Хичээл, ЭЕШ хоёр нэг үү?


Хэрэв энэ хоёр нэг биш бол нийцэлгүй. Нийцэлгүй байна гэдэг товчхондоо доромжлол, басамжлал, тохуурхал.

Гэвч ийм доромжлол, басамжлал, тохуурхал энэ улсад олон жил бодиттой байв.

Эцсийн үр дүнг ЭЕШ-ээр нэг өдөр цэнэлэх ийм хошин, бас нийцэлгүй бодлогыг олон жил хэрэгжүүлж хүүхдийнхээ сурах хүслээр нэг өдөр хэдэн тэрбум мөнгө хийсээр, бүүр улайрсаар ирэв.

Хичээл, сургалтыг үгүйсгэж ирэв. Багш нарыг ЭЕШ бэлтгэгч, ЕБС-ийг ЭЕШ бэлтгэгч сургалтын төв болоход хөтөлж ирэв.
Хүүхэд тохуурхагдаж, багш нар хохирсоор ирсэн.

Татвар төлөгч, улсын төсөв утгагүй болж ирэв.

Нийгэм доройтсоор ирэв.

Иймд одоо багш нар бид нэг зүйлийг боловсролын сайдаас шаардаж их тодорхой болгож авмаар байна. Зөв буруу эсэх нь харин дүүрч. Энэ нь ийм л юм.

ЕБС-ийн хичээл, сургалтыг эхнээсээ л ЭЕШ-д бэлтгэх ганцхан зорилгын дор явуулдаг болох эсэхээ одоо нэг мөр эцэслэн шийдэж авмаар байна.

Хичээл, сургалтаар хүүхдийг ЭЕШ бэлтгэнэ гээд л нэг мөр тогтож авбал энэ улс хүүхдээ ЭЕШ-д бэлддэг улс болно. Хичээл хэрэггүй, ЭЕШ бэлтгэнэ гэсэн үг ш дээ. Энэ нь угтаа бүүр амархан ш дээ. Техник эзэмшүүлж, цээжлүүл, хурдлуул гэх мэтхэн хэдхээн чадварыг эзэмшүүлчихнэ. Монгол иргэн төлөвшүүлэх эсэх харин хамаагүй болно...

Ингэвэл энэ улсад ядаж хичээл, сургалтын зорилго тодорхой болох гээд байна. Өөрөөр хэлбэл, хичээл сургалт, ЭЕШ хоёр эхнээсээ нийцэлтэй болно гэсэн үг. Нэг болно гэсэн үг. Харин зөв, буруу нь одоо дүүрч.

Ингэхэд харин эцэстээ энэ улс багшгүй, бас ЕБС үгүй улс болно. Бүх сургууль ЭЕШ бэлтгэдэг сургалтын төв болно. Нэг хүүхдийн хувьсах зардал тэг болно.

Хүүхдийнхээ сурах хүслээр хүртэл мөнгө угаадаг ЭЕШ -ын сүйтгэл эцэстээ энэ. Ингэж л түүх харин тод бичнэ.

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 14-ны өдөр

No comments:

Post a Comment