Цахим хичээлээр цахилж байгаа цагт
Цахим хичээлээр цахилж байгаа энэ цагт ганц хоёр санаагаар бас цахилцая гэж бодов. Үзэл бодлоо мөн хуваалцая гэж санав. Хүн багш, робот багшийн ялгааг хүргэе гэж үзэв.
- Цахим хичээл гэсэн нэрийн тухайд. Цахим хичээл цахилдаг хичээл биш. Цахилдаг хичээл уулаасаа байхгүй. Харин энэ нь хичээлийг цахим хэрэгслэл ашиглан явуулах гэсэн оролдлого хандлага, санаа юм. Үүнийг ерөнхийдөө нь хувилбарт хичээл (alternative learning and teaching) гэж ярьдаг. Үүнд цахим сургалт (e-learning), ю-сургалт (ubiquitous learning), зайн сургалт, нээлттэй сургалт гэх мэт олон хэлбэр бий. TV -ийн боломжийг ашиглан явуулж байгаа онцгой үеийн бидний энэ видео бичлэгэн хичээл сургалт бол зайн сургалтын нэг энгийн, эртний болхи хэлбэр юм. TV сургалт, TV багш гэсэн хэллэгийг эндээс үүсгэж болно. Хэлбэр бүхэн өөрийн зохиомж, арга зүй, дидактик шийдэл, арга барилтай, үнэ хөлстэй ажил байдаг. Самбар шохойны шинэлэг хэлбэрээс гадна цахим ололтыг сургалтад хэрэглэхийг оролдож байгаа хэлбэрүүдээс робот багш, робот сурагч (масhine learning, machine teaching) гэсэн үг хэллэг үүсэв. Робот нь зааварчилгаанд суурилсан сургалтын утгаар ямар ч багшаас илүү байхаар болж байна. Хүн багшийг энэ утгаар робот багш маш сайн оролж чадна. Цалин нэмүүлнэ, амралтын мөнгө авна гэгчээр ажил олгогчдод хүн багш ихэд дарамт болдог тул тэд робот багшийг илүүд үзнэ. Сурагч ч бас зааварчилгаа төгс байх, шүлс шингэн нь үсэргэхгүй байх,дарамт үзүүлэхгүй, дуу хоолойн өнгө ньв эвлэг байх зэрэг эрүүл ахуйн утгаар нь робот багшийг илүү үзнэ. Робот багшаас тэгэхээр хүн багшид илүүрхэх зүйл ер нь байна уу? Хүн багш түүнээс илүү байж л цаашид үлдэх нээ дээ!
- Хүн багш самбарт бичиж өөртэйгээ ярих давамгайлсан энэ арга зүйгээрээ робот багшаас хэзээ ч илүү байж үл чадна. Их дорд, дорой байдаг. Хүн багш робот багшаас маш олон зүйлээр дутмаг юм, муу юм. Гэхдээ хүн багшид робот багш байдаггүй ганц л зүйл байна. Тэр хүнд байдаг, хүнийг угтаа хүн болгож байдаг чанар нь юм. Тэр нь уламжлалт сургалтад үгүйсгэж ирсэн авч хүнийг хүн байлгадаг, болгодог "сэтгэл хөдлөл" болно. Робот багшид сэтгэл хөдлөлийн хувирлыг бий болгож болно. Гэвч үүнд хүнийг хөглөх увдис байдаггүй. Ийм учраас робот багшаас хүн багш үүгээрээ ялгаатай байж л хүн багш мэргэжлийг авч үлдэнэ, үнэтэй байлгана, улмаар хүнийг робот биш харин хүн болгож хөглөнө. Үүний тулд багш нар робот багшийн арга зүйгээс аль болох эрт татгалз. Холд.Робот бүү бол.
Хүн багшийн явуулах хичээл сургалт бол үйлжсэн сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлжсөн үйл байх ёстой. Ийм арга зүй, дидактикт суралц. Эс чадваас холбогд. Эсвэл холд.
TV сургалтыг цахим сургалт гэж хий хийрхэн цахилж байх үедээ хүн багшийн үнэ цэнийг бүү алдагдуул, та нар.
Робот багшаар орлогдох цахим сургалт нэр шигээ л цахилан маш хурданхан мартагддаг бол хүн багшаар явагдах хичээл сургалт үйлжсэн сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлжсөн үйл байснаар тэр хэзээ ч үл мартагдана, үйлжсэн дурсамж, сэтгэлжсэн хөдлөжсөн холболт, биологи болно. Тэр цагт сурах бас баясал цэнгэл болдог. Хүн багш ийнхүү хүнийг баясал цэнгэлд хөтлөгч, хөглөгч болдог. Үүгээрээ л хүн багш робот багшаас эрс ялгагдана.
Робот болмоор байна уу, хүн багшаар үлдмээр байна уу?
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Жич. Сурах язгуур ухаан, багшлах язгуур урлаг олж харах. Цахимд бий.
Дараах сайтад орж хувилбарт сургалтын тухай эргэцүүл.
No comments:
Post a Comment