Thursday, September 7, 2017

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Зайлсан нь багшийн төлөө хэзээч "За" гэдэггүй, харин "тэрбумын" хэлтэрхий юм шиг томилгоог байнга хийхэд бол байнга "За, за" гэдэг засаг байсан.

Багш нарт болохоор шал дүлүү, завхай, завхрал, хэрүүлийн төлөө бол огт дүлий биш, ходоон, хоолон, хоосон засаг байсан.

Их хурлын энэ шийдвэр иймд буруу биш, харин их зөв, төв шийдвэр байв. Учир нь бидэнд дүлий засаг хэзээ ч хэрэггүй. Учир нь бидэнд өрөөлийн төлөө бус харин өөрсдийнхөө төлөө л алийгаа алдан гүйдэг засаг бүр ч хэрэггүй. Ийм хэрэггүйн жишээ нь энэ зайлсан засаг байв.

Харин бидэнд өрөөлийн төлөө, улсынхаа төлөө, багшийнхаа төлөө "За, за" гээд л гүйгээд байдаг, ажиллаад байдаг ажил хэрэгч засаг л их хэрэгтэй байна.

Ийм засаг ийм л шинжтэй.

-Данхар бүтэцгүй,

-Давхар дээлгүй,

-Утгагүй олон туслах ажилтангүй,

-Үндсэн ажлыг туслахаас нь ялгах, түүнийг бодитой өртөгжүүлэх мэдлэг чадвартай,

- Нийгмийн тархи болсон боловсролыг дампуурлаас гаргах үзэлтэй,

-Боловсролын зүрх нь болсон багшийг ядуурлаас аврах аргатай,

-Багш мэргэжлийг мэргэжил бүрийн эх, мэргэжил бүрээс их гэдгийг ухаарсан ухааралтай,

-Шилийнх биш харин шинжлэх ухаанч арга барилтай.


Ийм шинжийг бүрдүүлбэл тэр засаг шинжлэх ухаанч засаг, түмний засаг, сайн засаг байх юм.
Ирэх нь ийм л шинжлэх ухаанч засаг, сайн засаг байгаасай.

Зайлсан нь мэдээж, дүлий байсан, шилийнх байсан.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Tuesday, September 5, 2017

Багшийн нарын тэмцлийн өдөр

Багшийн нарын тэмцлийн өдөр


Бидний "Багш нарын баярын өдөр" гээд хийрхээд байдаг өдөр угтаа "Багшийн нарын тэмцлийн өдөр" юм шүү дээ. "Багш нарыг өөрсдийнхөө төлөө, мэргэжлийн төлөө тэмцэхчих вий дээ" гэсэн шиг энэ өдрийг "тэмцлийн биш" харин "шагнал"-ын өдөр болгоод удав.

Мянга мянгаар шагнаж, уралдуулаад л. Энгэрт нь медаль зүүж өгөөд л. Бид хөөрөөд л. Гэтэл үнэндээ, тэр шагналд багшийн ахуй амьдралд нөлөө, дэм болоод байгаа зүйл огт байхгүй байдаг. Ер нь, шагнал авах, өгөхөд учир бас бий. Нэгэн болсон явдлыг жишээ болгон та бүхэнд хуваалцаж байна.

Тээр жил би ханаараа дүүрэн одон медальтай атлаа сургуулийнхаа хажуугийн жижиг байрыг хөлслөн ядуу тарчигхан амьдарч буй нэг багш найзындаа очиж билээ. Нэг ангийн юм болохоор дэмий жаахан хөөрч байгаад түүнд шууд ингэж хэлэв.

"За, найз минь одоо энэ шагналаа боль. Энэ шагнал тань бүхэл бүтэн хана дүүрсэн байна ш дээ. Энэ солиорол шүү. Үүнийгээ боль. Найз минь, амьдралыг хөрөнгөний нийгмийнх нь утгаар бодитой хар. Хөрөнгөтөн нийгэмд энэ медаль, шагнал, хавтас чамд ерөөсөө туслахгүй, за. Харин цалин тань л нэмэр болно... Найз минь, яг одооноос, шагнуулж хууртахаас боль. Ухаар. Шагналын донгоо зогсоо...."

Ингэж хэлэхэд найз маань надад нилээд дургүйцэж "Чи шагнуулаагүй болохоор л ингэж байгаа юм" гээд авч өгч байж билээ. Энэ яриа тэгэсхийгээд өндөрлөв.

Харин дараа уулзахад надад тэр найз маань "Их баярласнаа" хэлээд "Би хууртаж, бусдад ашиглагдаж явсан байна лаа" гээд "Байртай болсон, машинтай болсноо" хэлэв. Түүний ийнхүү ярьж байхад нүдэнд нь нулимс хурсан байж билээ.(Тэр гэхдээ багшийн цалингаар биш, харин сургалтын бизнесээр хөлжичихсэн байв).

Багшийн нарын тэмцлийн өдрийг яг Хойд Солонгосын удирдлагууд шиг "баяр, шагналын өдөр" болгон хуурсан энэ хууртал, хулхидалтыг миний муу тэр найз шиг одоо нэг ухаарч, ухаж үзэхэд илүүдэхгүй мэт санагдана, багш нараа. Ер нь эргэцүүлээч, багш нараа. Яахав, шагнал өгнө гээд байвал авна л биз.

Гэхдээ энэ удаагийн багшийн нарын тэмцлийн өдрийг жинхэнэ утгаар нь багшийн цалинг нэмүүлэх тэмцлийн өдөр болгох нь "хэдэн зуун одон, медалаар шагнуулахаас" илүү утга төгөлдөр хэрэг мөн.

Багш нар маань дор дороо үүнийг нэг тунгаан эргэцүүлнэ биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!



Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш мэргэжлээ аврах энэ тэмцэл хөдөлгөөн бүр нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтлоос аврах; улс, төрөө авилгалын хар манангаас салгах, Монголоо зөв хөгжилд хөтлөх сэхээтний хувьсгалын очийг үсэргэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш нар олон жил тэслээ, тэвчлээ. Тэд их дарлагдлаа. Дорд үзэгдлээ. Тэвчээр алдагдлаа. Тэд ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авахаар хөдөлж эхэллээ. Тэмцэж эхэллээ. Олигархиуд тэдний багш мэргэжлээ аврах энэ тэмцлийг харин их тохуурсан янзтай харж байна. Тохуурхан ярьж байна. Тохуурхлыг өрөвч зөөлнөөр бус харин хатуухан хатуурхлаар хариулах хэрэгтэй. Эрх зүйн орчингоо сайн бүрдүүл. Тэгээд нэг мэдрүүлсэн шиг мэдрүүл. Ухааруулах гэж одоо цаг алдах хэрэгггүй. Харин зүгээр л мэдрүүл.


Энэ тэмцэл нь салбараа доройтлын хар ангалаас, улсаа дампуурлын хар нүхнээс татаж гаргах их үйлсийн эхлэл мөн.  "Цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ингэж нэгдэж эхлүүлсэн энэ цагийн 35000 багшийн энэ үйлс Монголын зөв хөгжлийн эхлэл байсан" гэж түүхэнд бичигдэх нь харин гарцаагүй.


Энэ тэмцэл үр дүнгүй болбол энэ улс багшгүй нийгэм болно. Ийм нийгэмд баар олширч номын санг эзгүйрч, соёл иргэншил үгүйрсэн байдаг. Энэ нь улс сөхөрч сөнөхийн язгуур шинж мөн.


Сөхрөх үү, Босох уу? Сөнөх үү, Сэхэх үү?


Ийм байдалд энэ улс ирчихээд байгаа нь багш, сэхээтний энэ ядуурлаас их харагдана. Авилгалаас илт ажиглагдана. Мулгуй, тэнэглэл газар авснаас тод нотлогдоно.


Улс нийгмийг уруудуулж учруулсан энэ аюулыг сэхээрсэн, мэдэрсэн багш сэхээтний энэ өндийлт манай улсыг зөв хөгжилд хүргэх маш чухал эгшин мөн. Энэ нь улс,нийгмээ бурангуйн хар дэглэмээс ангижруулах их үйлсийн эхлэл, сэхээтний хувьсгалын оч болж байна.


Иймд энэ эгшинг их гамнаж хэрэгтэй. Энэ мөчийг зөв залж ашиглах хэрэгтэй. Үүний төлөө нэг, цул, бүхэл болох хэрэгтэй.


Ингэж бүхэлжиж чадвал энэ тэмцлийг дийлэх хүч үгүй. Үүнийг хүн төрөлхтний түмэн түүх харуулдаг, хувьсгалын буман үүх нотолдог.

Багш нарын “багш мэргэжлээ аврах” гэсэн энэ хөдөлгөөн, тэмцэл улс нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтол, дампуурлаас салгах сэхээтний хувьсгалын оч болж үсрэх вий дээ. Тэсрэх вий дээ.


Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Friday, September 1, 2017

Зүгээр л мэдрүүл

Зүгээр л мэдрүүл


Хүн мэдэрч  байж ухаарч байдаг. Гэтэл багш нар маань ухааруулж мэдрүүлэх гээд л, уучилж, гамнаад л өөрсдийгөө ядартал, ядууртал илээсэн байх юм.

Ихэнх хүн амиа бодогч байдаг. Багшид хайртай хүүхдээ өгөөд явахдаа энэ багш энэ олон хүүхэдтэй өдөржин байхдаа мөн их ядардаг байхдаа гэж нэг удаа боловч боддог нь даанч цөөхөндөө, энэ нийгэмд.  Учир нь тэд мэдрээгүй байгаа юм. Тийм учраас "энэ нийгэмд багш мэргэжил их хэрэгтэй юм байна даа" гэж нийгмийн бүлгүүдэд мэдрүүлэх хэрэгтэй.

Тэдэнд ухааруулах гэж цаг алдах хэрэггүй. Ухааруулах гэж би гэхэд л хувьдаа 27 жил бичлээ. Худлаа гэвэл, http://undesniibolovsrol.blogspot.com - орж үз.

Ухааруулах гэж цаг алдах ерөөсөө хэрэггүй. Зүгээр л мэдрүүл. Учир нь мэдрэхээр тэд ухаарна. Багш нийгэмд ямар чухал үүрэгтэй юм вэ гээд л хашгиралдаад өгнө.

Одоо хашгирахгүй байгаа биз. Учир нь тэдний ихэнхи мэдрээгүй байгаа юм.

Тэгэхээр мэдрүүл. Зүгээр л мэдрүүл.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Эх үүсвэр дутаагүй, харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.

Бараг нэмэлт зардал гаргахгүй, үндсэн ажлыг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой өртөгжүүлээд, үндсэн бус ажлыг үндсэн бусаар бодит үнэлэх замаар багш нарт шаардаж буй үндсэн цалинг элбэгхээн өгч болно.

34 мянга хүрэхгүй л багшийн асуудал зөвхөн яригдаж байна. Сайд, яамны аппарат, бүтэлгүй, үр бүтээлгүй олон хэлтэс, дамжлагийнхан бүгд туслах ажилтанд хамрагдана.

Энэ хүмүүсийг гадаадад зугаалж явахад багш ажлаа хийж, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл хэвийн явагдаж л байдаг юм. Ийм ажил хийж буй хүн л нь үндсэн ажилтан, бусад нь туслах ажилтан байдаг.

Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа багасга. Үндсэн ажлыг бодитой өртөгжүүл.

2 хүнээр үндсэн ажил хийлгэхийн тулд манайд 8 туслах ажилтан бий болчихоод байна. Хувилан хэлбэл, үндсэн ажлыг хийдэг нь 20 хувь, хийрхдэг нь 80 хувь болчихоод байна. Уг нь эсрэг нь жам ёс юм. Үүнийг л боловсролын дампуурал гээд байгаа юм. Энэ дампуу байдал нь багшийг ядуурал хүргэж байна.

Үнэндээ, төсөвт онцын хүндрэлгүйгээр багшийн цалинг 1,6 сая буюу 650 орчим долларт элбэгхэн хүргэж болно.

Эсрэг тохиолдолд энэ улс багшгүй улс болно... Ийм улсад соёл иргэншил үгүй. Хурдан морь, хөлөрсөн бөх, уйлсан тамирчин харж огширсон гэх хачин сүрэг л бий болно. Баар олширч, номын сан эзгүйрнэ.

Тэгэхээр алийг нь сонгомоор байна. Алийг нь дэмжмээр байна.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 

Thursday, August 31, 2017

Монголд хэвлэлийн эрх чөлөө бодитой юу, бодьгүй юу?


 Монголд хэвлэлийн эрх чөлөө бодитой юу, бодьгүй юу?


"Багшийн цалин нэм" хөдөлгөөний 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн жагсаал, цуглаан бол үндэсний түвшинд орон даяар нэг цагт зохион байгуулалттай хийгдсэн маш арга хэмжээ юм. Mаш том жагсаалт юм. Маш том үйл хэрэг юм.

Нийгэмд өрнөж буй энэ том үйл явдал, жагсаал, цуглааныг ардчилсан гэх улсын чөлөөт гэх хэвлэл мэдээллийнхэн хэр дамжуулж мэдээлсэн бэ? Монгол нутгаар хүргэв үү? Дэлхийд дуулгав уу?

Бодит байдлыг бодитойгоор олон нийтэд тэд хэр хүргэв дээ? Энэ талаар түмэнд олон саналаа хэлээч.

Монголд хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэж байна уу?

Эсвэл шар үйлдвэрчний эвлэл гэдэг шиг хэвлэлийн эрх чөлөөгөө бор цаасаар худалдсан "бор" хэвлэл байна уу?

Энэ асуулт зөвхөн "багшийн цалин нэм" хөдөлгөөний хүрээний асуудал биш, харин "ардчилсан гэх манай улсад хэвлэлийн эрх чөлөө бодитой юу, бодьгүй юу? гэсэн ноцтой асуудлыг язгуур утгаараа хөндөж байгаа юм.

Трампийн хэлсэнчлэн худал хэвлэл (fake news) энд их хурдан амилсан байна уу?

Энэ талаар эргэцүүлж саналаа хэлээч. Хэлэлцээч.

Хэвлэлийн эрх чөлөөгүй нийгэм ардчилсан улс мөн үү? Мөн бол энэ зөрчил үү?

Нөгөө ардчилсан үндсэн хууль яав, хаачив? Нөгөө, ардчилсан үнэ цэнэ (value) яав?

МҮОНТ хувьсгалынх уу, хувийнх уу?

Энэ худалдагдсан уу, хулгайлагдсан уу?

Энэ талаар саналаа түмэн олон өргөөч.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
 

"Багш нарын түр хорооны гэх" зарим нөхдөд өгөх зөвлөгөө

"Багш нарын түр хорооны гэх" зарим нөхдөд өгөх зөвлөгөө

Замын эхэнд биш харин замын хажуугаас гэнэт гараад ирсэн зарим хачин нөхдөд ийм нэг зөвлөгөөг нийт багш нарын өмнө өгмөөр санагдав.


-Зураг бага авахуул.

-Микрофон бага булаалцалд.

-TV бүхэнд гүйж очиж утгагүй зүйл бага ярь.

-"Багш мөн үү, Багшилж байв уу" гэдгээ нэг бод.Өөрөөсөө асуу.



Цаана тань та хэдийн ходоодон хийрхлээс илүү 35 мянга багш нарын их эрх ашиг, язгуур сонирхол байгаа юм.

Энэ анхааруулгад шууд хамаарах нөхдүүд наад тань их байна лаа шүү.

Их эрх ашгийн өмнө ходоодон сонирхол тань юусан билээ, та нөхөд минь.

Ийм нөхдийн дүрийг ийнхүү дүрсэлж болно. Үс нь гелитэй, нүүр нь "маке-ир"-тай, ихэнхи нь хөх өнгийн костюмтай, эвлээрээгүй үгтэй, индэр булаалцдсан, утгагүй хийрхэлтэй, хуурмаг харцтай, жагсаалын эхэнд гүйж гарч түрүүлж "томорч" алхдаг.....

Энэ хүмүүс ходоодон сонирхлоо одоо дар. 35 мянган багшийн энэ нэгдлийг ядаж нэг удаа хүндэтгэ.

Ц.Лувсандорж

Багш цалин нэмэх түр хороог санаачлагч

Түр хорооны гишүүн

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Жич: Багшийн цалин нэмүүлэх энэ хөдөлгөөн цэвэр тунгалаг байдлаар нэгдмэл өрнөх ёстой.Энэ нь бусдын эрх ашгийн золиос болох ёсгүй. "Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн", "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" гэсэн үг хэллэгийн тээгч эхнээсээ цэвэр тунгалаг байх, утгатай байх, долдой биш байх хэрэгтэй. Энэ үүднээс энэ анхааруулгыг хэлэв.