Tuesday, June 25, 2019

Түгжрэлээс салах алтан харьцаа, алтан ёс

Түгжрэлээс салах алтан харьцаа, алтан ёс


Улаанбаатарчууд энэ хар түгжрэлтэйгээ хамт тэртээ гэрэлт ирээдүйг чиглэн хол явж хэзээ ч чадахгүй. Тэгэхээр энэ хар түгжрэлээс бид салах ёстой. Түгжрэлээс тэнэглэж байж хэзээ ч салахгүй, харин ухаалаг байвал маш амархан, тэгэхдээ бүр нэг ч төгрөг мөнгө зарахгүй салж чадна.

Үүний тулд ертөнцийн жам нууц болох нөгөө л алтан харьцаагаа сана. Алтан ёсыг бодно.
Улаанбаатар хотыг төвөөс нь алслагдах утгаар нь хэмжиж А,Б, В үндсэн гурван бүс, муж, тойрогт хуваах хэрэгтэй (Цаашид бүс тойрог гэе).
А бүс тойргийн ая тух, амжилт
А тойрог нь хотын ажил хэрэгч бүс, бизнес муж байх бол Б нь харин одоогийн УБ хотын өнөөгийн байдлын дүр зураг бүхий бүс, ажилгүй бүс, манан муж байх юм. B харин амар тайван, аз жаргалын бүс болно. Товчлон хэлбэл, А нь ажлын, Б ажилгүйн, B аз жаргалын муж юм.

А бүс тойргийн хязгаар, хилийг урдаас хойшоо чиглэлд 120 мянгатаас 32 -ын тойрог; баруунаас зүүн чиглэлд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тогтоовол одоогийн байдлаар онож мэднэ. Түгжрэл үндсэндээ энэ мужид л байна ш дээ.
А бүс тойрог нь ажил хэрэгч муж учир энд зөвхөн ажил хэрэг л өрнөж байх юм. Тэгэхээр энэ бүсэд машинтайгаа орж ирээд,түгжрэн ангайгаад л өдрийг өнгөрөөдөг хүн мэдээж хэрэггүй. Иймд энэ бүсэд суудлын машин үндсэндээ хэрэггүй болно. Энэ бүс тэгэхээр машингүй бүс байх юм.

Яахав, эхний үед одоогийн ихэнхи монголчуудын феодал сэтгэлгээнд тааруулж тэдэнд А бүсэд машинтай орж ирээд ангайгаад өдрийг өнгөрөөхийг зөвшөөрч болно, гэхдээ хотын А бүсэд машинтай явж ажил хэрэгч бүсийг муухай харагдуулсан, тэдэнд ажиллахад нь саад болсон, түвэг удсан гэсэн утгаар түүнд А бүс ашигласны өдрийн татварыг өндөр оноочих юм.

А бүсэд суудлын машинтай зорчсны өдрийн татварыг 100$-аас доошгүй тогтоочих. Үүний хамт А бүсэд харин ухаалаг, цэвэр тунгалаг, тохилог нийтийн тээвэр (трамвай, галт тэрэг (train), жижиг овирын маневер сайтай автобусыг дөрвөн зүг, найман зовхистод 15 минут бүрт үндсэндээ үнэгүй эргэлдүүлж байх ёстой юм. Мэдээж ийм автобус нь морь мал, ээж аав дуулахгүй, уйлаан, майлаан харуулахгүй харин зөөлөн аястай, гүн утгатай симфони эгшиглэж байхыг үгүйсгэхгүй. Бас цэмцгэр аюулгүй дугуйн түрээсийн үйлчилгээг ч бас бий болгоно.
Ингэхэд А тойргийнхон одоо машины түгжрэлд биш харин ажил, амжилт, ашгийн төлөө л цагаа зориулж тархиа ажиллуулна. Ая тухтай болно. Ногоон, ухаалаг болно.

Мөн А бүс ажил хэрэгч байдлаараа УБ хотоо гоёно. УБ-чууд соёлжино.Ажил цэцэглэнэ, амжилт ирнэ. Улс өнгө орно. Хот, хөдөөгийн ялгаа, зиндаа ч энд бас эс харагдахуйц харагдаж эхэлнэ.

А тойрог тэгэхээр ажил хэрэгч, ухаалаг, ая тухтай бүс тойрог байх юм.

Б бүс тойргийн ухаарал, дэвшил

А бүс тойргийн гадуур алтан харьцаагаар тойрч орших Б бүс тойрог нь харин одоогийн УБ хотын өнөөгийн нийтийн тээврийн байдлын дүр зураг бүхий бүс, ажилгүй бүс, манан муж байх бол тэнд юм л юм л хэсэгтэй байх юм.

Б бүсээр морь мал, хөдөө хээр, уйлаан, майлаан сонсонгоо нийтийн автобусанд хоол, өвчин, эм, үржил гэсэн дөрвөн сэдвээр задгай чангаар хашгирч ярингаа манарч ирсэн этгээд нь А бүс тойрогт тэр шигээрээ авирлаж хотын төв А бүсэд нэвтэрч одоо болохгүй. Ядаж цэвэр ухаалаг автобусанд цэвэр, ухаалаг байхад суралцангаа нэвтрэх болно. Үүний тулд тэр урт бохир заваан автобуснаас бууж хотын төвийнхөд сууна.

Мөн энэ бүс тойргоор элдэв янзын машиндаа ихэвчлэн ганцаараа тамхи татангаа түгжрэнгээ, сигналаараа хэрэлдэнгээ ирсэн жолооч одоо А бүсэд шууд нэвтэрч орохгүй харин ухаалаг, ажил хэрэгч бүс тойрогт саад учруулж байгаагийн төлбөр татвар төлнө эсвэл хогон машинаа парк тавиад ухаалаг цэмцгэр хотын төвийн үнэгүй автобусанд сууж бас болно.

Энд тэд энэ сонголтыг хийнгээ аажмаар ухаарна. Энэ ухаарлын явцад тэд орлоготой болно, хуримтлалтай болно, эцэстээ ажил хэрэгч болно. Хиргүй болно. Хэл ам нь цэвэр цэмцгэр болно. Нийтийн автобус, нийтийн газар нийтийн соёлоор л явахад суралцаж ухаажина. Ийм учраас энэ бүс тойрог өнөөгийн манарсан монголчууд бидний ухаарлын том тойрог байх юм.

В бүс тойргийн амар тайван, аз жаргал

Б бүс тойргийн гадуур алтан харьцаагаар тойрч орших В бүс тойрогт одоогийн зуслан ирээдүйн эдлэн газар хамрагдана. Энэ бүс, түүнээс цааш л одоогийнхны хотын төвдөө ганцаараа хөллөгдөн давхиж явдаг нөгөө том машин тань хааяа хааяа харна. Гангарахдаа бус харин эцэстээ найдвартай, тухтай байх зайлшгүй хэрэгцээгээр тэр том тэнд хаяа хаяа харагдаж байгаа тэр. Тэр том машины зориулалт нь хотын төвд биш харин уул даваа элдэвтэй холыг амар тайван туулахад л байдаг юм ш дээ.

Энэ бүсийнхэн амар тайван нь байгальдаа, аз жаргал мөн чанарыг барьсандаа л байх юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг ийнхүү алтан харьцаагаар бүсчилэн тойрогжуулснаар Улаанбаатарчууд түгжрэлээс нэг ч төгрөг зарахгүйгээр зөвхөн зохион байгуулалт хийх замаар гарч чадаж байна. Энэ нь сайн хэрэг. Үүнээс ч сайн нь түүнд бас бий.

УБ -чууд бид түгжрэлтэй хэсэгхээн хэсгийг туулах гэж хэдэн цагаар түгжрэн хайран цаг, хайран мөнгө, хайран эрүүл мэндээ хаяж хэрэлдэн харлан суудаг энэ бурангуй тэнэг байдлаа гунигт түүх болгон ичиж үлдээн жам ёсны алтан харьцаа, алтан ёсыг дагахын алтаар ч цэнэглэгдэхгүй ач тусыг ухааран хүртэж түүнийг үнэт, цэнэт соёл болгоход үүгээр суралцаж байгаад түгжрэлээс салах алтан харьцаа, алтан ёсны үнэн үнэ цэнэ нь оршиж байна. Энэ бол бүүр ч сайн хэрэг нь юм.

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр



Monday, June 24, 2019

Эх хуулийн энэрэнгүй ёс хаагуур байна аа!

Эх хуулийн энэрэнгүй ёс хаагуур байна аа!

Бид тань эх хууль ёсоороо бол хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулж байгаа гэл үү!

Амьтан хүнтэй зовдог, шаналдаг байдлаараа яг л ижилхэн. Зовлон шаналанг мэдэрсэн хүн амьтныг түүнээс ангид байлгах гэж их тэмүүлдэг юм. Эргэх хорвоогийн өнгө, үнэн ёс харвал хүн амьтан, амьтан хүн хоёр угтаа энэ эгшинд хэлбэрийн төдий л ялгаатай бус уу!

Амьтны эрхийг бидний энэрэнгүй үзэлтэн монголчууд бид ярих, бас эргэж харах цаг болжээ.
Том хар машинаар зам дээр нохой дайрчихаад бууж ч үзэлгүй улаан зам дээр улаантай хольж орхисон тохиолдол өнөөдөр Шарга морьтын зуслангийн нэгэн амын нэгэн замд болжээ.

Хөөрхий тэр нохойн цогцос ялаанд даруулаад улаан замд хэвтэж байгааг хараад ядаж эвгүйрч энэрэнгүй үзлээ гарган цогцсыг ядаж замаас зайдуулж байгаа нь энэ улсад хэд байна аа!

Бид тань эх хууль ёсоороо бол хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулж байгаа биз!

Иргэдээ хүмүүнлэг, энэрэнгүй болгох нийгмийн үүрэг хүлээсэн боловсролын яам, сургалтын хөтөлбөр, хичээл, сургалт тэр энэрэнгүй ёсны хаагуур морилж явна даа, сайд аа! Дарга аа!

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Saturday, June 22, 2019

Боловсролын салбарын эмгэнэл

Боловсролын салбарын эмгэнэл

Саяхан төгсөлтийн шалгалтаар мөнгө хүүлсэн. Одоо элсэлтийн ерөнхий шалгалтаар мөнгө хүүлж байна. Ингэхдээ боловсролын салбар нураад уначихснаа нуухын тулд хар массын тархи эргүүлсэн өөр гоё үг олж хэрэглэнэ. Тэр нь хэмжээст оноо юм.


Хэмжээст оноо гэдэг нь дундаж, стандарт хазайлт хоёрыг сонгож (магадгүй, өнгөрсөн жилийнхийг авсан байх) стандарт хазайлтаар хэмжсэн оноог тэнцүүлэхэд гарч байгаа оноо юм. Энэ оноогоор сонсоход гоё, их тоо нь жинхэнэ гүйцэтгэлийн цаас дээрх хувиараа бол тун бага тоо байдаг. Улсын дундаж нь 20-30 байдаг юм ш дээ.

Үүнийг энгийнхээр хэлбэл, муу сурлагатанг монголын их дээд сургууль урилгаар элсүүлж байна гэсэн үг л дээ.

Их дээд сургууль нь болохоор яам л ингэж шийдсэн дээ гээд л мөнгөө л төлсөн бол шар халзан хонинд ч болов хамаагүй хуурамч дүн шидсээр эцэстээ чадваргүй амьтанг төгсдөг. Онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд гэдэг ингэж бий болдог юм. Ажлын байранд гологддог, тэд. Тэр орон зайд нь гадаадын нэртэй этгээдүүд цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл мөнгө хүүлдэг, эзэлдэг. Мөнгө хийдэг.

Энэ бол өнгөрсөн 30 жилийн энэ салбарын эмгэнэл юм.

Хөөрхий монгол минь.

Хөөрхий монголд минь мэдлэг цэнэтэй болж мэдлэгээр удирддаг цаг ирнэ ээ.

Тэр цагт боловсролын салбар хүүхэд залуусын сурах, амьдрах хүслээр шат шатанд мөнгө хүүлдэг салбайсан салбараа больж харин тэр байгалийн болон нийгмийн баялагийг тэдэнд тэгш хүртэх, хүртээдэг хүний хөгжлийн салбар, талбар болсон байх юм.

Мэдээж тэр цагт энэ салбарын сайд нь салбарын хөгжлийн саад биш харин мэргэжлийн, ажлаа мэддэг, салбараа мэдэрдэг манлайлагч, хүмүүнлэг үзэлтэн, гүйцэтгэгч байх юм.

Хөөрхий монгол минь тэр цагт хөгжсөн монгол болсон байна.

Хөөрхий хүүхэд, залуус минь тэр цагт хүсэл тэмүүллээрээ эх орондоо хувь нэмэр оруулж түүндээ хөгжилтэй, инээдтэй, баясалтай байдаг өнгөлөг иргэд болсон байх юм.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Wednesday, June 19, 2019

Үндсэн хуулийг босгох математик аргачлал



Үндсэн хуулийг босгох математик аргачлал

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийн хэсгээс хэсэг харав. Хэрэггүй, бүр ганцаараа байгаа атлаа тэс хийтэл инээд алдахад хүргэсэн марзан, мангардуу зүйл олныг олж сонсов. Анхны хэлэлцүүлэгт нэг иймэрхүү юмыг та нар хээв сонссон байгаа даа:

“27 жил болсон учраас нэмэлт өөрчлөлт хийх шаардлага гарсан”. “Энэ хугацаанд нийгэм их өөрчлөгдсөн учраас нэмэлт өөрчлөлт хийж байгаа юм”...”Үндсэн хуулиар “малыг төр хамгаалахаар болсон нь малчинг хамгаалалтад хүргэсэн”. “ Үндсэн хуулинд ёс суртахууныг тусгаж оруулмаар байна”...”Хүн бүр тэнцүү биш, ялгаатай”.... “Норвеги ингэж заасан байна, Канад тэгсэн байна...”, “Орон нутгийн гүйцэтгэх удирдлага болох засаг даргыг нэгэн зэрэг сонгоно, бас томилно”...."Байгалийн баялаг төрийн өмч байна"....

Гэвч Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэгт “нэмэлтээр оруулж байгаа ийм заалт нь одоо байгаа тийм заалттай зөрчилтэй байна, эсвэл утгын давхцалтай байна, эсвэл хамааралгүй байна, эсвэл шинээр оруулж байгаа заалтууд нэмэгдээд энэ хууль бүхэлдээ манай нийгэм улс оронд байж болох боломж бүх асуудлын шийдлийн хууль зүйн үндэс болж чадна гэх зэрэг утга агуулга бүхий санал харин даанч хомс сонсогдох юм. Хомс гэж дээ, ерөөсөө алга л байна. Яаж мангартаж байна аа, бид тань!

Математикаар л хар л даа!

Үндсэн хуулийг аксиоматик тогтолцооны болхидуу загвар, дүрслэл гэж бодоод, наадахаа, аксиоматик сэтгэлгээ, аксиоматик хандлагаар харж, шинжиж, гоёж Үндсэн хуулиа гангар хээнцэр, цэмцгэр, хүчирхэг болгон босго л доо.

Ингэхэд тань хэрэг болж мэдэх хэдэн зөвлөгөөг аргачлал болгон ажлын хэсгийн Та бүхэнд ч, ажиглаж суугаа ардуудад ч мунхаглан үүгээр ингэж хүргэж байна. Үүнд:

Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн чөдөр биш харин хөгжлийн үндсэн хөтөч болох үүргээр нь ухаарвал түүний агуулга нь үнэт зүйлийн суурь тогтолцоо болох тул түүнийг дараах дөрвөн бүрдлээр бүтэцлэвэл зохино.

1. Үндсэн ухагдахуун, ойлголтыг тодорхойлсон тодорхойлолт

2. Үндсэн харьцаа тодорхойлсон тодорхойлолт

3. Монгол түмэнд математикийн аксиом мэт үнэн, үнэт цэнэтэй байх атлаа хөгжлийн хөтөч болох чадалтай өгүүлбэр, заалт

4. Гаргалааны дүрэм лугаа хэрэглэгдэх зарчим

5. Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар

“Үндсэн ухагдахуун, ойлголт хэсэгт” энэ улсын түүх, соёлоор өнгөрсөнд бий болсон, одоод байгаа, ирээдүйд амьд болох ухагдахуун, ойлголтыг үндсэн, суурь гэдэг утгаар тодотгон ялгаж, агуулгыг нь нэг мөр болгон тодорхойлж өгнө. Жишээлбэл, хүн, амьтан, байгаль, дэлхий, ертөнц, үнэн, худал, сайн, муу, сайхан, муухай, орших, одох, үхэл, амьдрал, эрх чөлөөн тухай монголчуудыг нэгтгэсэн ойлголт, ухаарлыг нэгсэх бичих хэрэгтэй болно. Тухайлбал:

-Хүн бол бие, оюун, сэтгэл бүхий оршихуй юм. ...Амьтан бол хүн биш оршихуй....

-Хүний эрх гэдэг хүн хийхэд түүнийг нь монголчууд зөв, төв гэж үзэх үйлийн хэм хэмжээг хэлнэ...

-Амьтны эрх гэдэг ...

-Байгаль ...

-Дэлхий-

-Ертөнц...

-Төр..

-Засаг..

-Үнэн..

-Худал..

-Үхэл

-Амьдрал

-Эрх чөлөө...

-Шашин

-Энэрэнгүй...

-Ардчилсан ...

Энд үндсэн ухагдахуун, ойлголт гүйцэт, бүрэн байхаар ялгагдсан уу гэсэн асуулт гарч ирдэг. Үүний шийдэхэд ардаас сонгогдсон их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний сэхээрэл, гэгээрлийн түвшин их хэрэгтэй байдаг.

“Үндсэн харьцаа” хэсэгт үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд байж болох харьцаанаас үндсэн, суурь болохыг нь ялгаж тодотгон бичсэн байна. Жишээлбэл, хүн хүнтэйгээ харьцах, хүн байгаль, ертөнц, дэлхийтэй харьцах харьцаанаас үндсэнг ялгаж гаргана. Тухайлбал.

-Хүн өөртэй харьцах үндсэн харьцаа. Эргэцүүлэх, бодох, өөртэйгээ ярих, харилцах

-Хүн өрөөлтэй харьцах. Хүн хүнтэйгээ харьцах үндсэн харьцаа юу вэ?

Ярилцах уу, харилцах уу, боолчлох уу, эзэнчлэх байх уу?

Хүн ялгаатай юу, тэнцүү юу, тэгш үү, адил уу? Тэмцэлдэх үү, тэрсэлдэх үү, эсвэл хүндэтгэх үү, хайрлах уу? Үржих үү, Гэрлэх үү?

-Хүн амьтантай харьцах үндсэн харьцаа юу вэ?

Идэх үү, эсвэл ашиглах уу, эсвэл , Хайрлах уу, Хамгаалах уу? Эсвэл аль нь ч биш үү?

-Хүн байгаль, дэлхий, ертөнцтэй харьцах үндсэн харьцаа вэ?

Ашиглах уу, хамгаалах уу? Сүйтгэх үү, хамтран орших уу? Эсвэл аль нь ч биш үү?

-Шашин, улс нийгэм, хүний хоорондын үндсэн харьцаа юу вэ?

Манай улс шашинт улс уу, шашингүй улс уу?

Энд бас үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд үүсэж болох боломжит бүх харьцаанаас үндсэн нь бүрэн гүйцэт байхаар ялгагдсан уу гэсэн асуулт зайлшгүй гардаг. Үүний шийдэхэд их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний шинжээчийн чанар, чансаа хэрэгтэй. Бас танигддаг юм.

Гуравдугаар хэсэгт нь Монгол түмэнд “Хоёр цэгийг дайруулан цор ганц шулуун татаж болно” гэдэг шиг 27 жил бүү хэл 3000 мянган жилд ч, ерөөсөө цаг хугацааны уртаас үл хамааралтайгаар үнэн байж орших, хүлээн зөвшөөрөхүйцээр орших хүч чадалтай аксиом мэт өгүүлбэрийг жагсаан бичнэ. Энэ нь үнэндээ эх хуулийн үндсэн заалт болох юм. Энэ утгаар нь ийм хуулийг үндсэн хууль гэж нэрлэдэг.

Үндсэн хуулийн заалт гэж нэрлэгдэх аксиом мэт орших тийм өгүүлбэрийг бичнэ гэдэг ажлын хэсэг төдийхний хийчих зүйл биш юм. Бас нэг хоёрхон хэлэлцэншүү болоод ард түмнээсээ асуусаншуу болоод баталчихдаг эд биш. Иймэрхүү марзан байдлаар өрнүүлбэл тэр нь үндсэн нэртэй хөгжлийн үндсэн чөдөр л болдог. Харин тэр нь Үндсэн хууль гэгдэх хөгжлийн үндсэн хөтөч болж хэзээч чаддаггүй. Үүнийг ганц өгүүлбэрээр энд жишээ болгон үзүүлье.

Бүх хүн тэнцүү бүтээгдсэн (All men are equally created). Энэ өгүүлбэрийг Томас Жефферсон Америкийн тусгаар тогтнолын тунхаглалдаа анх хэрэглэсэн юм. Энэ өгүүлбэрийн утга санаа эцэстээ хаангүй улс, Бүгд найрамдах улсын эх үндэс болсон байдаг. Гэтэл саяхны болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх анхны хэлэлцүүлэгт “ Хүн ялгаатай, тэнцүү биш” гэсэн санааг тод хэлсэн, тод гарсан. Хэрэв энэ санаа үндсэн хуулийн заалт болбол манай улсын хөгжил эцэстээ 1776 оноос өмнө үеийн хүн төрөлхтний түүх рүү эргэж очих юм. Хэн нь эзэн байхаар заяасан, хэн нь боол байхаар төрсөн гэдэг дээр зөрчилдөж тэмцэлдсээр, эцэст нь ялсан нь эзэн, ялагдсан нь боол болох замдаа орно л гэсэн үг юм. Эх хуулиндаа зөрчилдвөл эх адаггүй тэмцэлдэнэ гэдгийг утга санаа энэ.

Энэ мэтээр ямар өгүүлбэрийг яаж томьёолж Үндсэн хуулийн заалт болгох эсэх дээр их эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж эргэцүүлэхдээ энэ заалт хөгжлийн үндсэн чөдөр үү, эсвэл хөгжлийн үндсэн хөтөч үү гэдгийг онцгойлон эргэлдүүлбэл зохино.

“Гаргалгааны дүрэм” хэсэгт сэтгэлгээний ямар хэлбэрийг зөв, үнэн, эрүүл гэж үзэхийг ялгаж, тэр хэлбэрээр яаж бодох, сэтгэх, ярих, ойлгохыг тогтох ёстой юм. Энэ бол үндсэн хуулийн бусад хэсгээсээ дутахааргүй хэцүү бас чухал хэсэг нь байдаг. Учир нь, энэ нь эцэстээ манай нийгмийн сэтгэлгээний хэв маяг, бүлүүдийн ойлголцлын дүрэм, хэл болох юм. Хуулиар хөтлөх, засаглах (Rule of Law) гэдгийн утга учир энд бас оршино.

Жишээ болгон “Хүн гэрлэж болно” гэсэн өгүүлбэрийг авч үзье. Хүн зөвхөн эр, эм хүйстэй байна гэж үзэх нь уламжлалт хандлага сэтгэлгээ байж мэднэ. Эндээс уламжлалт сэтгэлгээгээр эр эм хүйстэн л гэр бүл болно гэсэн утга гарч мэднэ. Энэ нь формаль логикийн гуравдахийг үгүйсгэх хуулийг гаргалгааны дүрэм болгон мөрдөж байна аа гэсэн үг. Олон утгат логикоор харвал хүн хүйсийн хувьд эр, эм, эр ч биш, эм ч биш гэсэн дор хаяж гурван уггатай байж болно. Олон утгатай гаргалгааны дүрмийг баримталбал энэ өгүүлбэрээс янз бүрийн гэр бүл байж болохоор л болж байна даа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн “...Орон нутгийн гүйцэтгэх удирдлагыг сонгоно, бас томилно” гэсэн утгад хүргэдэг заалтууд ч бас гаргалгааны л дүрэмтэй холбоотой юм.

Энэ мэтээр харвал гаргалгааны ямар хэлбэр, дүрмийг баримталж үндсэн хуулиа мөрдөх нь бидний онцгой анхаарвал зохих нэгэн зүйл бас мөн.

“Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар” хэсэгт бид үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслалыг хэрхэн ойлгох тухай тайлбарласан байна. Энэ хэсгийг унших нь эцэстээ Монголын түүх соёл, ухаарлын өнгөрсөн, одоо, ирээдүйг уншихтай дүйцнэ. Энэ нь иймд ийм л чухал үндсэн хуулийн ухаарлын хэсэг болдог юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг математик утгаараа, үндсэн ухагдахуун, үндсэн ойлголтод ч, үндсэн харьцаанд ч, бас үндсэн заалтуудад ч, эцэстээ гаргалгааны дүрэм ч өөрчлөлт орж байна гэсэн үг. Яагаад гэвэл, нэг заалт өөрчлөгдөхөд аксиоматик тогтолцооны зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт байхтай холбоотой дараах үндсэн асуулт шинээр дэвшигддэг юм.

Зөрчилгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусадтайгаа зөрчилтэй юу?

-Хамааралгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусдаасаа хамааралгүй юу?

-Гүйцэт байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бүхий үндсэн хууль нь цаашид байж болох аливаа асуудлыг шийдвэрлэж байх, хөгжлийн хөтөлж байх утгаар гүйцэт үү?

Үндсэн хуульд ганц ч болов заалт өөрчлөх нь иймд үндсэн хуулийг шинээр босгохтой математик утгаараа ч, ажлын утгаараа ч адил тэнцүү утга учиртай байдаг. Иймд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг тийм ч оносон хэллэг биш. Бас хөөрхөн хуурмаг, муухай заль мэх ч түүнд нуугдаж байж мэднэ. Харин үндсэн хууль бүтээнэ гэвэл ононо оо.

Бүх зүйл математик. Математик бүх зүйл. Ийм учраас үндсэн хууль ч математик. Математик ч үндсэн хууль. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ч математик л юм. Ийм учраас үндсэн хуулийг математикаар харж, аксиоматикаар хандаж босгож чадвал тэр зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт, ганган, хээнцэр, хүчирхэг, чадварлаг болдог. Ингэж бүтээгдсэн Үндсэн хууль хөгжлийн үндсэн хөтөч болдог юм. Эсрэг нь буюу математикгүй нь харин хөгжлийн үндсэн чөдөр л байдаг юм.

Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн хөтөч байлгах уу эсвэл хөгжлийн үндсэн чөдөр болгох уу?


Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Monday, June 17, 2019

Мөнгө хүүлдэг ЭЕШ, залхуу их сургууль хоёр

Мөнгө хүүлдэг ЭЕШ, залхуу их сургууль хоёр

ЭЕШ бол хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлж байгаа зүгээр л хэрэггүй зүйл ш дээ. Шалгалтын хураамж гэхэд хэд хэдэн тэрбумаар яригдана. Гэнэт идвэл гэдсэнд гэмтэй гэдэг шиг болж боловсролын үнэлгээний төвийн олон захирал ч торонд дуудагдсан даа. Лав л гурав нь дуудагдсан. Яагаад? Гэнэт хөрөнгөживөл насанд цөвтэй гэдэг ш дээ.

Их сургууль элсэгчидтэй байх эсэх нь их сургуулийн асуудал болохоос яамны асуудал, түүний дэргэд бий болгосон төвийн асуудал ч биш юм. Их сургуулиуд элсэгчидтэй байх нь, ер нь оршин байх нь, зах зээлийн асуудал юм. Тэр нь эрэлт, нийлүүлэлт, зохицол,нийцэл гэсэн л үг л дээ.

Энэ нь их сургуульд оюутан ингэж л элссэн гэсэн үг юм.

Элсэгч нь эхлээд тухайн их сургуулийг яагаад сонирхож байгаагаа харуулсан сайн, сайхан эсээ бичиж, их сургуулийн өргөдлийг цахим бөглөөд, цаасаар гаргаад хичээлийн жилийн аль нэгэн эгшинд илгээнэ. Мэдээж эсээ унших шинжээчийн хөлс, хариу илгээх шуудангийн зардал, за тэгээд, бусад аар саар үйлчилгээний хөлс болох элсэлтийн хураамж хэдэн долларыг төлснөө бас батална.

Элсэгчийн хүсэлтийг хүлээн авч эсээг нь уншиж, үйл явцыг хараад элсэгч болчихож мэдэх, чадамжтайг нь ялгаж ярилцлагад урина. Үлдсэнд нь яагаад уг сургуульд элсэх хэрэггүй болохыг тайлбарласан хариу захиа илгээнэ. Үүнд нь мэргэжлээ зөв сонго гэсэн зөвлөгөө голлох юм.

Ярилцлагыг утсаар хийж, дууны өнгө, аяс, хэлний бодит чадварыг шалгаад л их сургуульд тухайн хүнийг элсүүлэх, эс элсүүлэх талаар элсэлтийн комисс нь шийдвэрээ гаргаж, урилгаа илгээнэ. Ингээд л гүйцээ. Бөмбөрцөг өнөөдөр энэ талаар нэг иймэрхүү соёлтой байна ш дээ.

Хүний төлөө нийгэм, хүүхдийнхээ сурах хүслээр мөнгө хүүлдэггүй нийгэмд хойч үе нь их сургууль элсэх, мэргэжил эзэмших гэдэг ийм л энгийн, гэхдээ тийм л мэргэжлийн байдаг.
Хийх зүйлээ мэддэггүй улс л хий дэмий их хөөрдөг. Мэдэн будилж мөнгө хүүлдэг. Холин бантан хутгадаг. Эрх мэдлээ буруугаар ашигладаг.

Их сургуульд элсэх гэдэг нь хүүхдийн хүсэл, их сургуулийн хэрэгцээний зохицол, нийцлийн тухай асуудал болохоос ялсан намын сонгуульд хандивлах мөнгийг хүүхдээс цуглуулж байгаа юм шиг авирладаг, аашилдаг манай нөгөө мангар ЭЕШ биш юм.

Манангийн үед бий болж манарч байгаа энэ ЭЕШ бол зүгээр л мөнгө хүүлэх хэрэгсэл. Үүнийгээ больж оюутан элсүүлэх ажлыг нь ажил үүргийнх ч утгаар, их сургуулийн академик эрх чөлөөг ч хүндэтгэх ч үзлээр ч наад залхуу их сургуулиудаа олго.

Амаа ангайгаад хэвтэж байхад тань одоо олигтой оюутан элсэхгүй гэдгийг энэ цагийн монгол гуниг болсон наад 97 их сургууль тань ядаж ухаараг.

Яам нь наад гутамшиг болсон болхи лоббигоо одоо боль. Гуниг л байна ш дээ.
Яам нь яам шигээ, их сургууль нь их сургууль шигээ л бай л даа.

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Friday, June 14, 2019

Өнгөрсөн боловсролын өнгөрсөн сайд нар уучлалт гуй


Өнгөрсөн боловсролын өнгөрсөн сайд нар уучлалт гуй

Өнгөрсөн 30 жилийн боловсролын сайд нар зэрэгцэж сууж байгаад боловсролыг өөд татаж чадаагүй, харин өөдгүй болгосныхоо төлөө нийт ард түмнээс уучлалт гуйчих хэрэгтэй юм. Ингэхдээ бас уйлбал сайн.

Ингэх нь лав л гурван зарчмын ач холбогдолтой байна. Үүнд:

Нэг. Дурын дундаж энэ салбарыг удирдаж болохгүй юм байна аа гэсэн ухаарлыг намчин бүрт өгч байгаагаараа нэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, намчинг хэр хэмжээгээ мэддэг болоход нь нэмэр болох юм.

Хоёр. МАН-АН ийнхүү боловсролын сайдаар намчингаа шагная гэж бодсон ч хариуцлага, энэ уучлалт, тэр уйлалтаас болоод хүний хөгжлийн сайд больё гэх, энэ алба, ер нь өөрт нь одоогийнх шиг их амархан багтаад байх намчин олдохгүй болсон байх тул мэргэжил шаардах энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах зөв, төв замдаа орох юм. Энэ бол тэдний буруугаа нийтийн өмнө хүлээн уучлалт гуйх энэ үйлийн тун чухал ач тус нь бас мөн.

Гурав. Боловсролыг дампууруулж, боловсролын бодлогыг хүүхэд, залуусын сурах, амьдрах хүсэл тэмүүллээр мөнгө хүүлэх гадаад, дотоодын мөнгө хүүлэгчдийн хүслийг хангагч хэрэгсэл болгож, өөрсдөө тэдний гар хөл болсон одоогийн боловсролын яамныханд нийтээр нь нэг дор нь түүхэн хариуцлага хүлээлгэж, энэ салбарыг мананцар, довонцороос салгаж, харин мэргэжлийн шилдэг, шилмэлүүдээс бүрдүүлснээр боловсролын яам болдоггүй, болхи биш харин хүний төлөө хөгжлийн яам болох жам ёсны замдаа орох юм. Энэ бол тэдний уйлж гуйх уучлалтын түүхэн чухал ач холбогдол мөн.

Бурууг засаж байж зөв болно. Өөр зам байхгүй.

Ийм учраас өнгөрсөн боловсролын өнгөрсөн бүх сайд дээр дурдсан түүхэн сургамж, ач тусыг нэг бодон цугларч зэрэгцэн сууж байгаад монголын ард түмнээс уучлалт гуйх нь маш зөв. Ингэж тэд уучлалт гуйхдаа нэгэн зэрэг уйлбал бүр ч сайн.

Тэгэж байж буруу засагдана. Ингээд л бид зөв, төв замдаа орно. Гоё.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Wednesday, June 12, 2019

Хөгжмийн тухай хоёр үг

Хөгжмийн тухай хоёр үг


Хөгжим бол нэг талаасааа, хувь хүн бие, оюун, сэтгэлийнхээ нэгсэл, найрсалыг олж, бүтэн хөгжих, бүхэл хөгсөхийн ухаан, нөгөө талаасаа, улс орон ийм хөгссөн иргэнээ төвд нь байлган төв, зөв, бүхэл хөгжлийг бүтээх урлаг юм. Ийм учраас хойч үеээ хөгжмийн ухаанд суралцуулж, хөгжмийн урлагийг эзэмшүүлэх нь энэ дэлхийн улс орон бүхний боловсролын бодлогын үндсэн асуудал, ер нь, тэдний туйлын зорилго болж байдаг.

Хөгжсөн улс оронд хүн нь хөгссөн байдаг. Хүн нь хөгссөн оронд улс нь хөгжсөн байдаг. Хөгжим ийм л чухал.Хөгжмийн чухлыг Гауссын математикийн чухлын талаар хэлсэнтэй ийнхүү харьцуулж хэлж болно.
“Математик шинжлэх ухааны хаан. Хөгжим хааны хаан”.

Ийм учраас дэлхийн аль ч улсад хөгжмийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг хэрхэн оновчтой зөв хөгжүүлэх вэ гэдэг асуулт эгшин бүхэнд дэвшигдэж, цаг бүрт хэлэлцэгдэж байдаг.
Монгол Улсын бага, дунд боловсролын хөгжмийн сургалтын хөтөлбөрийг хүн хөглөгдөж, хөгссөн байхаар хэрхэн хөгжүүлэх вэ, хөг оруулах вэ?

Хөгжмөө хөглөж хүнээ хөгсгөх нь иймд манай улсад хүн төвт хөгжлийг авчрах урт гэхдээ бодит арга зам нь юм.

Хөгжмийн тухай энэ хоёр үгийн үнэ цэнэ нь ч мөн үүнд л оршино.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр