Өнгөрсөн боловсролын өнгөрсөн сайд нар уучлалт гуй
Өнгөрсөн 30 жилийн боловсролын сайд нар зэрэгцэж сууж байгаад боловсролыг өөд татаж чадаагүй, харин өөдгүй болгосныхоо төлөө нийт ард түмнээс уучлалт гуйчих хэрэгтэй юм. Ингэхдээ бас уйлбал сайн.
Ингэх нь лав л гурван зарчмын ач холбогдолтой байна. Үүнд:
Нэг. Дурын дундаж энэ салбарыг удирдаж болохгүй юм байна аа гэсэн ухаарлыг намчин бүрт өгч байгаагаараа нэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, намчинг хэр хэмжээгээ мэддэг болоход нь нэмэр болох юм.
Хоёр. МАН-АН ийнхүү боловсролын сайдаар намчингаа шагная гэж бодсон ч хариуцлага, энэ уучлалт, тэр уйлалтаас болоод хүний хөгжлийн сайд больё гэх, энэ алба, ер нь өөрт нь одоогийнх шиг их амархан багтаад байх намчин олдохгүй болсон байх тул мэргэжил шаардах энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах зөв, төв замдаа орох юм. Энэ бол тэдний буруугаа нийтийн өмнө хүлээн уучлалт гуйх энэ үйлийн тун чухал ач тус нь бас мөн.
Гурав. Боловсролыг дампууруулж, боловсролын бодлогыг хүүхэд, залуусын сурах, амьдрах хүсэл тэмүүллээр мөнгө хүүлэх гадаад, дотоодын мөнгө хүүлэгчдийн хүслийг хангагч хэрэгсэл болгож, өөрсдөө тэдний гар хөл болсон одоогийн боловсролын яамныханд нийтээр нь нэг дор нь түүхэн хариуцлага хүлээлгэж, энэ салбарыг мананцар, довонцороос салгаж, харин мэргэжлийн шилдэг, шилмэлүүдээс бүрдүүлснээр боловсролын яам болдоггүй, болхи биш харин хүний төлөө хөгжлийн яам болох жам ёсны замдаа орох юм. Энэ бол тэдний уйлж гуйх уучлалтын түүхэн чухал ач холбогдол мөн.
Бурууг засаж байж зөв болно. Өөр зам байхгүй.
Ийм учраас өнгөрсөн боловсролын өнгөрсөн бүх сайд дээр дурдсан түүхэн сургамж, ач тусыг нэг бодон цугларч зэрэгцэн сууж байгаад монголын ард түмнээс уучлалт гуйх нь маш зөв. Ингэж тэд уучлалт гуйхдаа нэгэн зэрэг уйлбал бүр ч сайн.
Тэгэж байж буруу засагдана. Ингээд л бид зөв, төв замдаа орно. Гоё.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment