Saturday, June 22, 2019

Боловсролын салбарын эмгэнэл

Боловсролын салбарын эмгэнэл

Саяхан төгсөлтийн шалгалтаар мөнгө хүүлсэн. Одоо элсэлтийн ерөнхий шалгалтаар мөнгө хүүлж байна. Ингэхдээ боловсролын салбар нураад уначихснаа нуухын тулд хар массын тархи эргүүлсэн өөр гоё үг олж хэрэглэнэ. Тэр нь хэмжээст оноо юм.


Хэмжээст оноо гэдэг нь дундаж, стандарт хазайлт хоёрыг сонгож (магадгүй, өнгөрсөн жилийнхийг авсан байх) стандарт хазайлтаар хэмжсэн оноог тэнцүүлэхэд гарч байгаа оноо юм. Энэ оноогоор сонсоход гоё, их тоо нь жинхэнэ гүйцэтгэлийн цаас дээрх хувиараа бол тун бага тоо байдаг. Улсын дундаж нь 20-30 байдаг юм ш дээ.

Үүнийг энгийнхээр хэлбэл, муу сурлагатанг монголын их дээд сургууль урилгаар элсүүлж байна гэсэн үг л дээ.

Их дээд сургууль нь болохоор яам л ингэж шийдсэн дээ гээд л мөнгөө л төлсөн бол шар халзан хонинд ч болов хамаагүй хуурамч дүн шидсээр эцэстээ чадваргүй амьтанг төгсдөг. Онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд гэдэг ингэж бий болдог юм. Ажлын байранд гологддог, тэд. Тэр орон зайд нь гадаадын нэртэй этгээдүүд цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл мөнгө хүүлдэг, эзэлдэг. Мөнгө хийдэг.

Энэ бол өнгөрсөн 30 жилийн энэ салбарын эмгэнэл юм.

Хөөрхий монгол минь.

Хөөрхий монголд минь мэдлэг цэнэтэй болж мэдлэгээр удирддаг цаг ирнэ ээ.

Тэр цагт боловсролын салбар хүүхэд залуусын сурах, амьдрах хүслээр шат шатанд мөнгө хүүлдэг салбайсан салбараа больж харин тэр байгалийн болон нийгмийн баялагийг тэдэнд тэгш хүртэх, хүртээдэг хүний хөгжлийн салбар, талбар болсон байх юм.

Мэдээж тэр цагт энэ салбарын сайд нь салбарын хөгжлийн саад биш харин мэргэжлийн, ажлаа мэддэг, салбараа мэдэрдэг манлайлагч, хүмүүнлэг үзэлтэн, гүйцэтгэгч байх юм.

Хөөрхий монгол минь тэр цагт хөгжсөн монгол болсон байна.

Хөөрхий хүүхэд, залуус минь тэр цагт хүсэл тэмүүллээрээ эх орондоо хувь нэмэр оруулж түүндээ хөгжилтэй, инээдтэй, баясалтай байдаг өнгөлөг иргэд болсон байх юм.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

No comments:

Post a Comment