Saturday, June 29, 2019

ХОЁР “ХААНТАЙ” НЭГ УЛС ХӨГЖДӨГГҮЙ


ХОЁР “ХААНТАЙ” НЭГ УЛС ХӨГЖДӨГГҮЙ

Хаан бол харц ардаас өөр. Тэр харц ардаас дээр заяатай. Тэнгэр заяатай.  Тийм учраас Хаан л харц ардыг удирдана. Хааны цусан удам ч хамаг ардаас дээр заяатай тул тэд ардыг  удирдах, улсыг хөтлөх тэнгэрээс томилогдсон дан ганц эрхтэн дархантан юм. Ингэж  бүүр итгэчихсэн, “нүцгэн байгаа Хаанаа хараад нүцгэн биш, бүр ямар сайхан, ганган хээнцэр хувцастай байна аа” гэж бүр үнэнээс харалган хардаг явсан хөөрхий хүн төрөлхтөнд үнэн гэдэг тэр үед хааны үг, хааны зарлиг л байв. Тэр цагийн хар массад хааны зарлигаас өөр үнэн үнэндээ байсангүй.  
Бас  Хаанаа хамаг уурандаа цааш нь харуулчихаад,  хаашаа, яахаа мэдэхээ байчихсан хачин  зурвас үе ч хүн төрөлхтөнд  мөн л байв. Эргэж Хаанаа хаана байна вэ гэж эрэвч  өөрсдөө цааш нь харуулчихсан тул Хаанаа хаанаас ч олох вэ дээ, тэд.

Хүн төрөлхтөн ингэж мунгинаж байх тэр цагт нэгэн хүн ингэж хэлэв. Учирлагдах бүхэн үнэн (P. Декарт,1596–1650). Энэ үг зөвхөн хааны зарлигийг л үнэн гэж явсан хар массад хачин эхлээд санагдав. Эргэлдүүлэх тусам тэд харин ухаарал олж, түүнээс эрч авч, эцэстээ хар масс цагаан болж хувиран бүр хувьсгал хийж, түүгээрээ өөрсдөө өөртөө засаглах, хаангүй засаглах зам мөрөө олж авав. 
Харалган байснаасаа болж Хаанаа цааш нь харуулчихаад хаашаа, яахаа мэдэхгүй халаглаж явсан хар масс тээр нэгний тэгэж ухаарсныг ихэд ухаж ухаарсны дүнд хаангүй засаглах арга эвээ олж мэдснээс хойш хаангүй засаглахад хачин ихээр дурлан ихэд суралцаж эхлэв. 
Хаангүй засаглахад хаангүй ч бас “хаан” байх ёстой аж.  Хаан шиг эрх мэдэлтэй  тэр “хаан биш” хаан эсвэл бүх ард түмнээс ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч, эсвэл яг ийм сонгуулиар бүрдсэн их хурал байдаг аж.  
Энэ дэлхийн ихэнх улсад нэг л  “хаан биш” хаантай байдаг. Нэг хэсэгт нь   ерөнхийлөгч нь “хаан биш” хаан нь байна.  Ерөнхийлөгч нь хаан шиг  байх ийм улсуудын ихэнхи Хаанаа хаана байгаагаа мэдэхээ байтлаа хаангүй хачин ихээр явсан улс байх.  Их хурал нь хаан шиг байдаг улсад Хаана нь хаа нэгтэй  байдаг авч тэр нэр төдийхөн, билэг тэмдэгхэн  оршиж даруулгатай, даруухан байх. Үүнийг нь хаантай ардчилал гэж бас шуугих. 
Гэтэл манай энэ улс бүр  хоёр “хаан биш” хаантай болчихоод бүүр удаж байна. Нэг хаан  нь бүх ард түмнээс ардчилсан сонгуулиар бүтээгдсэн их хурал бол нөгөө нь мөн л яг адил нэг ард түмнээс ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч байх. Энэ цагт хоёр “хаан биш” хаантай байна аа гэдэг эрт цагт бол хоёр хаантай нэг улс гэсэн үг л дээ.    
Ижил эрх мэдэлтэй хоёр хаан нэг улсад ингэж бий болоход тэд хэн нь хүчтэйгээ үзүүлэх  гээд л. Үзэлцэх гээд л...  Хэн нь жинхэнэ “хаан биш” хаан нь юм гээд л...  Хоёр толгойтой хорт могой лугаа дүр авир үзүүлээд л ...
Хоёр толгойтой могойн бие холддоггүй. Хоёр хаантай нэг улс хөгждөггүй. 

Манай улс тэгэхээр хөгжье, холдье гэвэл хаан биш хоёр "хаан аа" хаан шиг нэг болгоё. Нэг хаантай улс бүү хэл нэг толгойтой могой л хол явдаг.



Ц. Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

No comments:

Post a Comment