Monday, June 17, 2019

Мөнгө хүүлдэг ЭЕШ, залхуу их сургууль хоёр

Мөнгө хүүлдэг ЭЕШ, залхуу их сургууль хоёр

ЭЕШ бол хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлж байгаа зүгээр л хэрэггүй зүйл ш дээ. Шалгалтын хураамж гэхэд хэд хэдэн тэрбумаар яригдана. Гэнэт идвэл гэдсэнд гэмтэй гэдэг шиг болж боловсролын үнэлгээний төвийн олон захирал ч торонд дуудагдсан даа. Лав л гурав нь дуудагдсан. Яагаад? Гэнэт хөрөнгөживөл насанд цөвтэй гэдэг ш дээ.

Их сургууль элсэгчидтэй байх эсэх нь их сургуулийн асуудал болохоос яамны асуудал, түүний дэргэд бий болгосон төвийн асуудал ч биш юм. Их сургуулиуд элсэгчидтэй байх нь, ер нь оршин байх нь, зах зээлийн асуудал юм. Тэр нь эрэлт, нийлүүлэлт, зохицол,нийцэл гэсэн л үг л дээ.

Энэ нь их сургуульд оюутан ингэж л элссэн гэсэн үг юм.

Элсэгч нь эхлээд тухайн их сургуулийг яагаад сонирхож байгаагаа харуулсан сайн, сайхан эсээ бичиж, их сургуулийн өргөдлийг цахим бөглөөд, цаасаар гаргаад хичээлийн жилийн аль нэгэн эгшинд илгээнэ. Мэдээж эсээ унших шинжээчийн хөлс, хариу илгээх шуудангийн зардал, за тэгээд, бусад аар саар үйлчилгээний хөлс болох элсэлтийн хураамж хэдэн долларыг төлснөө бас батална.

Элсэгчийн хүсэлтийг хүлээн авч эсээг нь уншиж, үйл явцыг хараад элсэгч болчихож мэдэх, чадамжтайг нь ялгаж ярилцлагад урина. Үлдсэнд нь яагаад уг сургуульд элсэх хэрэггүй болохыг тайлбарласан хариу захиа илгээнэ. Үүнд нь мэргэжлээ зөв сонго гэсэн зөвлөгөө голлох юм.

Ярилцлагыг утсаар хийж, дууны өнгө, аяс, хэлний бодит чадварыг шалгаад л их сургуульд тухайн хүнийг элсүүлэх, эс элсүүлэх талаар элсэлтийн комисс нь шийдвэрээ гаргаж, урилгаа илгээнэ. Ингээд л гүйцээ. Бөмбөрцөг өнөөдөр энэ талаар нэг иймэрхүү соёлтой байна ш дээ.

Хүний төлөө нийгэм, хүүхдийнхээ сурах хүслээр мөнгө хүүлдэггүй нийгэмд хойч үе нь их сургууль элсэх, мэргэжил эзэмших гэдэг ийм л энгийн, гэхдээ тийм л мэргэжлийн байдаг.
Хийх зүйлээ мэддэггүй улс л хий дэмий их хөөрдөг. Мэдэн будилж мөнгө хүүлдэг. Холин бантан хутгадаг. Эрх мэдлээ буруугаар ашигладаг.

Их сургуульд элсэх гэдэг нь хүүхдийн хүсэл, их сургуулийн хэрэгцээний зохицол, нийцлийн тухай асуудал болохоос ялсан намын сонгуульд хандивлах мөнгийг хүүхдээс цуглуулж байгаа юм шиг авирладаг, аашилдаг манай нөгөө мангар ЭЕШ биш юм.

Манангийн үед бий болж манарч байгаа энэ ЭЕШ бол зүгээр л мөнгө хүүлэх хэрэгсэл. Үүнийгээ больж оюутан элсүүлэх ажлыг нь ажил үүргийнх ч утгаар, их сургуулийн академик эрх чөлөөг ч хүндэтгэх ч үзлээр ч наад залхуу их сургуулиудаа олго.

Амаа ангайгаад хэвтэж байхад тань одоо олигтой оюутан элсэхгүй гэдгийг энэ цагийн монгол гуниг болсон наад 97 их сургууль тань ядаж ухаараг.

Яам нь наад гутамшиг болсон болхи лоббигоо одоо боль. Гуниг л байна ш дээ.
Яам нь яам шигээ, их сургууль нь их сургууль шигээ л бай л даа.

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

No comments:

Post a Comment