Tuesday, June 25, 2019

Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болгоё

Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болгоё

Их хурал, ерөнхийлөгч, засгийн газар, шүүх засаглал. Энэ тань манарсан одоо цагийн манай төрийн дөрвөн өндөрлөг. Гэвч хаангүй улс буюу бүгд найрамдах улс хуулиар засаглах дүрмийг мөрдсөн төртэй, тэр нь дөрөв биш гурван өндөрлөг болох гурван тулгуур баганатай л байдаг юм. Тэр энэ: Их хурал, Засгийн газар, Шүүх.

Энэ гурван нь өөрийн өөр гэсэн үндсэн чиг үүрэгтэй, гэхдээ улсаа гэсэн нэгдмэл үзэл санаа, бодлого, үйл ажиллагаатай төрийн үндсэн гурван институц болж байдаг юм. Их хурал хууль тогтоож, засгийн газар нь хуулийн хүрээнд улс орноо өөд татах гэсэн ажил үүрэг гүйцэтгэх, шүүх нь хууль дүрмийг мөрдүүлж байх аж. Товчлон хэлбэл, хууль тогтоох, хуулиар ажиллах, хуулийг мөрдүүлэх гэсэн гурван үйлсээр улс орноо хөтлөхийг л хуулиар засаглах гэж байгаа юм.

Үндсэн хуулийн одоогийн нэмэлт өөрчлөлтөөр “хүн ялгаатай ч гэх шиг”, “байгалийн баялаг төрийн өмч ч гэх шиг”, “ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгоно ч гэх шиг”, ер нь яаж ч мэдэхээр л аяаглаж бид ч их л элдэвлэн их хөөрч, наадна гэж намирч байна даа. Гэтэл хаангүй улс атлаа хаантай улс юм шиг хачин гажиг байдлыг бий болгосон засаглалаа засаж төрийн түнжингүй дөрвөн өндөрлөгөө жам ёсны гуравт нь шилжүүлэх асуудлыг яагаад үүгээрээ хөндөхгүй байна аа! Хамгийн гол асуудал энэ биш үү! Хамгийн гол нь энэ биш үү!

Эрх мэдэлтэнд таалагдах гэсэн хайрцган сэтгэлгээнээс нэг ч удаа болов гарч хайрцаган бус сэтгэлгээгээр хараад нэг үз л дээ. Математикаар шинжээд нэг хар л даа.

Наад төрд тань дөрвөн өндөрлөг бий болчихоод байна. Тэр дөрвөн нь учраа олохгүй, байраа мэдэхгүй, хийх ажлаа ялгахгүй хий дэмий л хөгжлийг чөдөрлөчихөөд бүр 30 жил болж байна.

Манай төрийн ийм дөрвөн өндөрлөгийг иймд гурав болгож цөөлье. Ингэж байж л засаглал нь хөгжлийн чөдөр биш харин хөгжлийн хөтөч болох юм.

Тэр дөрвийг цөөлж гурав болгохдоо хулгайлах, хуулбарлах, хувилбарлах бус харин өөрийн орны өвөрмөц онцлогийг харж анхны нөхцлөө тооцоод ийм л болговол яасийм дээ!

-Их хурал, Засгийн газар, Шүүх нь төрийн үндсэн гурван институц байх.
-Их хурлаас ерөнхийлөгчийг нэр дэвшүүлж олонхийг саналаар томилдог байх.
-Ерөнхийлөгч гүйцэтгэл засаглал болох засгийн газрын тэргүүн байна.
-Ерөнхийлөгч засгийн газраа бүрдүүлнэ. Төрийг тэргүүлнэ. Засгийн газар ерөнхий сайдтай байж болно.
-Ерөнхийлөгч их ард түмний бага төлөөлөл болсон зөвхөн их хуралд л ажлаа тайлагнана.

Ийнхүү шийдснээр бид “Их хурал” гэсэн хаантай, “Засгийн газар” гэсэн ерөнхийлөгчтэй, зөвхөн "хаандаа" тайлагнадаг хараат бус Шүүхтэй улс болох юм.

Ингэхэд ерөөсөө дийлдэж өгдөггүй нөгөө авилга хээл хахуулийн сүлжээ, сүйтгэл, за тэгээд, их ард түмний хоёр төлөөллийн хоорондын дуусашгүй зөрчилдөөн гэх зэрэг нөгөө бидний гэрч болсоор ирсэн зохисгүй бүх зүйл гэв гэнэт хумхийн тоос лугаа алга болох юм. Зөвийн хүч энэ юм. Бас ерөнхийлөгчийн сонгууль гэгч үгүй болсон нь эдийн засгийн маш их ач тустай байх юм.

Нэгэнт Хаанаа хаана байгаагаа мэдэхээ байтлаа мартаж дордсноос хойш бид тэр хааныг олох гэж, орлуулах гэж, төрөө хүртэл дөрвөн өндөрлөгтэй болтол нь мунхагнах нь ерөөс огт хэрэггүй зүйл юм. Ер нь тэнэглэл мөн. Харин “Их хурал” гэсэн хийсвэр хааныг бий болгож түүндээ л захирагдаж явах нь жам мэт зам нь мөн.

Эх хуулийн энэ өөрчлөлтөөр “ нэг хэсэг нь эзэн байх гэж, нөгөө хэсэг нь боол болох гэж төрдөг ч гэх шиг, ялгаатай гэх шиг”, “нэг хэсэг нь Лордын танхим насаараа налайж, нөгөө хэсэг нь борчуудын танхим борлож байх ёстой”, “Хаан биш атлаа хаан юм шиг байдаг ерөнхийлөгчийг бүр 6 жилээр нэг удаа сонгоно“ ; “3аяагдмал байгалийн баялаг олон түмний биш харин түүний өмч, бүтээл болсон төрийн өмч мөн” гэх зэргээр хол явахгүй зүйлээр хий дэмий их элдэвлэн хөөрч байхын оронд хоорондоо түнжин муутай, хий ажлаа ялгаж харж чаддаггүй, хэрүүл ихтэй, хөгжлийн хөтөч биш хөгжлийн чөдөр болсон төрийн тэр дөрвөн өндөрлөгийг цөөлж жам ёсны замд нь оруулж гурав болгох асуудлаа л үүгээр нэг мөр зөв, төв шийдвэл ер нь яасийм. Бурууг засаж байж зөв, төв замдаа ордог.

Төрийн нөгөө дөрвөн өндөрлөгийг хөгжлийн эх чөдөр хэвээр байлгах уу эсвэл цөөлж гурав болгон харин хөгжлийн их хөтөч болгох уу?

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр




No comments:

Post a Comment