Sunday, June 9, 2019

Үүнийг тань Моди харчих вий дээ

Үүнийг тань Моди харчих вий дээ

Монголчуудыг олон жил үе үеэр нь тэжээж тэтгэж ирсэн уртын замын буянт анд, үнэнч найз нөхөр эрдэнэт хэдхэн үхрээ том машины тэвшинд чихчихсэн, багтахгүйг нь бүр дөрвөн мөчнөөс амьдаар нь машины тэвшнээс дүүжилчихсэн хүүхдэд харуулмааргүй, хүнд үзүүлмээргүй аймаар харгислалын таман дүр зургийг энд бодит харав. Хачин болов. "Энэ эвлүүлэг биш биз" гэж бодож үзэв. Эвлүүлэг байлгүй дээ.


Хэрэв энэ эвлүүлэг биш бол өнөөгийн монголчууд бид үнэхээр үйлээ даахааргүй болтлоо өөдлөхгүй болж доройтож дээ. 

Үнээ тань хоёр дах ээж тань л гэсэн үг. Сүүгээрээ тэр бүх дэлхийг тэжээсээр л...

Нөгөө соёлын хүйн холбоотой гээд л дээлээ бэлэглээд байдаг Энэтхэг тань үүнийг харвал хүйн холбоогоо тасалж, тусламжийн тэрбум доллараар хүртэл нэхэж мэднэ шүү. Тэгэхэд юуны тань нөгөө нефтийн үйлдвэр ...Бүр Моди хилэгнэж түүнээс ч долоон дор болж мэднэ. Тэнд тань тэд үхрийг дээдлэн шүтдэг юм шүү дээ. Үхэр тэдний шүтээн шүү дээ. Гэтэл бид тэр шүтээнийг яаж тамалж байна даа, энд.

Ганц Энэтхэгт ч биш. Бүр эртний Грекээс үхрийг шүтэж дээдэлж ирсэн юм. Энэ бол хийрхэл биш, мухар сүсэг ч эцэстээ биш юм. Учиртай. Учрийг нь тунгаах тусам асуулт өөрөө үгүй болох нь харин тод юм.

Үхрийг шинж л дээ. Бидэнд өгсөөр өгсөөр, заасаар, сургасаар л оршиж, бас одож байна... Тэгэхэд өнөөгийн бид ямар байна даа...

Авсаар л, авсаар л, алсаар л, алсаар л... Аль нь жам ёслог байна даа. Аль нь бурханлаг, тэнгэрлэг байна аа, тэгэхээр.

Үхэр үү, хүн үү?

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

No comments:

Post a Comment