Sunday, December 30, 2018

Луутай үлгэр амилах цаг дор

Луутай үлгэр амилах цаг дор

Луутай үлгэр их энгийн эхэлнэ. Бүх л баатар эрчүүд луутай гурван өдөр, гурван шөнө тэмцэж өрнөнө. Эцэстээ тэд бас нэг лут луу төрүүлж өндөрлөнө" Луутай үлгэр ийм л лут санааг үлгэрлэнэ ( Энэ талаар бичсний санааг "Amgaa Ulziikhutag"-аас авав).

Луутай үлгэр амилах цаг дор бид гэх баатрууд их хуралдаадаа элдэв "баатрууд"-ыг дээшлүүлж залах. Тэдний дунд наймаачин, панзчин, жүжигчин, дуучин, бөх гээд л лут "баатрууд" их бий. Тэд үе үе гэнэт "хулгайч хулгайчийг бариараа" гэдэг лут ший тавина.Хөөрхий бид баатрууд энэ ший жүжигт гурван өдөр биш гурван сар, гурван жил, гучин жил тэмцэж тоглоно. Гэвч нөгөө "баатрууд" гэх нь байдгаар л бахь луу мэт хэвээр байж байх. Харин тэр шийн дүнд нэг лут луу шинээр төрсөн байх.

Луутай үлгэр ингэж л манай улсад их лут амилсан байдаг юм. Хий хоосон луутай үлгэрт орж, бас нэг луу төрүүлдэг баатрууд биш харин луугүй, бодит үлгэрийн үнэн баатар, ухаалаг баатрууд бай.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Thursday, December 13, 2018

Төр барилцана гэдэг тоглоом биш

Төр барилцана гэдэг тоглоом биш

Хуулиар засаглана гэж шийдээд бид 30 жил болчихоод байна. Тэгэхээр түүнийг бид соёл, үнэт цэнэ болгох ёстой юм.

Хуулиар засаглана гэдэгт хуулинд юу гэсэн байна түүнийг барина гэсэн утга бий. Үүний эсрэг бүхэн нийгэмд хүчлэгдэхгүйгээр л шууд муухай харагддаг байх ёстой болсон байх нь хуулиар засаглах ёс үнэт зүйл болсны нотолгоо юм.

Хэрэв энэ зарчим алдагдвал тэр улсын бүх зүйл утгаа алдаж, улс гэхэд ч бүр хэцүү болно. Дахин улс байгуулахтай адил шахуу хүнд байдал ч хүрч мэднэ.

Төрийг дахин байгуулахад цаг, хөлс шаардахаас гадна хөлсөөр амьдарсагдад энэ их амаргүй байдлыг бий болно. Украйн өнөөгийн ийм нэг жишээ мөн.

Энгийн бидэнд баримтлах дүрэм, журмаас өөр юу ч үнэндээ үгүй байдаг юм л даа. Хуулиар засаглана гэдэг нь иймд энгийн иргэдийн ганц хүч, өмч, үнэ цэнэ байдаг.

Тэгэхээр хуулиар засаглах гэдгийн үнэ цэнийг хаа хаана сурталчилж таниулах их үйлсийг энэ улсад бүх түвшинд их өрнүүлэх шаардлага байгаа нь засаг барилцаж буй манай их хурлын зарим гишүүдийн авир, төрхөөс ил харагдаж байна.

Төр барилцана гэдэг иймд тоглоом биш. Харин том хариуцлага юм.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Wednesday, December 12, 2018

Хөөрсөн хөөрлөөс салж МАН-АН-д бодит шаардлага тавь

Хөөрсөн хөөрлөөс салж МАН-АН-д бодит шаардлага тавь

Бидний ганц өмч болох төр манарч самуурахад наад МАН-АН яах ч үгүй. Бүр л өтгөрнө. Төр ч үгүйрсэн, нэгтгэх үнэт зүйл ч нь хоосорвол хөөрсөн түмэн л эцэстээ их ядарна. Яг одоогийн ядуурсан, ядсан Украйнчууд шиг л болох биз.

Ийм учраас бид дээр хэлсэнчилсэн МАН, АН, хужаа, мангуу гэх мэтээр ялгарч хөөрч давхих огт хэрэггүй юм.

Харин МАН-АН хоёроос хайртай гэж уралддаг ядуурсан энэ түмэн олны төлөө хайраа үзүүлж дараах зүйлийн хийхийг нийтээрээ шаардах хэрэгтэй юм. Үүнд:

1.Утаагаар амьсгалж байгаа бүх хүнд дээд зэргийн утаа шүүгчтэй маск үнэгүй тараах.
2. Дундаж монгол хүний нэг цагийн ажлын хөлсний хэмжээг ядаж 5 долларт хүргэх.
3. ЖДҮ-гэж хийрхэж цаг цагт мөнгө угааж ирснээ больж ганц том үйлдвэр байгуулах.
4. Хуулиар засаглах гэсэн утгатай Үндсэн хуулийг бүх нийтэд сурталчлан таниулах.
5. Хуулиар засаглана гэдгийн үнэ цэнийг бүх монголчууд хариуцлага бас үүрэг болгон үзүүлэх арга хэмжээ авах.
6. Боловсролын тогтолцоог Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэх бүр эрс шинэчлэх. Боловсрол нэг талаас нийгмийг тэнцвэржүүлэх үүрэгтэй, нөгөө талаасаа, соён гэгээрүүлэх шинжтэй байдаг юм.

Ингэж байж л монголд ардчилал үнэт цэнэ болж хүн авилгалаар биш харин ажлаар, хөлсөөрөө, боловсрол, мэдлэгээр амь зууж чаддаг болох юм.

Утаанд хордож, мананд манарсан өнгөрсөн 28 жилд МАН, АН гэж хөөрснийхөө төлөө хөөрсөн түмэн утаа, манан, ядуурал, доромжлол, гадуурхал, зөрчил, хэрүүл, тэмцлээс өөр зүйлийн гэрч болж чадсан юм уу? Эргэцүүл. Шударга ёсыг олж мэдрэв үү?

МАН-АН-ийн төлөө биш харин үр хүүхдийнхээ төлөө хөөсөн, хоосон хөөрлөө зогсоож амьдралаа өөд татахад тань шууд нөлөө үзүүлэх бодит шаардлагыг тэнд байнга тавь. Бас
байнга нэх.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр

Tuesday, December 11, 2018

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт


"Монголын нийслэлийн агаар бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их. Тэнд хүн үндсэндээ амьсгалаад үхэж байна" гэж дэлхий шуугиж байна (SBS,2018). Энд үхэж байна гэж байна шүү.

Иймд ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, түр зогсоогооч. Эцэг эх бидэнд эхлээд эрүүл хүүхэд хэрэгтэй. Дараа нь боловсрол энэ тэр нь тэгэсхийгээд болно биз. Тэгээд ч хүүхэд сүлжээний 21 хичээлээр сурах гэхээс тархиараа их хохирч байгаа нь бодит байдал билээ. Одоо утааны энэ ид үед бол хүүхдүүд эрүүл мэндээрээ, уушигаараа маш их хохирч байна. Энэ утаа нь амьсгалаад л үхэх хэмжээний хортой байна. Амьсгалахгүй бол бас яах нь ойлгомжтой. Ийм л аймшигтай байдалд өөрсдийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд маань орж яах аа мэдэхгүй ядарч, гэлдэрч, гундаж, гандаж, хүүхдээрээ өтөлж, өвдөж байна. Сайд та хүүхдүүдийг энэ хүнд байдлаас гаргахын төлөө нэг юм бодооч. Нэг сайн үйл хийгээч.

Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газар гишүүний хувьд Та амьсгалаад үхэх хэмжээнд хүртлээ хортой болсон энэ аймшгийн утааны үед ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан түр хаах шийдвэр гаргаж, хүүхэд уушигаараа үхэж буй энэ байдлыг зогсоож нэг удаа ядаж ганц сайн үйлс бүтээхийг чинхүү гуйж байна.

Биднийг монгол болгон нэгтгэж буй үнэт зүйл болсон Үндсэн хуулиар бол мал бүү хэл хүүхэд хүртэл хамгаалдах ёстой. Тэр амьд явах эрхтэй, тэрэнд тэдний ганц өмч болсон төр нь үйлчлэх ёстой.Төрийн сайд бас үйлчлэх ёстой.

Ийм өөрсдийгөө хамгаалж үл чадах хүүхдийг амьсгалаад үхэх хэмжээнд хүрсэн аюултай энэ утааны хороос хамгаалж ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, үйл ажиллагааг түр зогсооно уу!. Өөр олигтой арга зам одоо огт харагдахгүй байна.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Monday, December 10, 2018

Их үер болоход хог новш л их ил гарч хөвдөг шиг


Үер болоход хог новш л их ил гарч хөвдөг шиг

Тэртээх 18 зуунд болсон Францын хувьсгал дэлхийг их өөрчилсөн юм. Эх дэлхийд тэр их дэвшил авчирсан. 21 дүгээр зуунд бид эх орондоо дампууруулж, хогтой нь хутгаж байгаа ардчилал, эрх чөлөөний үнэн эх тэндээс ундарсан юм.

Манай энэ цагийн ихэнхи монголчуудад хамтарч нэгдэж чаддаггүй нэг их том сул тал бий. "Та нар сайн тэмц. Ашиг гарвал бид харин хүртэнэ. Эрсдэл гарвал та ганцаараа үүрчих" гэсэн өнгөөр их ханддаг. Ийм хандлагатай түмэнд ардчилал үгүйрсэн байх. Харин тэр жижиг ашиг олз хайгчдын том хэрэгсэл төдийхөн болсон байх. Учир нь ардчилал оролцоогоор л амилдаг юм.

Дээшээ гаргасан нэг нь ходоодон сэтгэлгээтэй байх нь элбээг. Торго, дурдам, морь мал, бөх, дуу хуурь, хуас, машин гэх мэтийн ядуухан сэтгэлгээтэй дарга нар улсыг яг л энэ байдлаар ядууруулдаг. Сэтгэлгээ, хандлагын ядуурал гэж ийм юм.

Манай улсад болж байгаа аливаа тэмцэл хөдөлгөөнөөр том эрх ашгаар жижигхэн олз хайгчид оволзож гарч ирээд хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар, утга учрыг алдагдуулж, ихэнхи нь жижигхэн зорилгодоо хүрч том эрх ашгийг орхигдуулдаг. Тэр  хар даа, нөгөө баатруудыг. Шинж дээ. Их үер болоход хамгийн түрүүнд хог новш нь их ил гарч хөвдөг шиг.

Монгол хүн урвагч, шарвагч, энэ увайгүй, ядуухан, жижигхээн хандлагаа өөрчилж, том эрх ашгийнхаа төлөө том байж чадваас дэлхийд монгол дэвжинэ. Эсрэгт харин энэ улсад нөгөө хорон жижгүүд ч хүртэл эцэстээ бас үлдэхгүй.  Хандлага тань жижиг, сэтгэлгээ чинь ядуу байгаагийн горь тэр.


Том эрх ашгийнхаа төлөө бид иймд том байхад суралцах хэрэгтэй. Боловсрол ч үүнд бас чиглэх ёстой.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Thursday, December 6, 2018

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн. Хуулиар засаглана гэсэн үг.

Үндсэн хуулийн эхний мөрүүд тэгш байдал, арьс өнгө, гарал үүсэл, гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх тухай. Үүнийг багаас нь хүүхэд бүрт үнэ цэнэ болгох ёстой юм.

Австрали улсад хэрэв нэгийгээ нь арьсаар, гарлаар нь ялгах үйлдэл бүү хэл иймэрхүү утгатай үг хэлсэн бол тэр хүн харин нийгмийнхээ үнэт зүйлийн эсрэг, манайхны яриад байгаараа бол нийгмийн дайсан болох юм.

Гэтэл манайд үндсэн хуулийн энэ утга агуулга үнэ цэнэ бүү хэл,тэр бүр огт утгагүй, байхгүй ч юм шиг л дээрээ ч, доороо ч хээв нэг хэнэггүй авирлаж байдаг юм.

Гэсэн атлаа хуулиар засаглана гээд байдаг.

Үндсэн хуулийнхаа үг, үсэг өгүүлбэр бүрийг их сурталчилж, үнэ цэнэ болгомоор байна. Тэгэхгүй бол энэ улс тун удахгүй утгагүй, бүр ойлголцохгүй, бүр цаашилбал Украйн мэт болж мэдэх нь.

Бид ядаж Үндсэн хуулийнхаа хүрээнд ойлголцддог болмоор байна.

Нэгнийх нь явцуу эрх ашиг, товчхондоо, ходоод нь хөндөгдөөд ирэхээр л чанга чанга сүржин сүржин оролилдох юм.

Чанга орилсноор үнэн худал, худал үнэн болчихгүй юм, хэрэв бид ойлголцох нэгдмэл үнэт цэнэтэй, үнэт зүйлтэй бол.

Чанга чанга орилолдож нийгэмд хар уур амьсгал, хар эрчим түгээж байж биш харин тайван байж ухаалаг ярилцаж л үнэт зүйлийнхээ эрэмбээр харилцан буулт хийж ойлголцдог баймаар, уг нь. Энэ нь энэ иргэншлийн түүхэн том сургамж юмсан.

Хойч үедээ бид нэгдмэл үнэт зүйл дээр нэгссэн улсыг бат бэх өвлүүлж өгөх ёстой. Үүний тул бид монгол хүний, монгол иргэний үнэт зүйл, үнэт цэнийг эхлээд их тод болгох хэрэгтэй байна.

Биднийг монгол болгон нэгсгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль түүний үзэл санаа, утга агуулга биш үү?

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Monday, December 3, 2018

Хужаа, мангуу бүү хэл 7 тэрбумуулаа их адилхан

Хужаа, мангуу бүү хэл 7 тэрбумуулаа их адилхан

Фейсбүүкт энэ зургийн дор олон коммент байх юм. Тэр бүхэн нь бараг л нэг утгатай.
Комментийн гол санаа нь хужаа эмэгтэй байна гээд бараг "ингэж байвал" таарна гэсэн янзтай утга санаатай байх.

Энэ цагийн бид тань ер нь яаж сэтгээд, яачихаад байна аа!

Дэлхийн хүн бүр төрмөл байдлаар ч, олдмол ч байдлаар ч, бүтэц, хэлбэрээрээ ч маш их төсөөтэй, ижил юм. Энэ бол шинжлэх ухаан.

Энэ фото нь 21 зуунд эмэгтэй хүн ингэж амьдрах гэж зүтгэж яваагийн нэгэн бодит тохиолдлын нэгэн жишээ болно. Бас харуулж буй утгаар ч гунхаж яваад нь ч, гандаж яваад нь ч хичээл болох сайн талтай юм. Тэр утгаар ч фейсбүүкт оруулсан байгаа биз ээ.

Энэ дүрслэлийг уншихад ээж заяа, үр хүүхдийнхээ төлөө гэсэн эх хүний зүтгэл, хөлс л мэдрэгдэж байна.

Зургийг бүү хэл, хүнийг яс үндэс, гарал, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болохыг үнэт зүйл болгосон үндэс хуультай энэ цагийн бид ер нь хэр зэрэг түүнийгээ үнэ цэнэ болгож байгаа юм бол доо. Энэ талаар эргэлзээ их төрдөг. Учир нь, бие биеэ хужаа байна гэж гүтгэх, дайрах нь хээв хэвийн л байх. Бас сүүлдээ фото зургийг хүртэл хужаа гэж дайрч довтолж мэдэх нь.

Эх хүний зовлон тээсэн ийм зургийг хүртэл хужаа болгоод "хужаа учраас энэ эмэгтэй зовж байг" гэх маягтай болтлоо хэт туйлшрал, хэт хийрхэл, хэт хөөрөл, хэт мунхаглалд нэрвэгдээд байгаа юм биш үү!. Хийрхлээ дарж үндсэн хуулиа нэг эргэлдүүлж үзбэл яасийм дээ.
Үндсэн хуулийн үг, үсэг, өгүүлбэр, заалт бүр тань бидний эрхэмлэх үнэт зүйл бус үү?

Дургүй л бол юуг ч хамаагүй хужаа болгодог энэ хийрхэл, нийгмийн сэтгэлгээний энэ өвчнөөсөө жаахан салж үндсэн хуулийн утга санаагаа эрхэмлэн үнэт цэнэ болговол ер нь яасийм дээ. Арай хэтэрч байгаа юм биш үү! Энэ тань зураг шүү дээ!

Япон сурч байхад нэг хятад оюутан гэр бүл хөх толботой Лувсандоржийг бүр зорьж ирээд "Миний хүү хөх толботой төрсөн" гээд л толбыг үзүүлж байсан нь л юм даг. Тэр хужаа гээд байгаа дунд тань тасархай хөх толботнууд бас байдаг л бололтой юм байна лаа шүү!

Дэлхийн 7 тэрбум хүнд биологи, генетикийн мөн чанараараа бие биеэ үзэн ядахаар ч тийм их ялгаа байхгүй юм. Харин ижил байдлаараа тэд илүү ижилсэх юм. Ийм учраас хүн төрөлхтөн гэж ярьж байгаа юм болов уу даа.

Дэлхий ийм байхад дэргэд хоёр улсынхан биеэ биеэсээ тийм их ялгаатай байж болдог л юм байх даа! "Үхэр шиг мангуу", " Өмхий шиг хужаа" гэх зэргээр бие биеэ цоллох хэмжээний ялгаа, зөрүү олон зууны хөрш монгол, хятад хоёрт л байдаг л юм байх даа! Сонин юм!!!

Харин мэдээж төрийн хар хайрцгийн ялгаатай бодлого гэж бол хаа хаана хэзээ ямагт байсаар ирсэн. Байх ч болно. Үүнийг харин цаг ямагт санаж байх хэрэгтэй юм.

Үрийнхээ төлөө амьдрахын төлөө тэгэж зүтгэх явахдаа мэдэлгүй шахуу л дуранд бууж зураг, түүх болж үлдсэн энэ эх хүн хужаа байх, мангуу байх; хятад байх, монгол байх нь бидэнд мөн чанар, утгын хувьд тийм ч чухал биш. Харин ээж, үрийн холбоо, одох, оршихын холбоо, түүгээр дамжсан хүмүн заяаны ижлийн холбоо нь нэн чухал юм. Энэ зурагт бидний хэсэг байна. Хэсэгт бүхэл нь, бүхэлд хэсэгт багтаж байдаг. Тэгэхээр энэ зовлон бас бидний зовлон, гуниг бус үү!

Энэ цагийнхан бидэнд бага хийрхэл, харин их эргэцүүлэл хэрэгтэй байна. Ингэхэд мэдээж их уншлага хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

https://www.facebook.com/photo.php?fbid=204517890469316&set=a.106961320224974&type=3&theater

Sunday, December 2, 2018

Их хурал бага ард түмэн юм

Их хурал бага ард түмэн юм

Муруй, болхи байдлаар бүрдсэн ч байлаа ч гэлээ ч ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан их хурлыг нэг намын дарга тараана гэж танхимд нь даналзснаас болж 14 хоног төр түжигнэж түмэн бужигнав. Ажил доороо биш харин дээрээ тун их цалгардав.

Их хурлын гишүүд нь хэрэв, засгийн газрынх биш байдаг бол ийм үйлдэлд их хурал айхтар хариуцлага хүлээлгэх нь их тодорхой юм. Ингэх нь ч бас парламент ёсны төлөвшил, соёл, жишиг юм.Учир нь их хурал бол ард түмний их төлөөлөл бага ард түмэн юм. 

Энэ удаагийн хачин тохиолдол бол яахав вэ дээ, засгийн газрын гишүүд нь их хурлынх юм чинь тэгэсхийгээд өнгөрч байх шиг байна. Гэхдээ их хуралд зарчмаа биш харин ходоодоо бодож сонголтоо хийдэг хэсэг нь өөрсдийгөө харин их тод томруун харагдуулснаар энэ нь бас түүхэн ач холбогдолтой юм. Их хуралд цаашдаа засгийн газрынх биш харин төлөөллийн ардчиллыг ухаарсан, тэнд таны төлөөлөгч, төлөөлөл болж, зарчмаа барьж чадах тийм л хүнийг илгээж байх ёстойн нэгэн хичээл энэ бас болов.

Он цаг, түүх, парламент ёсны төлөвшилт, соёлжилт засаглалын энэхүү завхрал, хямралын энэ бор толбыг цагааруулж янзалж ялгаж өгнө биз ээ.

Бага ард түмэн болох их хурлаа эрхэмлэ. Үүний үндэс болсон үндсэн хуулиа үнэ цэнэ болго. Түүнийг хэсэг бүлэг хүний зөрчил, хямралаас өмгөөл. Намаас бол бүр их харамла.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Saturday, December 1, 2018

ҮГ ХЭРВЭЭ УЙЛДАГ БОЛ...


ҮГ ХЭРВЭЭ УЙЛДАГ БОЛ...

Үг хэрвээ үглэж гомдолдог бол цамнан уурсаж, уйлан гомдохоор болтлоо муухайгаар, муруйгаар, буруугаар овжин улс төрчид гэгчид хэрэглэгдэж ирсэн үг хэллэг  ардчиллын гэх цагийн монгол хэлэнд олон бий болжээ.  Ингэж гомдон уйлж, уурсан гомдолж буй үгс дотроос хамгийн ихээр буруугаар ашиглагдсан лав л дөрөв үг хэллэг байна. Ард түмэн, шударга ёс, жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ), хайр.   
Ард түмэн, ард түмэн, ард түмэн. Ард түмэн бүгдийг мэднэ. Ард түмэн цэцийн дээр бий. Ардын нам, ардчилсан нам. Ард түмэндээ хайртай нам. Ардын засаг. Ард түмэндээ хайртай. Ард, ард, ард гэх.  Ингэж ихээр дээдлэгдээд байтал; ийм ихээр хайрлагдаад байтал, их л ихээр дуудагдаад байтал, бүхнийг хүртэл  нялаад байтал нөгөө ард нь үнэн байдал дээрээ ядуурч ажиллаад, ажиллаж ядуураад байх юм. Ард хоцорсон арван мянган ард, түмэн хүн бүү хэл олон түмнээр дорд, ядуу, дорой болсон байх. Үүнийг худлаа гэж “угаалгасан” тархиндаа эргэцүүлж яваа нэгэн байвал ийм хоёрхон хөдөлшгүй тоог эргэлдүүлж нэг хар л даа.  “Хүн амынх нь 70 хувь ядуу. Дундаж монгол хүний нэг цагийн ажлын хөлс хагас долларт хүрдэггүй”. Энэ нь хайрлаад хашгираад, хашгирч хайрлаад байгаа нөгөө 10 ардынх 7 нь бүр ядуу, бүр ард гэсэн үг л дээ. Энэ нь бас ард түмэндээ хайртай гэдгийг амины уншлага болгосон улс төрчид гэгчидтэй энэ улсад хүн ядуурч ажиллаж, ажиллаж ядуурдаг нь бодит болсон гэсэн үг л дээ. Нөгөө хайртай ард нь хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж яваа гэсэн үг. Ингэтлээ хуурмагаар хэрэглэгдсэн, сонсоход бөөлжис цутгахаар буруу ашиглагдаж ирсэндээ цамнаж уйлж байгаа “ард түмэн” гэсэн хөөрхий үгийг түр амрааж, түүнийг “олон түмэн” гэсэн энэ үгээр оруулж нэг хэрэглэж үзье. Онож ч бас мэднэ. 
Шударга ёс, шударга ёс, шударга ёс. Шударга ёс тогтооё. Шударга бус хонгилыг нураая.  Шударга байцгаая. Шударга хүн, Шударга мал, Шударга, шударга, шударга. Шударга ёс ингэж ихээр улиг болтол хэллэгдэн дуудагдсан өнөөх цагийн энэ улсад гэвч хууль нь гууль, бодлого нь лобби болсон байх.  Газар доорх баялаг нь хуульчилж бичснээр бол нөгөө хайртай ардынх нь мэдэл, өмчлөлд байгаа бололтой атал  арддаа хайртай засгийнх нь шийдлээр ардын биш баяных, гадных болсон  байх нь олон юм. Энэ нь угтаа  шударга ёсон бодлого лав л биш. Бас уг язгуур утгаараа  нөгөө л хайртай гэх ард түмнийх нь хөлсөөр бүтээгдсэн газар дээрх бүтээсэн нийгмийн баялаг, хуримтлуулсан мөнгөн хөрөнгө, сан нь бас арддаа хайртай нам, засгийнх нь бодлогоор ардынх биш харин цөөнхийнх, гадных болсон нь нэн олон байх юм. Энэ нь бас л угтаа шударга ёсон бодлого бус. Энэ мэтээр шударга ёс бус бодлогыг тоочоод бичвэл цаг хайран, цаас яйран болох биз.  Ингэтлээ хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн,  бодоход л гуниглал, гутрал, цөхрөл төрүүлдэг болтлоо буруугаар ашиглагдан яваадаа гутран урсгаж байгаа “шударга ёс” гэдэг хөөрхийлөлтэй энэ үгийг хэсэг амрааж, түүнийг “хууль ёс” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. Олигтой болж ч мэднэ.
ЖДҮ, ЖДҮ, ЖДҮ.  Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл (үйлдвэр) гэсэн үг товчлол юм.  Энэ үгийн утга нь  үйлдвэржсэн монгол улсын тээр цагийн иргэдийн хувьд бол хэлдэг хийрхдэг бус харин хийж бүтээсэн үйлс байсан юм.Тэр цагийнхан үйлдвэрийн дүүрэгтэй, ажлын районтой байсан улс. Бүүр ЖДҮ –тэй байсан юм. Гэвч өнөөх өмч хувьчлалаар ЖДҮ-г сүйтгэснээс хойш ЖДҮ л ихээр яригдаж, ЖДҮ-дэх гэсэн үг хэллэг их бий болсон юм. Олны санаж байгаар тээр жилийн алдарт 20 дугаар тогтоолын өмнө тэд нэг ЖДҮ –дсэн юмдаг. Зээлээс бусдынх нь цэнэ мөнгөөр, тоогоор 2 дахин нэмэгдэж тогтоолжиход ЖДҮ тэгэж нэг айхтар хэрэглэгдсэн байдаг. Саяхан өндөр албан тушаалтны амраг садан, ахан дүүс бараг хүүгүй шахуу зээлийг гайхалтайгаар олж авахад ЖДҮ бас нэг тэгэж ашиглагдаж байх шиг байна.  Энэ мэтээр ЖДҮ -гүй  намын хөтөлбөр, төрийн бодлогыг энэ улсад олоход амаргүй дээ. Гэвч үнэндээ ЖДҮ бий болж ажилгүйдэл багасаж, нөгөө хайртай гэх ардын амьдрал сайжирсан зүйл одоогоор алга. Харин  энэ ЖДҮ –дэх зуурт ядуурсан хайртай ардынх ядуурлыг илтгэсэн  айхтар хоёр тоо бол бий. Тоо худал хэлдэггүй. Шилдэг олон ЖДҮ –тэй хоёр том улсын дэргэдэх жижигхээн зах зээлтэй манай улсад бүтэлтэйгээр ЖДҮ–дэж амжилттайгаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлдвэрийг байгууллаа гэхэд тэр хөөрхий эцэстээ дампуурах л тавилантай, магадлалтай байна. Тэгэхээр ЖДҮ-дэх бодитой бус, харин хуурмаг биш үү, энэ улсад. Ингэтлээ хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн,  эргэцүүлэхэд л эвгүйрүүлдэг болтлоо буруугаар ашиглагдан яваадаа уйлж гомдож байгаа “ЖДҮ” гэдэг хөөрхий энэ үгийг хэсэг амрааж, түүнийг “ГТҮ” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. ГТҮ гэдэг нь ганц том үйлдвэр гэсэн үг тул олж ч бас мэднэ. 
Хайр, хайр, хайр. Хайраа, хайраа, хайраа. Хайртай, хайртай, хайртай. Хайртай шүү. Ингэж хайр, хайр, хайр гэлцэн хашгиралдах атлаа хайрлаж чадаж байгаа нь хэр олон юм дээ. Нэгэн цагт хайртай хайртай гэж хашгиралдаж суусан гэр бүлийн тань хэд нь хайран дундаа байгаа юм дээ. Нэг цагийн ажлын хөлс нь хагас долларын цэнэтэй улсад хичнээн хүн өрх тэргүүлж, өрхийн тэргүүн байж, өрх тэргүүлж явж чадах вэ дээ.  Ийм учраас өдөрт дундажаар хайраа хайраа гэж явсан хайран 10 гэр бүл хайраа салгаж байна. Олон хүүхэд энэ салаанд дунд салбайлж өсөж байна. Хайраа хайраа гэж хэчнээн хүн харьд хар ажил хийж харлаж хайраа мартаж байна даа. Хичнээн эр хайраа орхиж Японд ажил хийн, гэр бүл болохоор зуучлагдаж, бас зуучлагдахаар байна даа. Хичнээн эм хайртай гэж явсан эрээ хар ажил хийж байна гэж голж орхин харийг зорьж харлаж байна даа. Хайр хайраа гэж явсан хичнээн хос биесээ хайрлах бүү хэл үзэн ядаж, бүр егүүтгэж байна даа.  Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог гэв үү.  Хайр гэдэг үгийг хаа хамаагүй хашгиралддаг нь олон ч “нөхцөлгүй хайрлана, нөхцөлгүй хайр” гэдэг язгуур утгаар нь түүнийг ухаарч амьдарч яваа нь ядуурал хаалга тогшсон энэ улсад хэр олон юм дээ. Ядуурал хаалга тогшсон энэ цагийнханд хамаагүй, хаа сайгүй  буруугаар ашиглагдан хэрэглэгдэж яйран  болж орхигддогтоо харуусаж асгаран уйлж яваа “хайр” гэдэг хайран энэ үгийг хэсэгтээ түр амрааж, түүнийг энэ цагийн өнгөнд тааруулж “халамж”  гэдгээр оруулж хэсэг явбал яасийм.  Ядуурал хаалга тогшсон энэ цагт ингэх нь онож ч бас юу магад.  
Төгөлдөр сайхан  утга агуулгыг нь хуурмаг болтол нь, аялгуун сайхан хөг өнгийг нь сонсоход  бөөлжис цутгамаар хүртэл нь муухайруулж  буруугаар, муруйгаар тэдэнд хэрэглүүлж ашиглуулж ирснээ бодон гомдон, уйлан  урсан цамнаж яваа хөөрхий “ард түмэн, шударга ёс, ЖДҮ, хайр” гэсэн энэ дөрвөн үгсээ түр хойш хайрлан тавьж нэг амраан  хэсэгтээ  “олон түмэн, хууль ёс, ГТҮ, халамж” гэсэн үгсээр оруулан хэрэглэж нэг үзбэл ер нь бас яадаг юм бол. Хөөрхий тэр эрхэм үгс минь хөөрхий. Хэсэгтээ жаахан амраг, тайвшираг.
Ц.Лувсандорж
2018 оны 12-р сарын 2-ны өдөр

Thursday, November 29, 2018

Хайртай гэх ард түмнийхээ их ядуурлын хаагуур нь ганхаж явна даа, МАН-АН минь ээ

Хайртай гэх ард түмнийхээ их ядуурлын хаагуур нь ганхаж явна даа, МАН-АН минь ээ


Ийм нэг тоог МАН-АН маань бодож л байдаг байх даа.

Нийт хүн амын 70 орчим хувь ядуу. Дундаж монгол хүний нэг цагийн ажлын хөлсний хэмжээ хагас долларт хүрдэггүй.

Тэгэхээр хайраа зарлаад таалагдах гэж "ард түмэн ард түмэн" гэж уралдан орилолддог байхад тань өнөө муу хэдхэн ард түмэн чинь хөдөлмөрөөр амьдрах гэж зүтгээд бүр ядуурч ажиллаж, ажиллаж ядуураад явна. Тэд хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болоод байна. Хайраа зарлаад байдаг нөгөө ард түмэн тань ийм л явна.

Ард түмний амьдрал өдөр бүр дордож ядуурч байна гэсэн үг. Тэр тоо худлаа худлаа хэлээгүй.
Хайртай гээд байдаг ард түмэн тань ийм болж байхад МАН-АН минь 30 жил түүний хаагуур нь гунхаж явна даа.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Tuesday, November 27, 2018

Хонин сүрэг тэргүүнээ л дагаж бэлчдэг

Хонин сүрэг тэргүүнээ л дагаж бэлчдэг

Бусдынхаа өмнөөс "Ш.." гээд хэлж байгаа түүний авирыг зөвтгөж үл болно.

Одоо удахгүй залуучууд энэ хүний индэр дээрээс, их дээрээс хэлээд зогсож байдаг тэр үгийг урдаас тань хээв нэг хаа сайгүй хэлээд урвалзаж байх нь түгээмэл болох биз. Түүгээр ч үл барам тэр бүр манантай цагийн соёл болох биз ээ.

Тээр цагт тээр нэг хүний өгсөн салаавч одоо хаа сайгүй л өгөгддөг болж.

Удирдагч гэж өөрийгөө өргөмжилж яваа, итгэж яваа хүмүүс ядаж үлгэрлэл үзүүлдэг байвал тун сайн хэрэг юмсан.

Хонин сүрэг тэргүүнээ л даган бэлчдэг.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Monday, November 26, 2018

Их хурал тарбал хаус үүсэх үү?

Их хурал тарбал хаус үүсэх үү?

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн. Энэ нь их хурлын даргын ярианаас ч харагдаж байна.

Ардчилсан сонгуулиар байгуулагдсан албан ёсны гээд зөвшөөрөгдсөн их хурлыг тар гэдэг нь үндсэн хуулийн биш биз дээ?

Хэрэв албан ёсоор төрийн эрх барих байгууллага маань албан бусаар энэ шаардлагын дагуу ингэж тарвал дараа нь бүх зүйл албан бус, төрийн бус болох уу?

Ер нь юу болох вэ? Хаус (chaos) үүсэх үү?

Энэ асуулт математикаар амархан баригдахгүй байна.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Thursday, November 22, 2018

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн

Манай Үндсэн хуулийн үг, утга, өгүүлбэр, санаа бүр монгол хүн бүрийн хөдөлшгүй үнэт зүйл мөн. Дагаж мөрдөх язгуур хууль юм. Зөрчиж үл болох үндсэн эрэмбэ мөн. Түүнийг зөрчвөл хэн болох билээ, юу болох билээ! Тэр нь харин их тодорхой.

Бид тань хаангүй улс болох тэр шийдлээ хийх үедээ "хуулиар засаглана" гэдэг шийдлээ хамт хийсэн юм.

Манай Монгол бол хаантай улс биш бүгд найрамдах улс юм. Энэ нь хэн нэгэн хүн хаан шиг авирлаж үл болно. Угаасаа ч тэр хуулиар тийм үйлийг хэн ч хийж чадах ч үгүй.

Үндсэн хуулиа хүн бүр энэ цагт эргэн нэг санаж эрхэмлэн дээдлэ. Бусад хуулиа түүнд нийцүүл. Олигархи сургууль, баян хоосноор ялгаж сургадаг боловсролын алагчилсан бодлого, сургууль гэх мэт үндсэн хуулийн санааг алдагдуулсан олон зүйл манарсан бидний манарсан амьдрал байна байна.Гэхдээ энэ мэт завхралыг бид ухааралд дундаа засах нь тодорхой.

Үндсэн хуулиа иргэн бүр эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ нь Монгол Улсыг бүрдүүлж буй гишүүн, иргэн бүрийн цаг ямагт эрхэмлэх үүрэг, язгуур үнэт зүйл мөн.

Түүнээс цэнэтэй үнэт цэнэ, түүнээс илүү ашиг сонирхол гэж манай улсын иргэнд байх ёсгүй.
Үндсэн хуулийг зөрчсөн бүхэн бидний үнэт цэнэ биш. Язгуур эрх ашиг ч биш. Харин гагцхүү үндсэн хууль л бидний үнэт зүйл мөн.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Monday, November 19, 2018

Манан арилгаж тэнгэр цэлмэдэг


Манан арилгаж тэнгэр цэлмэдэг

Манай улс манангаас салж байж л мандана. Гэвч өтгөн суусан манан тийм ч амархан сарнихгүй. Их юм болно доо.

Гэхдээ манан арилна. Яагаад? Үнэнг эцэстээ дагадаг юм. Энэ нь бүх юм өөрийн жамтай, замтай л гэсэн үг.

Жамаас гажиж замаа алдсан бүхэн эцэстээ жамаа дагаж замдаа ордог.

Тэгэхээр манайд буусан манан сарнихдаа л нэг сарина. Тэнгэр цэлмэхдээ л нэг цэлмэнэ.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Wednesday, November 14, 2018

Багш нар улс төрийн хамхууль биш юм шүү

Багш нар улс төрийн хамхууль биш юм шүү

Нэг хэсэг багш нарын нөгөөдүүлтэй авахуулсан нэг хөөрхөн, гоё зураг харав. Гэвч төрийн тэргүүнээс багш нарын талаар тэд юу сонссон юм дээ.

Эсвэл багш нар маань их хурлыг огцруулах гэсэн улс төрийн салхины аясад өмнө шигээ хамхууль шиг хийсэж, хөвөрч явна уу!

Багш нар өөрсдөө боловсролын хөгжлийн саад, чөтгөр, тушаа болчихсон байгаа тохиолдлууд олон бий.

Ажлаа мэргэжлийн хийдэгггүй. Хийх гэхээр цалин бага гэдэг. Цалинг тань нэмэхээр нэгдэн тэмцье гэхээр тэмцдэггүй, харин сургалтын төвөө ажиллуулаад хээв нэг явж байх нь бий.

Ихэнхи нь ман, ан, махн гэх зэрэг улс төрийн намынхан байдаг.

Багш нарын ҮЭ байгуулаад өгөхөөр ингээд улс төрийн хамхууль болоод явж байдаг улс даа.

Ажил хийдэггүй. Ийм хэдэн сүрэгтэй болов шив дээ, багш нарын тэмцлийн үр дүнд.

Ийм сүрэг багш нарт боловсролыг өөд татна гэж итгэх огт хэрэггүй. Тэд харин боловсролоос хол байх тусмаа их сайн юм.

Багш нарыг улс төрийн салхины хамхууль бүү болго.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Thursday, November 8, 2018

Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?


Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?

Манай сэтгүүлчид ядуу орны баян улс төрчдөөс дургүй нь хүргэхээрээ шууд асуучихдаг ийм нэгэн энгийн асуулттай болчихоод:

"Та яаж ийм баян болов оо".

Тэгээд дургүй хүргэх үедээ ч юм уу, эсвэл тэд хар нүдний шил унагаж, сугандаа туупуу хавчуулсан юм болов уу гэмээр пээдийх үед нь ч юм уу, манай баян улс төрчдөөс түүнийгээ асуучихдаг бай л даа. Тэгэхэд тэд тэр бүрт тань эвгүйрч, шууд л нүцгэрнэ ш дээ. Та бас од сэтгүүлч болно.

Зарим нь энэ асуултад яахав ардад тааруулж ингэж хариулах байх.

"Би төрийн албанд насаар зүтгэсэн ядарсан улс төрч л дөө. Хар л даа" гээд өрөвдүүлэх хэв орж үзээд, эцэст нь ингэж хэлнэ байх. "Эхнэр маань, нөхөр маань намайг төдий хүртэл тэжээж байдаг юм л даа" гэх биз.

Гэтэл тэгэж тэднийг тэжээгээд байх эмс, эрс тэр бүр энэ улсад бас хаа байхав дээ.

Огт эрдэм номгүй, ажилгүй нь бүү хэл, их эрдэм номтойнх нэг цагийн ажлын хөлс гэхэд л хамгийн ихдээ 10 хүрэхгүй доллар байгаа шүү, энэ улсад.

Монгол хүний нэг цагийн ажлын хөлсний дундаж өртөг хагас доллар биз.

Багшийн нэг цагийн ажлын хөлс 1 хүрэхгүй доллар байгаа байх аа.

Тэгэхээр өртэй монголын баян улс төрчдийг сайдаас өөр ажил огт хийдэггүй болтол нь 30 жил тэжээгээд байлгаж байх тийм эхнэр,бас нөхөр тэр бүр энэ улсад олдохгүй. Тийм ээ!

Тэгэхээр манай сэтгүүлчид амархан, гэхдээ тэднийг шууд л нүцгэлээд хаячих ийм нэг бэлэн асуулттай болчихооч!

Мөн асуух асуултгүй яана гэхгүй бас амар ш дээ. Бас од сэтгүүлч ч болж мэднэ.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Tuesday, November 6, 2018

Цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ

Цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ

ЖДҮ, ипотекийн зээл, АСЕМ, өмч хувьчлал, 20 дугаар тогтоол, газар эзэмшил, банкны дампуурал гэх мэт нь бүгд л төрийн бодлогоор, санаатайгаар, урьдаас төлөвлөж байгаад эрх мэдэлтэн бодлого, эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан мөнгө хийж байгаагийн нэгэн хэлбэр юм. МАН-АН төр барьсан 30 жилийг манараагүй хүний нүдээр харвал ийм л юм. Ийм бодлогоор энэ мэтээр мөнгө босгоход хэлбэрийн ялгаа бий, харин мөн чанарын ялгаа байхгүй.


ЖДҮ-г буцаагаад төлчихсөн гэснийг бахдан бахархалтай магтах нь байх юм. Зүгээр л бод. Малчны ухаанаар хар. ЖДҮ-ээр тэд аль хэдийн мөнгөө хийчихсэн байгаа биз. Буцааж төлөхөд л тэд хүүлсэн мөнгөтэй үлдэж байна. Тэр нь тэр бумаар хэмжигдэнэ. Гэтэл уяатай халтаруудыг тэд үүнийг ерөөсөө ойлгохгүй л гэж бодож байгаа ш дээ. Буцаагаад өгчихсөн гэхээр тэд нь бас баярлаж "үгүй, мөн шударга хүн юм аа" гэж бахдах, дэмжих, бүр их хуралд урьж залах.

Ипотекийн 8 хувийн зээлд хууртан өртөж, эцэстээ, өөрсдийгөө зээлэх мөнгөтэй, зарах хороололтой этгээдийн хөрөнгийг өсгөх хэрэгсэл төдийхөн болгож яваадаа бас л тун их баяртай яваа ард цөөнгүй явах.

300 гаруй жилийн турш гурав дөрвөн үеэрээ хөлс дуслуулан зүтгэж байж л босгосон бизнестэй, үйлдвэртэй, үйлдвэрлэлтэй Форд, Сони, Панасоник, Ж-мотор гэх мэт томоохон компаний эзэдтэй бараг дүйцэн зэрэгцэх дэлхийн баячууд гэнэт л өнөөх 30-хан жилд дотор 30 гаруй наяд долларын өртэй,жижиг зах зээлтэй, жижигхээн монголоос их олноороо тодорч байхыг хараад "үгүй мөн их аугаа монголоо, чингисийн удмаа" гэж шогжорч шагшан, биширч шүтэн, тэднийгээ их дэмжингээ өөрсдөө тун ядуурч байдаг ард бас байнга үржин олширч байх.


Ардын санхүүгийн боловсрол гэж нэг иймэрхүү, тиймэрхүү. Боловсролыг дорд болгодогийн нь учир нь бас нэг иймэрхүү, тиймэрхүү.

Тэдний цаад санаа нь "цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ, энэ гоё ардчиллаар " гэсэн шиг бас нэг тиймэрхүү, иймэрхүү.

Яая даа, хээгүй гэх гэнэн ардын эгшин бүрт хөөрөн ядрахыг, яалтай.

Яав даа, баян гэх монголын мөч бүрт хийрхэн ядуурахыг, яая даа.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Tuesday, October 30, 2018

Ичих мэдрэмж гэж та нарт байна уу?

Ичих мэдрэмж гэж та нарт байна уу?

Хөөрхий дээ, манайхны байж байгаа нь царай нэг ийм. Сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлалаа ч бас л гадны хүнээр заалгаж байдаг, яачихсан тархинууд вэ, та нар!

Наад Япончууд тань АХБ нэрээр мөнгийг тань саахаас өөр юу хэлж өгөх вэ дээ, тэр тусмаа сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлалаар.

Дэлхийн багш бүр, тэр тусмаа дунд сургуулийн багш бүр сургалтын хөтөлбөр боловсруулах онолын үндэс, арга зүй, аргачлалын олон хувилбарыг мэддэг юм шүү дээ. Манай нөгөө ядуучууд ч бас ялгаагүй гадарлаж л байгаа. Их сургуулийн бакалаврын сургалтын бүхэл бүтэн курс хичээлийг нөгөө муу ядуучууд тань үздэг юм шүү дээ, намчид ном биш харин нам гэж шогжиж байх зуур тань.

Ном биш нам гэж шогжиж явах хооронд нөгөө муу ядуучууд тань сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал бүү хэл их зүйлийг чаддаг, мэддэг болчихсон яваа шүү.

Бас ичих гэж нэг юм энэ салбарт байх ёстой. Бас улсынхаа багш нар, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг ингэж муухай харагдуулах хэрэг юу байна аа! Монголоо гоё л доо, та нар!.

Яадаг муу тархинууд вэ, та нар! Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалаа мэддэггүй юм бол тэр албанд та нар юу хийж ирдэг байна аа!

Япончуудаас өр тавьж өндөр үнээр сургалтын хөтөлбөр боловсронгуй болгох аргачлал заалгаж байхын оронд ах дээр ирээд нэг хоёр зүйлийг хэлүүлж авбал яасийм дээ!

Дэлхийгээс эргүүтлээ эрснээ дэргэдээс л олддог юм.

Үүнийг өдөр бүр санаж бай.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр\
 
 

https://www.facebook.com/jicaprocessmongolia/photos/pcb.345354542891892/345353229558690/?type=3&theater

Monday, October 29, 2018

Орчлонд хүүхэд од болгох гэж ирдэггүй

Орчлонд хүүхэд од болгох гэж ирдэггүй

Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ.

Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм.
Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй. Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх.

Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ.

Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ. Тэдэндээ санаа зовно.

Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно.

Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа.

Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг.

Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ.

Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий. Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм.

Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла. Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ.

Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа.
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь!

Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн.

Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла.

Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр