Saturday, August 31, 2019

Сүржин эхлэлтэй даржин төгсгөл

Сүржин эхлэлтэй даржин төгсгөл


Манай улс хичээлийн жилийг нэг л их сүржин эхлэх юм. Баяр гэх шиг. Ерөнхийлөгч хичээл заана ч гэх. Их хурлын гишүүд нээлтэд нь оролцоно гэх шиг. Цэцэг, навч ч гэх шиг. Нэг л сүржигнэсэн, хийрхсэн улс байх. Нэг л сүржин эхлэлтэй байх юм.

Ингэж сүржин эхлэсэн хичээлийн жил цаашид бас л олимпиад, тэмцээн, дуу хуур баяр цэнгэл уралдаан, уралцаан болж өрнөнө. Багш нар нь "Ямар ч хичээлийг хэнд ч хэн ч яаж ч зааж болно" гэдгийг ерөнхийлөгчдийнхөө хичээлүүдээс гүн ухаарч авсан юм болов уу гэлтэй гурилдаж өрнүүлнэ. 

Сүржин эхлэлтэй мэргэжлийн бус өрнөлтэй ийм хичээл, сургалтын төгсгөл нэн их даржин.

Бүх хичээлээрээ бүх түвшинд улсаараа муу сурдаг. Ерөнхий боловсролын сургуулийн төгсгөлийн шалгалтын дүн хуурмаг. Цэнхэр, хар баллаар баллуурдаж засдагийг үл тооцвол хичээлүүдээр хүүхэд дундажаар 10-30 хувийн гүйцэтгэлтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын улсын дундаж математик, байгалийн ухааны хичээлээр бас л 10-30 хувьтай. Их дээд сургуулиуд муу сурлагатанг урилгаар уралдаж элсүүлж уралдаж онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд болгож залуусаа хорлодог. Багш нь ядууруулах хорон бодлогын золиос, ядуу, хүүхэд нь тэнэглэл, мунхаглалын золиос, хөөрхий.

Хичээлийн жил ийнхүү сүржин эхлэлтэй ядмаг өрнөлтэй, даржин төгсгөлтэй байна, энэ улсад.
Зүй ийм юм. Хичээл ажил, тэр тусмаа багш биш ерөнхийлөгчийн хийчих ажил бүр биш харин дөнгүүр нь 4 жил хичээнгүйлэн сурч эзэмшдэг нарийн мэргэжил тул хичээлийн жилийн эхний өдөр хийрхлээр биш харин зүгээр л хичээлээ хийж даруухан эхэлнэ. Тэгээд тэр жилийн турш хүүхдийг сургахад чиглэсэн мэргэжлийн өрнөлтэй байна. Тэгэхэд хичээлийн жил шижгэр амжилтаар дүүрсэн төгсгөлтэй байх болно.

Хичээлийн жил манай улсад даруухан эхлэлтэй, мэргэжлийн өрнөлтэй, шижгэр төгсгөлтэй байг.

Ц.Лувсандорж

2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр (Ням гариг)

Thursday, August 29, 2019

Багш бүрт цалингийн алдагдлыг нь байраар нөхөн төл

Багш бүрт цалингийн алдагдлыг нь байраар нөхөн төл
1990 оноос өмнө. Тэр цагт монголд багш л хамгийн өндөр цалинтай байж. Энэ нь хүний хөгжлөөр л улс хөгсөнө гэсэн итгэлтэй нь холбоотой юм. Энэ нь ч зөв. Хөгжсөн улс бүгд л хүнээр өндийссөн байдаг.
Гэтэл 1990 оноос хойшхи өнгөрсөн 30 жилд багш, эмч хоёр л хамгийн их хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хамгийн их ядуурсан байдаг юм. Хүнийг нь хөгжүүлэхгүй байвал улс уруудана гэдэг айхтар технологитой энэ нь бас холбоотой биз. Энэ бол буруу юм. Буруу бодлогоор явсан улс бүхэн ардчилал гэж хашгиралдаад, авилга хөгжүүлээд, ажилгүйдэл өрнүүлээд, архидалтыг мандуулаад, тасралтгүй донтож найрлаад өдрөөс өдөрт дордсоор зүгээр л сүрэг болдог нь жам юм.
Ийм сүрэглүүлэх технологиор явсан өнгөрсөн 30 жилд багш, эмч нарыг хэр ядууруулсанг маш амархан тооцоолж болно.
1990 оны өмнө. Тэр цагийн шинэ багшийн цалин гэхэд 600 төгрөг байв. Энэ нь тэр цагийн хаврын хурга болох намрын 60 төлөгний цэнэтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шинэ багш гэхэд сар бүр 60 тоо толгой бүхий бэсрэг төлөгөн сүргээр цалинждаг байжээ. Төлөг төлөгөөрөө байгааг хараад, нэг төлөгний одоогийн хар зах дээрх ханш 80-100 мянга төгрөг байгааг санаад шударга ёс хийгээд намын төлөө биш харин хүний төлөө үнэн ҮЭ монголд байсан гэж үзбэл одоогийн багшийн цалин 4,8-6 сая төгрөг байх юм. Гэвч одоогийн багш цалинг дээшлүүлж бодоход, тооцоог хялбарчилж дундажлан харахад 600 мянган төгрөг байгаа олж харьцуулбал багшийн цалингийн үнэн цэнэ, ханш өмнөхөөсөө 8-10 дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл, 1990 оны үеийн багшаас одоогийн багш 8-10 дахин ядуурсан гэсэн үг. Багш энэ хугацаанд ийм л ядуурсан байна. Боловсрол ийм дахин муужирсан байна. Хүүхэд ийм дахин хохирсон байна.
Нарийн тооцоход багшийн бодит цалин 5,2-6 сая байх юм байна лаа. Үүнийг ч манай шударга шүүгчдийн цалин харуулж байгаа биз. Шүүгчийн цалинг ингэж тогтоосон их хурал ч бас үүнийг зөвшөөрч байгаа хэрэг биз.
Багшийг ажлыг 1990 оноос 2020 он хүртэл хийж байгаа багш хүний цалингийн өнгөрсөн он жилүүдийн алдагдлыг тэгэхээр одоо амархан тооцоолж болно.
Бас тооцоог хялбарчилж, багшийн цалингийн нэг сарын алдагдал дундажаар 5,4 сая гэж байна. Бусад жилүүдийг тухайн үеийн төгрөгийн худалдан авах чадварын индекстэй уялдуулж тооцоолох гаргах боломжтой. Ингээд 30 жилээр биш зөвхөн 30 сараар л бодвол 162 сая төгрөг болно. (Үүнийг нарийвчлан тооцвол үүнээс их тоо, маш их тоо гарна).
Багш бүр иймд нөгөө багшийн төлөө ажиллана гээд уралдаад, уралцаад байдаг багшийн болон боловсролын ҮЭ-үүдээр дамжуулж, шаардуулж цалингийн алдагдлаа 30 сараар биш харин бүр 30 жилээр нөхөн авах нь шударга ёс юм. Ардчилал юм. Тэгш байдал мөн.
Мэдээж бэлэн мөнгөөр өгвөл зөвхөн 30 сарын нөхөн төлбөр болох 162 сая төгрөгөөр хотын төвд 2-3 өрөө байр авч болно. Эсвэл бэлэн мөнгөөр төлж чадахгүй бол төр тэдэнд байр олгож төлж болно. Олон өрөө байр авч байж л тэнцэх юм байна лаа. Бодит өртгөөр л бодит ажил хийгддэг зах зээл, капиталист нийгэм шүү дээ, энэ.
Бас нэмээд энд өмч хувьчлалаар багш нар л өмчгүй үлдсэн ганц бүл болохыг бас байнга, байнга санаж, сануулж байх хэрэгтэй.
Багш шударга ажилласны төлөө шударга цалин авч байх ёстой. Энэ нь хүнээр улс хөгжих зөв бодлогын эх болно.
Тэгэхээр цалингийн 30 жилийн алдагдлаа нөхөн төлбөрөөр эргүүлэн олж авах асуудлыг тавьж шийдвэрлүүлэхийг татвараа өгч байдаг ҮЭ-нүүдээ байнга шаард, Багш нараа!
Багш бүрийг байртай болгочих бололцоотой нийтийн ийм том эрх ашгийн төлөө ажиллуул, Тэднийг!
Эсвэл татвараа тэдэнд төлөхөө больчих!. Зүгээр тэжээгээд юухэв, тэднийг!
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Sunday, August 25, 2019

Өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайгчдийн утгагүй тэмцэл


Өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайгчдийн утгагүй тэмцэл

Хятад төрхтэй, Англи тархитай Конконгчууд яаж ч тэмцээд Англи төрхтэй, Хятад тархитай болохгүй. Энэ л тэдний хамгийн том асуудал юм.

Манай улс Англи хэл, Кембриж гэж хийрхсэн энэ хийрхлээ зогсоохгүй бол удахгүй өнөөгийн Конконгчуудад тулгарч буй "Хэн бэ" гэдгээ хайсан утгагүй, гэхдээ дуусахгүй том тэмцлийн талбар болж мэднэ. Нэг хэсэг нь хэн бэ гэдгээ мэдэхээ байчихсан байна гэсэн үг л дээ.

Англи тархитай, монгол төрхтэй хүүхэд Англи хүн гэж андуурч монгол төрхөө тэдэнд Англи гэж харуулах гэсэн тэнэглэл дэлхийгээр эхлээд тэнэнэ. Доог болно. Дараа нь монгол төрхтэй Англи тархитай тэд Английн туг барьж, хатан хааны төрсөн өдрөөр уйлж явснаа монголоо Англи болгоно гэж тэнэглэнэ, тэгээд тэмцэж үзнэ.

Боловсрол ийм аюултай зэвсэг юм.

Ардын боловсролыг ард орхиж, боловсрол бизнес болоход учраа мэдэхгүй гэнэт л баяжсан монголын баячууд гэгчдийн хүүхэд Англи тархитай болох тэнэглэлд хамгийн эхэнд хамгийн их золиослогдож байна. Тэд бол эхний хамгийн том золиос юм. Тэд эцэстээ хэн ч биш болсон байдаг. Тэднээр Англи яахав дээ. Бас монгол тэднээр бас дутахгүй.

Тэд хэн ч биш болдог. Тэгээд л хэн бэ гэдгээ хайсан тэмцлийг хийж эхэлдэг. Тэглээ ч тэд хэн ч биш л байдаг. Хөөрхийс.

Хөөрхий тэр монголчууд тэгээд одоогийн Конконгчууд шиг л өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайсан утгагүй, дуусдаггүй тэмцлийг өрнүүлж эхэлнэ. Тэгээд өөрсдөө л хохирч үлдэнэ. Яагаад? Хэн ч биш болтлоо золиослогдсон болохоор тэр.

Өөрийгөө хэн гэдгээ мэддэг нь эх орондоо хэн нэгэн байдаг. Өөрийгөө хэн ч гэдгээ мэдэхгүй болтлоо золиослогчид харин хаана ч яаж ч тэмцлээ ч хэн ч биш хэвээр л үлддэг.

Тэгэхээр яаж ч боловсролоо гэлээ ч ядаж хэн нэгэн л бай л даа.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Saturday, August 24, 2019

Багшгүй, бас эмчгүй улс болох вий дээ

Багшгүй, бас эмчгүй улс болох вий дээ
Автобусны жолооч "Лууяа багш" гээд нэг их дотно мэндлэв. Би ч бас жаахан гайхав. Тэгээд яриа өрнүүлэхэд манай сургуулийг математикийн багшаар төгссөн оюутан маань автобусны жолооч болж хөрвөснийг мэдэв. "За, яагаад ийм болов" гэхэд тэрбээр "Багшийн цалингаар яаж гэр бүл авч явах вэ дээ, багш аа" гэв. Би ч "Багш сайхан мэргэжил гэж энэ тэрээ хэлж байснаа санаж, жаахан сандран, одоо тэгээд хэдийг авч байна даа" гэхэд "Өө, яахав, сард наандаж л 1 сая гаруйг авна даа" гээд "Манай эрэгтэй дүү бас багшаар танай сургуулийг саяхан төгсөөд одоо барилгад даамал хийж байна" гэв.
Энэ мэтээр эрэгтэй олон төгсөгч маань нэг, хоёр жилийн дараа багшаа больж зах зээлд гаргасан жишээг олныг мэдэх юм даа, би.
Нээрээ л 200 хүрэхгүй доллараар гэр бүл авч явах бүү хэл, хүүхэддээ ч хүсснийг ч авч өгч чадахгүй юм даа. Хөөрхий дээ.
Үүний үр дүнд энэ улс багшгүй улс болж байна. Тэр "багш авья" гэсэн гуйлтыг хараа л биз дээ, та нар.
Мөн одоо удахгүй энэ улс энэ байдлаараа байвал эмчгүй улс болно.
Багшгүй, эмчгүй улсад боловсролгүй, эрүүл биш хүн л их байна. Тэгэхээр энэ улс улам л эвгүйрнэ.
Яана даа, хөөрхий.
Энэ улсыг "ийм яана даа улс" болгохгүйн тулд ийм ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүл.
"Багш, эмчийн цалинг улсынхаа дундаж цалинд л хүргэ"
Тэгэхэд энэ улс өөрөө аяараа саруул, эрүүл хүнтэй, хөгссөн хөгжилтэй улс болно.

Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Thursday, August 22, 2019

Монгол эрчүүд гэрлэдэг хэвээр л байг

Монгол эрчүүд гэрлэдэг хэвээр л байг

Хөгшин Европын эрчүүд хүүхэд өсгөхгүй, хүүхэдтэй болгохгүй, гэрлэхгүй зөвхөн өөрийгөө л бодно. Хандлага нь энэ. Үүнийгээ амбиц, бас "mission" гэх зэрэгтэй холбож гоё хэлнэ.
Үнэндээ бол гэрлэхэд тэдний хүч нь хүрэхгүй, мөнгө нь хүрэхгүй, хамгийн гол нь зориг нь хүрэхгүй л дээ.

Европын улсуудын лидерүүдийг нэг хар даа. Эр эмгүй ихэнхи нь ганц бие. Амбиц, mission нь биз.
Хамгийн сайн даа л, тэд нийгэмдээ тайлагдах, таалагдахын тулд нэг хамтрагч шүү хэв маягт хувирдаг юм. Гэхдээ тэр эр, эм, хөгшин, залуу нь хамаагүй.

Гэтэл мангараараа дуудуулж явдаг нөгөө монгол эрчүүд, Манай эрчүүд эхнэр авч, хүүхэд хийж, аав гэж дуудагдаж амьдрах гэж ирсэн, бас энэ цагт үүнийгээ хадгалах гэж үзэж л байна. Энэ нь муу зүйл биш. Магадгүй энэ манай улсын үнэт зүйл төдийгүй удахгүй улаан номонд орох дэлхийн цэнэт өв ч болж мэднэ.

Харин өнгөрсөн 30 жилд хачин эр залуус эм шигээ болж элдэвлэдэг нийгмийн үзэгдэл бий болж байх шиг байна.
Саяхан энд "Ахимаг эмэгтэйчүүд гэж эхлээд "өвөрт" гэж үргэлжлээд эцэст "ичээрэй" гэсэн коммент явж байна лаа.

Энэ үеийнхэн тэд нарыг дуурайж хялбар амьдрахад суралцаж эхэлж байгаа бололтой юм.Энэ манай уламжлал биш. Ер нь жам биш. Буруу. Жамаа дагаж замаа харж явах нь зөв.

Мангараараа дуудуулж яваа монгол эрчүүдэд маань энэ эвгүй цагт ч хүртэл, авилгал, архидалт, ажилгүйдлийн энэ цөвүүн үед ч гэсэн эмд хань болох, үр төлөө үлдээх, хүүхдэд аав нь болох, гэр өрхөө авч явах гэсэн хандлага нь арай ч үгүй болчихоогүй л байна. Энэ бол монгол эрчүүдийн гэр бүлийн соёл, үнэт зүйл юм.

Монгол эрчүүд гэрлэдэг хэвээр байж л монголын дэлхий үнэ, цэнэ болно. Улаан номонд ч үүгээрээ орж мэднэ.

Монгол эрчүүд тэгэхээр гэрлэдэг хэвээр л байг.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Wednesday, August 21, 2019

"1 багш 15 хүүхэд" хөгжлийн гарц

"1 багш 15 хүүхэд" хөгжлийн гарц


Нэг багшид 15 хүүхэд оногдож байх бодлогыг хэрэгжүүлбэл энэ улс өндийж хөгжинө. Яагаад?

Сургуулийн хичээл, сургалт одоогийн хулхи байдлаас ангижирч чанар нь одоогийн гудамжны сургалтын төвийн түвшинд ядаж хүрнэ.

Гудамжны сургалтын төвүүд үгүйрч ирэхэд сургуулийн багш нар багшийнхаа ажлыг хавсарга байдалтай хийдгээ шууд больж ихэнхи багш нар үндсэн ажилдаа үнэнээсээ ханддаг болно.
Багш ажлаа сургалтын төвд хийдэг шиг л сургуульдаа мэргэжлийн хийх боломж бүрдэнэ.
Багш ажлаа мэргэжлийн хийдэг болсноор бүх хичээлээрээ улсаараа муу сурдаг гутамшигт байдал үгүй болно. 


Багшлах нарийн мэргэжил болж, сурах баясал болсноор энэ улсад хүний хөгжил бий болно. Хүүхэд бүр хөгсөнө.


Ялгаварлал, гадуурхал, тэмцэл, үзэн ядалтын эх үндэс эх үүсвэр нь болсон ерөнхий боловсролын хувийн сургуулиуд хумхийн тоос лугаа маш хурдан үгүйрч энэ улсын боловсрол хүнлэг, энэрэнгүй, ардчилсан болно. 


Тэгш байдал, шударга ёс, ялгаатайд ялгаатай хандаж байж л тэгш боломжийг олгодог хөгжлийн зарчмууд энэ улсад үнэн амилж хүүхэд бүр баяр хөөртэй сурах, аж төрөх үндсэн нөхцөл бүрдэнэ.


Хүний хөгжил, хөгсөл улсыг хөгжүүлнэ. 


1 багш 15 хүүхэдтэй ажиллах энэ эрс шинэчлэлийн бодлогыг одоогийн дэд бүтцээр хэрэгжүүлэх ганцхан арга зам бий. Энэ нь туслах багшийн тогтолцоо нэвтрүүлэх явдал мөн.
Туслах багшийн тогтолцоогоор харвал одоогийн 30 хүүхэдтэй ангид 2 багш ажиллана гэсэн үг.
Цалингийн онцын ялгаагүй ч туршлагын ялгаа харин тэнд тооцогдоно. Харилцан нөхцөлжинө. Амжилтын эх үндэс нь үгүйсгэж тэрсэлдэхэд биш нөхцөлжихөд байдаг жам энд бас бий.

1 багш 15 хүүхэд (1:15). Энэ энгийн бодлого монголын боловсролыг дампуурлаас гаргах төдийгүй монголыг аврах бодлого болно.

Үүнийг амжилтай хэрэгжүүлэхийн тулд нэмж бас нэг арга хэмжээг заавал авбал зохино. Тэр нь багшийн цалинг улсын дундаж цалинд хүргэх явдал юм. Энэ нь шилэгдсэн муу нь биш харин шилдэг сайн нь багш болоход хөтлөх юм.

Төрмөл шилмэлээр багшийн ажлыг мэргэжлийн хийлгэдэг болсноор хүүхэд бүр хөгсөж, хүн бүр хөгжинө. Тэгэхэд монголд гагцхүү хөгжил л ундарна.

1:15 ингэхлээр монголын хөгжлийн гарц мөн.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 22-ний өдөр

Tuesday, August 20, 2019

Гурван багшийн хоёр нь илүү

Гурван багшийн хоёр нь илүү
Гурван багшийн хоёрт хайлаад ч, уйлаад ч ажил олдохгүй, За. Учир нь багш хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнээс илүү бэлтгэгдчихсэн юм. Одоо ажил хайж байгаа гурван багшийн хоёр нь илүү. Өөрөөр хэлбэл, тэр хоёрт нь хичнээн ч хайгаад, яаж хайлаад багш мэргэжлээр хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах ажлын байр байхгүй гэсэн үг.
Удахгүй шинээр ажил хайж байгаа ийм гурван багш гурвуулаа ийм л болно. Яагаад?
Манай улсад одоо ажиллаж байгаа 97 их, дээд сургууль, коллежийн 47 нь багш бэлтгэж байна.Бэлтгэж ирсэн юм. Тэгээд ингээд л багш бэлдээд байхад бэлдсэн бүхэн илүү болно. Бас л тасарчихсан тэнэглэл байгаа биз.
Өөрсдийнхөө хүүхэд шиг залуусаа ингэж хэлэхгүйгээр хорлож байдаг. Хэлэхээр шүүмжлэлээ гэдэг. Гомддог, хуучин түшмэлүүд.
Ийм боловсролын бодлогын тэнэглэл манай улсад газар сайгүй байгаа учраас боловсрол өдөр ирэх тусам доройтож байдаг. Бүх хичээлээрээ улсаараа олон жил муу сурч байна. Энэ мэтээр боловсролын дампуурлыг хэлбэл, цаас хайран.
Боловсролын бодлого манайд байна аа, байна. Гэхдээ тэр нь цэцэн биш харин мунхаг. Харамсаар даа.
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр

Saturday, August 17, 2019

Хөдөлмөрийн мөлжлөг их гашуун


Хөдөлмөрийн мөлжлөг их гашуун

Манайд хүний хөдөлмөрийг хамгаалдаг хөдөлмөрийн хууль бий болоогүй. Хөдөлмөрийн мөлжлөгийг дэмжсэн нь харин бий. Капиталист өөрийн ашгийн эсрэг хууль хийхгүй.

Тэгэхээр хүн монголд ажиллаад ядуураад байдаг. Ихэнх залуучууд монголд ажил хийхдээ гутардаг. Тэгээд зугтдаг.

Манайд хүний төлөө Үйлдвэрчний эвлэл ерөөсөө байгаагүй. Одоо ч байхгүй.

Энэ нь манай улсад капиталистыг дураараар дургиж, жаргаж байхад хүргэдэг. Үүнийг батлах хоёр солонгос бизнесменийн яриа энд байна.

"-Солонгост биш харин Монголд бизнес хийхээр л хурдан баяжаад байх юм. Яагаад!

-Яахав даа, Солонгост бид ажилчинд байдаг ашгаа хуулиар хөлс болгон өгөөд байна. Монголд хүнд энд өгөөд байгаа юм алга. Зөрүүд нь энд л байна"

Бас автобусны буудал дээр халтар царайлчихсан ажлын цүнхээ үүрчихсэн манангийн шиврээгээр нүүрээ угааж зогссон 20 хүрээгүй нэгэн монгол залуу ингэж яриад нүдэндээ нулимстай байж билээ.

"Сар байшин барьж ажиллаад хөлс авсангүй. Өнөө өглөө энэ талаар босстой хэлээд хөөгдчихлөө. Энэ талаар ээжтэйгээ ярьсан тань "Миний хүү хүрээд ир" гэж байна. Удахгүй солонгосын виз гарах байх. Тэр хүртэл приусээрээ халтуур хийхээс, ах.

-Харамсалтай л юм болж (Өөрийнхөө дүү нар,хүүхдээр төсөөлөн тэр залууг ихэд өрөвдөж билээ) "Сар ажилласан юм чинь хөөцөлдөж ажлын хөлсийг хагас дутуу ч гэсэн олж авах хэрэгтэй гэхэд тэрээр ууртайгаар "Муу п-тай үгээр ойлголцохгүй бол өөрөөр ярина" гээд залуу хүний авир харуулж байж билээ.

Залуусын энэ уур, үл хамгаалал АНУ-д юунд хүргэдгийг энэ төр санаж залуусаа хамгаалж дэмжмээр байгаа юм даа. Тэр үзэн ядалт бол тэсрэлт болдог.  Үзэлтийн ядалтын тэсэлгээ болдог (hate shooting). Иймээс ийм зүйлд залуусаа хөтлөхгүй байхын тулд эртнээс анхаарах хэрэгтэй. Монгол хүний цагийн ажлын хөлсийг хуулиар хамгаалах хэрэгтэй. Залуус илүү боломж олгох хэрэгтэй. Тэднийг архиар биш ажлаар хайрла. Нэг цагийн ажлын хөлсийг бодитой болгож хамгаал.

Эдгээр  яриа ч, тэр үнэн ҮЭ үгүй нь байдал ч манайд хөдөлмөрийн мөлжлөг цэцэглэхэд хүргэсэн байдаг. Энэ нь эцэстээ аюултай. Энэ улсаас залуус уйлаад зугтаж байна. Бас тэсрээд ч эхэлж мэднэ.

Мөн хөдөлмөрөө цэнүүлж сурсан хүнийг энэ нь их биш харин их л бага ажиллахад бас хөтөлдөг.

Хөдөлмөрийн мөлжлөг ийм л гашуун.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

8 дугаар их хурал гэхэд хоосон байх вий дээ

8 дугаар их хурал гэхэд хоосон байх вий дээ
Энэ хичээлийн жилд монголын багш нарын 7 дугаар их хурлын ямар зорилтыг нь улсаараа хэрэгжүүлэхээр зүтгэх юм бэ? Үүнийг мэдэх багш байна уу?
7 дугаар их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх Зөвлөлдөх зөвлөл гэгч нь холбогч гүүр болохоос сааруулагч зөвлөл биш юм. Тэр саатуулагч биш. Холбогч, зүтгэгч зөвлөл байх ёстой.
Монголын багш нарын 7 дугаар хурлын илтгэлийг бэлдэж байх үед өмнөх 6 дугаар их хурлын нэг ч зорилго биелэгдээгүй олж мэдээд "Ээ, монгол оо" гэж дуу алдаж байв.
Яг энэ байдлаар байвал Монголын багш нарын 8 дугаар их хурлын илтгэлийг бэлдэж байх үед бас нэгэн хүн дээрхийн адил хоосонг олж мэдэн бас "Ээ, хар холбоо" гэж бас дуу алдах вий дээ.
Иймд ийм байдлаа өөрчлөх хэрэгтэй байна, багш нараа. Багш нар одоо тэмцлийг тасралтгүй, идэвхитэй байлгаж 7 дугаар их хурлын тогтоолыг хэрэгжүүлж гэж тэмц, нэгд. Үүний төлөө Монголын багш нарын холбоог идэвхтэй байлгаж тэднээс үүнийг хийхийг шаард. Унтаж байхад нь бид энэ их хурлыг өмнө гуйж байж сэрээсэн. Тэр холбооны 7 дугаар их хуралд илтгэлийг нь хүртэл босгож өгсөн.
Тэгэхээр 7 их хурлын тогтоолыг хэрэгжүүл гэж энд тэнд багш бүр л чангаар хэлж бай. Багш нарын холбоо үүний төлөө оршиж, манлайлж ажилла. Тэр цагт багшийн цалинг манай улсын дундаж цалинд хүрнэ. Тэгээд төгрөгийн худалдан авах чадварын 1 хувийн уналт бүрт 1,5 хувиар багшийн цалин нэмэгдэж байх юм. Багш дундаж давхаргад хүрч байшин худалдаж авдаг болно. Шилмэл нь багш мэргэжлийн төлөө зүтгэдэг болно. Тэгээд хар масс цагаан болж, ардчилал энэ улсад хараар хөтлөгддөг бус харин цагаанаар, сэхээрлээр хөглөгддөг болж жаман замдаа орно. Бидний тэмцэл ийм л ачтай юм. 7 дугаар их хурлын тэр заалт ийм л цэнэтэй юм.
8 дугаар их хуралд бас "Ээ, хар холбоо" гэж зануулах бус " Ээ, багшийн ачит холбоо" гэж магтуулж байхаар ажилла, зүтгэ, холбоо. Үүнийг багш нарын холбоо гэсэн нэр зүүсэн хүн бүрээс шаард, сэрээж ширч авчраад ажиллуул. Чадахгүй бол холбоогоо чаддагт нь шилжүүлж багшид өг.
Эс тэгвээс багш бид нар 8 дугаар их хурал хийхэд өмнөх шигээ нэг ч зорилго хэрэгжүүлээгүй хий хоосон сууж байх вий дээ.
Ц. Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Friday, August 16, 2019

Багш бүрт 120000 төгрөг олго

Багш бүрт 120000 төгрөг олго

Багш нар хөдөлмөрийн хуулийн дагуу одоо амарч байна. Багш нарыг ингэж амралттай байхад боловсролын яам захиргаадан үндсэндээ дарамталж багш нарт нийтээр нь албан сургалт явуулдаг нь түүхэн том алдаа байсан юм. Энэ алдааг тэд жил бүр л уламжлал болгон гаргасаар л ирсэн байдаг. Багш нар бид ч тэр цагт их дорд байв. Хуучин байв.

Гэтэл энэ жил өөр. Онцгой. Энэ хичээлийн жил нь өөр. Шинэ. Багш нар 3 жилийн турш хийсэн цагаан тэмцлийнхээ дүнд бүгд л хөдөлмөрлөх эрх, бас хөдөлмөрийн мөлжлөг, нэг цагийн ажлын хөлс нь 2 долларт хүрдэггүй гэдгээ, монгол даяар цахим хурдаар нэгдэж чадна гэдгээ, боловсролын үйлчилгээ чанаргүй, гол хичээлээрээ хүүхдийн гүйцэтгэл 10-30 хувьтай байгаа болохоо, тэгээд хамгийн гол нь багш нар нэгдэж чадвал улс монголоо өөрчилж чадах юм, бас аюултай хүчтэй байна гэдгийн талаар мэдрэмж орчихсон цаг, 7 дугаар их хурлаа хийсэн түүхэн үе. Мэдрэмжтэй цаг, шинэ мөч.

Ийм үед боловсролын яам багш нарыг дорд үзэж ирснээ үргэлжлүүлж байгаа юм шиг уламжлал болгон гаргадаг тэр алдаагаа хээв нэг дахин давтан хээгүй гаргаж байх юм. Багш ингэж их өөрчлөгдсөн байхад тэд монгол даяар цахим хурдаар үзэл бодлоо илэрхийлж чаддаг болчихсон байхад яамныхан харин өөрчлөгдсөнгүй. Шинэчлэгдсэнгүй. Хуучин хүү байсаар.

Багшийн өөрчлөлтөд дасан өөрчлөгдөөгүй үйлдэл бүр тань иймд төрийн яам боловсролын яаманд түвэг болно, төлбөр болно. Үүний нэг жишээ дор байна.

Багш нар одоо амарч байна. Тэгэхээр амралтаар ажиллуулсан хөлсийг бүр нэмэгдүүлж олгодог журамтай байх аа. Тийм биз, нөгөө олон над руу л ирээч гээд байдаг, хоорондоо багш нарын сайн сайхны төлөө илүү их тэмцэж чадна гэж уралддаг, уралцдаг багшийн, боловсролын гэгчээр овоглосон ҮЭ-дээ!

Боловсролын яамнаас хагас мянган сургагч багш нараараа явуулж байгаа сургалтад багш нарыг амралтаар нь 3 хоног хамруулж ажиллуулах юм аа даа. Тэгэхээр багш нарт тэд 3 хоногийн ажлын хөлсийг амралтын нэмэгдэлтэй нь олгох нь зөв биз!. Төв биз! Шударга биз!. Ардчилсан биз! ҮЭ-ийн зарчим биз!

Энэ мөнгө хэд вэ? Үүнийг хуучин биш харин тэмцлээрээ ухаажсан багш нар одоо амархан тооцоолно.

Багшийн нэг ажлын хөлс ойролцоогоор 5000 төг, өдөрт 8 цаг гэвэл нэг өдөрт зөвхөн ажлын хөлс нь 40000 төгрөг болно. Гурван өдөрт сургалтад хамрагдаж ажилласан гэвэл дор хаяж 120 000 төгрөгийг багш нар олгох ёстой юм байна. Дор хаяж гэдэг нь унааны хөлс, буудал, хоолны зардал, амралтаар ажилласны нэмэгдэл ороогүй гэсэн утга бий. Үүнийг олж өгөхөд л нөгөө олон ҮЭ -ийн хэрэг гарах биз. Тийм ээ, багш нараа!

Нийгмийн ядарсан хэсэгт зориулагдсан түрээсийн байрнаас олж түрээслэнэ гэж үзэж багшийн ёс зүйг шаварт хутгаж байхынхаа оронд тийм нэг тооцоо хийгээд эдийн засгийнхаа тэмцлийг хийгээч, та нар. Багш нарыг хөдөлмөрийг мөлжлөгөөс хамгаалж амьдрал ахуйг нь дээшлүүлээч, зүгээр л татвар авч тарвалзаж суухын оронд. Амралтаараа дуудагдан ажиллаж байгаа багш нарт тэр хөлс, 120000 төгрөгийг олгуулж тэдний дансанд цэнэ нь унахаас өмнө аль болох хурдан хийлгүүлээч, ҮЭ-үүдээ!

Иймэрхүү л үйлсийг өрнүүлнэ гэж ҮЭ-ийн дарга та нар түвшин түвшиндээ муу багш нараас татвар авч байгаа биз. Үгүй юу!

Боловсролын яамнаас олон жилийн ийм 120000 төгрөгийг нэхэх боломжтой юм шүү, зарчмын хувьд. Хэрэг хуучирдаггүй ч тэр нь ч одоо дүүрчээ. Харин багш нар мэдрэмжтэй болчихсон, багш нар хуучин байдлаар дорд биш харин шинэ дүрээрээ дээшилж эрх ашгаа хамгаалах, хөдөлмөрийн мөлжлөгөөс багш мэргэжлээ салгахын төлөө нэгдмэл ухааралтай болчихсон, бүүр энэ талаар тэмцэж өгнө гэсэн хэдэн хэдэн үндэсний түвшний ҮЭ-тэй болчихсон байгаа энэ цагийн тэр 120000 төгрөгийг яам багш нартаа уучлал гуйгаад хурдан төлөх нь зайлшгүй юм. Ингэхгүй гээд тэд тэгээд яахав юм дээ. Бүх багш нартайгаа яам нь шүүхдэж дэлхийн доог, тэнэглэлийн дээд бололтой биш.

Багш нар бид хөдөлмөрөө л шударгаар үнэлүүлэхийн төлөө л тэмцсэнг Боловсрол яам одоо хүртэл мэдрээгүй юм уу гэсэн гоморхол хүртэл энд тэнд бас багш нарт үүсэж байгаа даа.

Боловсрол эдийн засаг, боловсролын нийгэм зүйн агуулгаар бүх багш нар их өөрчлөгдөн шинэчлэгдчихээд байхад боловсрол яамныхан өөрчлөгдөхгүй, хуучин хүү хэвээрээ л нөгөө л хэрэг болоход нэг ч зоосны цэнэгүй хий хоосон медалиа гардуулаад сууж байх юм. Тэд урьд цагийн хуучин хүү шиг дорд суусан багш нар хэрхэн яаж өөрчлөгдөн энэ цагийн шинэ хүү болсон шиг хурдан өөрчлөгдөж шинэ түшмэл болоосой. Тэд шинэ түшмэл болж үл чадваас төрд хуучин алдаагаа давтан гаргаж түмэнд төлөх төлбөрийг түүнд нэмсээр л, түвэг учруулсаар л нөгөө хуучин түшмэл хэвээр үлдэнэ. Энэ нь мөн их харамсалтай. Тэгэхээр "Намайг дагаа цэнгэ" гэдэг ч боловсролын яамны "хуучин хүүдүүд" багшаа дагаад өөрчлөгд, шинэчлэгд. Ингэж байж хуучин албат шинэ түшмэл болно.

Иймээс энэ жилийн, шинэ цагийн гурван өдрийн сургалтад хамрагдсан багш бүрт дор хаяж 120000 төгрөг олго. Энэ нь их мөнгө биш ч харин том зарчим мөн.

Энэ мэтээр багш нар хөдөлмөрийн хөлсөө бодитой цэнүүлэхээр үргэлжилнэ. Энэ нь багш бидний тэмцлийн эхлэл байсан. Өрнөл ч байсан. Үүнд хүрэхээс нааш тэр тэмцэл зогсохгүй, төгсөхгүй. Төр засаг нь иймд багшийн энэ тэмцлийн үнэ цэнийг сайн ухаарч шийдвэр бүхнээ түүнийг мэдэрдэг шинэ түшмэлээр л хийлгэдэг болго. Багш нараа дагаад цэнгэ, өөрчлөгд. Хуучин хүүг шинэ хүү болго.

Бодитой өртөг, зардлаар эцэстээ бодит ажил хийгдэнэ.

Тэр 120000 төгрөгийн ард бас ийм утгатай ухаан, тийм цэнэтэй зарчим бий.

Ц. Лувсандорж

2019 оны 8 дугаарс сарын 17-ны өдөр

Thursday, August 15, 2019

Бясалгал үзүүлбэр ч биш, дасгал ч биш

Бясалгал үзүүлбэр ч биш, дасгал биш

Бясалгалын талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй постыг хараад ийм зүйлийг эхлээд хуваалцмаар санагдав. Үүнд:

1. Бясалгалыг хамаагүй хийж байж алийгаа алдав аа.

2. Бясалгал. Англи хэлээр medi(a)+tаtion. Media холболт. Гурвалжны медиан оройг эсрэг талын дундажтай холбоно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл медиа нь эзэнг сонсогчтой холбоно. Тэгэхээр бясалгал бол холболт. Юуг юутай холбож байна гэдэгт хамаг учир бий. Зарчмын хувьд юуг юутай холбож болно. Тэгэхээр эрсдэл бий. Аюул бий. Үүнээсээ сэргийлж баттай зам, зөв жамаар түүнийг хийх хэрэгтэй.

3. Тэгэхээр энэ замаар явсан туршлагатай нэгэн болох багштай болох, олох хэрэгтэй.

4. Үзүүлбэр байдалтайгаар түүнд бүү хүр. Тэр тоглоом биш. Шоу биш.

5. Бясалгал бол нэн чухал. Учир нь үнэнг танихад холболт хэрэгтэй байдаг.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Хагас мянган сургагч багш хагас солиорол уу?

Хагас мянган сургагч багш хагас солиорол уу?

Хагас мянган сургагч багшийг тав хоногт бэлтгэж тал нутгаар тарааж байгаа бололтой юм.
Тэд нь нөгөө өөрчилж байна гэж баахан мөнгийг "мөнгө угааж" байгаа юм шиг өнгөрсөн саруудад үрсэн, 22 төрлийн хичээлийг байдгаар нь хээв үлдээсэн, эцэстээ хэлбэрээс өөр огт өөрчлөлт байхгүй, стандарт ч юм шиг, хөтөлбөр ч юм шиг хэвээрээ үлдээсэн, төөрч хадуурсан, ходоодоо бодож, хар амиа өмгөөлсөн, цөм гэдэг атлаа цөм ч үгүй, мунхагласан, бас болоогүй юуг яаж сайжруулах аа онож олоогүй атлаа "сайжруулчихсан" гэж хээв нэг хөөрдөг, сайддаа худлаа мэдээлэл өгдөг, багш нарт тулгадаг тэрхүү хөтөлбөр шүү юм аа багш нарт "сайхан болгочихлоо" гэж бас тулгаж хийрхэх гэж яваа бололтой юм. Ингэхэд л сургагчийг бэлтгэсэн болсон юм байх даа.
Яасан их мөнгө вэ? Яасан их хийрхэл вэ? Яасан их хууралт вэ? Яасан их тулгалт вэ?
Талаар нэг тарсан хагас мянган сургагч багш нар гэгчид нь багш нарыг ингэхээр юунд сургах вэ?
Юунд ч сургахгүй. Сурах зүйл юу ч тэнд байхгүй. Энэ нь зүгээр л ажил хийсэн дүр эсгэн, татвар төлөгчийн хайран мөнгийг хий дэмий үрэлгэн зарцуулсан увай үйлдэл л юм. Хариуцлагагүй үйлдэл мөн.
Боловсролыг дампууралд хүртэл удирдсан боловсролын яам болоод холбогдох байгууллагууд дор дороо ажлаа сайн хиймээр байна.
Наад цахимын боломжоо ийм юманд л ядаж ашиглаач дээ.
Зүй нь бол ийм юм. Удирдамж гаргаад шат шатанд цахимаар илгээгээд л болно. Цаас уншиж ухаарч чаддаггүйг нь ажлаас шууд халаад ингэж ухаардагийг ажилд авна. Тэгээд бас чадвал цаасаар илгээснээ тодотгож нэг бичлэг хийгээд багш нарын бүлэгт тавьчих. Ингээд л нэг ч төгрөг зарахгүй энэ ажлыг үндэсний түвшинд явуулж болж байна., Сайд аа!
Яагаад үүнийг ухаардаггүй юм бэ?
Та нар энэ цаг дор яаж сэтгээд байна аа!
Боловсролын салбар бүх түвшиндээ нийгмээсээ бүх талаар хоцрогдоод байна. Эднийг хурдан өөрчилж шинэ шилдэг боловсон хүчин шилдэг тэргүүний багш нараар боловсролын яам, боловсролын хүрээлэн, БМДИ-ийг чанаржуулж өөрчилөөч, Ерөнхий сайд аа! Эд ерөөсөө л болохгүй байна.
Харин наадан цэнгэж байгаа юм шиг хайран ингэж дэмий үрж байгаа мөнгөөрөө багш нарын цалинг ядаж 9 сард нэг удаа нэмчихээч. Багш нар одоо хэцүү л байгаа.
Манайхан ер нь энэ мэт дэмий зүйлд арай л хэтэрхий их мөнгийг хэтэрхий их үрж байх юм. Энэ улс ийм баян уу?.
Ер нь бол наад сайжруулсан гэж байгаад тань сайжирсан юм байхгүй юм байна лаа шүү. Энэ нь хоёр хөтөлбөрийг тулгаж үзсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тод харагддаг. Тэгэхээр өөрчлөлт гэх нь зүгээр л хэлбэрийн болсон, мөнгө угаасан үйлдэл болсон байна лаа шүү. Сайдаа! Анхаарах хэрэгтэй. Шаардлага тавина шүү, цаашид.
Үүнийг анхаарч улсаа олон удаа ингэж хуурч мэхлээд байгаа нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Та нарын хариуцлагагүй энэ байдлаас болж хүүхэд, эцэг эх, цаашлаад энэ улс их хохирч ирлээ. Үүнийг олон баримтаар олон удаа хэлсэн. Боловсролын эмгэнэл бичвэрт үүнийг хэлсэн.
Бүгдээрээ нийлээд улсаа хуурдаг энэ байдлыг одоо таслан зогсоох цаг болсон. Үүнийг хариуцлага тооцохоос эхлэх хэрэгтэй. Тэгэж байж наадуул тань өөрчлөгдөж улсаа боддог, бас чадах чадахгүй, мэдэх мэдэхгүйгээ ялгаж айдаг болно, ажилдаг болно.
Хагас мянган багшийг сургагч болгон тав хоногт бэлтгэх бүү хэл нэгийг нэг жил үнэн бэлтгэхэд амаргүй. Тэгэхээр худлаа.
Хагас мянган сургагч багш бэлтгэнэ гэдэг нь өөрөө бас хагас солиорол. Сургагч багшийг ингэж бэлдэггүй.
Тэгэхээр хариуцлага л тооц.
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Wednesday, August 14, 2019

Боловсролыг дампуурлаас гаргаад өгөөч

Боловсролыг дампуурлаас гаргаад өгөөч


Үүний төлөө нийтээрээ ихэд чангаар бахиралдан нэгэн зэрэг бүх түвшинд л нэг сайн уйлмаар байна.

Учир нь эцэстээ мэдлэг боловсрол, хүний хөгжлөөр л энэ улс урагшилна.

Энэ улсыг эцэстээ мэдлэг аварна. Мэдлэгийн хүч хөгжүүлнэ. Энэ бол жам юм.

Тэгэхээр энэ удаа мэдлэгийн өмнө яахав уйлааныг тавьж нэг удаа үүний төлөө нийтээрээ нэг сайн бахирхалдах нь яах аргагүй зөв, төв үйл мөн.

"Боловсролыг дампуурлаас гаргаад өгөөч" гээд эхлэ....


Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Monday, August 12, 2019

Хэцүү зорчигч

Хэцүү зорчигч
Хотоос хол гаргах чиглэлийн буудал дээр яг л цагтаа ирж, яг л цагтаа хөдөлдөг автобусаа хүлээж ядан хойшоо, урагшаа хөлхөлдөх  хөгшин залуу, тарган туранхай, өндөр нам, бүдүүн нарийн, таягтай, таяггүй олны дунд зосдуулчихсан  юм шиг шаргал үстэй, тэмээнийх шиг харагдуулж  час улаанаар тод будсан унжгар уруултай,  нүүрнийх нь талаас бараг л том хүрээтэй хар шилийг хамар дээрээ унагаж зүүсэн, бурантаг шиг утастай буйл шиг чихэвчтэй, үнээний тарлан шиг ялгарч харагдах хүзүүндээ цагдаа нохойн хүзүүвчний дайтай металь зүүсэн, хавар оройн зутарсан банхарын үс хөөвөр шиг энэ тэндээ зулгарсан ноорхой,  цоорхой навсгар хөх жинстэй, хөлөндөө буриад гутлыг богиносгож тайрсан мэт харагдах углааштай, сайн аживал, эмэгтэй болов уу гэмээр нэгэн хүн нэг хөлөөрөө газар товшингоо толгойгоо хоёр тийш ээлжлэн гангуулж байх нь хөгжим сонсож байгаа болов уу гэмээр. Тэр хүн том хар шилнийхээ дээгүүр олныг ихэд голсон янзтай эрхэмсэгээр харж  бүжиглэх мэт хөдөлж байхдаа “Муусайн монголчууд цагаа барьдаггүй. Автобус нь ч цагтаа ирдэггүй” гэж бувтнангаа уруул амаа яндан мэт хэлбэр оруулж уушигласан тамхиныхаа утааг агаарт хэлбэр, хэмнэл гарган хийц үзүүлж боргилуулан найган ганхах нь ихэд содон.
Холын чиглэлийн автобус  ч яг л цагтаа ирж буудалдаа зогсоход  дасал болж, танил  болтлоо зорчсон зорчигчид сурмагаар суудлаа эзлэхэд гагцхүү нөгөө зосон  үст содон хүн л харин ганцаараа буудал дээр найган ганхсаар. Тэрбээр гэнэт л ухаан орж, хэвийн болов уу гэлтэй  яаран сандран хөдөлж автобус руу дөхөн очиж, орох хаалганы гишгүүрт нэг хөлөө тавингуутай  л хэвийн биш, ший жүжигэн нөгөө л төлөвтэй эргэн орж, том хар шилний цаанаас нүдээ бүрхэг өдрийн шинийн нэгний  сар хэлбэрт оруулан байж, жолоочид хандан их л ихэмсэгээр “Та нар цагтаа ирдэггүй байж, намайг орхин цагтаа яг хөдлөх гэж байх даа яадаг юм” гэж ихэд дээрэнгүй байдлаар ууртай өнгөөр уцаарлаж хэлсэн нь  жолоочийг бүү хэл, бүх зорчигчийн сэтгэлийг сэрт хийлгэв. 
Зорчигч бүрийн сэтгэлийг тийнхүү сэрт хийлгэсэн Зосон үстийн уг чанарыг барив уу гэлтэй эзнийхээ энгэрт наалдан, байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй шахуу явдаг, шинэ цасан дээр унасан нүүрсний хэлтэрхий шиг нүднээс нь бусад нь сэгсгэр үс л харагддаг хэнз хурга шиг сагсгар цагаан хав хүртэл бас сэртхийн “хав, хав, хав” гэж хоёр гурав дуугарав. 
Жолооч дотроо уугиж байгаа дургүйцлээ барьж ядан байвч бичлэгийн камер луугаа нэг харсхийснээ ихийг санав бололтой “Та явах бол орно уу” гэж  уриалгахнаар эмэгтэйд хэлэхэд, тэрбээр хамар дээрээ унасан хар шилээ баруун гарын эрхий, долоовор хуруугаараа ихэд чамирхахсан байдлаар барьж ядан  засаж байгаа мэт дүр үзүүлж, зосон шаргал үсээ сурмаг байдлаар хоёр тийшээ сэхсэлзүүлэн автобусанд орж, суудлаа сонгож байгаа болов уу гэлтэй түр зогс хийснээ  шууд л нэг залууг онилж харав бололтой  түүн руу чиглэн довтолж байгаа юм шиг хэд алхан бараг л унах шахан налж ирэхэд нь  хөөрхий залуу муурнаас зугтаж байгаа хулгана лугаа год үсрэн холдож өгөв. Зосон үст ийнхүү суудал олж суунгуутай уг залууд “Баярлалаа” ч гэж хэлсэнгүй, харин бүр эсрэгээрээ  түүнийг буруутгасан янзтайгаар  “Чи ээжгүй юу, чи эгчгүй юу” гэж загнахад нь зорчигчид түүний энэ үглээг нь ихэд буруутган дургүйцлийн харцаар бүгд л нэг зэрэг шахуу түүн рүү харав. Нөгөө сагсгар цагаан хүртэл харцаа ширүүсгэн харж байв.
Нөгөө эмэгтэй суудалдаа тухлах ч завгүй  утсаараа шууд л “За, автобусанд суучихлаа” гэж эхлэн, цааш нь, ойрын хэдэн өдөр, шөнө өөрт  тохиолдсон бүхнээ “илэн далангүй, нээлттэй байх” гэдгийг хэтрүүлж буруу ухаарсан бололтой ёстой жинхэнэ илэн далангүйгээр, уулын амны нэг энгэрээс нөгөө энгэрт бэлчиж яваа мал сүрэгтээ чимээ өгч маллаж байгаа шиг чангаар хашгирч  жинхэнэ нээлттэй, задгай ярьж гарав. Түүний  энэ хашгирааныг тэсэн явж цаашид чадахгүй болсноо мэдсэн бололтой нэгэн бадриун эр түүнд хандан  “Нийтийн автобусанд ингэж чангаар битгий ярь” гээд хэлчихэв.  Тэгтэл юу болсон гээч. 

Зосон үст нөгөө бадриун эрийг үгэн бөмбөгөөр ёстой аймаар бөмбөгдөж өгөв.  Тэрбээр “хүний эрх, миний эрх чөлөө” гэж чангаар хэлж эхэлснээ,  цааш нь түүний  үнэр танир, ахуй соёл, харагдах байдлыг нь хүртэл буруутган сонсомгүй элдэв үгийг  нэгэн амьсгаагаар  урсган хашгирч гарснаа, уур уцааран нь оргилдоо хүрэн тэсрэх тэр эгшиндээ хормой хотын хараалын орос үгийг  америкийнхтай  хольж хутган байж бүүр хэд хэд удаа  түүнд удаан хэлэв. Эцэст  нь, тэрээр бүүр суудлаасаа босож байгаад  үгээр ч дүрслэн буулгаж болмооргүй үйлдэл, дүр авирыг түүнд бас үзүүлэв.  Бадриун эр  Зосон үстийн энэ түрэмгий авирт бүүр шоконд орж, хий дэмий л гар хуруугаа эв хавгүй хөдөлгөн цонхоор харсан дүр эсгэн таг чимээгүй болж гөлийн суух.  Бадриун эрийг Зосон үстээр ийнхүү үгээр балбуулж байхыг харж, сонсож,  гэрч болсон зорчигчид одоо түүнд өмнөх шигээ дургүйцлийн харц шийдэх бүү хэл түүнтэй харц  тулгарахгүй байхыг хичээн зарим нь залбирч байгаа мэт нүдээ тас аниж,  үлдсэн нь бадриун эрээс суралцав уу гэлтэй байгаль орчноо харж яваа дүртэйгээр цонх луу л хараагаа чиглүүлэн явах. Энэ бүх дарамтыг мэдэрсэн юм болов уу гэлтэй нөгөө сагсгар цагаан хав хүртэл эзнийхээ энгэрт биш харин суга руу толгойгоо хийн нугжаан нуугдсан байв.
 
Холыг зорьсон автобусны энэ эвгүй байдал, тэр сонсомгүй чимээ харин Зосон үст “Нэгж дуусаж байна, над руу залга” гэж хэлэхтэй хамт замхарч алга болоход зорчигч бүр л дотроо ихэд баярлаж, түүний нүдийг хариулан байж бие биедээ таатай байдлаа илэрхийлж суутал  нөгөө эмэгтэй монгол хошин шог бололтой бичлэгийг тавьж, түүнийгээ чихэвчгүй, чангаар сонсож эхлэв. Тэрбээр тэр бичлэгийн жирийн нэгэн үзэгч, сонсогч биш бололтой. Тэр бүр бичлэгийн  жүжигчнийг дуурайн, дуулахад нь чангаар дуулж, инээхэд нь хамт инээж, уйлахад мөн л тэгэж уйлж, хашгирахад нь хүртэл чангаар хашгирч түүндээ бүр орж байв. Энэ нь түүнд аятай ч, зорчигчид бол нэн хэцүү байсан боловч бүгд л “Бадриун эрд сая юу тохиолдсныг мэдэх” тул дургүйцлээ дээд цэгтээ тулган барьж ядан явцгаана.  Төдий л удалгүй харин Зосон үст  жолоочид хандан “Утасны цэнэг дуусаж байна. Утсаа цэнэглэмээр байна” гэхэд  нь тэрбээр харин эр хүн шиг эр зориг гарган “Үгүй”  гэж шууд хэлснээр  энэ байдал тэгэсхийгээд өндөрлөв.  Жолоочийн энэ сайн үйлсэд  зорчигч бүхэн талархаж, баярласнаа  Зосон үстийн нүдийг хариулж байгаад дохионы хэлээр толиор нь дамжуулж илэрхийлж байв. Сагсгар цагаан хүртэл эзнийхээ суганаас суга үсрэн гарч баяр баясал тээсэн харцтай  нүдээ бөлтгөнүүлэн бүүр соотолзон зогсож байсан гээд бод доо. 
Ийнхүү Зосон үстийн утас, бичлэгээр тарьсан дуу чимээ, ший жүжиг ийнхүү өндөрлөж холыг зорьсон автобусны байдал хэвийн болж эхлэхэд зорчигч бүрийн сэтгэл нэг тэнийж уншдаг нь унших гэж, унтдаг нь унтах гэж, эргэцүүлдэг нь эргэцүүлэх гэж тухлаж ядна. Энэ тухтай байдлыг мэдэрсэн гэмээр сагсгар цагаан хав хүртэл эзний энгэрт эрхэлж ядна.  
Тэдний  ядан тухласан энэ байдлыг  гэтэл “өндрөөс дусаж байгаа дусаалынх  шиг “тас няс, няс тас, тас няс” гэсэн  ер бусын чимээ эвдэв.  Бас юу вэ?, Юун дусаал вэ
Энэ мэтээр  дургүйцэж  зорчигч бүр л тэр дуу чимээний учрыг олох гэж дор дороо эрэлхийлэв. Жолоочийн бүхээгийн яг ард сууж авсан нэгэн өндийж байгаад түүнд хандан “Энэ хавьд дусаал дусаад байна аа” гэж байх нь сонсогдоно.  Жолооч хариуд нь “Дусаал дусаах бороо орох бүү хэл, нүдэнд ч торох ч үүл алга” гэж хариулсанд тэд бүгд л яах учраа олж ядан байснаа энэ талаар элдэв таамаг дэвшүүлж бараг л хэлэлцүүлэг шахуу өргөн яриа  өрнүүлэв. Гэтэл Зосон үстийн харалдаа сууж авсан нэгэн охин юу хэлэхээ эвлүүлж ядсан янзтайгаар суудлаасаа жаахан эргэж  хажуулдангаа эрүүгээ түүний зүг дохиход бүх зорчигч  “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс,няс тас, тас няс” гэсэн өнөөх танил чимээг түүний хавиас гарч байгааг олж мэдэв.  Зосон үстийг тэмээнийх шиг харагдуулж будсан уруул, эрүү, ам, хэлээ оролцуулж байгаад “Жалир, жалир, жалир жалир,пүс” гэж дуу гаргасны хойх нь л тэндээс “тас няс, няс тас, тас няс” гэсэн тэр чимээг гарч байв.  “Тэр бохь зажиглаж байгаа юм байна” гэж тээр тэнд сууж яваа нэг нь тэсэлгүй хэлснээ бадриун эрд саяхан юу тохиолдсныг санаж ихэд айсан бололтой, юуг ч хэлээгүй хүний дүрд маш хурдан хувиран цонх ширтэв.  Бусад нь бас л иймэрхүү төлөвт хурдан орж харагдана. 
“Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс,  няс тас, тас няс”. Ийм нэгэн хэвийн хэмнэлтэй чимээг удаан сонсож суух нь  “Толгойны орой дээр нь өндрөөс усыг нэгэн тодорхой хэмнэлтэйгээр дусааж хүний тэвчээрийг барьж тамлан зовоодогтой” бараг л адилсах шахуу тийн их  төвөгтэй байдаг аж. Ийм л нэгэн хэмнэлтэй тийм л нэг хэцүү зовлонг зорчигчид ч нилээн тэвчив, автобус ч нилээд давхив. Удаан үргэлжилсэн “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс, няс тас, тас няс”  гэх нэг хэмнэлтэй, ер бусын хүйтэн энэ дуу чимээнд  хөгшдийнх  нь даралт ихсэв. Залуусынх нь уур огшив. Сагсгар цагааны моолин хар нүдний харц хүртэл ширүүн болж өөрчлөгдөв. Тэвчихэд хязгаар байдаг бололтой.  
Ийнхүү тэдний тэвчээр хязгаараа давах шахсан тэрхүү торгон агшин дээр уг хэмнэлдээ бүүр орчихсон суусан Зосон үст суудлаасаа гэнэт босон харайж буух янзтай хаалга руу чиглэн довтлоход ашгүй тэрхүү чимээний хэмнэл бага ч болов ч алдагдсанд хүн бүрийн тээсэн   тэр зовлон их л нимгэрэх шиг болов. Тэрбээр буух хаалга чиглэн довтлохдоо бас л  нөгөө л “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс, няс тас, тас няс” чимээтэйгээ л байж урд нь явсан нэгний толгой руу дэлсэж, нөгөөгийнх нь нуруу руу чичлэн харагдах. Зосон үст нэг хөлөө газар тавингуутай л гэнэт ахиад л хэвийн биш, хий ший жүжигэн төлөвтэй эргэн хурдан орон,  нөгөө л том хар шилнийхээ цаанаас нүдээ хавирган сар шиг болгон духаараа харж байгаа мэт болсноо  “Муусайн монголчууд соёлгүй. Буулгах буудлаа ч зарладаггүй” гэхчилэн үглэж эхлэхэд жолооч бас л уриалгахнаар “Та буух уу” гэж хэлэн хаалгыг алгуур хаахад тэрбээр бүр нэг хөлөө хавчуулан ширэгдэх дөхөв. 
Зосон Үстийг тийнхүү ший жүжиг болон буухад зорчигчид холын аяны хэвийн хэмнэлдээ орж унших нь уншихаар, унтах нь унтахаар, эргэцүүлэх нь эргэцүүлэхээр тухлана. Тэднийг тээсэн холыг зорьсон автобус ч бас хэдэн тонн ачаагаар хөнгөрсөн мэт салхи татуулан хүнгэнэн довтолно.  
Гагцхүү дотор талын толиндоо Зосон үстийн үйл бүрийг ажиглан явсан жолооч л харин түүний хэцүүхэн авир, араншинг олон жилийн турш харсан, уулзсан бум түмэн хэрсүү зорчигчдийнхтой харьцуулж, үснийх нь төрмөл биш зосон шаргалыг нь монгол хүний өнгө зүсэнд нийцсэн арга билгийн хар өнгөөр болгож, хамар дээр нь тохогдсон том  хар шилийг дорны  хүний нүүр,хацар, дух, нүдний хэлбэрт алтан харьцаагаар зохицсон эх дүрсэн байлгаж, улаанаар тод будсан уруулыг нь тал нутгийн хүний хонин бор нүдний өнгө, нүүрний хэлбэрт уусган өнгөлж, бурантаг шиг урт утастай атлаа огт хэрэглэгдэхгүй шахуу чихэвчийг нь холын аянд нийцсэн чимээ дарагч болгож,  уранхай цоорхой ноорхой навсгар жинсийг нь урт замын аянд нийцсэн ухаалаг өмдөөр сольж, тайрчихсан буриад гутал шиг углаашийг нь аян замын уртад хөлийг нь хамгаалж, улийг нь амраах гутлаар сольж түүнийг ийнхүү хэрсүү нэгэн болгон тархиндаа хувирган, толиндоо харин хэцүү зорчигчийн буусан буудлын хав ойрыг гүйлгэн харангаа түүнийг  тэнд харийн соёлын хэмнэлд автаж өвчтэй хүн шиг салганаж,  согтуу хүн шиг найган ганхан элдвээр бас л хий ший жүжиг тавин яваагаар биш харин алсын өндөр уулсыг тэмээний харцаар тэнэгэр харж, урд дахь замаа загварын тайз лугаа бодон цээж өргөн,  өвдөг эгцлэн, хөнгөн, хээнцгэрхэн тогоруун алхаагаар алхангаа  “Муусайн монголчууд” гэж үглэх бус “Муу монгол минь” гэж  хэрсүүжсэн бодолтой яваагаар хоромд буулган харснаа хоромхонд орхиж,  “Ээ дээ, хүний араншин аа, хүний амьдрал аа, хүмүн заяа аа...” гэж өөртөө шивнэн, уртаа нэг санаа алдснаа урдах замаа ширтэн улам л урагшлан довтлоход уулс дэргэдүүр урсаж  өнгөрнө.  
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Tuesday, August 6, 2019

Ажил хайгч багшид хэлэх ганц зөвлөмж


Ажил хайгч багшид хэлэх ганц зөвлөмж

Зуун айлын барилгын дэлгүүрийн урд "Ажил хайж байна. Бүгдийг чадна" гэсэн бичгийг алдаатай голдуу бичиж барьсан халтар царайлсан, архи үнэртүүлсэн нөгөө хэд байнга л сууж байдагсан. Тэднийг тэр бүр хүн хөлсөлдөггүй юм. Яагаад гэдэг нь их энгийн. "Бүгдийг чадна" гэдэг нь "нэгийг ч үнэндээ мэргэжлийн хийж чадахгүй" гэсэн утга болохыг ихэнхи монгол гадарладаг болжээ.

Тэгэхээр ажлыг иймэрхүү байдлаар хайхгүй нь. Цахимд утас, мэргэжлээ шидчихээд сууж ч бүр хайхгүй нь. Харин ингэж хайдаг юм.

-Сонирхож байгаа ажлын зарыг судалж түүнээс таарч нийцсэн ажлын дагуу өргөдөл, мэргэжсэн, мэргэшсэн байдлыг батлах баримт бичиг, профессор багшийнхаа тодорхойлолтын хуулбарыг олноор нь бэлдэж бэлтгэх.

-Уг ажил олгогчийг судалж аль болох нүүр тулсан уулзалт хийхийг хичээх. Уулзах боломж олдсон үед түүнтэй хэрхэн яаж мэндлэхээ урдаас бодож бэлдэх хэрэгтэй. Мэндчилгээ тань таныг эхлээд их таниулна.

-Хэрэв уулзаж мэндчилж чадвал мэндчилгээний дараа тэр хүнтэй мэргэжлийн яриа өрнүүлэхийг хичээвэл зохино. Жишээлбэл, математикийн багш мэргэжилтэй захирал байвал "Надад Ц.Лувсандорж багш хичээл ордог байсан гэх ч юм уу, эсвэл саяхан бодсон бодлого, уншсан номоо ярих юм уу" ямар нэг байдлаар ажил юуны урьд чухал биш харин мэргэжилдээ дөнгүүр гэдгээ ойлгуулахыг ихэд зорьсон үйлдэл хийх хэрэгтэй. Иймэрхүү яриа өрнүүлсний дараа нь аятайхан өнгөөр авч чухал биш байдалтайгаар "нарийн бичигт нь баримт бичгээ үлдээж болох эсэх талаар" ажил олгогчоос асууж зөвшөөрөл авах нь зүйтэй.

-Тэгээд 1-2 хоног хүлээсний дараа дахин холбоо тогтоохыг оролдвол зохино.

Энэ бол одоо ажил хайгч багш нарт одоо шууд хэлэх ганц зөвлөмж юм.

Энэ мэтээр ер нь бол ихийг хэлж болно. Хөдөлмөрийн зах зээлээс ажил олно гэдэг ухаан ч мөн, бас урлаг ч юм.

Тэр ухааны үндэс, урлагийн уг нь "Ажил таныг эрдэг болохоос та ажлыг хайдаггүй" гэдэгт бий.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Saturday, August 3, 2019

Монголоо ахиад аугаа болгоё


Монголоо ахиад аугаа болгоё

“Аугаа Монголоо ахиад аугаа болгоё. Дэлхийг Монголоор амьсгалдаг болгоё”.

"Make Mongolia great again. Make the world Mongol again”.

Ингэж уриалахад одоо бүх монголчууд бүү хэл, нөгөө “монгол ялна”-чууд хүртэл нэг л итгэж өгөхгүй биз. Тийм биз. Уг нь үүнд итгэж ядаад байх зүйл үгүй юм.

1492 он. Энэ цагт “Дэлхий хавтгай” гэж нийтээрээ хавтгайрч байх үед далайчин Христофер Колумб өөрийн туршлага, мэдрэмжиндээ тулгуурлаж харин “Дэлхий бөөрөнхий юм байна” гэдгийг гадарлан Португал улсаас зүүн биш харин баруун тийш зүглэн хөвөхөд Ази тивийн эрэгт хүрч болно, үүгээрээ Энэтхэг, Хятад (Монголын эзэнт гүрний их хаан Хувилайн хаанчлалын үеийн үргэлжлэл болох монголын хаант улс)-д хүрэх наймааны илүү чөлөөт замыг нээж болно” гэж итгэж байжээ. Түүний энэ итгэл нь алдаагүй байв. Харин ингэж хөвөх нь багагүй замыг туулна, замд нь бүр тив байна” гэж тэр харин таамаглан бодох бүү хэл зүүдлээч үгүй, зөгнөөд ч үгүй биз. Европоос Азид хүрэх усан шинэ замыг олгох гэсэн түүний зөв итгэлтэй, буруу тооцоотой энэ аялал одоогийн аугаа Америкийн уугуул улаан арьстныг “Индиан” гэж андуурч нэрлэхэд хүргэж, уугуул индиачуудад зовлон гуниг, суугуул Европчуудад баяр цэнгэл авчрахад хүрсэн юм. Колумб ингэж будилж явсан тэр цагт одоогийн аугаа Америк их жижигхээн, харин 13 дугаар зууны Монгол аугаа том байлаа.

Тээр цагт жижигхээн байсан Америк энэ цагийн аугаа хүчирхэг улс болоход хачин элдэв зүйлийг олноор туулсан байх. Уугуул улаан арьстануудад мөнгө зээлдүүлж аажмаар өрөнд унагаж архинд умбуулан эцэст нь өрөндөө газрыг нь тэднээс салган авах бодлого тэнд байсаан. "Иргэний дайнд сайн дураараа явж цэрэг болбол боол биш" гэж үзнэ,"боолчлолоос чөлөөгдөнө" гэсэн уриа бодлого бас байсан, тэнд. Боол гэнэт буу барин цэрэг болоход юусан болох билээ дээ, хөөрхий. Хаангүй улс бүтээх түүх ч тэнд бий. Хуулиар удирдах ухаан, урлаг бас бий. Аж үйлдвэрийн хувьсгал тэнд л бий. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах мунхаглал, нийгэмд газар авч байсан эмэгтэй хүн чөтгөрлөх, эмгэн шулам болох үзэгдэл, түүний хориглох хууль, мөн эмэгтэй хүн, хөрөнгөгүй хүн сонгууль оролцож санал өгч болохын төлөө хөдөлгөөн, тэмцэл, хар хүнийг амьдаар шатааж таашаал авч байсан хүн төрөлхтний гуниг түүх, хар тамхидалт, түүний эсрэг тэмцлийн түүх, ганстержилт, энэ хэв маягаар амьдрахын төлөө амиа өгч байгаа хүмүүний гунигт түүх, цагаачид улс босгосон түүх, цагаачдаар боссон нийгмийн үлгэр, атомын бөмбөгийг хүн төрөлхтөнд анх удаа туршиж хүчирхэг гүрэн болсноо дэлхий дахинаа батлан харуулсан үйлдэл, ийм үйлдлийн цаана орших үндэсний сэтгэлгээ, хандлага, үнэт зүйл, соёл тэнд л бий. Туйлын ядуурал тэнд бий. Туйлгүй баян тэдэнд л бий. Уугуулийг авилгажилт, архидалт, ажилгүйдэл, найр цэнгэлээр гудамжинд гаргатал нь сөхрүүлж болдог, үүний хамт бас суугуулийг нь харин ордонд ортол нь өндийлгөж бөөцийлж болдог түүхэн сургамж, бодлого, технологи, арга зам тэнд бас бий.

Өчүүхэн жижгээс ийм л элдвийг үзэж, туулж их түүхийг бүтээсэн Америк ингэж аугаажих хооронд аугаа Монгол харин уугуул улаан арьстан шиг уруудах замаар орж авилгалд идүүлж, архинд тэнэгэрч, ажилгүйдэлд нухлуулж, найранд дарлуулсаар дэлхийн хоёр дахь социалист орон, Азийн анхны ардчиллын алтан хараацай гэсэн хөөрхөн өхөөрдөм нэр зүүснээс өөр орчин цагийн олигтой түүх гэх юмгүй, ядуу буурай, хоцрогдсон, дотооддоо өөр хоорондоо өрөөр холбогдсон, гадаадад улс нь 40 гаруй тэрбум долларын өрөнд гинжлэгдсэн өрөвдөм нэгэн орон, арчаагүй нэг улс болжээ.

Иймд одоо түүхэн аугаа монголоо ахиад нэг аугаа болгоё.

Үүний тулд уугуул иргэдийг уруудуулж, тэнэгжүүлж, архидуулж, ажилгүйдүүлж, найрлуулан цэнгүүлэх замаар баялгаас нь салгаж ухаанаас нь хомсолж барлаг болгодог Авилгажилт, Архидалт, Ажилгүйдэл, Найр (АААН)-ын эсрэг монголчууд л үнэн ялахаар нэг том дайн зарлая.

Энэ дайныг удирдах авилгалгаас их хол, архинаас хөндий, найрнаас ангид ажилд их дуртай аугаа нэгэн удирдагчаа олж тодруулья. Ийм удирдагчийнхаа цэцэн удирдлага дор дэлхий "аан" гэж дуу алдмаар АААН-ын эсрэг дайнд монголоороо ялахаар мордцгооё.

Ийм ялалтад хүрэхдээ харин мэдлэгийг хүч болгоно. Хүнийг хөгжил болгоно.

Ийм ялалтын хүрээнд монголыг минь арчаагүйд хүрсэн бодлого бүхний эсрэгийг хатуу баримтлах бодлого болгоно.

-Байгалийн үнэтэй баялаг болох уранаа ашиглахгүй биш харин ашиглана гэдэг амбицтай улс байна. Урантай улс тул цөмийн эрчим хүчийг энх тайванч байдлаар ашиглаж тундарын өвлийг өнтэй давмаар байна гэж стратегийн түншдээ дуулгана. Бас нөгөө андуудаасаа туршлага суралцана. Цөмийн эрчим хүчийг ашиглуулахгүй гэвэл "за, ок" гэнэ. Гэхдээ түүнийг ашиглаж олох ашгийн дайтай нөхөн төлбөрийг бидэнд төлөхийг тэднээс асуугаад нэг үзнэ.Төлүүлнэ.

-Монголоос монголын боловсролоор мөнгө хүүлж байгаа бүх түвшний гадаад улсын сургуулийг шууд хааж, харин дэлхийгээс цэнэтэй цөөхөн мэргэжилтэн урьж багшлуулж тэднээс хөлсийг сааж, мэдлэгийг импортолж, харин чадвар экспортолдог болно.

-Одоо цагт том, жижиг улс гэдэг ойлголт их өөр болсныг анзаарч дроны технологит залуусаа суралцуулна. Цахим аюулгүй байдалд улсаа бэлэн байлгана. Сансар судлалын хөгжүүлж сансарт үндэстэн, соёлгүй ялгаагүйг мэдэрч сансар огторгуйд өөрийн орон зайтай, дагуул станцтай болно. Сансараас үзнэ.

-Эр эмийн өгөх, авахын замаа алдсан байдлыг жам ёсонд оруулж гэр бүлийн хуулийг мэдлэгт тулгуурлан өөрчилж баруунаас одох шахсан гэр бүлийг монгол ёсонд нийцүүлж өөрчилнө. Монгол хүчирхэг гэр бүлийг бий болгоно.

Энэ мэтээр монголыг минь арчаагүй болгосон бодлого бүрийн эсрэгийг харин хатуу баримтлах бодлого болгож энэ цагийн арчаагүй монголоо ахиад нэг аугаа түүхэн Монгол болгоё.

Монголоо ахиад аугаа болгоё.

“Make Mongolia great again”

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр