Wednesday, August 21, 2019

"1 багш 15 хүүхэд" хөгжлийн гарц

"1 багш 15 хүүхэд" хөгжлийн гарц


Нэг багшид 15 хүүхэд оногдож байх бодлогыг хэрэгжүүлбэл энэ улс өндийж хөгжинө. Яагаад?

Сургуулийн хичээл, сургалт одоогийн хулхи байдлаас ангижирч чанар нь одоогийн гудамжны сургалтын төвийн түвшинд ядаж хүрнэ.

Гудамжны сургалтын төвүүд үгүйрч ирэхэд сургуулийн багш нар багшийнхаа ажлыг хавсарга байдалтай хийдгээ шууд больж ихэнхи багш нар үндсэн ажилдаа үнэнээсээ ханддаг болно.
Багш ажлаа сургалтын төвд хийдэг шиг л сургуульдаа мэргэжлийн хийх боломж бүрдэнэ.
Багш ажлаа мэргэжлийн хийдэг болсноор бүх хичээлээрээ улсаараа муу сурдаг гутамшигт байдал үгүй болно. 


Багшлах нарийн мэргэжил болж, сурах баясал болсноор энэ улсад хүний хөгжил бий болно. Хүүхэд бүр хөгсөнө.


Ялгаварлал, гадуурхал, тэмцэл, үзэн ядалтын эх үндэс эх үүсвэр нь болсон ерөнхий боловсролын хувийн сургуулиуд хумхийн тоос лугаа маш хурдан үгүйрч энэ улсын боловсрол хүнлэг, энэрэнгүй, ардчилсан болно. 


Тэгш байдал, шударга ёс, ялгаатайд ялгаатай хандаж байж л тэгш боломжийг олгодог хөгжлийн зарчмууд энэ улсад үнэн амилж хүүхэд бүр баяр хөөртэй сурах, аж төрөх үндсэн нөхцөл бүрдэнэ.


Хүний хөгжил, хөгсөл улсыг хөгжүүлнэ. 


1 багш 15 хүүхэдтэй ажиллах энэ эрс шинэчлэлийн бодлогыг одоогийн дэд бүтцээр хэрэгжүүлэх ганцхан арга зам бий. Энэ нь туслах багшийн тогтолцоо нэвтрүүлэх явдал мөн.
Туслах багшийн тогтолцоогоор харвал одоогийн 30 хүүхэдтэй ангид 2 багш ажиллана гэсэн үг.
Цалингийн онцын ялгаагүй ч туршлагын ялгаа харин тэнд тооцогдоно. Харилцан нөхцөлжинө. Амжилтын эх үндэс нь үгүйсгэж тэрсэлдэхэд биш нөхцөлжихөд байдаг жам энд бас бий.

1 багш 15 хүүхэд (1:15). Энэ энгийн бодлого монголын боловсролыг дампуурлаас гаргах төдийгүй монголыг аврах бодлого болно.

Үүнийг амжилтай хэрэгжүүлэхийн тулд нэмж бас нэг арга хэмжээг заавал авбал зохино. Тэр нь багшийн цалинг улсын дундаж цалинд хүргэх явдал юм. Энэ нь шилэгдсэн муу нь биш харин шилдэг сайн нь багш болоход хөтлөх юм.

Төрмөл шилмэлээр багшийн ажлыг мэргэжлийн хийлгэдэг болсноор хүүхэд бүр хөгсөж, хүн бүр хөгжинө. Тэгэхэд монголд гагцхүү хөгжил л ундарна.

1:15 ингэхлээр монголын хөгжлийн гарц мөн.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 22-ний өдөр

No comments:

Post a Comment