Ажил хайгч багшид хэлэх ганц зөвлөмж
Зуун айлын барилгын дэлгүүрийн урд "Ажил хайж байна. Бүгдийг чадна" гэсэн бичгийг алдаатай голдуу бичиж барьсан халтар царайлсан, архи үнэртүүлсэн нөгөө хэд байнга л сууж байдагсан. Тэднийг тэр бүр хүн хөлсөлдөггүй юм. Яагаад гэдэг нь их энгийн. "Бүгдийг чадна" гэдэг нь "нэгийг ч үнэндээ мэргэжлийн хийж чадахгүй" гэсэн утга болохыг ихэнхи монгол гадарладаг болжээ.
Тэгэхээр ажлыг иймэрхүү байдлаар хайхгүй нь. Цахимд утас, мэргэжлээ шидчихээд сууж ч бүр хайхгүй нь. Харин ингэж хайдаг юм.
-Сонирхож байгаа ажлын зарыг судалж түүнээс таарч нийцсэн ажлын дагуу өргөдөл, мэргэжсэн, мэргэшсэн байдлыг батлах баримт бичиг, профессор багшийнхаа тодорхойлолтын хуулбарыг олноор нь бэлдэж бэлтгэх.
-Уг ажил олгогчийг судалж аль болох нүүр тулсан уулзалт хийхийг хичээх. Уулзах боломж олдсон үед түүнтэй хэрхэн яаж мэндлэхээ урдаас бодож бэлдэх хэрэгтэй. Мэндчилгээ тань таныг эхлээд их таниулна.
-Хэрэв уулзаж мэндчилж чадвал мэндчилгээний дараа тэр хүнтэй мэргэжлийн яриа өрнүүлэхийг хичээвэл зохино. Жишээлбэл, математикийн багш мэргэжилтэй захирал байвал "Надад Ц.Лувсандорж багш хичээл ордог байсан гэх ч юм уу, эсвэл саяхан бодсон бодлого, уншсан номоо ярих юм уу" ямар нэг байдлаар ажил юуны урьд чухал биш харин мэргэжилдээ дөнгүүр гэдгээ ойлгуулахыг ихэд зорьсон үйлдэл хийх хэрэгтэй. Иймэрхүү яриа өрнүүлсний дараа нь аятайхан өнгөөр авч чухал биш байдалтайгаар "нарийн бичигт нь баримт бичгээ үлдээж болох эсэх талаар" ажил олгогчоос асууж зөвшөөрөл авах нь зүйтэй.
-Тэгээд 1-2 хоног хүлээсний дараа дахин холбоо тогтоохыг оролдвол зохино.
Энэ бол одоо ажил хайгч багш нарт одоо шууд хэлэх ганц зөвлөмж юм.
Энэ мэтээр ер нь бол ихийг хэлж болно. Хөдөлмөрийн зах зээлээс ажил олно гэдэг ухаан ч мөн, бас урлаг ч юм.
Тэр ухааны үндэс, урлагийн уг нь "Ажил таныг эрдэг болохоос та ажлыг хайдаггүй" гэдэгт бий.
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр
No comments:
Post a Comment