Монголоо ахиад аугаа болгоё
“Аугаа Монголоо ахиад аугаа болгоё. Дэлхийг Монголоор амьсгалдаг болгоё”.
"Make Mongolia great again. Make the world Mongol again”.
Ингэж уриалахад одоо бүх монголчууд бүү хэл, нөгөө “монгол ялна”-чууд хүртэл нэг л итгэж өгөхгүй биз. Тийм биз. Уг нь үүнд итгэж ядаад байх зүйл үгүй юм.
1492 он. Энэ цагт “Дэлхий хавтгай” гэж нийтээрээ хавтгайрч байх үед далайчин Христофер Колумб өөрийн туршлага, мэдрэмжиндээ тулгуурлаж харин “Дэлхий бөөрөнхий юм байна” гэдгийг гадарлан Португал улсаас зүүн биш харин баруун тийш зүглэн хөвөхөд Ази тивийн эрэгт хүрч болно, үүгээрээ Энэтхэг, Хятад (Монголын эзэнт гүрний их хаан Хувилайн хаанчлалын үеийн үргэлжлэл болох монголын хаант улс)-д хүрэх наймааны илүү чөлөөт замыг нээж болно” гэж итгэж байжээ. Түүний энэ итгэл нь алдаагүй байв. Харин ингэж хөвөх нь багагүй замыг туулна, замд нь бүр тив байна” гэж тэр харин таамаглан бодох бүү хэл зүүдлээч үгүй, зөгнөөд ч үгүй биз. Европоос Азид хүрэх усан шинэ замыг олгох гэсэн түүний зөв итгэлтэй, буруу тооцоотой энэ аялал одоогийн аугаа Америкийн уугуул улаан арьстныг “Индиан” гэж андуурч нэрлэхэд хүргэж, уугуул индиачуудад зовлон гуниг, суугуул Европчуудад баяр цэнгэл авчрахад хүрсэн юм. Колумб ингэж будилж явсан тэр цагт одоогийн аугаа Америк их жижигхээн, харин 13 дугаар зууны Монгол аугаа том байлаа.
Тээр цагт жижигхээн байсан Америк энэ цагийн аугаа хүчирхэг улс болоход хачин элдэв зүйлийг олноор туулсан байх. Уугуул улаан арьстануудад мөнгө зээлдүүлж аажмаар өрөнд унагаж архинд умбуулан эцэст нь өрөндөө газрыг нь тэднээс салган авах бодлого тэнд байсаан. "Иргэний дайнд сайн дураараа явж цэрэг болбол боол биш" гэж үзнэ,"боолчлолоос чөлөөгдөнө" гэсэн уриа бодлого бас байсан, тэнд. Боол гэнэт буу барин цэрэг болоход юусан болох билээ дээ, хөөрхий. Хаангүй улс бүтээх түүх ч тэнд бий. Хуулиар удирдах ухаан, урлаг бас бий. Аж үйлдвэрийн хувьсгал тэнд л бий. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах мунхаглал, нийгэмд газар авч байсан эмэгтэй хүн чөтгөрлөх, эмгэн шулам болох үзэгдэл, түүний хориглох хууль, мөн эмэгтэй хүн, хөрөнгөгүй хүн сонгууль оролцож санал өгч болохын төлөө хөдөлгөөн, тэмцэл, хар хүнийг амьдаар шатааж таашаал авч байсан хүн төрөлхтний гуниг түүх, хар тамхидалт, түүний эсрэг тэмцлийн түүх, ганстержилт, энэ хэв маягаар амьдрахын төлөө амиа өгч байгаа хүмүүний гунигт түүх, цагаачид улс босгосон түүх, цагаачдаар боссон нийгмийн үлгэр, атомын бөмбөгийг хүн төрөлхтөнд анх удаа туршиж хүчирхэг гүрэн болсноо дэлхий дахинаа батлан харуулсан үйлдэл, ийм үйлдлийн цаана орших үндэсний сэтгэлгээ, хандлага, үнэт зүйл, соёл тэнд л бий. Туйлын ядуурал тэнд бий. Туйлгүй баян тэдэнд л бий. Уугуулийг авилгажилт, архидалт, ажилгүйдэл, найр цэнгэлээр гудамжинд гаргатал нь сөхрүүлж болдог, үүний хамт бас суугуулийг нь харин ордонд ортол нь өндийлгөж бөөцийлж болдог түүхэн сургамж, бодлого, технологи, арга зам тэнд бас бий.
Өчүүхэн жижгээс ийм л элдвийг үзэж, туулж их түүхийг бүтээсэн Америк ингэж аугаажих хооронд аугаа Монгол харин уугуул улаан арьстан шиг уруудах замаар орж авилгалд идүүлж, архинд тэнэгэрч, ажилгүйдэлд нухлуулж, найранд дарлуулсаар дэлхийн хоёр дахь социалист орон, Азийн анхны ардчиллын алтан хараацай гэсэн хөөрхөн өхөөрдөм нэр зүүснээс өөр орчин цагийн олигтой түүх гэх юмгүй, ядуу буурай, хоцрогдсон, дотооддоо өөр хоорондоо өрөөр холбогдсон, гадаадад улс нь 40 гаруй тэрбум долларын өрөнд гинжлэгдсэн өрөвдөм нэгэн орон, арчаагүй нэг улс болжээ.
Иймд одоо түүхэн аугаа монголоо ахиад нэг аугаа болгоё.
Үүний тулд уугуул иргэдийг уруудуулж, тэнэгжүүлж, архидуулж, ажилгүйдүүлж, найрлуулан цэнгүүлэх замаар баялгаас нь салгаж ухаанаас нь хомсолж барлаг болгодог Авилгажилт, Архидалт, Ажилгүйдэл, Найр (АААН)-ын эсрэг монголчууд л үнэн ялахаар нэг том дайн зарлая.
Энэ дайныг удирдах авилгалгаас их хол, архинаас хөндий, найрнаас ангид ажилд их дуртай аугаа нэгэн удирдагчаа олж тодруулья. Ийм удирдагчийнхаа цэцэн удирдлага дор дэлхий "аан" гэж дуу алдмаар АААН-ын эсрэг дайнд монголоороо ялахаар мордцгооё.
Ийм ялалтад хүрэхдээ харин мэдлэгийг хүч болгоно. Хүнийг хөгжил болгоно.
Ийм ялалтын хүрээнд монголыг минь арчаагүйд хүрсэн бодлого бүхний эсрэгийг хатуу баримтлах бодлого болгоно.
-Байгалийн үнэтэй баялаг болох уранаа ашиглахгүй биш харин ашиглана гэдэг амбицтай улс байна. Урантай улс тул цөмийн эрчим хүчийг энх тайванч байдлаар ашиглаж тундарын өвлийг өнтэй давмаар байна гэж стратегийн түншдээ дуулгана. Бас нөгөө андуудаасаа туршлага суралцана. Цөмийн эрчим хүчийг ашиглуулахгүй гэвэл "за, ок" гэнэ. Гэхдээ түүнийг ашиглаж олох ашгийн дайтай нөхөн төлбөрийг бидэнд төлөхийг тэднээс асуугаад нэг үзнэ.Төлүүлнэ.
-Монголоос монголын боловсролоор мөнгө хүүлж байгаа бүх түвшний гадаад улсын сургуулийг шууд хааж, харин дэлхийгээс цэнэтэй цөөхөн мэргэжилтэн урьж багшлуулж тэднээс хөлсийг сааж, мэдлэгийг импортолж, харин чадвар экспортолдог болно.
-Одоо цагт том, жижиг улс гэдэг ойлголт их өөр болсныг анзаарч дроны технологит залуусаа суралцуулна. Цахим аюулгүй байдалд улсаа бэлэн байлгана. Сансар судлалын хөгжүүлж сансарт үндэстэн, соёлгүй ялгаагүйг мэдэрч сансар огторгуйд өөрийн орон зайтай, дагуул станцтай болно. Сансараас үзнэ.
-Эр эмийн өгөх, авахын замаа алдсан байдлыг жам ёсонд оруулж гэр бүлийн хуулийг мэдлэгт тулгуурлан өөрчилж баруунаас одох шахсан гэр бүлийг монгол ёсонд нийцүүлж өөрчилнө. Монгол хүчирхэг гэр бүлийг бий болгоно.
Энэ мэтээр монголыг минь арчаагүй болгосон бодлого бүрийн эсрэгийг харин хатуу баримтлах бодлого болгож энэ цагийн арчаагүй монголоо ахиад нэг аугаа түүхэн Монгол болгоё.
Монголоо ахиад аугаа болгоё.
“Make Mongolia great again”
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
No comments:
Post a Comment