Thursday, August 15, 2019

Хагас мянган сургагч багш хагас солиорол уу?

Хагас мянган сургагч багш хагас солиорол уу?

Хагас мянган сургагч багшийг тав хоногт бэлтгэж тал нутгаар тарааж байгаа бололтой юм.
Тэд нь нөгөө өөрчилж байна гэж баахан мөнгийг "мөнгө угааж" байгаа юм шиг өнгөрсөн саруудад үрсэн, 22 төрлийн хичээлийг байдгаар нь хээв үлдээсэн, эцэстээ хэлбэрээс өөр огт өөрчлөлт байхгүй, стандарт ч юм шиг, хөтөлбөр ч юм шиг хэвээрээ үлдээсэн, төөрч хадуурсан, ходоодоо бодож, хар амиа өмгөөлсөн, цөм гэдэг атлаа цөм ч үгүй, мунхагласан, бас болоогүй юуг яаж сайжруулах аа онож олоогүй атлаа "сайжруулчихсан" гэж хээв нэг хөөрдөг, сайддаа худлаа мэдээлэл өгдөг, багш нарт тулгадаг тэрхүү хөтөлбөр шүү юм аа багш нарт "сайхан болгочихлоо" гэж бас тулгаж хийрхэх гэж яваа бололтой юм. Ингэхэд л сургагчийг бэлтгэсэн болсон юм байх даа.
Яасан их мөнгө вэ? Яасан их хийрхэл вэ? Яасан их хууралт вэ? Яасан их тулгалт вэ?
Талаар нэг тарсан хагас мянган сургагч багш нар гэгчид нь багш нарыг ингэхээр юунд сургах вэ?
Юунд ч сургахгүй. Сурах зүйл юу ч тэнд байхгүй. Энэ нь зүгээр л ажил хийсэн дүр эсгэн, татвар төлөгчийн хайран мөнгийг хий дэмий үрэлгэн зарцуулсан увай үйлдэл л юм. Хариуцлагагүй үйлдэл мөн.
Боловсролыг дампууралд хүртэл удирдсан боловсролын яам болоод холбогдох байгууллагууд дор дороо ажлаа сайн хиймээр байна.
Наад цахимын боломжоо ийм юманд л ядаж ашиглаач дээ.
Зүй нь бол ийм юм. Удирдамж гаргаад шат шатанд цахимаар илгээгээд л болно. Цаас уншиж ухаарч чаддаггүйг нь ажлаас шууд халаад ингэж ухаардагийг ажилд авна. Тэгээд бас чадвал цаасаар илгээснээ тодотгож нэг бичлэг хийгээд багш нарын бүлэгт тавьчих. Ингээд л нэг ч төгрөг зарахгүй энэ ажлыг үндэсний түвшинд явуулж болж байна., Сайд аа!
Яагаад үүнийг ухаардаггүй юм бэ?
Та нар энэ цаг дор яаж сэтгээд байна аа!
Боловсролын салбар бүх түвшиндээ нийгмээсээ бүх талаар хоцрогдоод байна. Эднийг хурдан өөрчилж шинэ шилдэг боловсон хүчин шилдэг тэргүүний багш нараар боловсролын яам, боловсролын хүрээлэн, БМДИ-ийг чанаржуулж өөрчилөөч, Ерөнхий сайд аа! Эд ерөөсөө л болохгүй байна.
Харин наадан цэнгэж байгаа юм шиг хайран ингэж дэмий үрж байгаа мөнгөөрөө багш нарын цалинг ядаж 9 сард нэг удаа нэмчихээч. Багш нар одоо хэцүү л байгаа.
Манайхан ер нь энэ мэт дэмий зүйлд арай л хэтэрхий их мөнгийг хэтэрхий их үрж байх юм. Энэ улс ийм баян уу?.
Ер нь бол наад сайжруулсан гэж байгаад тань сайжирсан юм байхгүй юм байна лаа шүү. Энэ нь хоёр хөтөлбөрийг тулгаж үзсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тод харагддаг. Тэгэхээр өөрчлөлт гэх нь зүгээр л хэлбэрийн болсон, мөнгө угаасан үйлдэл болсон байна лаа шүү. Сайдаа! Анхаарах хэрэгтэй. Шаардлага тавина шүү, цаашид.
Үүнийг анхаарч улсаа олон удаа ингэж хуурч мэхлээд байгаа нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Та нарын хариуцлагагүй энэ байдлаас болж хүүхэд, эцэг эх, цаашлаад энэ улс их хохирч ирлээ. Үүнийг олон баримтаар олон удаа хэлсэн. Боловсролын эмгэнэл бичвэрт үүнийг хэлсэн.
Бүгдээрээ нийлээд улсаа хуурдаг энэ байдлыг одоо таслан зогсоох цаг болсон. Үүнийг хариуцлага тооцохоос эхлэх хэрэгтэй. Тэгэж байж наадуул тань өөрчлөгдөж улсаа боддог, бас чадах чадахгүй, мэдэх мэдэхгүйгээ ялгаж айдаг болно, ажилдаг болно.
Хагас мянган багшийг сургагч болгон тав хоногт бэлтгэх бүү хэл нэгийг нэг жил үнэн бэлтгэхэд амаргүй. Тэгэхээр худлаа.
Хагас мянган сургагч багш бэлтгэнэ гэдэг нь өөрөө бас хагас солиорол. Сургагч багшийг ингэж бэлдэггүй.
Тэгэхээр хариуцлага л тооц.
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

No comments:

Post a Comment