Friday, August 16, 2019

Багш бүрт 120000 төгрөг олго

Багш бүрт 120000 төгрөг олго

Багш нар хөдөлмөрийн хуулийн дагуу одоо амарч байна. Багш нарыг ингэж амралттай байхад боловсролын яам захиргаадан үндсэндээ дарамталж багш нарт нийтээр нь албан сургалт явуулдаг нь түүхэн том алдаа байсан юм. Энэ алдааг тэд жил бүр л уламжлал болгон гаргасаар л ирсэн байдаг. Багш нар бид ч тэр цагт их дорд байв. Хуучин байв.

Гэтэл энэ жил өөр. Онцгой. Энэ хичээлийн жил нь өөр. Шинэ. Багш нар 3 жилийн турш хийсэн цагаан тэмцлийнхээ дүнд бүгд л хөдөлмөрлөх эрх, бас хөдөлмөрийн мөлжлөг, нэг цагийн ажлын хөлс нь 2 долларт хүрдэггүй гэдгээ, монгол даяар цахим хурдаар нэгдэж чадна гэдгээ, боловсролын үйлчилгээ чанаргүй, гол хичээлээрээ хүүхдийн гүйцэтгэл 10-30 хувьтай байгаа болохоо, тэгээд хамгийн гол нь багш нар нэгдэж чадвал улс монголоо өөрчилж чадах юм, бас аюултай хүчтэй байна гэдгийн талаар мэдрэмж орчихсон цаг, 7 дугаар их хурлаа хийсэн түүхэн үе. Мэдрэмжтэй цаг, шинэ мөч.

Ийм үед боловсролын яам багш нарыг дорд үзэж ирснээ үргэлжлүүлж байгаа юм шиг уламжлал болгон гаргадаг тэр алдаагаа хээв нэг дахин давтан хээгүй гаргаж байх юм. Багш ингэж их өөрчлөгдсөн байхад тэд монгол даяар цахим хурдаар үзэл бодлоо илэрхийлж чаддаг болчихсон байхад яамныхан харин өөрчлөгдсөнгүй. Шинэчлэгдсэнгүй. Хуучин хүү байсаар.

Багшийн өөрчлөлтөд дасан өөрчлөгдөөгүй үйлдэл бүр тань иймд төрийн яам боловсролын яаманд түвэг болно, төлбөр болно. Үүний нэг жишээ дор байна.

Багш нар одоо амарч байна. Тэгэхээр амралтаар ажиллуулсан хөлсийг бүр нэмэгдүүлж олгодог журамтай байх аа. Тийм биз, нөгөө олон над руу л ирээч гээд байдаг, хоорондоо багш нарын сайн сайхны төлөө илүү их тэмцэж чадна гэж уралддаг, уралцдаг багшийн, боловсролын гэгчээр овоглосон ҮЭ-дээ!

Боловсролын яамнаас хагас мянган сургагч багш нараараа явуулж байгаа сургалтад багш нарыг амралтаар нь 3 хоног хамруулж ажиллуулах юм аа даа. Тэгэхээр багш нарт тэд 3 хоногийн ажлын хөлсийг амралтын нэмэгдэлтэй нь олгох нь зөв биз!. Төв биз! Шударга биз!. Ардчилсан биз! ҮЭ-ийн зарчим биз!

Энэ мөнгө хэд вэ? Үүнийг хуучин биш харин тэмцлээрээ ухаажсан багш нар одоо амархан тооцоолно.

Багшийн нэг ажлын хөлс ойролцоогоор 5000 төг, өдөрт 8 цаг гэвэл нэг өдөрт зөвхөн ажлын хөлс нь 40000 төгрөг болно. Гурван өдөрт сургалтад хамрагдаж ажилласан гэвэл дор хаяж 120 000 төгрөгийг багш нар олгох ёстой юм байна. Дор хаяж гэдэг нь унааны хөлс, буудал, хоолны зардал, амралтаар ажилласны нэмэгдэл ороогүй гэсэн утга бий. Үүнийг олж өгөхөд л нөгөө олон ҮЭ -ийн хэрэг гарах биз. Тийм ээ, багш нараа!

Нийгмийн ядарсан хэсэгт зориулагдсан түрээсийн байрнаас олж түрээслэнэ гэж үзэж багшийн ёс зүйг шаварт хутгаж байхынхаа оронд тийм нэг тооцоо хийгээд эдийн засгийнхаа тэмцлийг хийгээч, та нар. Багш нарыг хөдөлмөрийг мөлжлөгөөс хамгаалж амьдрал ахуйг нь дээшлүүлээч, зүгээр л татвар авч тарвалзаж суухын оронд. Амралтаараа дуудагдан ажиллаж байгаа багш нарт тэр хөлс, 120000 төгрөгийг олгуулж тэдний дансанд цэнэ нь унахаас өмнө аль болох хурдан хийлгүүлээч, ҮЭ-үүдээ!

Иймэрхүү л үйлсийг өрнүүлнэ гэж ҮЭ-ийн дарга та нар түвшин түвшиндээ муу багш нараас татвар авч байгаа биз. Үгүй юу!

Боловсролын яамнаас олон жилийн ийм 120000 төгрөгийг нэхэх боломжтой юм шүү, зарчмын хувьд. Хэрэг хуучирдаггүй ч тэр нь ч одоо дүүрчээ. Харин багш нар мэдрэмжтэй болчихсон, багш нар хуучин байдлаар дорд биш харин шинэ дүрээрээ дээшилж эрх ашгаа хамгаалах, хөдөлмөрийн мөлжлөгөөс багш мэргэжлээ салгахын төлөө нэгдмэл ухааралтай болчихсон, бүүр энэ талаар тэмцэж өгнө гэсэн хэдэн хэдэн үндэсний түвшний ҮЭ-тэй болчихсон байгаа энэ цагийн тэр 120000 төгрөгийг яам багш нартаа уучлал гуйгаад хурдан төлөх нь зайлшгүй юм. Ингэхгүй гээд тэд тэгээд яахав юм дээ. Бүх багш нартайгаа яам нь шүүхдэж дэлхийн доог, тэнэглэлийн дээд бололтой биш.

Багш нар бид хөдөлмөрөө л шударгаар үнэлүүлэхийн төлөө л тэмцсэнг Боловсрол яам одоо хүртэл мэдрээгүй юм уу гэсэн гоморхол хүртэл энд тэнд бас багш нарт үүсэж байгаа даа.

Боловсрол эдийн засаг, боловсролын нийгэм зүйн агуулгаар бүх багш нар их өөрчлөгдөн шинэчлэгдчихээд байхад боловсрол яамныхан өөрчлөгдөхгүй, хуучин хүү хэвээрээ л нөгөө л хэрэг болоход нэг ч зоосны цэнэгүй хий хоосон медалиа гардуулаад сууж байх юм. Тэд урьд цагийн хуучин хүү шиг дорд суусан багш нар хэрхэн яаж өөрчлөгдөн энэ цагийн шинэ хүү болсон шиг хурдан өөрчлөгдөж шинэ түшмэл болоосой. Тэд шинэ түшмэл болж үл чадваас төрд хуучин алдаагаа давтан гаргаж түмэнд төлөх төлбөрийг түүнд нэмсээр л, түвэг учруулсаар л нөгөө хуучин түшмэл хэвээр үлдэнэ. Энэ нь мөн их харамсалтай. Тэгэхээр "Намайг дагаа цэнгэ" гэдэг ч боловсролын яамны "хуучин хүүдүүд" багшаа дагаад өөрчлөгд, шинэчлэгд. Ингэж байж хуучин албат шинэ түшмэл болно.

Иймээс энэ жилийн, шинэ цагийн гурван өдрийн сургалтад хамрагдсан багш бүрт дор хаяж 120000 төгрөг олго. Энэ нь их мөнгө биш ч харин том зарчим мөн.

Энэ мэтээр багш нар хөдөлмөрийн хөлсөө бодитой цэнүүлэхээр үргэлжилнэ. Энэ нь багш бидний тэмцлийн эхлэл байсан. Өрнөл ч байсан. Үүнд хүрэхээс нааш тэр тэмцэл зогсохгүй, төгсөхгүй. Төр засаг нь иймд багшийн энэ тэмцлийн үнэ цэнийг сайн ухаарч шийдвэр бүхнээ түүнийг мэдэрдэг шинэ түшмэлээр л хийлгэдэг болго. Багш нараа дагаад цэнгэ, өөрчлөгд. Хуучин хүүг шинэ хүү болго.

Бодитой өртөг, зардлаар эцэстээ бодит ажил хийгдэнэ.

Тэр 120000 төгрөгийн ард бас ийм утгатай ухаан, тийм цэнэтэй зарчим бий.

Ц. Лувсандорж

2019 оны 8 дугаарс сарын 17-ны өдөр

No comments:

Post a Comment