Бидний үнэт зүйлийг хөндбөл ч....
Хүн сонгох, сонгогдох эрхтэй.
Үүнийг хэзээ ч үгүйсгэж үл болно. Хаангүй, хатангүй улсад хэн ч үүнийг хөндөж үл болно. Энэ нь энгийн хүн бүрийн үнэт зүйл учир хөндбөл том төвөргөөнд л хүргэдэг, хөтөлдөг.
Хүний сонгох, сонгогдох эрхийг хориглох гэсэн оролдлого, үйл бүхэн хүн заяаг дорд үзсэн, дарангуйлсан, харгисласан, доромжилсон хэрэг болно.
Үүнийг хориглох гэсэн оролдлого, үйл бүхэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын эсрэг, бидний нэгтгэх ганц үнэт зүйл болох манай үндсэн хуулийн утга агуулгын эсрэг болно.
Хүний сонгох, сонгогдох эрх гэдгийн цаана "хаан, хатан засаглалыг халж төрийн эрх мэдэл, бодлого түмний гарт бий, түүнд хэн ч оролцож болно" гэсэн утга бий.
Үүний цаана харин "Өөрөө өөрөөр бүү сэтгэ. Зүгээр л, миний хий гэснийг хий. Зүгээр л миний хэлснээр амьдар, за" гэсэн хүний бодох, сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, харилцах, оролцохыг үл ойшоосон утга, авир, харин огт байхгүй.
Иймд би энэ сонгуулиар сонгох, сонгогдох эрхээ ил хөсөрдүүлж байгаа Энхбаяр, Наранбаатар, Номтойбаяр гэх зэрэг хувь хүнийг өрөвдөж өмөөрч байгаадаа биш, харин "хүний сонгох, сонгогдох язгуур эрх тухайн цагийн эрх мэдэлтэн албан тушаалтнаар хэзээ ч үгүйсгэгдэж үл болно" гэсэн ардчиллын амин чухал зарчмыг өмөөрч байна.
Хүн сонгох, сонгогдох эрхтэй. Энэ нь хүн заяаг дээдэлж байгаа хэрэг.
Үүнийг үл тоосон үйлдлээс дарангуйлал, харгислал, доромжлолын өмхий үнэр ханхилж байдаг.
Энэ өмхий үнэрээс хүн заяаг тээсэн, дээдэлсэн хүн бүр дайжиж байдаг.
Энэ өмхий үнэрээс хаан, хатан засаглалыг халсан иргэн бүр холдож, айж байдаг.
Энэ өмхий үнэрийг гаргагч харин хүн заяаныхаа төлөө өндийх том төвөргөөг өдөөгч, өдөгч болдог.
Хүний сонгох, сонгогдох эрхийг хөндбөл ч...
Бид бүхний үнэт зүйлийг хөндбөл ч...
Ц.Лувсандорж
2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
No comments:
Post a Comment