Wednesday, June 17, 2020

СОНГУУЛИЙН ДАРААХ БОЛОВСРОЛЫН ӨНГӨ


СОНГУУЛИЙН ДАРААХ БОЛОВСРОЛЫН ӨНГӨ
            Их хурлын сонгуульд оролцож буй нам, эвслийн мөрийн хөтөлбөр боловсролын  олон шинэ зорилттой байх тусам сонгуулийн дараах боловсрол олон өнгө төрхтэй байх юм.  Ийнхүү өнгөлсний үр дүнд нийгмийн тархи болсон боловсрол, боловсролын зүрх болсон сургууль, соёл өнгөжин дэвжиж байх учиртай.
            Иймийн учир Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцож буй нам, эвсэлийн хөтөлбөрт туссан боловсролын зорилтод шинжээчийн  шинжилгээ хийж сонгуулийн дараах боловсролын өнгө (сценари)-ийг зураглахыг ийнхүү оролдов.
                                                  Нэг. Шинжилгээ
            Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн боловсролын талаарх тавьсан зорилт бүрийг  шинжилж үзэхэд тэдгээрийг хуучин буюу уламжлалт (консерватив), уламжилж сайжруулсан   (модератив),  цоо шинэ буюу эрс шинэчилсэн (paдикал) гэсэн гурван ангид хувааж үзэж болохоор байна.  Энэ ангиллаар энэ сонгуульд оролцож буй МАН, АН гэсэн 2 нам, “Та бидний эвсэл”,”Шинэ эвсэл”, “Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл”,”Зөв хүн-электорат эвсэл" гэсэн 4 эвслийн  мөрийн хөтөлбөрт шинжилгээ хийв.
             “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн “ Боловсрол, соёл, шинжлэх ухаан” хэсэгт дурдсан 19 зорилтын 10  нь консерватив, 5 нь модератив, 4 нь радикал шинжтэй байна. Дараах дөрвөн зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх өнгөлөг зорилтоор нэрлэж байна. Үүнд:
+Аймаг дүүрэг бүрт үйл явуулж буй зарим Ерөнхий боловсролын сургуулийг шинжлэх ухаан, технологийн чиглэлээр төрөлжиж гүнзгийрсэн сургалттай болгон өөрчлөн зохион байгуулж, амьдралын түвшнөөс үл хамаарч хүүхдүүдийг суралцах боломжоор тэгш хангана.

+Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын үндсэн хөтөлбөрүүдийг онлайн хувилбартай болгож, их, дээд сургуулиудад диплом олгох онлайн сургалт явуулах эрхийг албан ёсоор зөвшөөрөх хууль эрх зүйн орчныг бий болгоно.

+Шинжлэх ухаан, инновацийн хөгжилд улсын төсвийн 3 хувиас доошгүй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэх бодлого боловсруулна.  Их, дээд сургуулийн дэргэд Шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулах эрх зүйн  үндсийг боловсруулж, шинжлэх ухааны шилдэг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг дэмжин санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлнэ.

+Төр засгийн захиалгаар их, дээд сургуулиудад тодорхой мэргэжлээр бэлтгэгдсэн   боловсон хүчнийг ажлын байраар шууд хангадаг тогтолцоог бий

            “Шинэ эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн “Боловсрол” хэсэг дурдсан 12 зүйл заалтын 6 нь консерватив, 5 нь модератив, 1 нь радикал шинжтэй байна. Дараах зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх  өнгөлөг зорилтоор нэрлэж байна. Үүнд:
+Иргэн бүр, өрх болгоныг төрийн бодлогын төвд тавьж, нэг иргэний асуудлыг нэгдсэн бодлогын үндэс болгож, уламжлалт үндэсний ухаанд суурилсан боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар хариуцлагатай, мэдлэг боловсролтой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг монгол хүнийг бий болгоно.
            “Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн  боловсролын шинэчлэл (реформ) болон холбогдох хэсэгт дурдсан бүхэл зорилтын  1 нь модератив, 1 нь радикал шинжтэй байна. Дараах зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх  өнгөлөг заалтаар нэрлэж байна. Үүнд:
               +Боловсролын шинэчлэл /реформ/-ийг хийнэ.
            "Зөв хүн-электорат эвсэл"-ийн мөрийн хөтөлбөрийн “боловсрол” хэсгийн 61 заалтын 41 нь консерватив, 20 нь модератив, 1 радикал шинжтэй байна. Дараах зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх  өнгөлөг зорилтоор нэрлэж байна. Үүнд:
+ Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, төрийн үйлчилгээний албыг тусад нь бие даасан хуультай болгох
            Монгол ардын намын мөрийн хөтөлбөрЧанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил” хэсгийн 36 зорилтын  25 нь консерватив, 7 нь модератив, 5 нь радикал шинжтэй байна. Дараах зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх  өнгөлөг зорилтоор нэрлэж байна. Үүнд:
+Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.
+ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ.
+ Улсын хэмжээнд нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгоно.
+ Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина.
+ Covid-19 цар тахлаас үүдсэн ЕБС-ийн танхимын хичээл завсардалт, теле хичээлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж, сурагчдад боловсролын агуулгыг нөхөж олгох олон сонголтот хувилбар бүхий онлайн, зайн сургалтын агуулгыг баяжуулж, түгээнэ.
             Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн “Хүүхэд, оюутан, багш танд” хэсгийн 23 зорилтын заалтын 20 нь консерватив, 2 нь модератив, 1 нь радикал шинжтэй байна. Дараах зорилтыг сонгуулийн дараа боловсролд шинэлэг өнгө төрхийг нэмэх  өнгөлөг зорилтоор нэрлэж байна. Үүнд:
+Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсролыг эзэмших боломжтой болно.
+Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүүлж, 20 байраар урагшуулна.
Хоёр. Ирэх жилийн боловсролын өнгө
  Сценари 1.  Консерватив боловсрол
            Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн боловсролын зорилтод эрс өөрчлөлт хийх утгатай (радикаль) хэсгийнх нь эзлэх хувь бага байна. Иймд   аль ч нам, эвсэл засгийн эрхийн дангаар авлаа, мөн эвсэж барилаа  гэхэд боловсролын салбарт эрс өөрчлөлт хийгдэхгүй. Ийм байдал харагдаж байна. Боловсролын салбарын хөгжил, дэвшил намын мөрийн хөтөлбөрөөс бага хамааралтай, харин,  Үндсэн хууль болон төрөөс баримталж буй бусад бодлого, стратегийн хүрээндээ аажуу тайван, эрсдэлгүй  консерватив бодлогоор явагдана. Гэвч ковид-19-ын үед боловсролын консерватив бодлого, хандлага өөрийнхөө бүхий л боломжийг шавхана.

Сценари 2.   Цахим боловсрол
            Ковид-19-ын үеийн боловсрол, хичээл, сургалтын талаарх дэлхийн нийтийн сургамж, туршлага, шинжээчийн зөвлөмж, удирдамж, нийгмийн бүлүүдийн шаардлагын дагуу боловсролын бүхий үйл ажиллагааг цахимжуулах бодит хэрэгцээ бий болно. Сонгуульд ялсан улс төрийн хүчин боловсролыг цахимжуулах энэхүү том зорилттой тулгарна. Ийм энэ зорилтыг сонгуульд ялсан улс төрийн хүчин өөрийн мөрийн хөтөлбөрөөс үл хамааралтайгаар зайлшгүй хэрэгжүүлнэ.  Цахим боловсролын эрин эхэлнэ.

Профессор Ц.Лувсандорж

2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

No comments:

Post a Comment