Monday, June 8, 2020

Багшаар гоёх гэсэн нэр дэвшигчдэд хэлэх үг


Багшаар гоёх гэсэн нэр дэвшигчдэд хэлэх үг

Манай улсад ман, ан ээлжин төр барьсан өнгөрсөн 30 жилд зүгээ олсон нийгэмд бол төвд нь байж хүний хөгжил, улсын дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж байдаг багш, эмч хоёр л үнэндээ хөдөлмөрөө хамгийн ихээээээр, бүүр 10 дахин мөлжүүлсэн байдаг. Дүнд нь багш, эмч хоёрын амьдралын чанар 10 дахин буурч, тэдний түвшин өмнөх нийгмийнхтэй харьцуулахад 10 дахин доошилж ядуурсан байдаг. Одоо ч ийм л байгаа.

Багш, эмч хоёрын нэг цагийн ажлын хөлс нь одоо 2 хүрэхгүй доллар байна. Энэ 5-6 мянган төгрөг гэсэн үг. Тэдний 90 гаруй хувь нь аж амьдралын зээлэнд хүлэгдчихсэн тул тэд шар өдөр бор хоногийг өнгөрөөж ядсан нийгмийн мэргэжлийн ядуухан бүл болсон байх. Мэргэжлийн бүл ийм болоход энэ улсад хамгийн муухай нь мэдлэг, чадвар цэнэгүй болсон байдаг. Тэгэхэд нийгэм харанхуйлна. Гагцхүү ганцхан мөнгө шүтдэг болж түүний өмнө урвайн сөгддөг.

Ийм учраас багш нар өнгөрсөн 2 жил хөдөлмөрийн мөлжлөгөөс салах, багш мэргэжлээ аврах, багшийг мэргэжил хэвээр авч явахын төлөө өөрөө өөрөөрөө өндийж хөдөлж тэмцсэн юм. Энэ тэмцэл амаргүй байсан. Энэ тэмцлийн эхэнд явсан хүн бол эрх баригчдад хамгийн халтай нэгэн байна. Тэдний хувьд их муу хүн болсон байна.

Тэмцэж явахад нь тэвэнгээр туслахыг эрхэмлэдэг байсан тээр цагийн тэнэгэр түмний өнөөгийн давжаа үргэлжлэл болсон энэ нийгэмд одоо тэмцэж явахад нь тэвэнгээр туслах бүү хэл харин дэгээдэж унагаад дээр нь дэвсэлдэг нь дийлэнх олонхи болсон байдаг юм.

Хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг багш нар өөрөөрөө өндийж тэмцэж явах тэр цагт одоо энэ "би багш, би нэр дэвшигч, би багш нэр дэвшигч" гээд л багш нарын энэ цахим бүлэгт найр тавин зүтгэж яваа "багшаар гоёх гэсэн санаатай нэр дэвшигч" гэгчдээс асуух ийм нэг асуулт надад байна.

"Багш нар манан цагт бий болсон хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг холбоолон хоёр жил тэмцэж явахад багш нэр дэвшигч Та түүний хаагуур явав,багш нарын даруухан тэмцлээс яагаад дөлөв, юунд ичив ээ?"

"Багш мэргэжлээр гоёх гэж оролдож байгаа багш нэр дэвшигч Танд бодлогоороо багшийг 10 дахин ядууруулж, тэдний хөдөлмөрийг 10 дахин мөлжсөн МАНАН-д байж, явж, тэднээс их хуралд нэр дэвших нь ер нь хэр утгатай, хэр мэргэжлийн ёс зүйтэй, бүүр цаашилбал, хэр хүний ёс суртахуунтай үйл бэ?

Их хуралд нэр дэвшихдээ Та багш мэргэжлээрээ өөрийгөө их чиммээр байгаа бол, том албан тушаалд хүрэхдээ багш нэр дэвшигч гэж бахархалтай дуудуулах тань их гоё санагдаад байгаа бол Та багш нарыг хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцэж явахад нь тэдэнд тэвэнгээр тусалж чаддаггүй юм аа гэхэд "ган" гэж ганц ч болов дэмжиж дуугарч бай л даа!

Тэмцэж явахад нь өмөөрсөн тэр ганц "ган" тань Таныг багшаар гоёж их хуралд очих хүслийг тань хангахад уулын чинээ том тус болж мэднэ ш дээ.

Ц.Лувсандорж

2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

No comments:

Post a Comment