Thursday, August 31, 2017

"Багш нарын түр хорооны гэх" зарим нөхдөд өгөх зөвлөгөө

"Багш нарын түр хорооны гэх" зарим нөхдөд өгөх зөвлөгөө

Замын эхэнд биш харин замын хажуугаас гэнэт гараад ирсэн зарим хачин нөхдөд ийм нэг зөвлөгөөг нийт багш нарын өмнө өгмөөр санагдав.


-Зураг бага авахуул.

-Микрофон бага булаалцалд.

-TV бүхэнд гүйж очиж утгагүй зүйл бага ярь.

-"Багш мөн үү, Багшилж байв уу" гэдгээ нэг бод.Өөрөөсөө асуу.



Цаана тань та хэдийн ходоодон хийрхлээс илүү 35 мянга багш нарын их эрх ашиг, язгуур сонирхол байгаа юм.

Энэ анхааруулгад шууд хамаарах нөхдүүд наад тань их байна лаа шүү.

Их эрх ашгийн өмнө ходоодон сонирхол тань юусан билээ, та нөхөд минь.

Ийм нөхдийн дүрийг ийнхүү дүрсэлж болно. Үс нь гелитэй, нүүр нь "маке-ир"-тай, ихэнхи нь хөх өнгийн костюмтай, эвлээрээгүй үгтэй, индэр булаалцдсан, утгагүй хийрхэлтэй, хуурмаг харцтай, жагсаалын эхэнд гүйж гарч түрүүлж "томорч" алхдаг.....

Энэ хүмүүс ходоодон сонирхлоо одоо дар. 35 мянган багшийн энэ нэгдлийг ядаж нэг удаа хүндэтгэ.

Ц.Лувсандорж

Багш цалин нэмэх түр хороог санаачлагч

Түр хорооны гишүүн

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Жич: Багшийн цалин нэмүүлэх энэ хөдөлгөөн цэвэр тунгалаг байдлаар нэгдмэл өрнөх ёстой.Энэ нь бусдын эрх ашгийн золиос болох ёсгүй. "Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн", "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" гэсэн үг хэллэгийн тээгч эхнээсээ цэвэр тунгалаг байх, утгатай байх, долдой биш байх хэрэгтэй. Энэ үүднээс энэ анхааруулгыг хэлэв.

Wednesday, August 30, 2017

“Багшийн цалин нэм” хөдөлгөөний цуглаанд хэлсэн үг



“Багшийн цалин нэм” хөдөлгөөний цуглаанд хэлсэн үг

Ганцхан багшийн “цалингаа нэмүүлье” гэсэн ганцхан пост цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийг нэг болгож, цул байлгаж, бүхэл бүтэн болгож нэгтгэж байна. Энэ талбай дүүрсэн байна.  Багш нарын энэ нэг, цул, бүхэл бүтэн нэгдлийн мөн чанар нь багшийг ядуурлаас  гаргах, Монголоо зөв хөгжлийн замд хөтлөхөд оршиж байна.
Багшийг цалинг нэм.  Энэ шаардлагын дор сургуулийн цэцэрлэгийн 35 мянган багш нэгдэж байна. Жагсаж байна. Тэмцэж байна.  Бид нэг. Бид цул. Бид бүхэл.

Багш ядуурсан байна, энд улсад.  Багш ядарсан байна, энэ улсад.   

 Би сая  халтуур хийж буй “такси биш таксигаар” энд ирлээ.  Жолоочоос  “Та иймэрхүү халтвар хийж, өдөрт хэдийг олж байна даа. 20 мянгыг ч авсаар олохгүй биз дээ" гэхэд жолооч их хоржоонтой инээж "Юу гэнээ, та. 20 мянга гэв үү" гэж надаас лавлан асуув. Би "Тийм" гэхэд "Өө, ах хүү, та энэ ажлын талаар юу ч мэддэггүй юм байна" гээд "50 мянгыг төвөггүй олно шүү" гэж хээв нэг хэлж байх.  "Халтварчид өдөрт миний тааснаар 20 мянга биш, түүний хэлснээр 50 мянга бүр ч биш, харин дундажаар 35 мянган төгрөгийн орлого олдог гэвэл 30 хоногт 1 сая 50 мянгыг олчихоод байх наа. Гэтэл халтуур хийдэг жолоочийн энэ орлого нь  одоогийн цэцэрлэг, сургуулийн ямар ч багшийн цалингаас  их, бүр 2 дахин их болчихоод байна.  Ийм байж болох уу? Ийм нийгэм байж болох уу? Ийм засаг оршиж болох уу?

 Нөгөө айхтар гэх социализмийн үеийн сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байжээ. Тэр цагт төлөг 10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг сарын цалин  65 төлөг, 542 талхны үнэтэй жишихүйц ханштай байж.  Цалинг хониор өгдөг байсан гэвэл социализмийн үед шинэ багш сард 65 тоо толгой  бүхий сүрэг хониор цалинждаг байжээ.  Гэвч одоогийн багш  5-6 хониор сард цалинжиж байгаа юм.  Тэгэхээр 1990 оноос хойш багшийн бодит цалин өссөнгүй, харин  бүр 8-10 дахин буурсан байна. 

Тэдний аж амьдралын чанар мөн л 8-10 дахин доошилсон байна. Одоогийн багш тэр үеийнхээс 8-10 дахин ядуурсан байна. 8-10 дахин ядарсан байна, тэд.  Тэд ажлаа чанартай хийж, аж амьдралаа залгуулахгүйн тулд өмнөхөөс 8-10 дахин их зээл авч байна. Цалингийн зээлийн өрд баригдаж байна. Байрын зээлийн өрд өвдөж байна. Тэд зовниж байна. Багш ядарсан байна. Багш ядуурсан байна.


Багш ядуурах аюултай. Багш ядрах бүр  ч аюултай.

Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш иймд эх мэргэжил
Багш иймд их мэргэжил
Эх мэргэжлийг үл тоосон улс
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй

Бүх хичээлээр улсаар муу сурч байна. Дүн хуурмаг. Дүгнэлт худал. Энэ бүхний дүнд бид бүгдээрээ нийлээд улсаа хуурч байна. Монголоо хуурч байна. Энэ бүхний дүнд онц дүнтэй, олон дипломтой залуухан хөгшид олширч байна. Залуу ажилгүйчүүд ихсэж байна.

Энэ бүхний дүнд энэ улсад мунхаглал, тэнэглэл, дэмийрэл, хийрхэл газар авч байна.  Боловсролгүй нь лидер болж байна. Мунхаг нь цэцэн болж байна. Тэнэглэл газар авч байна.   Баар  олширч байна.  Номын сан эзгүүрч байна.  Монгол улс хүний оюуны чадамжид түшиглэсэн зөв хөгжлөөс улам бүр холдож байна. Долдойн сүрэг олширч байна.

Ийм муу, муухай бүхэн эцэстээ багшийн ядуурлаас, тэдний ядралаас улбаатай юм. Ийм учраас дайн дажинтай улс хүртэл багшаа ядууруулдаггүй. Багшаа ядраадагггүй. Багшаа дорд үздэггүй.

Багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардаг.
Багш ядуурах ийм л аюултай. Үүнээс илүү аюул гэж үгүй.

Багшийн цалинг нэм.  Багшийн цалинг нэмэх нь багшид хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй. Улсад бүр ч хэрэгтэй. Монголд хэрэгтэй. Учир нь, багш эх мэргэжил. Учир нь, багш их мэргэжил.


Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн салбар
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.


Багшийн цалинг нэмэхэд эх үүсвэр дутаагүй. Харин эрүүл ухаан дутаж байна.

Багшийн цалин нэмэх эх үүсвэр үгүй гэж буй засаг ичиг. Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа багасга. Багш зөвхөн  үндсэн ажилтан гэдгийг ухаар. Ийм үндсэн ажилтны тоо 35 мянгаас хэтрэхгүй байна, энэ улсад. Үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар үндсэн ажлыг өртөгжүүл. Тэгэхэд багшийн цалин өөрөө өөрөөрөө эрс нэмэгдэнэ.  Ингэхэд багш ядуурлаас ангижирна. Эцэстээ нийгэм дэвжинэ. Монгол зөв хөгжлийн замд орно. Хүн бүр хожино. Баар цөөрнө. Ном санг хүнжинэ.

Багшийг цалинг нэм.  Энэ шаардлагын дор сургуулийн цэцэрлэгийн 35 мянган багш нэгдэж байна. Жагсаж байна. Тэмцэж байна.  Энэ талбай дүүрсэн байна. Бид нэг. Бид цул. Бид бүхэл.

Бидний хүч бүхэлдээ. Бидний хүч цулдаа. Бидний хүч нэгдэлдээ.

Багшийн шаардлагыг үл тоодог боловсролын сайд бидэнд хэрэггүй.
Улсынхаа ирээдүйг хэрүүлээсээ дорд үздэг эрх баригч бидэнд хэрэггүй.
Монголын зөв хөгжлийг  олж харж чаддаггүй их хурал бидэнд хэрэггүй.
Багшийн уриалгыг ухаарч үздэггүй төрийн тэргүүн бидэнд хэрэггүй.  


Багшийн цалинг нэм.  Бид нэг. Бид цул. Бид бүхэл.

Бидний хүч бүхэлдээ. Бидний хүч цулдаа. Бидний хүч нэгдэлдээ. Багшийн цалинг нэм.


Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын
30-ны өдөр

Сүхбаатарын талбай

Tuesday, August 22, 2017

Шиврээ бороотой бодрол

Шиврээ бороотой бодрол

Бороо шивэрч байх үед их дэлгүүрийн орчим их хурдан очих их шаардлага гарав. Автобусны буудлаар л багшааж байдаг халтвар (такси биш такси)-аас нэгийг сонгон хөлөглөв.

Нийгмийн бодит амьдралыг олж мэдрэх, бичих сэдэв олж авах үүднээс тэднээс яриа өддөг сурсан зангаараа жолооч эртэй дотно мэндчилж "Та халтвар хийж, өдөрт хэдийг олж байна даа. 20 мянгыг ч авсаар олохгүй биз дээ" гэхэд жолооч их хоржоонтой инээж "Юу гэнээ хө. 20 мянга гэв үү" гэж надаас лавлан асуув. Би "Тийм" гэхэд "Өө, ах хүү, та энэ ажлын талаар юу ч мэддэгггүй юм байна" гээд "50 мянгыг төвөггүй олно шүү" гэж хээв нэг хэлэв.

Түүний хэлсэнд жаахан эргэлзэж би багш хүний зангаараа түүний нүүрний хувирал, дууны өнгө, энэ үгийг хэлж байх үеийн биеийн хөдөлгөөнийг сайтар эргэцүүлж үзэв. Түүний хэлсэнд үнэнийн хувь байгаа мэт санагдав.

Түүнийг ийнхүү шинжиж явах зууртаа "халтварчид өдөрт миний тааснаар 20 мянга биш, түүний хэлснээр 50 мянга бүр ч биш, харин дундажаар 35 мянган төгрөгийн орлого олдог гэвэл 30 хоногт 1 сая 50 мянгыг олчихоод байх наа.

Энэ нь одоогийн цэцэрлэг, сургуулийн ямар ч багшийн цалингаас хэтрээд илүү гарч байна ш дээ" гэж эргэцүүлж халтвар хийгчээс хамаагүй бага цалинтай хөөрхий багш нараа нэг их өрөвдөв. Бас багш мэргэжлийг халтвар хийгчээс их дор үнэлэмжтэй болгосон үе үеийн увайгүй сайдад дургүй их хүрч, түүний харалган бодлогод тун харуусаж суув.

Ингэж урвайж суух зуур жолооч дүү "Ах хүү, зорьсон газарт тань ирчихлээ. Гурван мянга таван зуу болсон гэх". Би хэлснийг өгөөд босох зуурт тэрбээр "Миний бодлыг уншчихсан юм шиг, нээрээ, багш нар арай л дэндүү бага цалинтай байна лаа шүү" гэж надад шивнэх шиг болов.

Гадаах шиврээ бороог доторх шивнээ үгтэй хамт тээсэн би их дэлгүүрийн хажуугийн ус тунаж, машин хэлхэлдсэн гудмаар эх мэргэжлийн ирээдүйг ихэд эргэцүүлж цааш алхсаар, улам урагшилсаар....Бороо ч шивэрсээр, Бодол ч хөвөрсөөр....

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Saturday, August 19, 2017

Эх үүсвэр нь биш эрүүл сэтгэлгээ нь дутаж байна

Эх үүсвэр нь биш эрүүл сэтгэлгээ дутаж байна


Багшийн ажлыг бодитой өртөгжүүлж цалинг үнэн тогтооход эх үүсвэр биш, харин эрүүл сэтгэлгээ л их дутаж байна.

Ийм эрүүл бус сэтгэлгээ, хандлага эдүгээ цагт сангийнхнаас эхлээд саальчин хүртэл бүх хүнд бий болсон. Хууранжсан сэтгэлгээ, тархи угаалтын үр энэ. Энэ нь буруу сэтгэлгээ, бүдүүлэг сэтгэлгээ. Буруу, бүдүүн энэ сэтгэлгээг бор халзан хониор ийнхүү зүйрлэн тодруулж болно.

"Нэг бор халзан хонь хараад хоттой бүх бүх хонь бор халзан юм байна" гэж бодож байгаатай энэ нь их адилхан. Хонийг бор халзан гэхэд учир бас байна.

Бор халзан байна. Бордуу халзан байна. Бүр бор биш халзан байна.Ерөөсөө халзан биш нь ч байна.

Үүний математикч бүү хэл малчин хүртэл сайн мэддэг. Гэтэл гадны зөвлөхүүдэд тархиа угаалгачид санаатай, санаандгүй "бүх хонь бор халзан" гэж бодоод, бүр тооцоо хийгээд эхэлдэг.

Салбарын сайд нь хүртэл багшийн цалин ярихаар сувилагч, эмч, цагдаа, ер нь тэгээд хэнийг ч хамаагүй яриад эхэлдэг. Энэ математик биш, малчных бол бүр биш, зөөлөн хэлбэл, марзан сэтгэлгээ, хатуу хэлбэл, мангар сэтгэлгээ юм.

Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Үндэсний түвшинд бол энэ мангарыг бүр хурдхан өөрчлөх хэрэгтэй. Алдаатай сэтгэлгээ. Аюултай сэтгэлгээ. Коммунист сэтгэлгээ шүү.

Багшийн цалинг нэмэх бодит боломж,бодит эх үүсвэр баян монголд  бүрэн бий. Гагцхүү сэтгэлгээнд эргүү ноёлоод ядуу оршоод байна. Эрүүл нь, харин, их дутаад байна.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр

Багшийн нэгдэх их хүсэл, их тэмүүлэл



Багшийн цалин нэмүүлэх энэ тэмцлээс би багш нарт өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө, салбарынхаа төлөө, монголынхоо төлөө тэмцэхээр өөрсдөө өөрөөрөө нэг болж нэгдэх их хүсэл, их тэмүүлэл бий болсныг мэдэрсэн. Энэ нь унтаж буй арслан сэрснийг ойн бусад нь олж мэдрэхтэй адил юм. Энэ нь бас түнэр харанхуйг бүхэлд нь гэрэлтүүлэх увдистай цочил хөгжиж эхлэлтэй адил юм.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 

Friday, August 18, 2017

Хэвлэл мэдээллийнхэн ичиг, ичиг,ичиг


Хэвлэл мэдээллийнхэн ичиг, ичиг,ичиг


Манай улсын хэвлэл мэдээллийнхэн хүнд огт хэрэггүй намын, ман-ын хэрүүлийг чухалчилан байнга мэдээлж байхын оронд монголын багш нарын энэ тэмцлийн утга, учрыг ядаж ухаарч ойлгохыг хичээгээч.

Сэтгүүлч гэдэг уг нь сэтгэдэг хүн л байдаг байж билээ. Хэвлэлийн эрхгүй, чөлөөгүй хөөрхий хэвлэлийнхнээ яаж нэг өөд татна даа. Ихэнхи нь нэг олигархийн карманд орчихсон байх. Мөнгө төлбөл дуугарна. Мөнгө төлбөл нийтэлнэ. Мөнгө төлбөл гүтгэнэ....Мөнгө, мөнгө, мөнгө. Ийм хандлагаасаа энэ цагийн энэ улсын хэвлэлийнхэн ич. Ичиг, ичиг, ичиг, тэд.


Монголын хэвлэлийн эрх чөлөөг яг одоо энд хүмүүс зөвхөн "facebook"-ын боломжоор л харж, хайж байна.Ийм учраас бид та нарт гэхээсээ "facebooк" тэргүүтэй цахилгаан шиг хурдтай цахим ертөнцөд илүү талархаж байна.

Хэвлэл мэдээллийнхэн хэрүүл түгээхдээ гарамгай, телевизийг худалдааны цех болгон ашиглахдаа гайхмаар байдаг атлаа харин багш нарын энэ тэмцэл шиг нийгэмд хэрэгтэй зүйлийг мэдээлдэггүй байж чаддаг болтлоо мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэсэн та нарын энэ авир тань монголын олон багш нарт их муухай харагдаж байна.

Лайв (live)-ээр 30000 гаруй мянга багш та нарыг одоо орлож байна.Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж байна, тэд.

Багшийн эвлэлдэн нэгдсэн тэмцлийн утга учрыг олж ухааран үнэн бодитойг түмэн олонд түгээхийн чухлыг ман-ын хэрүүлээс их дор үздэг энэ цагийн хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө увайгүй хандлага, дорд авираас ич. Ичиг, ичиг, ичиг, тэд, ичиг. МҮОНТ бол бүр их ич.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр

Saturday, August 12, 2017

Багшийн цалин нэмэгдүүлэх хөдөлгөөний талаар төрд хүргэх үг

Багшийн цалин нэмэгдүүлэх хөдөлгөөний талаар төрд хүргэх үг

Багш нарын цахим нэгдлийн цаана цахилгаан мэт хурд, хүч бий. Үүнийг яам, төр засаг эртнээс анхаарч,тэднийг хүндэтгэж, шаардлагыг сонсож биелүүлбэл зохино. Эсрэг нь юу болохыг эргэцүүлж нэг боддоо. Тогтолцоо чинь зогсчих вий дээ.

Энэ цагийн багш нарт үнэндээ эрх мэдэл, эд хөрөнгийн хүч бага. Харин зохион байгуулалтад орж нэг цул болж нэгдэж чадвал тэднээс илүү хүчирхэг нэгдэл байхгүй. Хамгийн гол нь, нэг болох зохион байгуулалтад орох. Үүнийг өмнө хийж чадаагүй учраас одоо багш нар ингэж дорд үзэгдэж байдаг юм.Гэвч энэ удаа тэд нэгдэх магадлал их өндөр байна. Учир нь тэдний тэвчээр алдарсан байна. Тэд гомдсон байна. 

Цахилгаан мэт хурд, хүчтэй цахим тэр нэгдлийг харин одоо сэхээтнүүд их амархан хийж чадна. Энэ нэгдэл тэдний хүч юм. Тэд үүнийг сайн ойлгочихсон байна. Ийм нэгдэлтэй байхад нэг залуу админ удирдагч л сайд, засгийн газартай энэ чацуу ярих боломж бүрдэж байгаа юм.

Яагаад, багшгүй нийгэм нэг өдөр байхад хэцүү болчихсон үед "Админ" ганц товч дарахад л боловсролын тогтолцоо бүхэлдээ зогсчих боломжийг наад цахим чинь бүрдүүлээд байгааг төр засаг, шийдвэр гаргагчид эртнээс ухаарч багш нарын цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнийг үл тоох бус анхаарч үзэх, шаардлагыг биелүүлж харьцах хэрэгтэй юм.

Тээр үеийнх шигээ "Өө, тэд нэгдэж чаддаггүй юм байна лаа" гээд хээв нэг сууж байгаад нийгмээ, тогтолцоогоо зогсоочих вий дээ. Тэгээд эцэстээ өөрсдөө огцорно. Энэ нь ч багш нарт сайн хэрэг. Харин шалдар булдар энэ нийгмээ улам эмх замбаараагүй байдалд оруулах их эрсдэл энэ хөдөлгөөн, яам, төр засгийн үл ойлголцлоос өдөөгдчих магадлал их байна.

Багшгүй нийгэм энэ зууны нийгэм мөн үү? Багшгүй улс соёл иргэншилтэй улс мөн үү?

Энэ хөдөлгөөний цаана ийм их хүч байгаа юм. Төр засаг, шийдвэр гаргагч үүнийг эртнээс хүндэтгэн үзэх хэрэгтэй. Зөвхөн нэг багш, цул болж нэгссэн админ бүл энэ нэгдлийг хийчих боломжтой болчихсон үе шүү.

Төр засаг иймд багш нарын цалин нэмэгдүүлэх энэ хөдөлгөөнийг эртнээс анхаарч, тэдний шаардлагыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Үл тоож байгаад эцэстээ алийгаа алдах вий дээ.


Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр