“Багшийн цалин нэм” хөдөлгөөний цуглаанд хэлсэн үг
Ганцхан багшийн “цалингаа нэмүүлье”
гэсэн ганцхан пост цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийг нэг болгож, цул
байлгаж, бүхэл бүтэн болгож нэгтгэж байна. Энэ талбай дүүрсэн байна. Багш нарын энэ нэг, цул, бүхэл бүтэн нэгдлийн
мөн чанар нь багшийг ядуурлаас гаргах, Монголоо
зөв хөгжлийн замд хөтлөхөд оршиж байна.
Багшийг
цалинг нэм. Энэ шаардлагын
дор сургуулийн цэцэрлэгийн 35 мянган багш нэгдэж байна. Жагсаж байна. Тэмцэж байна. Бид
нэг. Бид цул. Бид бүхэл.
Багш ядуурсан байна, энд
улсад. Багш ядарсан байна, энэ улсад.
Би сая халтуур хийж буй “такси биш таксигаар” энд
ирлээ. Жолоочоос “Та иймэрхүү халтвар хийж, өдөрт хэдийг олж байна даа. 20
мянгыг ч авсаар олохгүй биз дээ" гэхэд жолооч их хоржоонтой инээж "Юу
гэнээ, та.
20 мянга гэв үү" гэж надаас лавлан асуув. Би "Тийм" гэхэд
"Өө, ах хүү, та энэ ажлын талаар юу ч мэддэггүй юм байна" гээд
"50 мянгыг төвөггүй олно шүү" гэж хээв нэг хэлж байх. "Халтварчид өдөрт миний тааснаар 20 мянга биш,
түүний хэлснээр 50 мянга бүр ч биш, харин дундажаар 35 мянган төгрөгийн орлого
олдог гэвэл 30 хоногт 1 сая 50 мянгыг олчихоод байх наа. Гэтэл халтуур хийдэг
жолоочийн энэ орлого нь одоогийн цэцэрлэг, сургуулийн ямар ч багшийн
цалингаас их, бүр 2 дахин их болчихоод байна. Ийм байж болох уу? Ийм нийгэм байж болох уу? Ийм засаг оршиж болох уу?
Нөгөө айхтар гэх социализмийн үеийн сургууль,
цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байжээ. Тэр цагт төлөг 10
төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг сарын
цалин 65 төлөг, 542 талхны үнэтэй жишихүйц ханштай байж. Цалинг хониор өгдөг байсан гэвэл социализмийн
үед шинэ багш сард 65 тоо толгой бүхий сүрэг хониор цалинждаг байжээ.
Гэвч одоогийн багш 5-6 хониор сард
цалинжиж байгаа юм. Тэгэхээр 1990 оноос
хойш багшийн бодит цалин өссөнгүй, харин
бүр 8-10 дахин буурсан байна.
Тэдний
аж амьдралын чанар мөн л 8-10 дахин доошилсон байна. Одоогийн багш тэр
үеийнхээс 8-10 дахин ядуурсан байна. 8-10 дахин ядарсан байна, тэд. Тэд ажлаа чанартай хийж, аж амьдралаа
залгуулахгүйн тулд өмнөхөөс 8-10 дахин их зээл авч байна. Цалингийн зээлийн өрд
баригдаж байна. Байрын зээлийн өрд өвдөж байна. Тэд зовниж байна. Багш ядарсан
байна. Багш ядуурсан байна.
Багш ядуурах аюултай.
Багш ядрах бүр ч аюултай.
Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш иймд эх мэргэжил
Багш иймд их мэргэжил
Эх мэргэжлийг үл тоосон улс
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй
Бүх хичээлээр улсаар муу сурч байна.
Дүн хуурмаг. Дүгнэлт худал. Энэ бүхний дүнд бид бүгдээрээ нийлээд улсаа хуурч
байна. Монголоо хуурч байна. Энэ бүхний дүнд онц дүнтэй, олон дипломтой
залуухан хөгшид олширч байна. Залуу ажилгүйчүүд ихсэж байна.
Энэ бүхний дүнд энэ улсад мунхаглал,
тэнэглэл, дэмийрэл, хийрхэл газар авч байна.
Боловсролгүй нь лидер болж байна. Мунхаг нь цэцэн болж байна. Тэнэглэл
газар авч байна. Баар олширч байна.
Номын сан эзгүүрч байна. Монгол
улс хүний оюуны чадамжид түшиглэсэн зөв хөгжлөөс улам бүр холдож байна. Долдойн
сүрэг олширч байна.
Ийм муу, муухай бүхэн эцэстээ
багшийн ядуурлаас, тэдний ядралаас улбаатай юм. Ийм учраас дайн дажинтай улс
хүртэл багшаа ядууруулдаггүй. Багшаа ядраадагггүй. Багшаа дорд үздэггүй.
Багш ядуурахад нийгэм эцэстээ их
ядардаг.
Багш ядуурах ийм л аюултай. Үүнээс
илүү аюул гэж үгүй.
Багшийн цалинг нэм. Багшийн цалинг нэмэх нь багшид хэрэгтэй.
Нийгэмд хэрэгтэй. Улсад бүр ч хэрэгтэй. Монголд хэрэгтэй. Учир нь, багш эх
мэргэжил. Учир нь, багш их мэргэжил.
Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн салбар
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.
Багшийн цалинг нэмэхэд
эх үүсвэр дутаагүй. Харин эрүүл ухаан дутаж байна.
Багшийн цалин нэмэх эх үүсвэр үгүй
гэж буй засаг ичиг. Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа
багасга. Багш зөвхөн үндсэн ажилтан
гэдгийг ухаар. Ийм үндсэн ажилтны тоо 35 мянгаас хэтрэхгүй байна, энэ улсад.
Үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар үндсэн ажлыг өртөгжүүл. Тэгэхэд багшийн
цалин өөрөө өөрөөрөө эрс нэмэгдэнэ. Ингэхэд
багш ядуурлаас ангижирна. Эцэстээ нийгэм дэвжинэ. Монгол зөв хөгжлийн замд
орно. Хүн бүр хожино. Баар цөөрнө. Ном санг хүнжинэ.
Багшийг цалинг нэм. Энэ шаардлагын дор сургуулийн цэцэрлэгийн 35
мянган багш нэгдэж байна. Жагсаж байна. Тэмцэж байна. Энэ талбай дүүрсэн байна. Бид нэг. Бид цул.
Бид бүхэл.
Бидний хүч бүхэлдээ. Бидний хүч цулдаа. Бидний хүч
нэгдэлдээ.
Багшийн шаардлагыг үл тоодог боловсролын сайд бидэнд
хэрэггүй.
Улсынхаа ирээдүйг хэрүүлээсээ дорд үздэг эрх баригч
бидэнд хэрэггүй.
Монголын зөв хөгжлийг
олж харж чаддаггүй их хурал бидэнд хэрэггүй.
Багшийн уриалгыг ухаарч үздэггүй төрийн тэргүүн бидэнд
хэрэггүй.
Багшийн цалинг нэм.
Бид нэг. Бид цул. Бид бүхэл.
Бидний хүч бүхэлдээ. Бидний хүч цулдаа. Бидний хүч
нэгдэлдээ. Багшийн цалинг нэм.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Сүхбаатарын талбай
No comments:
Post a Comment