Wednesday, September 13, 2017

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авах шаардлагыг багш нар 2 удаа эрх баригчдад хүргүүлсэнг бид ч бүгд мэдэж байгаа. Эрх баригч та нар бас мэдэж байгаа.

Шаардлагынхаа хариуг багш нар бид ч их хүлээж байна. Та нар ч бас хариуг бидэнд өгөхөөр тэсэн ядан хүлээж байгаа байх.

Багш нар эдгээр шаардлагаараа багшийн цалинг 1,6 сая төгрөг болгохыг л шаардсан шүү. Эрх баригчид үүнд л хариулах ёстой юм. Гэтэл тэд хадуурч, хаа хамаагүй зарчим, чиглэл ярьж эндүүрч, халуурч, андуурч байна. Тохуурхаж байна. Бидний шаардлага- асуултад хариул, асуудлыг шийд.

БСШУС-ын яамны тэр чиглэл, зарчим гэгч нь цагаа олоогүй, ажлаа хийдэггүй явж ирснээ тод харуулсан тэдний увайгүй нэгэн үйлдэл байна. Нөгөө талаас, энэ нь зүгээр л гол асуудлаас бултах гэсэн, багш нарын анхаарлыг сарниулах гэсэн, хуурах гэсэн эрх баригчдын бас нэг ээлжит тохуурхал, бас нэг ээлжит увайгүй үйлдэл байна.

Багш нар 27 жил зөөлнөөр хэлбэл, хууртсан, хатуугаар хэлбэл, доромжлуулсан.Дүнд нь эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН,АН-ын "дарга" анги та нараас өөр хэн ч хожоогүй. Харин боловсрол дампуурсан, багш ядуурсан, яам наманцараар дүүрсэн, нийгэм бурангуй ёс, мунхаглал, дэмийрлийн харанхуй мананд орж манарсан.

Нийгмийн сэхээтэн бүл; монголын ажилчин ангийн цөм болсон багш нарт одоо бодитод мэдрэмжид суурилсан үнэн ухаарал бий болчихсон байна. Тэд цалингаа нэмүүлэх, багш мэргэжлээ аврах энэ хөдөлгөөн, тэмцэлд өрний гинжнээс өөр алдах зүйл үгүй нөхцөлд байна. Багш нар цалингаа бодитой тоо хэлж, нэмэхийг шаардаж байна. Тэр нь 1,6 сая төгрөг юм.
Үүнийг л багш нар шаардаад байгаа юм. Зарчим, чиглэл гэгч ерөнхий ийм нэг цаасыг тэд харин шаардаагүй шүү. Ер нь иймэрхүү хэвлээд, хэлээд, хаядаг, мартдаг, хийрхлийн цаас хаа сайгүй л элбэг байдаг болсон шүү, хийрхлийн он жилүүдэд.

Эрх баригчид асуултанд хариулж асуудлыг шийдэхийн оронд хадуураад байна; эндүүрээд байна; дүлийрээд байна;тохуурхаад байна.

Багш нараар ингэж тохуурхаж байхын оронд тэдний шаардлагад хариу өг. Асуултад хариул. Асуудлыг шийд. Харин багш нараа хуурах гэсэн увайгүй, цагаа олоогүй зарчим, чиглэл ярьсан энэ тохуурхлаа зогсоо. Ажлаа ер нь цаг цагт нь үнэн хийж бай.

Тохуурхалд ч бас хязгаар бий. Тэвчээрт ч бас төгсгөл бий.

Эрх баригчид асуултад хариулж сур. Шаардлагад хариу өгч сур.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 14-ий өдөр

Saturday, September 9, 2017

Багш нарын шаардлага, тэмцэл нийтийнх болчих вий

Багш нарын  шаардлага, тэмцэл нийтийнх болчих вий

Багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөний үүсэл, өрнөлийн дунд явахад олон зүйлийг олж мэдэрлээ. Хоёрыг энд сийрүүлэв.

Нэг. Энэ хөдөлгөөнийг өрнүүлэгч багш нар дотооддоо нэг цул, нэг бүхэл болсон байна лаа. Энэ нь дийлэшгүй хүч гэсэн үг. Өмнө боловсролын салбарын үндсэн ажилтан багш нар ингэж бүхэл, цул болж байсныг би лав санахгүй байна.

Хоёр. Энэ хөдөлгөөн нь "хийсэндээ таарсан цалин хөлс авдаг" байхыг шаардаж байгаагаараа хөдөлмөрөөрөө, хөлсөөрөө амьдардаг "ажилчин" анги, бас нийгэмд шударга ёсыг хий хийрхдэг бус харин түүнийг амьдралынхаа бодит үнэт зүйл болгон тэмцдэг, тээдэг шударга ёсны хөдөлгөөнийхөнд ч таалагдаж эхэлж байгаа нь багшийн энэ хөдөлгөөн нь дотоод төдийгүй бас өөрийнхөө гадаад хэсэгтэй нэг цул, нэг бүхэл болж байна.

Ингэснээр эцэстээ багш нарын "хийсэндээ таарсан цалин хөлс" авах энэ тэмцэл нь ерөөсөө, нийгэмд хөдөлмөрлөж, хөлсөөрөө амьдарч буй бүх хэсгийн нэгдмэл, бүхэл шаардлага болж хувирч байна.

Монголын ажилчин ангийн цөм болсон багш нарын энэ тэмцэл, шаардлагыг өмнө шигээ үл тоож үл болох нээ. Энэ тэмцэл, хөдөлгөөн дотоод хийгээд гадаад нэгслээрээ өмнөхөө шигээ биш байна. Энэ нь сэхээтний хувьсгалын очийг үсэргэчих гээд байна. Тохироо нь бүрдчих гээд байна.

Монголын ажилчин ангийн цөм болсон багш нар, сэхээтнүүд энэ тэмцлээс "өрний гинжнээс өөр алдах зүй үгүй" болчихсон нийгмийн нөхцөл байдалд ирчихээд байна. Үүнийг ном сударт хувьсгалын тохироо гэдэг бил үү!

Багш нарын "хийсэндээ таарсан цалин хөлс авах" энэ тэмцэл хөдөлгөөн хөлсөөрөө хөлсөө урсган хөдөлмөрлөж амьдардаг нийгмийн бүх бүлийн нэгдмэл шаардлага болж өрнөж мэдэх нь дээ.

Багшийн цалин нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцэл иймд нийгэмд шударга ёсыг бодитой тогтоохын төлөө нийтийн тэмцэл, хөдөлгөөн болж өрнөж мэдэх нь дээ.

Энэ байдлыг эрх мэдэлтнүүд онцгой анхаарч сэхээтний энэ шаардлагыг тусгаж өөрсдийгөө өөрчлөх нийгмийн зайлшгүй байдал бий болсон байна.

Монголын сэхээтэн хэсэг багш нарыг өмнөх шигээ боол, зарц мэтээр биш харин энэ цагийн монголын ажилчин ангийн цөм гэдгээр ухаарч, тэдний шаардлагыг биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

Эх үүсвэр дутаагүй. Харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.

Эс ингэвээс сэхээтний хувьсгалын оч эндээс үсэрчих гээд байна. Ер нь үсэрч байна.


Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Thursday, September 7, 2017

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Зайлсан нь багшийн төлөө хэзээч "За" гэдэггүй, харин "тэрбумын" хэлтэрхий юм шиг томилгоог байнга хийхэд бол байнга "За, за" гэдэг засаг байсан.

Багш нарт болохоор шал дүлүү, завхай, завхрал, хэрүүлийн төлөө бол огт дүлий биш, ходоон, хоолон, хоосон засаг байсан.

Их хурлын энэ шийдвэр иймд буруу биш, харин их зөв, төв шийдвэр байв. Учир нь бидэнд дүлий засаг хэзээ ч хэрэггүй. Учир нь бидэнд өрөөлийн төлөө бус харин өөрсдийнхөө төлөө л алийгаа алдан гүйдэг засаг бүр ч хэрэггүй. Ийм хэрэггүйн жишээ нь энэ зайлсан засаг байв.

Харин бидэнд өрөөлийн төлөө, улсынхаа төлөө, багшийнхаа төлөө "За, за" гээд л гүйгээд байдаг, ажиллаад байдаг ажил хэрэгч засаг л их хэрэгтэй байна.

Ийм засаг ийм л шинжтэй.

-Данхар бүтэцгүй,

-Давхар дээлгүй,

-Утгагүй олон туслах ажилтангүй,

-Үндсэн ажлыг туслахаас нь ялгах, түүнийг бодитой өртөгжүүлэх мэдлэг чадвартай,

- Нийгмийн тархи болсон боловсролыг дампуурлаас гаргах үзэлтэй,

-Боловсролын зүрх нь болсон багшийг ядуурлаас аврах аргатай,

-Багш мэргэжлийг мэргэжил бүрийн эх, мэргэжил бүрээс их гэдгийг ухаарсан ухааралтай,

-Шилийнх биш харин шинжлэх ухаанч арга барилтай.


Ийм шинжийг бүрдүүлбэл тэр засаг шинжлэх ухаанч засаг, түмний засаг, сайн засаг байх юм.
Ирэх нь ийм л шинжлэх ухаанч засаг, сайн засаг байгаасай.

Зайлсан нь мэдээж, дүлий байсан, шилийнх байсан.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Tuesday, September 5, 2017

Багшийн нарын тэмцлийн өдөр

Багшийн нарын тэмцлийн өдөр


Бидний "Багш нарын баярын өдөр" гээд хийрхээд байдаг өдөр угтаа "Багшийн нарын тэмцлийн өдөр" юм шүү дээ. "Багш нарыг өөрсдийнхөө төлөө, мэргэжлийн төлөө тэмцэхчих вий дээ" гэсэн шиг энэ өдрийг "тэмцлийн биш" харин "шагнал"-ын өдөр болгоод удав.

Мянга мянгаар шагнаж, уралдуулаад л. Энгэрт нь медаль зүүж өгөөд л. Бид хөөрөөд л. Гэтэл үнэндээ, тэр шагналд багшийн ахуй амьдралд нөлөө, дэм болоод байгаа зүйл огт байхгүй байдаг. Ер нь, шагнал авах, өгөхөд учир бас бий. Нэгэн болсон явдлыг жишээ болгон та бүхэнд хуваалцаж байна.

Тээр жил би ханаараа дүүрэн одон медальтай атлаа сургуулийнхаа хажуугийн жижиг байрыг хөлслөн ядуу тарчигхан амьдарч буй нэг багш найзындаа очиж билээ. Нэг ангийн юм болохоор дэмий жаахан хөөрч байгаад түүнд шууд ингэж хэлэв.

"За, найз минь одоо энэ шагналаа боль. Энэ шагнал тань бүхэл бүтэн хана дүүрсэн байна ш дээ. Энэ солиорол шүү. Үүнийгээ боль. Найз минь, амьдралыг хөрөнгөний нийгмийнх нь утгаар бодитой хар. Хөрөнгөтөн нийгэмд энэ медаль, шагнал, хавтас чамд ерөөсөө туслахгүй, за. Харин цалин тань л нэмэр болно... Найз минь, яг одооноос, шагнуулж хууртахаас боль. Ухаар. Шагналын донгоо зогсоо...."

Ингэж хэлэхэд найз маань надад нилээд дургүйцэж "Чи шагнуулаагүй болохоор л ингэж байгаа юм" гээд авч өгч байж билээ. Энэ яриа тэгэсхийгээд өндөрлөв.

Харин дараа уулзахад надад тэр найз маань "Их баярласнаа" хэлээд "Би хууртаж, бусдад ашиглагдаж явсан байна лаа" гээд "Байртай болсон, машинтай болсноо" хэлэв. Түүний ийнхүү ярьж байхад нүдэнд нь нулимс хурсан байж билээ.(Тэр гэхдээ багшийн цалингаар биш, харин сургалтын бизнесээр хөлжичихсэн байв).

Багшийн нарын тэмцлийн өдрийг яг Хойд Солонгосын удирдлагууд шиг "баяр, шагналын өдөр" болгон хуурсан энэ хууртал, хулхидалтыг миний муу тэр найз шиг одоо нэг ухаарч, ухаж үзэхэд илүүдэхгүй мэт санагдана, багш нараа. Ер нь эргэцүүлээч, багш нараа. Яахав, шагнал өгнө гээд байвал авна л биз.

Гэхдээ энэ удаагийн багшийн нарын тэмцлийн өдрийг жинхэнэ утгаар нь багшийн цалинг нэмүүлэх тэмцлийн өдөр болгох нь "хэдэн зуун одон, медалаар шагнуулахаас" илүү утга төгөлдөр хэрэг мөн.

Багш нар маань дор дороо үүнийг нэг тунгаан эргэцүүлнэ биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!



Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш мэргэжлээ аврах энэ тэмцэл хөдөлгөөн бүр нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтлоос аврах; улс, төрөө авилгалын хар манангаас салгах, Монголоо зөв хөгжилд хөтлөх сэхээтний хувьсгалын очийг үсэргэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш нар олон жил тэслээ, тэвчлээ. Тэд их дарлагдлаа. Дорд үзэгдлээ. Тэвчээр алдагдлаа. Тэд ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авахаар хөдөлж эхэллээ. Тэмцэж эхэллээ. Олигархиуд тэдний багш мэргэжлээ аврах энэ тэмцлийг харин их тохуурсан янзтай харж байна. Тохуурхан ярьж байна. Тохуурхлыг өрөвч зөөлнөөр бус харин хатуухан хатуурхлаар хариулах хэрэгтэй. Эрх зүйн орчингоо сайн бүрдүүл. Тэгээд нэг мэдрүүлсэн шиг мэдрүүл. Ухааруулах гэж одоо цаг алдах хэрэгггүй. Харин зүгээр л мэдрүүл.


Энэ тэмцэл нь салбараа доройтлын хар ангалаас, улсаа дампуурлын хар нүхнээс татаж гаргах их үйлсийн эхлэл мөн.  "Цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ингэж нэгдэж эхлүүлсэн энэ цагийн 35000 багшийн энэ үйлс Монголын зөв хөгжлийн эхлэл байсан" гэж түүхэнд бичигдэх нь харин гарцаагүй.


Энэ тэмцэл үр дүнгүй болбол энэ улс багшгүй нийгэм болно. Ийм нийгэмд баар олширч номын санг эзгүйрч, соёл иргэншил үгүйрсэн байдаг. Энэ нь улс сөхөрч сөнөхийн язгуур шинж мөн.


Сөхрөх үү, Босох уу? Сөнөх үү, Сэхэх үү?


Ийм байдалд энэ улс ирчихээд байгаа нь багш, сэхээтний энэ ядуурлаас их харагдана. Авилгалаас илт ажиглагдана. Мулгуй, тэнэглэл газар авснаас тод нотлогдоно.


Улс нийгмийг уруудуулж учруулсан энэ аюулыг сэхээрсэн, мэдэрсэн багш сэхээтний энэ өндийлт манай улсыг зөв хөгжилд хүргэх маш чухал эгшин мөн. Энэ нь улс,нийгмээ бурангуйн хар дэглэмээс ангижруулах их үйлсийн эхлэл, сэхээтний хувьсгалын оч болж байна.


Иймд энэ эгшинг их гамнаж хэрэгтэй. Энэ мөчийг зөв залж ашиглах хэрэгтэй. Үүний төлөө нэг, цул, бүхэл болох хэрэгтэй.


Ингэж бүхэлжиж чадвал энэ тэмцлийг дийлэх хүч үгүй. Үүнийг хүн төрөлхтний түмэн түүх харуулдаг, хувьсгалын буман үүх нотолдог.

Багш нарын “багш мэргэжлээ аврах” гэсэн энэ хөдөлгөөн, тэмцэл улс нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтол, дампуурлаас салгах сэхээтний хувьсгалын оч болж үсрэх вий дээ. Тэсрэх вий дээ.


Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Friday, September 1, 2017

Зүгээр л мэдрүүл

Зүгээр л мэдрүүл


Хүн мэдэрч  байж ухаарч байдаг. Гэтэл багш нар маань ухааруулж мэдрүүлэх гээд л, уучилж, гамнаад л өөрсдийгөө ядартал, ядууртал илээсэн байх юм.

Ихэнх хүн амиа бодогч байдаг. Багшид хайртай хүүхдээ өгөөд явахдаа энэ багш энэ олон хүүхэдтэй өдөржин байхдаа мөн их ядардаг байхдаа гэж нэг удаа боловч боддог нь даанч цөөхөндөө, энэ нийгэмд.  Учир нь тэд мэдрээгүй байгаа юм. Тийм учраас "энэ нийгэмд багш мэргэжил их хэрэгтэй юм байна даа" гэж нийгмийн бүлгүүдэд мэдрүүлэх хэрэгтэй.

Тэдэнд ухааруулах гэж цаг алдах хэрэггүй. Ухааруулах гэж би гэхэд л хувьдаа 27 жил бичлээ. Худлаа гэвэл, http://undesniibolovsrol.blogspot.com - орж үз.

Ухааруулах гэж цаг алдах ерөөсөө хэрэггүй. Зүгээр л мэдрүүл. Учир нь мэдрэхээр тэд ухаарна. Багш нийгэмд ямар чухал үүрэгтэй юм вэ гээд л хашгиралдаад өгнө.

Одоо хашгирахгүй байгаа биз. Учир нь тэдний ихэнхи мэдрээгүй байгаа юм.

Тэгэхээр мэдрүүл. Зүгээр л мэдрүүл.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Эх үүсвэр дутаагүй, харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.

Бараг нэмэлт зардал гаргахгүй, үндсэн ажлыг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой өртөгжүүлээд, үндсэн бус ажлыг үндсэн бусаар бодит үнэлэх замаар багш нарт шаардаж буй үндсэн цалинг элбэгхээн өгч болно.

34 мянга хүрэхгүй л багшийн асуудал зөвхөн яригдаж байна. Сайд, яамны аппарат, бүтэлгүй, үр бүтээлгүй олон хэлтэс, дамжлагийнхан бүгд туслах ажилтанд хамрагдана.

Энэ хүмүүсийг гадаадад зугаалж явахад багш ажлаа хийж, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл хэвийн явагдаж л байдаг юм. Ийм ажил хийж буй хүн л нь үндсэн ажилтан, бусад нь туслах ажилтан байдаг.

Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа багасга. Үндсэн ажлыг бодитой өртөгжүүл.

2 хүнээр үндсэн ажил хийлгэхийн тулд манайд 8 туслах ажилтан бий болчихоод байна. Хувилан хэлбэл, үндсэн ажлыг хийдэг нь 20 хувь, хийрхдэг нь 80 хувь болчихоод байна. Уг нь эсрэг нь жам ёс юм. Үүнийг л боловсролын дампуурал гээд байгаа юм. Энэ дампуу байдал нь багшийг ядуурал хүргэж байна.

Үнэндээ, төсөвт онцын хүндрэлгүйгээр багшийн цалинг 1,6 сая буюу 650 орчим долларт элбэгхэн хүргэж болно.

Эсрэг тохиолдолд энэ улс багшгүй улс болно... Ийм улсад соёл иргэншил үгүй. Хурдан морь, хөлөрсөн бөх, уйлсан тамирчин харж огширсон гэх хачин сүрэг л бий болно. Баар олширч, номын сан эзгүйрнэ.

Тэгэхээр алийг нь сонгомоор байна. Алийг нь дэмжмээр байна.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр