Monday, October 30, 2017

Багш бидэнд МҮЭ биш МБҮЭ хэрэгтэй

Багш бидэнд МҮЭ биш МБҮЭ хэрэгтэй

Багш нарт 3 талт гэдэг хөөсөн, хиймэл, ерөнхий гэрээ, хэлэлцээр биш харин Засгийн газартай хийх 2 талт бодит, тусгай, амьд, ашигтай гэрээ, хэлэлцээр хэрэгтэй.

Гурван талт хэлэлцээр гэгчээр өнгөрсөн 27 жилд багш нарыг тэмцэхээс өөр гарцгүй болтол нь ядраасан, ядууруулсан байгаа юм. 3 талт хэлэлцээр, гэрээ тань багш нарын нөхөр нь биш харин дайсан нь болчихоод байгааг та хэд маань мэдэж, мэдэрч л байгаа байх даа. Тэгэхээр багш нар Засагтай 2 талт гэрээ л байгуулж байвал зохино. Тэдэнд гурван талт гэрээ гэгч огт хамаагүй юм.

Ер нь бид МҮЭ гэдэг хэт ерөнхий малгай, чөдөр болсон хоцрогдсон ийм байгууллагаас хаа хаана салах хэрэгтэй.

Багш нар гэхэд л Монголын багшийн нарын ҮЭ (МБҮЭ)-ийг байгуулж, асуудлаа үнэн ярьдаг, шийддэг болох хэрэгтэй. Энэ нь хамаагүй дээр, амьд юм. Ашигтай юм.

Эсрэг тохиолдолд бид тамын тогооны үлгэрээс хэзээ ч салахгүй. Хэзээ ч өндийхгүй. Тэд мөн энэ тэнэглэлээс хэзээ ч бас өөрсдөө гарахгүй юм, харахгүй юм.

Бид бас ҮЭ-ийн хуулийг эрс өөрчлөх ёстой. Түүний төлөө бас л тэмцэх хэрэгтэй болж байна. Энэ хууль тань монгол хүний төлөө ч биш, монголын хөгжлийн төлөө ч биш, харин тэр бүхний бодит чөдөр, тушаа болчихоод байна ш дээ.

Гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарын тэмцлийг зогсоож чадахгүй. Учир нь багш нарт тэр гурван талт гэгч тань огт хамаагүй юм.

Бид бүгдээрээ нийлээд ер нь улсаа хуураад байна. Одоо үүнийгээ больж бүгдээрээ нийлж Монголоо аварья, мандуулъя.

Монголын багш нар гэхэд л МҮЭ бус харин Монголын Багш нарын ҮЭ л байгуулж багшдаа ч, нийгэмдээ ч, монголдоо ч хувь нэмэр оруулья. Бүтэлгүй бүхэнд богинохон хугацаанд цэг тавья.

Эвдэрсэн элсэн цаг шиг болчихсон энэ нийгмээ эрүүлжүүлж, лонхон хэлбэртэй, алтан хэмнэлтэй аятай, хөгтэй нийгэм болоход МБҮЭ-ээрээ манлайлъя.


Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Sunday, October 29, 2017

Хоёр хүчийг нэгсгэх ховор боломж, торгон эгшин

Хоёр хүчийг нэгсгэх ховор боломж, торгон эгшин

Засагт эрх мэдлийн хүч байна.
                 Үүнийг тэд мэддэг.
Багшид эв нэгслийн хүч бий
                Түүнийг бид мэдэрдэг 

Энэ хоёр хүчийг нэгсгэж зөв ашигла.

Эвийн нэгссэн хүчийг эрх мэдлийнхээр дэмжиж ажиллаж чадвал  Бид хамтдаа

        Багшийн цалин нэмүүлэхийн төлөө,

        Багш  мэргэжлийн үнэ цэнийг өргөхийн төлөө,

        Боловсролыг доройтлоос аврахын төлөө

        Эвдэрсэн элсэн цаг шиг бүтэцтэй нийгмээ  эрүүлжүүлж лонхон хэлбэртэй алтан хэмнэлт болгохын төлөө 
          Монголоо хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжлийн замд оруулж, жам ёсоор хөгжүүлэхийн төлөө  их үйлсийг бүтээж чадна.

Энэ хоёр хүчийг харин нэгсгэн ашиглаж үл чадвал; багшийн цул,  нэг, бүхэл нэгдэл, нэгслийг үл тоовол; Монголын багш нарын онц хурлын тогтоолыг үл хүндэтгэвэл дөрвөн түмэн багш язгуур эрх ашгийн төлөө 80 өдрийг турш хийсэн тэмцлээ 8 сар, 8 жилийн турш ч улам эрчимжүүлж үргэлжүүлнэ.   Хугацаагүй ажил хаялтад хийхэд "асаалттай танк" шиг  бэлэн байгаа дөрвөн түмэн "танк"-ийг  хөдөлгөх чиглэлийг өгнө.  Бидний хүч  нэгдэлдээ, нэгсэлдээ, цахимдаа. Үүнийг бид мэдэрсэн, энэ бас тэдэнд мэдрэгдсэн. 

Тэгэхээр  боловсролын зүрх болсон багш, нийгмийн тархи болсон боловсрол, дэлхийд ганцхан эх орон монголоо гоёхын төлөө хэлэлцээрийн талууд эвийн хүчийг эрх мэдлийн хүчээр тэтгэн их үйлсийг бүтээж болох энэ торгон эгшинг мэдэр, эрхэмлэ.  Энэ эгшинг түүхэнд хараар биш харин цагаанаар бичих түүхэн эгшин болго. Хамтдаа монголоо гоё.

Багшид эв нэгслийн хүч бий.
              Үүнийг тэд мэдэрдэг.
Засагт эрх мэдлийн хүч байна.
             Түүнийг бид мэддэг.

Ц.Лувсандорж
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Friday, October 27, 2017

Багш нар бид уяатай халтар биш

Багш нар бид уяатай халтар биш

Багшийн цалин нэмүүлэх зорилгын дор нэгдэж цул болсон дөрвөн түмэн багшийнхаа дөрвөн сарын турш хийсэн тэмцлийн утга учрыг ухаарч үл чадах тэр этгээд ардчилсан нийгэмд сайд байж үл болно.
Ардчилал гэдэг "олны хүч" гэсэн үг шүү дээ. Дөрвөн түмэн багш бол олон хүн мөн. Тэр хүч мөн. Энэ хүчийг үл тоодог хүнд "ардчилал үнэ цэнэ болсон" гэдэгт багш бид нар лав л итгэхгүй байна.
Тийм учраас сангийн сайдыг томилох тэр шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дөрвөн түмэн багш тун их баяртай хүлээн авч байгаа.
Багш нарын цалин нэмүүлэх түр хороо "багшийн үндсэн цалин нэмүүлэх тэмцлийг 192 мянган хүнд 300 мянга төгрөгийг бэлэн байдлаар авилга шиг хэлбэртэй өгч буй үйлдэл, шийдлээрээ тэр багш нарын тэмцлийг дорд үзэж доромжилж байна" гэж үзэн ийм сайдын тэр сэнтийд суусан ийм хүнийг тэр албанаас нэн даруй огцруулахын төлөө багш нарынхаа тэмцлээ улам идэвхижүүлнэ.
Багш нар бол том хаус манаж, гинжиндээ гиншин, эздээсээ холоос хоол хаяж өгөхийг хүлээж байдаг уяатай Халтар биш.... Бид цаашид ийм тэнэглэлүүдийг эсрэг нийгмээ эрүүл болохын төлөө улам идэвхитэй тэмцэх болно.
Дөрвөн түмэн багш дөрвөн түмэн уяатай Халтар биш ээ.
Дөрвөн түмэн багш олон хүн мөн. Олны хүчийг цахим хурдаар, наран өнгөөр, нэг эрчмээр энэ нийгэмд, эрх баригчдад улам ихээр мэдрүүлэх болно.
Монголын багш нар Уяатай Халтар биш ээ. Өнөөгийн цагийн монгол багш бид, харин, багш мэргэжлийг тээгчийг олигархийн савраас гаргах, зээлийн гинжний хүлээснээс салгах , хийсэн хөдөлмөр, хөлсөндөө таарсан шударга цалин, хөлс авдаг монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэгч соён гэгээрүүлэгчид байлгахын төлөөх энэ цагийн тэмцэгч байх болно.
Багш нар бид уяатай Халтар биш ээ. Харин гэрэлт ирээдүйг багшаар дамжуулж Монголд авчрах их үйлсийн төлөө энэ цагийн тэмцэгч байх болно.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

Wednesday, October 25, 2017

Өгсөн мөнгийг авчихаад үндсэн тэмцлээ эрчимжүүлнэ

Өгсөн мөнгийг авчихаад үндсэн тэмцлээ эрчимжүүлнэ

300 мянган төгрөгийг нэг удаа төрийн бүх албан хаагчдад тараана гэдэг нь эдийн засгийн ухаанаар харвал маш муухай тэнэглэл юм.  Энэ тэнэглэл гэдгийг эрүүл нь бүү хэл эргүү нь хүртэл сайн мэднэ. Энэ тэнэглэл гэдгийг саруул нь бүү хэл  дүүнгэ нь хүртэл уг нь их гадарлана.

Нийгмийн  ухаанаар харвал энэ нь,  харин, доромжлол юм.

Цалингаа нэмүүлэх эрх ашгийнхаа төлөө нэгдэж 3 сарын турш тэмцлийн бүх хэлбэрээр тэмцсэн дөрвөн түмэн багшийн тэмцлийн өнцгөөр шинжвэл эрх баригчдын энэ үйлдэл, шийдэл нь том тохуурхал, хэт доромжлол юм.  Энэ тохуурхал, доромжлол нь гинжиндээ гинжиж байгаа уяатай халтартаа холоос хоол шидэж  өгч буйтай утга нэг лугаа юм.

Ямар том хуас манаж, гинжиндээ гинжиж байгаа уяатай Халтартаа хоол хаяж өгч байгаа биш дээ.

Багш нарыг бага доромжлол, тэдний бүү дорд үз.

Багш нарыг уяатай халтар шиг дорд үздэг үзэл, бодлоо МАН-АН одоо зогсоо.

Багш нар одоо нэгдсэн, өөрчлөгдсөн...Бас хүчтэй, эрчтэй, хурдтай.

Багш нар маань хүн бүрт өгч буйг  нь авчихаад, харин, үндсэн цалингаа нэмүүлэх үндсэн тэмцлээ улам эрчимжүүл.  Багш бидний талхины үнэ болох үндсэн цалин 1,6 сая төгрөг. Энэ бол бүх багш нар онц их хурлаасаа шийдэж тогтсон үнэ.  Үүнийг нэг сайд бүү хэл нийт түмэн ч үгүйсгэж үл чадна. Бид үндсэн цалингаа нэмүүлэх төлөө л тэмцэж байна. Ийм зорилгын дор нэгдсэн багш бидэнд нэг удаагийн 300 мянган төгрөг бүү хэл, нэг удаагийн 3 тэмбум ч хэрэггүй юм. Учир нь, энэ нь бидний тэмцлийн зорилго биш.  Бидний тэмцлийн зорилго нь үндсэн цалингаа 1,6 сая болох юм.

Тэмцсэн, тэмцээгүй хоёрт ялгаатай байх ёстой.

Ийм учраас өгснийг авчихаад, харин үндсэн цалингаа нэмүүлэх үндсэн тэмцлээ улам л идэвхижүүл.

Их хурлын гишүүддээ дөрвөн түмэн захидлаа бич, "76 гишүүн 76 сургууль" уулзалтаа хий. Наран өнгөн бүчээ ч хаа сайгүй болгож намируул.

Багшийн цалин нэмүүлэх тэмцэл нь эцэстээ элсэн цаг шиг эвгүйрсэн бүтэц бүхий нийгмээ эрүүлжүүлж лонхон  хэлбэр  бүхий анги давхаргатай эрүүл нийгмийг цогцоолохын төлөө, ядуурлын эсрэг, тэнэглэлийн эсрэг нийтийн тэмцэл болж хувирч байх шиг байна.

Ц.Лувсандорж

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Monday, October 23, 2017

Бодсноос илүү зүтгэлтэй, санаснаас их сэтгэлтэй сайд бололтой

Бодсноос илүү зүтгэлтэй, санаснаас их сэтгэлтэй сайд бололтой

БСШУС-ын шинээр томилогдсон сайд маань харин ч бидний бодсноос их эерэг хандлагатай, бас бидний санаснаас илүү зүтгэлтэй нь түүний ярианы өнгө, биеийн хэл, үйлдсэн үйлээс ажиглагдлаа.  Дөрвөн түмэн багшийн төлөөллийг хүлээн авч уулзсан нь бас нэгэн  зөв соёл мөн.

 Уулзалтад бидний хэвлэлээр 2017 онд эхний ээлжинд 50 хувиар нэмэхийг зөвшөөрсөн санал, өгсөн буултын сэжмийг ухаарч бас түүнийг өлгөн авч   Засгийн газрын түвшинд бидэнд мэдээлэх хэмжээнд их зүйлийг санаачлан хийснийг багш бид өндөр үнэлж байна.

 Тэр түмэн багшийн жагсаалыг "жагссан, жагсаагүй ялгаагүй" гэж хээв нэг ярьж хээв суудаг хэнэггүй сайд биш бололтой. Тэр, харин, "2017 онд үндсэн цалинг 30 хувиар нэмнэ,  үлдсэн 20 хувийг үндсэн цалин бус хэлбэрээр нэмэх " талаарх саналыг хариуцлагатай хэлж чадах хүртлээ сэтгэл шингээж зүтгэл гарсан улс төрийн боловсролтой, ажил хэрэгч менежер бололтой юм.

"Онц хурлын тогтоолыг дарга нартай тоож, тогтоож олж унших зөвлөгөөг өгөхийг түүнээс бид бас хүслээ.  Учир нь тэр тогтоолын 13 зүйл нь дөрвөн түмэн багштай эвлэрэн хамтрахын ч хэл, бас үл эвлэрэхийн ч илэрхийлэл юм.   Бид тэр 13 зүйлийн зөвхөн нэг болох цалинг энэ удаа ярьж байгаа юм.  Цаашид үе шаттай утга агуулгатайгаар асуудлыг тавьж шийдвэрүүлж байх юм.

Бид язгуур эрх ашгийнхаа төлөө монгол нутаг даяар эвт шаазгай лугаа шаагилдаж эхэлсэн. Шаагилдаж байна. Цаашид шаагилдана.

Шинэ сайд маань бидний бодсноос илүү зүтгэлтэй, санаснаас илүү сэтгэлтэй бололтой юм.  Гэвч замын уртад хөлгийн чандас танигддаг гэдэг. Учир нь бидний хүсэл их том, туулах зам их урт юм.

Онц хурлын тогтоолын үзэл санааг дэмжсэн бүхэнтэй багш бид их эвлэрнэ. Эсрэгтэй нь харин бид үл эвлэрнэ.

Эвлэрсэн бүхнээ дөрвөн түмэн багш дэмжинэ, хайрлана, гамнана.

Үл эвлэрсэн бүхэнтэй дөрвөн түмэн багш зөрчилдөнө, тэрсэлдэнэ.  Учир нь бид нэг, цул, бүхэл.  Бүхлийн зарчим бидний тэмцлийн зарчим юм. Ийм ч учраас бид хүчтэй, хурдтай, эрчтэй байдаг.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Thursday, October 19, 2017

Мэргэжлийн менежертэй тэр газар манан сарниж нар мандана



                                      Удирдлагын жам удирдагчийн зам


Манан сарниж нар мандах цагт манай салбар бүхэн мэргэжлийн менежертэй байх юм.  Энэ нь удирдлагын жам, удирдагчийн зам мөн.


Салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой. Үүнд 2 шалтгаан бий.

1. Мэргэжлээс хамааралгүй менежер гэж байдаггүй юм. Харин манайд мэргэжилгүй менежер их бий.  Энэ нь манарлын эх алдаа мөн.

2. Сандлын мужаан сандлаа яаж сайжруулахаа мэднэ. Тэр судлаад, шинжлээд, сонсоод эцэст нь цааснаас өөр юу ч хийдэггүй хийрхэгч болж үлддэггүй юм. Тэр юуг хаана яаж хийхээ мэддэг учраас эрчтэй, хурдтай менежер байдаг. Энэ нь мандахын эх язгуур юм.

"Мэргэжлийн салбарыг мэргэжлийн биш хүн удирдаж болно" гэдэг нь дарга анги буюу МАНАН намынхны зүгээр л тархи угаалт. Яг "төр муу менежер" гэсэн атлаа өөрсдөө төр лүү зүтгээд байдаг шиг л тархи угаалт юм.

Дарга давхарга МАН-АН гэж нэг л супер хүмүүс байх....Удирдлагын жам ёсыг сөрөхөд өөрсдөө их өвгөрч, улс нь их  манардана даа.

Мэргэжлийн хүн мэргэжлийн салбарыг удирдсан тэр цагт харин манан сарниж нар мандана.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 

Хачин комментийн нэгэн тайлбар

Хачин комментийн нэгэн тайлбар

Энхтүвшин Баатарын "Цаг нь болохоор энэ бүхний цаана ямар ямар хүмүүс чиглүүлж зохион байгуулж, ҮЭ-ийн нэр төрийг гутааж байгаа хүмүүсийг баримттай тавина. Улс төрчдийн гарын үзүүр болж байгаа БЦНТХ-ныхоны үнэн дүр төрх удахгүй тодроно" гэсэн хачин комментийг уншаад бас ихэд гайхав. Бас ийнхүү тайлбарыг бичиж үлдээв.

Тийм үү (ихэд гайхав). "Би түр хорооныхондоо 35 мянган багшийн язгуур эрх ашгийнхаа төлөө энэ түүхэн нэгдлийн эрх ашгийг ходооноосоо хол байлга" гэж анх хэлсэн. Энэ талаар бичвэр хүртэл бичиж байсан... Улс төрөөс ангид байлга... Тэгэхэд "Бүгд тэгнэ" гэж хэлж байсан. Би одоо ч тэдэндээ бат итгэж байна..." гэж би өөрөө өөртөөгөө уйтгарлан хүүрнэв.

Ялзарсан энэ нийгэмд ч гэсэн "багш мэргэжлээ шавартай хутгахгүй" гэж ядартлаа ажиллаж, ажиллаж ядарсан хэдэн багш нарынхаа чинхүү хүсэл, тэмцлээр улс төр хийгээд юухэв.

Багш нар эцэстээ нийгмийн ялзралын төлөө тэмцэж байгаа юм. Энэ тэмцлээр нийгмийн олон ялзрал илэрч байна.

1. МҮЭ нь багшийн төлөө бус харин эзэд, засгийн эрхэнд орж "шарласан" нь баримтаар өдөр ирэх тусам батлагдаж байна. (Анхнаас их хачин байсан шүү)
2. Их хуралд багш -сэхээтэнг оруулахгүйгээр хуульчилсныг олж илрүүлэв.
3. Боловсролыг дампууруулсан нь санаандгүй биш харин их санаатай юм шиг бодлого, заалт олон байгааг олж илрүүлэв.
4. Манай нийгэм хэт баян, хэт ядуу гэсэн 2 ангитай болж байгаа нь илэрсэн. Багш мэдээж хэт ядуу ангид орсон байна.
5. Энэ улс дампуурсан байна ....
Энэ мэт олон ноцтой асуудал илэрч байна.

Тэгээд л, багш нарын энэ тэмцэл, ингэж илэрсэн бүхэнд шууд хамаарах олон хүнд таалагдахгүй болох нь мэдээж юм.

Тэд түр хороог бүү хэл, 4 түмэн багш нарыг хүртэл харуулах PR хийх нь мэдээж бас тодорхой.Үүнд түр хорооныхон сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй.Багш нар маань бас сэтгэл зүйгээ олигаржсан тогтолцооноос харвах хар PR-ийг давахад эртнээс их бэлтгэж байх хэрэгтэй.

Ингэж харлуулж, унтаардаг нь олигархижсан нийгмийн сонгомол арга, технологи юм. Харин 4 түмэн багшийг харлуулан PR -дан дарж авч харин чадах юм болов уу?

Ц.Лувсандорж
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны гишүүн
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр