Боловсролыг Хөтлөх Финланд
Ухаан
Ц.Лувсандорж, МУБИС
Финланд нь 5,5 сая хүн амтай; урт
өвөл, сэрүүн хавар, намар, богино зун бүхий эрс тэс уур амьсгалтай; 337,030 km2 талбай бүхий газар нутагтай;
тусгаар төр улсын 100 орчим жилийн түүхтэй; цаа бугатай; харьяалахын тийн ялгал бүхий Фин хэлтэй;
Христосын чиглэлийн Литеран[1] шашинтай;
Парламентийн засаглалтай, нөхөрсөг, зарчимч, ажилсаг зантай, байгалийг
хайрладаг, чимээгүйд дурладаг, уншдаг энгийн хийгээд эрхэмсэг, бас биеэрхүү зон
олонтой; тэнгэрийн
цэнхэр өнгөөр гоёдог, модоор элбэг, усаар баян тийм том ч биш, бас жижиг ч биш
нэгэн улс юм.
Дэлхийн 2 дайн болон иргэний дайны хөлд
өртсөн, колончлол, дарлалын зовлонг их амссан, тусгаар тогтнолын үнэ цэнийг
мэдэрсэн, 1970 он гэхэд хөгжиж буй орны ангилалд багтаж байсан энэ улс одоо
боловсролын салбарт олсон ололт, хүрсэн амжилтаараа дэлхийг тэргүүлэх болжээ.
Нэн богино хугацаанд тун их амжилтыг боловсролд олсон Финландчуудын нууц юу вэ?, Ийм
амжилтад хүрэхдээ тэд ямар гээч цэцэн ухааныг сүвэгчилсэн бэ? Энэ асуултыг энд ч, тэнд ч, ер нь, хаа сайгүй
л дэвшүүлж, тундарын энэ улсыг зорих хүний тоо олширч, орон орны судлаачид
түүнийг судалж, өөр өөрийн
хариулт,тайлбарыг өгч байна.
Финландын боловсролын тогтолцоонд дор дурдсан үзэл санаа
алтан дүрэм мэт үндсэн зарчим болж мөрдөгдөнө (Laukkanen,
2008, p. 319).
-Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилах,
- Стандартыг нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих,
-Чанартай багшийг бүтээх,
-Боловсролыг үнэлэх,
-Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэх.
“Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилах”
гэж энгийн хэлэгдэх энэ хэллэгт “Боловсрол боломж. Хүн
бүрт энэ боломжийг олгосноор тэдэнд ижил тэгш байдлыг бий болгох үүрэг,
хариуцлагыг төр улс хүлээнэ[2]”
гэсэн утга санаа бий. Товчлон хэлбэл, хүн бүр адилгүйг тооцож боловсролын
үйлчилгээг бий болгоно гэсэн үг. Энэ зарчмыг
алтан дүрэм болгож баримтлахад багш яг л нэг арга зүйгээр хүүхэд бүртээ
харьцах биш, харин монголчуудын хэлдэгээр
“Хүлэг бүр жороогүй. Хүүхэд бүр адилгүй” гэсэн зарчмаар багшлах ажлаа
хийхэд хүрнэ.
Үүнийг ажигласан нэгэн профессор “Финландын сургуулиас
самбарын өмнө хичээлийн турш зогсож номлодог (лекцлэдэг) багшийг олж харах нь нэн ховор” гэжээ (Linda Darling-Hammond, 2010). Мөн Оулугийн их
сургуулийн боловсролын нийгэм зүйн профессор бидэнтэй хийсэн ярилцлагадаа
ийнхүү дурдсныг энд мөн онцлон тэмдэглэж байна
“Финландчууд
бид боловсролд “equity”
–ийг бий болгож чадсан юм. Сургуулийн
орчин, нөхцөл Финландын аль ч сургууль ижил байдаг. Хүүхэд Финландын хаана амьдарч байгаагаас
хамаарч ялгаатай орчин, нөхцөлд сурах ёсгүй. Багшийн бэлтгэл, чанар, хангалт ч
мөн ийм л байдаг. Энэ нь бидний боловсролдоо мөрддөг нэгэн зарчим юм” (Ярилцлагын тэмдэглэлээс, 2016)
“Стандартыг
нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих”
гэсэн үг хэллэгт мөн дээрх
зарчмын утга санаа л байдаг. Хүүхэд бүр
сурах хэв шинжийн хэлбэрээрээ ялгаатай юм.
Энэ нь үнэндээ “хүүхэд бүрт сурах тусгай хэрэгцээ бий” гэсэн үг. Тусгай
хэрэгцээ гэдэг нь тэнд “эрүүл бус, согогтой” гэдгээр биш, харин түүнээс нилээд
өргөн утгаар ойлгогдоно, хэрэглэгдэнэ. Багш тогтоосон стандартад хүүхдийн
гүйцэтгэлийг хүргэхийн тулд тэдний хэв шинжийн онцлогийг тооцож, харьцах ёстой.
Үүний тулд багш мэргэжлийн, мэргэшлийн өндөр түвшинд бэлтгэгдэх шаардлагатай.
Үүний тулд бас хичээл, сургалтад үндсэн, туслах багш хэрэгтэй. Хүүхэд бүрийн
ялгааг тооцож багшлах ажлыг хийж, сурах үйлийг мэргэжлийн өндөр ур чадвараар
хөтлөх замаар л хүүхэд бүрийн гүйцэтгэлийг стандартад хүргэж болох
юм.Финландчуудад иймд хуурмаг дүн авч хүүхдээ анги дэвшүүлэх нь чухалчлах бус, харин “багыг их”
гэсэн зарчмыг баримтлан үнэнчээр ажиллах нь илүү үнэ цэнэтэй байдаг. Үүнийг ажигласан Америкийн нэгэн багш түүнийг ингэж буулган үлдээжээ (Kelly Day, 2015)
1. Албадалт
бага, сонголт их
2. Сургуулийн цаг бага, амралт их
3. Багшийн заах цаг цөөн, төлөвлөлт их
4. Багш солигдолт бага, нийцэл, халамж их
5.
Оюутны элсэлт цөөн, багшийн
зохицол их
6. Хичээлийн тоо цөөн, завсарлагааны цаг их
7. Шалгах бага, сурах их
8. Сэдэв цөөн, гүнзгийрүүлэн судлах их
9. Гэрийн даалгавар бага, оролцоо их
10. Хүүхэд цөөн, анхаарал их
11. Бүтэц бага, итгэлцэл их
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм эргэцүүлэл, хэлэлцүүлэг өрнөж билээ.
“Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн
сурагчийн үзэх хичээлийн тоо олон байна. Одоогийн сургалтын төлөвлөгөө ёсоор
дунд ангийн хүүхэд 19 хичээл судлах ёстой. Хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээнэ
гэдгийг хэлбэрдэн ойлгосноос улбаалж багш нар гэрийн даалгаврыг хэт их өгдөг.
Иймд хүүхдэд зөвхөн гэрийн даалгавар гэхэд л их ачаалал, хэт дарамт болдог.
Хүүхдэд амралт бага, дарамт их байх.... Хичээл бүрээр шалгалттай тул шалгуулах
нь их, гүнзгийрүүлж сурах, судлах нь
бага.... Хөдөө, хотын сургуулиуд орчин, нөхцөл, багшийн чанар, хүрэлцээ
хангамжийн хувьд эрс ялгаатай..... Бид Финланчуудын боловсролдоо алтан дүрэм
мэт болгон мөрдөж буй бүх зарчмыг хэлдэг, ярьдаг, бичдэг хирнээ түүнийг
үйл болгохдоо учир дутагдалтай ...
Стандарт байдаг ч түүнийг гүйцэтгэлийг хянахдаа учир дутагдалтай. Тусгай
хэрэгцээ гэдгийг эрүүл бус, согогтой гэсэн байдлаар явцуу ойлгох нь түгээмэл...
Товчхондоо, боловсролын дээрх зарчмууд бидэнд үг, тэнд үйлс болжээ.... “Утгагүй
ихийг учиргүй бага” гэдэг нь манайд
зарчим мэт болсон байх шиг.....Хүүхдэд мэргэжлийн халамж, амралт, тусламж
хэрэгтэй ш дээ.....” (Финландын
хичээл судлах багийн хэлэлцүүлгийг тэмдэглэл, 2016)”
“Чанартай багшийг бүтээх” гэсэн хэллэгт “нийгмийн хөгжил
хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил багш бэлтгэдэг сургуулийн
дэвшлээс” гэсэн утга санаа л байдаг юм.
Финланд хэлэнд багш гэдэг үг “хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч” гэсэн
утгатай. Финландын соёлд багш ийм л
эрхэм хүн, тийм л энгүй мэргэжил юм. Ийм
учраас багшийн цалин бусад мэргэжлийнхээс дутахгүй, гэхдээ бас тийм ч их биш.
Багш болох хүсэлтэй хүүхэд тэнд нэн олон. Тэднээс харин багшид тэнцэж элсэх нь
тун цөөн. Тэднийг шинжиж, ихэд ярилцсны дүнд багшийн мэргэжлийг тээгч болж
чадахуйцыг нь сонгон авч бүх зардлыг төр, түмэн дааж, гурван жилд багтаан
судлах нарийн төлөвлөсөн сургалтын төлөвлөгөөгөөр дээд зэргийн чанартай
бэлтгэнэ. Бэлтгэгдсэн багш бүр л багшийн ажлаа дурлаж хийнэ. Хийхдээ мэргэжлийн
өндөр түвшинд хийнэ. Тэд багш төдийгүй
бас хүүхэд судлаач болж бэлтгэгдэнэ. Ингэж бэлтгэсэн багшдаа төр, сургууль,
захирал, ер нь, нийгмийн институтиуд бүрэн итгэнэ, найдна. Энэ нь төвлөрөл, эс
төвлөрлийг тэнцвэржүүлэхийн язгуур үндэс болдог ч байж мэднэ. Энэ нь эргээд стандарт суурилсан сургалтын
нээлттэй хөтөлбөрийн бодлого хэрэгжих хөрс суурь болно.
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм нэгэн эргэцүүлэл,
хэлэлцүүлэг, зэрэгцүүлэл өрнөж байв.
“Манай
улсын их дээд сургууль багш бэлтгэх оюутанг ярилцан шинжиж сонгодоггүй, харин
шалгалтын оноогоор элсүүлдэг нь учир дутагдалтай байгаа юм. Мөн багшийн
цалингаас хамаарч багш болох дур сонирхолтой оюутан тэр бүр элбэг биш, байлаа гэхэд дундаж
үнэлгээтэй нь олон байх.....Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны төлбөрийг
төр бүрэн хариуцдаг байсан тэр замдаа бид эргэж орвол зохино. 1990 оноос өмнө
60 төлөг бүхий бэсрэг хонин сүргийн цэнэтэй дүйцэх цалинтай байсан багш нар
одоо 6 хүрэхгүй төлөгнийхтэй дүйцэх цалин авч байх. Багшийн цалин ийнхүү 10 дахин
багассан явдал үнэндээ багшийн нийгмийн үнэ цэнийг төчнөөн дахин бууруулсан
байх магадлалтай. Цалин ийм учраас эрэгтэй хүүхэд багш болох гэж тэр бүр
дурлахгүй байна. Ийм учраас манайд улсын сургуулийн 10 багшийн 9 нь эмэгтэй
байх. Багшийн мэргэжлийн ингэж жендерчилэгдсэн байдал нь эргээд хүүхдийг, тэр тусмаа эрэгтэй хүүхдийн
төлөвшил, сурлага, цаашилбал, сургуулиа хаяхад нөлөөлдөг байж мэдэх. Иймд бид 1990 оноос өмнө багшийн талаар төр
засгаас авч хэрэгжүүлж байсан өөрийн орны туршлага, уламжлалыг эргэн харж,
түүнээс суралцвал зохилтой мэт. Багшийн цалинг эрс нэмэх, багш бэлтгэх
хөтөлбөр, төлөвлөгөөг эрс шинэчлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Багш бэлтгэдэг
сургуулийн захирал, удирдлагын томилгоог намчирахалаас ангид болгож,
мэргэжлийнх болгох, байгууллагын хамт олны саналыг авах, ардчилсан зарчмаар
сонгодог болох .... “(Финландын
хичээл судлах багийн хэлэлцүүлгийг тэмдэглэл, 2016)”
“Боловсролыг үнэлэх” гэсэн хэллэгт боловсролын тогтолцоог
оношлох гэсэн утга л бий. Боловсрол олон хүчин зүйлийн олон давхар хамаарал тул
түүний чанар тэр бүр амархан хэмжигдэхгүй, хялбар илрэхгүй байх. Алдаж байж
мэдэх тул боловсролыг тогтолцооны хувьд оношилж, түүний талаар зөв баримжааг
авч, оновчтой бодлого, арга хэмжээг авч
хэрэгжүүлэх нь боловсролын үйлчилгээний үр ашиг, өгөөжийг тасралтгүй
нэмэгдүүлэх нэгэн арга зам, ухаан байдаг.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж байв.
“Манай
улсад боловсролын үнэлгээ бодит хэмжилтэд тулгуурлаж хийгдэггүй. Боловсролын хэмжил зүйг манай улс
бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Хэмжилт хуурмаг болохоор эцэстээ ойлголцохоо
байчихдаг. Боловсролын үнэлгээний төвийн 2015-2016 оны хичээлийн жилийн чанарын
үнэлгээгээр математик хичээлээр хүүхдийн үзүүлсэн сурлагын амжилтын улсын
дундаж хувь 30 байхад багшийн үнэлгээ болох төгсөлтийн шалгалтынх нь түүнээс
50-60 хувиар илүү байх. Ийм л зөрүүтэй хэмждэг багаж хэмжүүр (cорил)-ийг улс даяараа хэрэглээд
байгаа юм. Дүнд нь аль нь үнэ бодитойг
ялгахад хэцүү болох. Хуурмагаар хөөрөх
үү, бодитойгоор бодлого хийх үү гэдэг нь бидэнд тулгарч буй боловсролын
үнэлгээ, хэмжил зүйн тулгамдсан асуудал болчихоод байна даа... Энэ чиглэлээр
үндэсний хүний нөөцийг бэлтгэх. Бодит хэмжилт л бодит үнэлгээнд хөтөлнө. Бодит
үнэлгээ бодит дүгнэлт, дүнд хүргэнэ. Бодит дүгнэлт бодит ухаарал, бодит
бодлогод хөтөлнө. Үүнийг л бүх түвшинд ухаарч, мэдэрч ажилламаар....”(Финландын Оулугийн их сургуульд
томилолтоор ажилласан үеийн тэмдэглэл, бодол эргэцүүллээс, 2016)
“Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэх”
гэсэн хэллэгт боловсролын үйлчилгээг хүргэх бүтэц, үйл
явцад эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог онож тогтоох гэсэн утга бий. Хэт
төвлөрүүлэх, бас хэт задлахгүй байхын тул хэнд юуг төвлөрүүлэх, юуг эс
төвлөрүүлэхийг ялгаж тогтоох нь боловсролыг хамтын оролцоо, хүчин зүтгэл,
итгэлцлэлийн дүнд хөгжүүлэх гэсэн нэгэн арга ухаан юм. Финландын багш бүр
мэргэжлийн шийдэл хийхдээ биеэ даасан шинжтэй байна. Багшийн мэргэжлийн ажил,
үүрэгт, захирал, ер нь албан тушаалтан үл оролцоно. Финланд улс багшийг
мэргэжлийн өндөр түвшинд чанартай бэлдсэн тул тэдэнд итгэнэ. Багш бас мэргэшсэн
тул түүнд өөрийгөө болон өрөөлийг хуурах ёс зүй, ёс суртахуун үгүй. Сургалтын
үндэсний хөтөлбөр нь зөвлөмж, удирдамж шинжтэй, чиглэл, зорилго бүхий цөөхөн
хуудастай баримт бичиг байх. Финландын боловсролын тогтолцооны бүрдэл бүр нь
эрх үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний төвлөрөл, эс төвлөрлийн зохицлоор
нэгссэн бүхэл, бүхэлжсэн хэсэг юм. Тэгэхээр бүхлийн хууль, тогтолцооны онол
ёсоор энэ тогтолцоо өөрөө өөрийгөө төгөлдөржүүлж байх. Ингэж төгөлдөржснийх нь
үр Финландын боловсролын одоогийн амжилт
мөн.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж
дурсамж сэдэрч байв.
“Боловсролын
салбарын 200 гаруй шилдэг эрдэмтэн, судлаачаас бүрдсэн баг ерөнхий боловсролын
20 гаруй стандартыг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагадаа хүлээлгэн
өгч, улмаар Стандартчилал, Хэмжил зүйн төвөөр баталгаажуулж, тэдгээрийг улс орон даяар 2003 оноос
хэрэглэх, хэрэгжүүлэх гэж оролдсон тэр он жилүүд одоо тэртээд түүх болж үлджээ.
Стандарт суурилсан нээлттэй хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн бидний энэ
оролдлого уг нь стандартаар төвлөрлийг, сургалтын нээлттэй хөтөлбөрөөр эс
төвлөрлийг бий болгох замаар боловсролыг нэг өрөөнөөс хэдхэн хүн удирддаг
байдлыг өөрчилж, харин хамтын хүчээр хөтлөх гэсэн хөгжлийн санаа,
хэрэгжүүлчихэж болохоор үйлс байсан юм даа. ...Их ч цаас үрж, багагүй ч зардал
гаргаж, их ч зүтгэлийг үүнд зориулсан даа, бид. Гэвч энэ нь томилогдож ирсэн,
кембрижчилэх хөдөлгөөнөөр хөөрсөн, хийрхсэн, хийссэн, хуулбарлах
сэтгэлгээтэй улс төрч сайд, удирдлага,
түүний багт гологдсон юм. Монголчууд
бидний голж орхисон хөгжлийн энэ санааг
харин Финланчууд хэрэгжүүлж амжилт олсон байх юм даа...”(Бага, дунд боловсролын
стандартыг боловсруулах төслийн удирдагч болон стандарт суурилсан нээлтэй
хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан боловсролын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтнээр ажилласан байсан үеийн өөрийн
дурсамжаас, 2003-2008)
Финланд улсын Оулугийн их
сургуульд 2 долоо хоногийн турш
томилтоор ажилласан МУБИС-ийн баг их сургуулийн профессор, бага, дунд сургуулийн
захирал, багш, эцэг эх, иргэдийн төлөөлөл болох, нийт 20 гаруй хүнээс
“Боловсролынх нь амжилтын Финландын нууц юу вэ” гэсэн агуулгатай нэг асуултыг
олон хэлбэрээр тавьж хариулт авч байв. Хариулт бүр эхлээд сонсоход их өөр өөр
мэт байв. Хариултын утга санааг
илэрхийлсэн түлхүүр үг хэллэгийг ялган дор мөн оруулав (Зураг 1)
Зураг 1. Нэг асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг
Асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг утга санааг
олон дахин эргэцүүлж, хэлэлцсний дүнд бид энэ асуултын нэг хариултад хүрэв. Тэр
нь энэ. “Финланд улсын боловсролд олсон амжилтынх нууц нь үнэндээ нууц биш,
харин соёлдоо л байна”
Зураг 2. Финдландын боловсролын соёлын хүчин зүйл
Финланд улс боловсролын салбартаа их амжилт олоход
нөлөөлсөн соёлын гурван хүчин зүйлийг энд
онцлон тэмдэглэж байна. 1. Улс
төрийн соёл, 2. Уншдаг соёл, 3. Литеран шашин.
Боловсролын салбарт нийгэм төвт ардчилсан
үзэлд үндэслэсэн бодлогыг урт хугацаанд тогтвортой
хэрэгжүүлсэн улс бол Финланд юм. Тусгаар
төр улсыг бүтээн урлах 100 орчим жилийн ихэнхид нь улс орныг социал-демократ,
төв үзэл давамгайлсан улс төрийн хүчний
эвсэл удирдаж, боловсролд төвлөрөл, эс төвлөрлийн шүтэлцээг хангасан, ялгаатайд
ялгаатай нөөц, үйлчилгээ, боломжийг олгох замаар л адил тэгш байдлыг бий болгох
бодлогыг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ нь Финландын
боловсролын амжилтын шалтгаан, нэгэн нууц, өрөөлтэй хуваалцах тэдний нэгэн сайн
үлгэр мөн.
Финландын зон олон уншдаг түмэн. Номын сан пиг дүүрэн
уншигчидтай байх. Тэгэж уншиж суух таатай боломжийг иргэддээ бас төр бүрдүүлсэн
байх. Нэг финланд хүн жилд дундажаар 9 номыг гэртээ уншихаар номын сангаас
зээлдэг. Финланд хүүхэд сургууль орохдоо эх хэл болон англи хэлээр бичигт үсэгт
аль хэдийн тайлагдсан байх нь түгээмэл. Унших бодоход; бодох эргэцүүлэхэд, эргэцүүлэх харилцахад; харилцах ярих, бичихэд; бичих уншихад; унших бодоход хөтөлнө. Унших, бодох, эргэцүүлэх,
харилцах, ярих, бичих угтаа нэг. Финланд түмний уншдаг энэ зан үйл нь эргээд
боловсролынх энэ цагийн амжилтын үндэс, бас нэгэн нууц мөн.
Герман улсын
иргэн, санваартан Мартин Литер “Эх
баримт бичигт л итгэл үнэмшлийн эх язгуур нь бий” гэсэн зарчмыг баримтлан 95
тезисыг тунхагласан нь Литеран шашин үүсэхэд хүргэсэн юм. Итгэл үнэмшлийн язгуурыг
хэн нэг этгээдээс бус харин эх зохиолоос л олж үзэхийг чухалчилсан шашины энэ
урсгал мөн чанараараа мунхаглан, мухарлан сүсэглэх бус харин уншихыг л угтаа
чухалчилж байна. Уншиж чимээгүй эргэцүүлэх нь хэлбэрдэхээс илүү цэнэтэй байх нь
л дээ. Бас энэ шашинд садар самуун,
худал хуурмаг, хулгайг бус, харин үнэнч байдал, итгэлцэл, гэр бүл их чухал
байдаг аж. Гэртээ эх зохиолоо уншиж
эргэцүүлэхийг эрхэмлэсэн итгэл үнэмшлийн энэ эх үүсвэр нь эргээд ном унших,
чимээгүй бүтээхийг гэр бүлийн амин чухал зан үйл болгоход хөтөлж байна. Гэр
бүлийн түвшний энэ зан үйл нь эргээд
боловсролынх энэ цагийн амжилтын түлхүүр, нэгэн нууц мөн.
Финландын боловсролын
хөгжил, дэвшил, амжилт хууль, зарчмыг нийтээр дагах; бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх; хөгжилд нийгэм төвт ардчилсан үзэл, бүхэллэг хандлагаар
эргэлт буцалтгүй замнах; улс төрийн болоод литеран шашины
үнэт зүйлийг эрхэмлэх; багшийг чанартай бэлтгэх, багшийн биеэ даасан байдал болон академик эрх
чөлөөг хангах соёл хийгээд газар зүйн
байршил, цаг агаар, уур амьсгал, хүн амын тоо, гэр бүлийн үнэ цэнэ зэрэг олон
хүчин зүйлээс хамаарч байгаа нь олон орны олон судлаачийн олон янзын хариулт,
тайлбараас харагдана. Боловсрол бүхэлдээ соёл тул Финланд улсын боловсролын
амжилтынх түлхүүр, үндсэн хүчин зүйл нь иймд мөн л Финланд соёл болно. Энэ нь
олон хариулттай тэр нэг асуултын оносон хариулт мөн.
Боловсрол олон хүчин
зүйлийг нийлмэл хамаарал; тэр нийгмийн гишүүн бүхэн адил тэгш хүртэж болох ганцхан боломж;
тэр урт хугацаанд өгөөжөө өгдөг хүн хийгээд нийгмийн
хөгжилд хандсан хамгийн цэцэн хөрөнгө оруулалт; тэр урт хугацаанд тогтвортой өрнөх үйл явц; тэр хүний хөгжил, нийгмийн дэвшлийн эх;
тэр эцэстээ хамтран онож аж төрөх, орших, одох соёл;
тэр төвлөрөл, эс төвлөрлийн нэгсэл, төв ухаан, тэр
чанартай багшийн зүтгэлийн үр, тэр цаас, үг төдий бус харин үйл гэдгийг үйлс болгож чадсанд л боловсролыг
хөтлөх Финланд урлаг; Финланд
ухааны мөн чанар оршиж байна.
Ном зүй
R. Laukkanen (2008). Finnish strategy for high-level education for all. In N. C. Soguel and
P. Jaccard (eds.).Governance and
Performance of Education Systems. 305–324. Springer, at p. 319.
Linda
Darling-Hammond, (2010), What we can learn from Finland’s successful school reform, Retrieved from http://www.nea.org/home/40991.htm/
Kelly Day, (2015), 11
ways Finland’s education system shows that less is more, Retrieved from https://fillingmymap.com