БАГШИЙН ТЭМЦЛИЙН БОДИТ ГАНЦХАН
ГАНГАН БОЛОМЖ
Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэл (МБҮЭ)-тэй болох. Энэ нь
монголын багш нарын цалингаа нэмүүлэх гэдгээр хураангуйлагдсан язгуур
олон эрх ашгаа хамгаалах чин хүсэл, язгуур сонирхолын дор нэгдэн тэмцсэн энэ амьд тэмцэл, хөдөлгөөнийг цаашид утгатай өрнүүлэх
бодит ганцхан ганган боломж мөн. Үүнээс
бусад байж болох бүх хувилбар боломж нь түүнээс их дор, дорд, түр юм. Түр
хороо хүртэл өөрөө түр юм. Тэгэхээр тэр бүх бусад нь ганган ганц ч биш, бодит ганц ч нь бус юм. МБҮЭ болох нь, харин, бодит ганц нь, ганган
ганц нь мөн.
Монголын багш нарын цалингаа нэмүүлэх язгуур эрх ашгийнхаа дор өөрөөрөө
өндийж нэг, цул, бүхэл болон нэгдэж
гудамжинд гурван сар тэмцсэн, ордны хэлэлцээр хүрсэн энэ тэмцэл, хөдөлгөөн нь ирээдүйд
сургамжтай, одоод харуусалтай, бас
хэмжигдэх, үл хэмжигдэх их үр өгөөжтэй, үр дүнтэй, түүх болон үлдэх нийгмийн
нэгэн түүхэн үзэгдэл байв.
Тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан тэмцэж, эцэст нь ордны хэлэлцээр орж, дунд нь багш нарын цалин
нэмүүлэх түр хороог төлөөлж хэлэлцээрийн ажлын хэсэгт орсон нөхдийн санаатай
гэмээр санамсаргүй, санамсаргүй гэмээр санаатай алдаа, туршлагатай гэмээр туршлагагүй,туршлагагүй
гэмээр туршлага, ухааралтай ухааралгүй, ухааралгүй ухаарал, бас зөрүүд байдал,
ганцаарчилсан тоглолт зэргээс үүдэн түр
хороо бүх багш нарыг төлөөлөх өөрөө бий болгосон бодит чадамжаа өөрсдөө үгүй хийсэн нь өнгөрсөн
өдрүүдийн, өнгөрсөн тэмцлийн хамгийн харамсалтай үйл нь байв. Одоо харуусах энэ
алдаа ирээдүй суралцах нэгэн хичээл болж байгаагаараа,гэвч, бас сургамжтай.
Монголын багш нарын өөрсдийнхөө язгуур эрх ашгийн төлөө нэгдсэн энэ тэмцэл,
хөдөлгөөний салхи доороо их идэвхитэй, эрчтэй, амьд, өрнөлтэй байгаа нь
мэдрэгдэж байгаа юм. Гэвч энэ тэмцэл, хөдөлгөөнийг дээр нь зохицуулж удирдах
бодит чадамжтай субьект одоогоор алга.
Түр хороо засаг төр, нийгмийн бүлгүүдтэй хэлэлцээрт орохоос өмнөх шигээ
багш нарыг төлөөлөх бодит чадамжтай гэдгээ тэдэнд дахин нотлохын тулд өмнөх
шигээ том том акц (үйл, үйл ажиллагаа)-ийг дахин хийж
үзүүлэх хэрэгтэй болно. Энэ нь одоо цаг хугацаа, багшийн болон нийгмийн сэтгэл
зүй хувьд бараг боломжгүй юм. Тэгэхээр
энэ түр хороо ингээд түүх болж үлдэхээр болчихоод байгаа юм, зарчмын хувьд. Ерөөсөө, түр хороо үүсэл, хөгжил, нэрийн хувьд
ч түр л юм. Тэр өөрсдийнхөө язгуур эрх ашгийг өөрсдөө хамгаалахаар багш нарын
өөрөөрөө өндийсөн үнэн тэмцлийг удирдан чиглүүлэх түүхэн нөхцөл, зайлшгүй
шаардлагаас бий болж үүссэн нэр шигээ түр бүтэц, түр субьект юм. Тэгэхээр түр хороо түр дүрэлзсэн галын дөл
болж түүх болж үлдэх нь өөрөө жам юм.
Тэгэхээр багш нарын энэ бодит
амьд тэмцэл, хөдөлгөөнийг өөр ямар субьект удирдах, хөтлөх боломжтой вэ?
Зарчмын хувьд түр хороо шиг атлаа өөр нэртэй “шинэ бүр хороо” байгуулж
болно. Ингэж байгуулагдсан энэ шинэ бүр хороо амьд биш харин хэлбэрийн шинжтэй
л байх юм. Гэсэн атлаа өмнөх түр хорооны
давж туулсан “хууль бус”, “элдэв зорилго, сонирхолтой самууруулагчид,
тагнуулчид, бутаргагчид, ашиг хонжоо хөөцөлдөгчөөс түүнийг хамгаалах” зэрэг бүх
бэрхшээл, сорилыг тэр туулах ёстой болно. “Түр хороо хууль бус, түр хорооны
бичиг тамга тэмдэггүй учир албан бичиг биш. Үүнийг хэн ч үйлдэж болно...” гэх
зэрэг шүүмжлэл, бэрхшээлийг даван туулахын тулд бий болох бүр гэх шинэ хороо нь
өмнөх түр хорооны байгуулсан “Багш багшдаа тусалъя” монголын багш нарын нэгдэл
шиг бас нэг төрийн бус байгууллага байгуулах шаардлагатай болох жишээтэй юм. Төрийн бус байгууллага нь эцэстээ ийм
тэмцлийг удирдахаар бүтээгдсэн бүтэц биш юм. Учир нь түүнд ҮЭ-ийн хууль
үйлчилдэггүй. Тэгэхээр тэр тэмцлийн хурц хэлбэр болох нийтийн ажлын хаялтыг
зохион байгуулах хуулийн субьект болж чаддаггүй. Ийм учраас, багшаар овоглосон Монголын Багш
нарын холбоо, Залуу багш нарын холбоо, Ахмадын багш нарын холбоо, Эмэгтэй багш
нарын холбоо,Эрэгтэй Багш нарын холбоо гэх мэт яаж ч нэрлэж болох багшийнх гэх түмэн
холбоо багш нарыг буруугаар ашигладаг боловч тэдний эрх ашгийг хамгаалах талаар
юу ч хийж чаддаггүй юм. Тэгэхээр манай
улсад ийм холбоод нэр төдий зүйл, нэг нөхрийн
өмч төдий зүйл болсон байх. Иймд
түр хороог төгсөхөд төрөх шинэ бүр хороо нь хуучин түр хорооны замаар замнаж, төрөөд
л төгсөх жам бий, зам байна. Тэгэхээр энэ нь эцэстээ,
эвгүй, үр ашиггүй, өнгөрснөөс суралцаагүй бас нэгэн гуниг, бас нэгэн түүхийн хичээл,
утгагүй нэгэн хувилбар байх юм.
Математикийн хувьд бас нэг өөр ийм нэгэн хувилбар байна. Боловсрол, шинжлэх
ухааны үйлдвэрчний эвлэлд “саяын утгагүй ажил хаялтаар түүнд “дурласан шигээ,
хайрласан шигээ хайр” зарлаж, түүнд багш нарыг удирдан төлөөлөх эрхийг үг
дуугүй өгч болно. Гэвч багш нарыг багш бус хүний төлөө “шалны алчуур шиг буруу
ашиглаад ядууруулж ирсэн байдаг өнөөх шар ҮЭ-ийн зан гэнэт ихээр өөрчлөгдөнө” гэж
итгэх нь “чоныг гэнэт хонь болно” гэж итгэхтэй утга лугаа л
юм. Тэгэхээр татварыг тань авч эцэст
нь буруугаар тэмцэлд ашиглан ядууруулж
үлдээдэг өнөөх “чонон” ҮЭ-г доороо амьд
идэвхитэй өрнөж байгаа багш нарын тэмцэл, хөдөлгөөнийг багшийн төлөө удирдах
субьект болгон үзэх, итгэх нь математик боломж боловч ёстой болохгүй хувилбар
нь юм. Нэн тааруу, тун муу боломж мөн. 27 жил баллуулсан шигээ ирэх олон жил
баллуурдуулж мэдэх аймаар хувилбар бол энэ бас мөн.
Тэгэхээр одоо яах вэ?
Тэгэхээр одоо багш нар Монголын Багш нарын ҮЭ (МБҮЭ)–тэй болох ёстой. Энэ л багш нарын өөрөө өөрөөрөө
өндийсөн энэ амьд тэмцэл, хөдөлгөөнийг цаашид утгатай, амьд, үр өгөөжтэй уртад
өрнүүлэх ганцхан бодит ганган боломж юм.
Багш нарын ийм ҮЭ-г бүтээх хоёр л арга байна, одоо.
Нэг нь энэ. Одоо хүртэл татвараа төлж ирсэн, тэжээж явсан нөгөө
“шар”-ласан гэх өнөөх Боловсрол, шинжлэх ухааны энэ ҮЭ –г Монголын багш нарын
ҮЭ болгон хувирга.
Үүний хийх арга их энгийн. Нэгж
сургууль бүр дээрээ одоогийн ҮЭ-ийн хороогоо хуралдуулж дүрмээрээ нэрээ “багшийн” гэж өөрчилж,
мэдэгдээд, их хурлаа зарлан хуралдуулна. Их хурлаараа “Боловсрол, шинжлэх ухааны” гэсэн энэ эзэн
биегүйгээр зальтай нэрлэсэн шар ҮЭ-г
үйлчлэх тодорхой эзэн, биетэй болгож “Монголын Багш нарын ҮЭ” болгож
нэрлэнэ. Тэгэхэд түүний бүх өмч хөрөнгийн хүч, боломж бололцоо, данс, байр сав
нь багш нарын шинэ ҮЭ-д шууд шилжинэ. Ингэж
амь орох МБҮЭ нь багш ерөнхийлөгчтэй болж, багшийн төлөө ҮЭ-ийн хуулиар
хамгаалуулж ажиллах сайхан ганган боломж түүнд бий болно. Түр хороог дарамталдаг “Хууль бус” гэх энэ
тэрээ дарамтууд үгүй байна. ҮЭ-ийн хуулиар тэтгүүлж багш нарынхаа язгуур эрх
ашгийг чин үнэн, чин сэтгэл, үнэн зүтгэлээр хамгаалах хуулийн боломж бий болно.
Бас элдэв самууруулагчид, тагнуулчид, ашиг хонжоо хайгчид орж гарах боломж нь их
хомс болно. Түр биш харин бүр, бүтэцтэй, хуультай байгууллага юм чинь. Энэ нь
өөрөө өөрийнхөө төлөө өөрөөрөө өндийсөн багш нарын энэ тэмцлийг хуулиар тэтгэн, үнэн нэгдлээр хүчлэн өрнүүлэх хамгийн сайн
хувилбар, хамгийн сайн боломж мөн.
Нөгөө нь ийм юм. Монголын Багш нарын ҮЭ-холбоог шинээр үндэсний түвшинд үйл
ажиллагаа явуулах дүрэмтэйгээр шинээр байгуул. Энэ бол боломжтой. Гэвч өмч,
хөрөнгийн хийгээд дагах салбар хороог бий болгох гээд их ажил өрнүүлэхийг
шаардана. Иймд энэ нь цаг хугацаа шаардах хувилбар юм. Гэхдээ боломжгүй боломж биш юм.
МБҮЭ
-тэй болох нь Монголын багш нар багш мэргэжлийн үнэлэмжийг шударгаар
бодитой цэнэлүүлэх, багшийг нийгмийн анги, давхаргын байх ёстой төв,
зөв байранд байлгахын
төлөөх амьд, цахим мэт хурдтай, хас мэт эрчтэй, нэг, цул, бүхэл болж
чаддагаараа нийгмийн хамгийн хүчирхэг “арми”-ийг хуулийн хүрээнд л
удирдах,
төлөөлөх хамгийн зөв, төв арга зам мөн. Энэ нь дээрээ төлөөлөн удирдах
субьектгүй авч доороо амьд эрчтэй байгаа багш нарын энэ түүхэн нэгдэл,
тэмцлийг
урт хугацаанд утгатай, эрчтэй, өгөөжтэй өрнүүлэх ганцхан бодит ганган
боломж
бас мөн.
Багшийн хөгжлийн энэ ганц, ганган боломжийг бодитой байдал болгох нь эргээд,
эцэстээ нартад ганцхан, нандин багш мэргэжлээ шавраас татаж гаргах, багшийг
нийгмийн ёроолоос өндийлгөн өөд татаж
нийгмийн төвд авчрах, багшийг цалингийн
тамын тогоо, инфляцийн чөтгөрийн тойргоос бүрмөсөн ангижруулах, ёроолоосоо орой луугаа шахаж жээжийн эвдэрсэн
элсэн цаг шиг эвгүй бүтэцтэй нийгмээ ишгүй лонх шиг алтан харьцаатай, аятай,
хөгтэй нийгэм болгон монголоо хүний чадварт тулгуурласан зөв,төв хөгжилд хөтлөх,
монголоо гоёх ганц ганган боломж бас
мөн.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр