Том тойрогт том багш том ялна
Багшийг хөдөлмөрийн мөлжлөгөөс салгахын төлөө багш бид хамтарч нилээд үзэлцсэн.
Ажил хаяж үзэв. Олсон зүйл бага.
Жагсаал хийж үзэв. Авсан зүйл алга.
Их хурал хийж үзэв. Хэрэгжсэн зүйл алга.
Үйлдвэрчний эвлэл байгуулж үзэв. Ирсэн үр алга.
Үндсэн хуулинд санал өгч үзэв. Туссан заалт алга.
Энэ бүхний эцэст нь хоёр зүйл их ойлгомжтой болсон. 1. Бодлого монголд болхи лобби болсон. 2. Боловсролын бодлогыг монголд хэдхээн хүн л өмчилсөн.
Гудамжны нэгдэл, тэмцлээр олигтой дүнд багш бид хүрэхгүй. Харин буруугаар намчид хийгээд олз хайгчдад их амархааааан ашиглагдана.
Монголчууд бидний ганц үнэт зүйл, өмч болсон боловсролын бодлогоо хэдхээн олигархиас (бизнес ашгийг улс төр, улс төрийг бизнес ашиг болгогчид) салгаж, багшийг хөдөлмөрийн мөлжлөгөөс ангижруулж боловсролоо хэдхээн гадаад, дотоод мөнгө хүүлэгч баячуудыг улам хөлжүүлэхийн төлөө бус харин бүх монгол хүүхдийн төлөө босгож өөрчлөхийн тулд багш хүнийг их хуралд хүргэх хэрэгтэй байна.
Багш хийгээд боловсролын төлөө чинхүү зүтгэж чадах тийм багшийг олж илрүүлэн том тойрогт их хуралд бие даан нэр дэвшүүлэх бодит шаардлага багш бидэнд байна. Бас 4 жилд ганц тохиох том боломж гарч байна.
Бие даан нэр дэвших том 28 багшийг 40 мянган багшаас хайж байна.
Монголын багш нарын холбоо энэ цахим бүлэг нэр дэвшигч багш Танд бүх талын туслалцаа, дэмжлэг, зөвлөгөө өгч ажиллана.
Том тойрогт том багш том ялна.
Жич: 1. Их хуралд бие даан нэр дэвшигчийг бүртгэх хугацаа их ойртсон байгаа байх. Анхаарах.
2. Санхүүгийн асуудлыг хуулийн дагуу хандив цуглуулж шийдэх ёстой. Түүнээс биш, 60 тэрбум, 100 сая гэгчээр хууль бусаар хандан сонгуулийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгож үл болно.
3. Тэгээд их хурал дэвшигч багшид нэг их мөнгө орохгүй ш дээ. Том тойрог бүрт багш нар бий, бас тэдний шавь нар байна. Тэд л дэмжиж ажиллахад л хангалтай. Том ялалт.
4. Том хүн том бодно. Том бодол тань том ялалт авчирна.
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
No comments:
Post a Comment