Короновирустай тулалдах америк ухаан
Үл үзэгдэх
дайсан-ковид-19 -тай тэмцэхэд улс үндэстний соёлоос үл хамаарах нийтлэг
зөвлөмж, ерөнхий стратеги гэж ер нь бол байх шиг байна. Гэвч энэ
дайсантай тулалдахад америк ухаан гэж хэлэгдэх, ялгагдах лав л хоёр
сургамж, хоёр ялгаа одоогоор ил нийтэд ажиглагдаж байна. 1.Тестээр аль
болох эрт олноор нь оношлох. 2. Халдвартай нь маск зүүдэг байх.
Тестээр нь аль болох олноор нь эрт оношлох нь короновирустай тулалдах
америк нэгэн ухаан бололтой юм. Тэд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 400
мянган сорилын багц үйлдвэрлэв. Тэнд короновирусын шинжилгээ, сорилыг
сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй авах аян өрнөв. Үр дүнд нь юу
болсон гээч!
Сорилоор эерэг буюу короновирус тээгч гэж
тогтоогдсон хүнд шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол энэ тэнд хээв
нэг гарав. Түүний нэг нь Миамын хотын захирагч юм.
Тэрбээр
тусгаарлалтад байж өөрийгөө хянаж байгаа үедээ Фокс ТВ-д өгсөн
ярилцлагадаа "...Одоогоор шинж байдал илрээгүй. Бие сайн байна...
Короновирусын шинж байдал байхгүй л байна ...(Symptom free )" гээд
зайнаас ажлаа хийж байгаагаа тухай хэлэв. Мөн нэгэн жүжигчин гэр
бүлтэйгээ хамт бас ийм байдалтай байгаагаа хэлж ярилцлага өгч байх
жишээтэй юм.
Энэ мэтээр сорилоор эерэг буюу короновирустэйгээ
эрт мэдэх нь өөрт ч, өрөөлд ч нэн их ач тустай хэрэг ажээ. Учир нь
зарчмын хувьд хэн ч короновирусын тээгч байж болох юм. Аймаар гэхээсээ
бодит үнэн гэж хүлээж авч үнэнтэй эвлэрэх зүйн хэрэг юм.
Короновирустэй атлаа шинж тэмдэггүй болохоор нь эрүүл мэтээр яваад
иргэдэд түүнийгээ ихээр тараагаад явах нь хамгийн аюултай, хамгийн
хортой учраас үүнийг эхлээд хорьж хашиж авах нь хамгийн зөв шийдэл гэж
АНУ-ын шинжээчид олж харсан бололтой юм.
Нээрээ л бодоход,
сөрөг гэхэд баярлалгүй яахав, гэхдээ нээрээ сөрөг үү гэж бодож
шинжилгээгээ эрт өгөх нь эмнэлэгийн үйлчилгээг эрт авах утгаар ч өөрт
нь өгөөжтэй, бас эрт ийм гэдгээ мэдээд өөрийгөө чадахаараа бусдаас
тусгаарлаж байгаагаараа ч өрөөлд бас өгөөжтэй үйл юм, тийм ээ!.
Халдваргүй бол маск зүүхгүй байхыг тэд бүүр эхнээсээ нийтийн хэвлэлээр
ил хэлж байв. Бүүр ингэж хэлсэн гээч. Эрүүл бол маск зүүх хэрэггүй.
Учир нь энэ нь бүүр халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж хэлж байв.
Харин халдвартай гэдгээ мэдсэн бол бусдад тараахгүй утгаараа маск зүүх
хэрэгтэй гэв. Үүнийг дараа тэднийг хаяа хаяа харахаар маск зүүсэн нь
Трампаас авахуулаад ерөөсөө алга. Тэд ийм үнэмшлээрээ маск зүүсэн хүнээс
их дөлж байгаа бололтой юм. Жишээ нь Хятад зүстэй хүн маскгүй явж
байвал тэд түүнд маскаа зүүхийг шаардаж балбаж ч мэдэх ажээ. Тэдний
хувьд тэр царайт халдвар тээгч гэж шууд бодогдож байгаа нь энэ л дээ.
Улс орон бүхэн ухаарлаасаа болж үл үзэгдэх дайсан короновирустай өөр
өөрийнхөө л үзэж, тулалдаж байх шиг байна. Тэр тулалдаанд гараа байнга
угаах, нүдэндээ бохир гараараа хүрэхгүй байх, бохир гараараа хамартай
хүрэхгүй байх, ер нь ханьд ч бүү хэл хүнд ч бүү хүр гэх зэрэг нийтлэг
зүйл зөвлөмж, чиглэл байна аа. Гэвч нийтээр нь сорилд хамруулах, зөвхөн
халдвартай маск зүүдэг байх нь гэдэг нь харин нийтлэгт хамаарахгүй,
энэ тэмцлийн америк ялгаа, америк ухаан болж одоогоор ялгарч байх.
Жич. Манай улс маск хаа сайгүй нийтээр зүүж байх зөвлөмжийг үүгээр
буруутгахыг зорьсонгүй. Агаар, орчны их бохирдолтой, нус, шүлсээ нур
хийтэл хаа хамаагүй хаядаг нийтлэг соёлтой манайханд маскийн байнга
зүүж, маскны соёлыг хөгжихгүй болтол хөгжүүлэх ер нь бол тун зөв гэж
үзнэ, би.
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр