Боловсролын бодлогыг эрүүлжүүлэх Ко-сургамж
Короновирусын хорио цээрийн Ко-сургамж монголын боловсролыг яаж эргүүлж эрүүлжүүлэх гол чигийг зааж байна.
Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд 22 хичээл үзэхгүй бол болдоггүй гэсэн бодлогыг хэрэгжүүлэхгүй байхад болж л байна. Яахав лобби бүлгийнхэн голдоо ортол хохирч байх шиг байна. Энэ уг нь эрүүл болж байна аа гэсэн үг л дээ. Чигээ олж байна. Цаашид хүүхэд бүр дор дурдсан гурван хичээлийг энэ улсад заавал үздэг байх, бусдыг бараг гэрээр, сонголтоор, цахимаар явж болно гэж өмнө их хэлснийг маань короновирусын хорио цээрийн Ко-үе батлаад цэгцлээд өглөө. 1. Бодох их ухаан, их урлаг математик. 2.Бодлоо илэрхийлэх эх хэрэгсэл эх хэл. 3. Мэдээлэл, мэдлэгийн эх язгуур болсон гадаад нэг том хэл (орос хэл, англи хэл, ...)
2. Их дээд сургууль цахимаар цахилж болох юм аа даа. Зөвхөн хичээлээ цахилуулахаас гадна элсэлт, төгсөлтөө ч цахилуулж болох юм. Их дээд сургуулийн багш тэгэхээр их багш, их эрдэмтэн, их бүтээгч л байх ажээ. Энэ нь насан туршдаа нэг их сургуулийн багш байна гэсэн утга үгүй болно гэсэн үг. Өрсөлдөөн, нээлт,....ур чадвараар л их сургуулийн багш их ялгарч орших нь л дээ. Улс хөг орох нь л дээ.
3. Хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлдэг ЭЕШ огт хэрэггүй, зүгээр л мөнгө хүүлэх хэрэгсэл байсан гэдэг нь энэ Ко-үед улам тод болж байна. Их дээд сургууль элсэлтийн шаардлагаа гаргаж тавиад түүнд сурахыг хүсэгч 9-р сарын эхнээс элсэх хүсэлтээ өгч, их дээд сургууль нь зах зээлээс түүхий эдээ олж авах байгаа үйлдвэр шиг л элсүүлэх ажлаа 24 цагийн турш хийж байх нь л дээ. Тэгэхээр ЭЕШ хэрэггүй, хий дэмий, мөнгө хүүлэх арга байсан юм байна даа. Тийм ээ!
4. Хүүхдээ эцэг эхийнх нь баян ядуугаар ялгаж сургадаг ерөнхий боловсролын сургуулиуд их илүүц байсан байна аа. Баян гэх нөгөө эцэг эхүүд одоо үүнийг ихэд ойлгож байгаа биз. Нөгөө кембриж гэх дарга нарын хүүхдийн сургууль бас хэрэггүй юм аа даа. Короновирусын хорио цээрийн Ко -цагт сургуулийн ийм ялгаа байдаггүй юм байна аа даа. Зохиомол байсан байна. Нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж байсан буруу бодлого байсан байна аа даа.
5. Явуулахгүй бол болохгүй, оролцохгүй бол болдоггүй гэх нөгөө олон олимпиадгүй байхад л болж л байна. Хүүхэд түүгээр лав хохирсонгүй. Харин олимпиадаар мөнгө хүүлэгч хохирч байгаа байх л даа. Тэр нь тэгэхээр тохирцгүй, найдваргүй байсан зохиомол зүйл байсан байна ш дээ.
6. Багш нарын нөгөө олон сургалтын төвүүд ажиллахгүй байхад, түүнд хүүхэд явахгүй байхад уг нь болох л юм байна аа даа. Тийм ээ! Тэгэхээр тэр бас тохирцгүй, нийцэлгүй зүйл, зохиомол зүйл байж дээ.
7. Сурах бичиг мурих бичиг байх нь ямар хортойг сурах бичгээ бариад сурах гэж байгаа хүүхэд эцэг эхтэйгээ хамт мэдэрч байна аа даа. Сурах бичиг тэгэхээр лобби, мөнгө хүүлэх хэрэгсэл биш харин найдвартай, тохирцтой байх ёстой юм аа даа.
8. Нийтийг хамарсан аюул нүүрлэхэд хэрхэн аюулгүй байх талаар юуг хүүхдүүддээ нөгөө 22 хичээлээрээ олгосон байна бэ? Микро организм, вирусын дэгдэлт, тархалтын талаар ер нь нийтээр хэр ойлголтоо байна даа, бид. Паник байна уу? Тэгэхээр хичээл бүрээр аюулгүй байдлын ойлголтыг өгөх, чадвар олгох нь хий л их дэмийрч, хүүхдийн хайран 18 жилийг яйран өнгөрөөж байснаас хамаагүй чухлыг Ко-ын хорио цээр, Ко-сургамж бидэнд бас их өгүүлж байна аа даа.
8. Боловсролын яамныхан, шаагилдсан олон эмэгтэйчүүдэд олон нийитийг хамарсан Ко-шиг ийм аюулын үед яаж ажиллаж яаж удирдах талаар бодлого байдаггүй юм аа даа? Эрсдлийн үеийн бодлогыг эрүүл үедээ хийдэг байх нь л дээ.
Энэ мэтээр короновирус, түүний хорио цээрийн энэ Ко-цагийн Ко-сургамж боловсролын бодлогыг яаж лоббигоос салгах, яаж эргүүлж эрүүлжүүлэх зүг чигийг энэ цагийн бүтэлгүй бидэнд тод хэлээд тодорхой заагаад байна.
Эргэцүүлж нэг үз л дээ, үүнийг. Бүү март л даа, түүнийг. Бидний өгч байсан өнгөрсөн зөвлөмжийг Ко-цагийн энэ сургамжтай холбож нэг л хар л даа. Аан!
Мууд ч сайн бий.Айдаст ч авах зүйл бий.
Короновирусын айдсаас үүдсэн Ко-сургамж бидэнд лоббижсон боловсролын бодлогоо хэрхэн эргүүлж эрүүлжүүлж болохыг их заагаад байна, наана тань.
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
No comments:
Post a Comment