Thursday, March 26, 2020

Уханиас суралцаж ухаанаа эрүүлжүүлье

Уханиас суралцаж ухаанаа эрүүлжүүлье

Короновирусын эх голомт болсон Хятад улсын Хувэй мужийн Ухань хотод тогтсон хөл хориотой бараг л зэрэгцсэн манай улсын хөл хорио одоо гурав дахь сар луугаа орж байна. Энэ нь лав л 70 гаруй хоног өнгөрчээ гэсэн үг.

Энэ хугацаанд короновирусын эх голомт болсон Ухань хотод бараг л короновирусын халдварын шинэ тохиолдолгүй болж, хөл хорио тавигдахаар болж байх юм. Тэд короновирусыг хяналтандаа байлгаж, үндсэндээ дайснаа ялжээ.

Гэтэл манай улсад хөл хорио улам урт болж үргэлжлэн, гаднаас зөөвөрлөгдсөн короновирусын тохиолдол гэх нь 11 хүрч, заавал тусгаарлагдах ёстой хүний тоо хэдэн зуугаар тоологдох хэмжээнд болж байх нь нэг л эвгүй, нэг л увайгүй санагдаад байх юм.

Нэг эвгүй, нэг увайгүй гээд байгаагаа яв цав тайлбарлаж чадахгүй ч гэсэн хэдэн хэдэн зохисгүй, зарчимгүй үйлдэл ажиглагдаж байгааг энд тэмдэглэж байна. Үүнд:

-Гараа угаа, маскаа зүү, зайгаа барь гэх мэт ДЭМБ-ийн зөвлөмжийг зөвлөмж гэж зөвлөсөөр нилээд удав. Зөвлөмж зөвлөмж тул түүнийг хууль мэт дагаж мөрдөх нь албагүй.

-Маскгүй хүн явж л байна. Тэднийг яах юм.
-Зай барьдаггүй хүн явж л байна. Тэднийг яах юм.
-Тусгаарладаггүй хүн байж л байна. Тэднийг яах юм.
-Хоёроос олноороо бөөгнөрч тамхи татаад, бүүр жагсаал хийгээд явж л байна . Тэднийг яах юм.

-Дотоодод байхгүй короновирусын гаднаас зөөж ирээд одоогоор 11 болгочихсон гэж байгаа. Ийм бодлогыг яах юм.

-Манай улс гадаадад байгаа иргэдээ эх оронд авчраад эрүүл болтол тусгаарлаж чадах хэмжээний чадамжтай улс ер нь мөн үү гэдгийг тооцож нэг үзмээр байна.

Ингэж огт тооцож үзэхгүй байгааг яах юм.

-Албаны 14 хоногийн тусгаарлалтын дараа "гэртээ бас 14 хоног тусгаарлаарай, хариуцлага шүү" гээд тавиад явуулах нь гэр бүлээрээ багширч амь зуудаг манай орны нөхцөлд хэр нийцэлтэй юм бэ? Энэ нийцэлгүйг тооцохгүй байгааг яах юм.

-Ер нь дотоодод короновирусын эх үүсвэр байхгүй гэдгээ эсвэл тод зарлах, эсвэл тодорхой болтол нь түүврийн аргаар сорил явуулж тодруулмаар байх юм.

Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг байх нь хаа хаана аа хачин байх юм. Ийм хачин байдалтай 3 сар болж байгааг ер нь яах юм.

Нэгэн цагт короновирусын эх голомт болсон Уханийн короновирусыг ялдаг ухаанаас суралцаж өөрийн орны анхны нөхцөл байдлыг тооцсон амьд зохион байгуулалт, амьд менежментийг хиймээр байна. Ингэж хийхгүй байгааг яах юм.

Дэлхийг нөмөрсөн үл үзэгдэх дайсантай энэ дайнд манай улс анхны нөхцлөө онож тооцож л үзэлцмээр байх юм.Ялмаар байх юм. Ингэж тэмцэхгүй байгааг яах юм.

Ядуу тарчиг олон түмэн олон хоногоор хөл хорионд хэр удаан байж чадах юм бол оо!

Өлсөөд ирэх цагт дайны хажуугаар дажигнах вий дээ!

Үл үзэгдэх дайснаа ялсан Уханий ухаанаас суралцаж улсынхаа түүнтэй тэмцэх тэмцлийн менежментийг эрүүл болгоё, эрчимжүүлье.

Жич: Муу ёр гээд гээд бялба авчих вий дээ.

Ц.Лувсандорж

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

No comments:

Post a Comment